Нас яваад ирэхээр эцэг эх хоёр минь их бодогдох юм. Насны эрх, амьдралын жам л юм байх даа! Аавыгаа нэг алдаршуулчихъя хэмээн бодоод 2009 онд туурвисан “Би: Миний амьдралын тойрог” номынхоо хэсгээс нэмж баяжуулаад уншигч фэнүүддээ хүргэе гэж зориглолоо. Хүлээн авч хүлцэн таална уу!


Миний эцэг Олхонууд овогт Балбарын Дашдорж бол Сэлэнгэ аймгийн Дархан суманд  ардын засгийн түшмэл–сумын Засаг дарга, өмнөх засгийн тайж Г.Балбар зайсангийнд 4 дэх хүү нь болж 1928 онд ирсэн, Монголын кино урлагийн ахмад зүтгэлтэн, баримтат киноны нэртэй найруулагч нэгэн юм.

Багад нь эцэг Балбар нь зовлон үзэж, xавчигдахын эрхээр миний эцгийг Найдан хэмээх малчныд (одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум) түр үлдээгээд Улаанбаатар хот руу нүүсэн байдаг юм. Аав маань 1937-1940 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бага сургуульд 3 жил суралцаж, улмаар аймгийн дунд сургуульд дэвшин суралцах гэж  байтал эцэг нь гэнэт нас нөгчсөн мэдээг хүлээн аваад төрсөн эхээ тэжээхээр Улаанбаатарт шилжиж төрсөн гэртээ буцаж иржээ. Дайны хүнд үе ч байсан, ах нар нь цэрэгт явчихсан, ингээд 16-тайгаасаа хүнд хүчир хөдөлмөрт зүтгэжээ. 1944 онд Кино урлагийн хороонд данслагдаж, “Ард” кино театрт тал манаачаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, мөн оны намраас “Улаанбаатар” кинотеатрт дагалдан киномеханикч, хотын нүүдлийн кинонд болон Баян-Өлгий, Говь-Алтай аймагт киномеханикч, 1946 оноос  “Монголкино” үйлдвэрт киномеханикч хийж байгаад 1948 онд урлагийн сургуулийг дүүргэж, “Монголкино” үйлдвэрт дууны оператороор шилжиж, кино урлагтай амьдралаа эргэлтгүй холбожээ. Тэрээр Монголын кино урлагийн түүхнээ анхны дууны операторуудын нэг, С.Дэмбэрэл, Л.Найдан нарын дараахи гурав дахь нь.
 


Аав маань системтэй боловсрол эзэмших боломжгүйгээр хүнд хүчир амьдралд хар  багаасаа нухлуулсан ч  сурахын төлөө төрсөн хүн байсансан. 1954-1957 онд Марксизм-ленинизмийн оройн их сургуульд суралцаж, хажуугаар нь  “Монголкино” үйлдвэрт дууны найруулагч, редактороор ажиллаад, намайг сургуульд орох жил 36-тайдаа Москваг зорьж, Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд (ВГИК) 1964-1968 онд явж суралцаад, 40-тэйдээ кино найруулагч гэдэг тэр хосгүй сайхан мэргэжлийг эзэмшжээ.

ВГИК-ийг төгсөхийнхөө өмнөх жилийн зун, 1967 онд миний ээж, миний дүү Одбаяр бид гурвыг Москвад урьж газар үзүүлсэн нь миний ой тоонд баттай үлджээ. Бид ирж очихдоо галт тэрэг хөлөглөж, Москвад ВГИК-ийн оюутны байранд сар шахам амьдарч тэр их хоттой танилцаж байв. Ингэж л намайг анх удаа гадаад ертөнцөд аав минь  хөл тавиулсан юм даа. Дэлхий ертөнцийг таних түүх маань ч тэгж эхэлж билээ.

Аав минь 1968 онд дээд сургуулиа төгсгөж ирээд баримтат киноны найруулагч,  “Монголкино” үйлдвэрийн уран сайхны удирдагч, үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч, намын үүрийн нарийн бичгийн дарга, найруулагч, тэтгэвэрээ тогтоолгосны дараа архивын эрхлэгч, номын санч зэрэг ажлуудыг 1994 онд өөд болтлоо тасралтгүй  хийж явсан даа.

Манайх хотын төвд, Улсын их дэлгүүрийн баруун урд талд, аавын минь ажлын газар Найрамдлын районд, хотын зүүн захад, манайх 1-р 40 мянгатад нүүж орсон 1960 оноос 1994 онд аав минь тэнгэрт халих хүртлээ лав 34 жил “Улаанхуаран”, “Амгалан” гэсэн хаягтай автобусаар зорчсон байх. Өглөө л автобусны 50  мөнгөө нямбай нь аргагүй цуглуулж тоолж бэлтгээд л явдагсан. Миний хүүхэд насны ой тоонд бүр суучихаж. Хожим намайг бүр том болсон хойно ийм нэг явган шог ярьсаар орой ажлаа тараад орж ирдэгсэн. “Шилэн нүдтэй ширэн цүнхтэй нь Шинжлэх ухааны академийнхан; шилээ дарсан халимагтай, шилбээ барьсан өмдтэй, шил архи өвөртөлсөн нь Кино үйлдвэрийнхэн; шинелэн дээлтэй, ширэн нүүртэй, шилэн дээрээ хатигтай нь Батлан хамгаалах яамныхан” гэх. Тэр үед “Улаанхуаран”, “Амгалан”-гийн автобусанд хотын баруун 4 зам, хотын төвөөс ийм гурван төрлийн зорчигчид зорчиж явсан түүхийг илтгэх явган шог ийм байжээ. Тэр үед автобуснаас өөр нийтийн тээвэр, хувийн унаа гэж байсан биш, энэ бол яг үнэн түүх. Тэр үед нийслэлийн зүүн захад цэргийн анги, ШУА-ийн зүүн хүрээлэнгүүд, Монголкино үйлдвэрээс өөр томхон албан байгууллага ч гэж байсан биш дээ.



Аавын минь бичих туурвих авьяас чадвараас надад бага ч болов нялзсан болов уу хэмээн би өөрийгөө урамшуулдаг юм. Эрхбиш 20 гаран ном, нэгэн сэдэвт бүтээл, үүнд Монголдоо анхдагч болохоор (олон улсын харилцааны түүх, геополитик судлал, орчин үеийн арабын түүх гэх мэт) ном зохиол, 1600 хол давахаар нийтлэл өгүүлэл бичиж туурвисандаа өөгшөөд тэгж ярьж байна л даа. Аав минь одоогийнх шиг системтэй боловсрол эзэмшээгүй ч намайг, биднийг боловсролтой, зөв хүмүүжилтэй, эрүүл энх өсгөхийн тулд хамаг байдгаа зориулсан. Ялангуяа мэдлэг боловсрол өвлүүлье гэж их ч боддогсон. Мэдлэг боловсролтой хүн маш их хүндлэл хүлээж чадна, маш том хөрөнгө эзэмшиж чадна. Аз жаргалтай амьдарч чадна гэдэг зарчмыг надад яалт ч үгүй суулгасан даа.

Аавынхаа олон сайхан чанарууд, тухайлбал ихээхэн гүргэр, сэтгэлийн элдэв хөөрөлгүй, нягт нямбай, соёлч боловсон, ариун цэвэрч, гял цал, дэгжин хээнцэр гээд олон чанаруудаас нь би өвлөхийг хичээсэн дээ. Багадаа зовлон туулж, хүүхдээрээ шахуу хүнд хүчир хөдөлмөрт нухлуулсан хэрнээ тэгсэн гэх царайгүй, тэгсэн гэх шинж тэмдэг, шарх сорви нэг ч байхгүй, шүд нь бүрэн, үс нь ганц ч цагаангүй тас хар, нуруу туруу алхаа гишгээ нь цэх, гуалиг, ядаж гар хуруу нь эдвэрч мойгоогүй, хэзээний л хээнцэр ганган явдагт нь би ихэд гайхдаг байлаа. Хувцаслана, хувцасны сонголт хийнэ гэдгийг ч үзүүлж өгдөгсөн, надад ч тэр нь нялзсан даа. Ер нь гадаад үзэмжээрээ бол дипломатч гэж өлхөн хэлэгдэхээр дэгжин хүн байсан юм. Социалист Монголд тухайн үедээ гадаадад явдаг, гадаадад суудаг ховорхон заяа зөвхөн дипломатчдад ногддог байсан болохоор би энд болхи жишилт хийж байна. Чухам тэр үед гангачуул ГХЯ-нд л байсан хэрэг, нийгмээрээ ч тэгж бодож төсөөлдөг, зөвшөөрдөг байсан юм чинь. Үнэндээ франц костюм өмсдөг, крават (хүзүүний торгон ороолт, эсвэл зориулалтын торгон зүүлт) зүүдэг монгол хүн 1960-аад он нэг их олон байгаагүй, харин аав маань миний л ухаан суухын хэрэглэдэг байсаан. Бүр өтөл насандаа хүртэл крават зүүгээд явдагсан. Аав маань овор багатай. Манай дүү Одбаярыг дагуулаад амралтад явахад ах дүү хоёр гэж андуурагдаад  хачин юм болж байсан гэдэг. Аавыг цаашаа хараад алхаж явахыг нь харсан хүмүүс хорин хэд, гучин хэдтэй юм шиг гэлцдэгсэн.

Аавын маань уран бүтээл гэвэл нэг номын нэг бүлэг бүү хэл бүхэл бүтэн ном ч багадахаар их зүйл би бичиж чадна. 1951 онд бүтээсэн “БНМАУ-ын 30 жилд” өнгөт кинонд анх дууны оператороор бие даан ажиллаж, уран бүтээлээ эхэлжээ. Дууны оператороор ажилласан 10 жилийн дотор 83 кинон (уран сайхны, баримтат, орчуулгын) дээр ажилласан ба “Бидэнд юу саад болж байна” хэмээх уран сайхны киноны зохиолыг Д.Чимэддорж, О.Уртнасан нартай хамтран бичсэн гэдэг боловч О.Уртнасангийнхаа нэрээр хэвлүүлж кино болгосон гэж Д.Чимэддорж гуай ярьдагсан. “Бидэнд юу саад болж байна”-аас гадна “Дуулбал дуу нэг”, “Тэргүүний хүмүүсийн дунд” киноны зохиолыг голлон бичсэн байдаг юм. 1968-1988 онд баримтат киноны найруулагчаар ажиллахдаа 180 гаруй нэр төрлийн нийт 600 орчим бүлэг баримтат болон орчуулгын кино, дэлгэцийн “Кино мэдээ” сэтгүүл бүтээн туурвижээ. “Доктор Шастин” (1971), “Гал голомт” (1973), “Отрын олз” (1974), “Алтан шар зам”, “Миний сайхан ээж”, “Ялалтын тухай өгүүллэг” (1975), “Найрамдлын Дархан” (1976), “Урагшлах алхаа”, “Ахан дүүсийн ариун холбоо”, “Залуу жанжин Лхагвасүрэн” (1990) гээд өндөр үнэлэгдсэн, манай түүхийн алтан фонд болохоор олон кино бий. “Гал голомт” киногоороо МҮЭ-ийн шагнал, “Найрамдлын Дархан” киногоороо Дархан хотын тусгай шагналыг хүртжээ.

Аавын минь бүтээлүүд бол гол төлөв кино очерк, хөрөг нийтлэлүүд байдаг ба кино бүтээж алдаршуулсных нь дараа Нэгдлийн дарга Аварзэд, тээвэрчин Самбуу гээд Хөдөлмөрийн баатрууд төрцгөөсөн байдаг. Аав маань киноны музей байгуулах гэж их зүтгэж, ховор нандин олдвор, үнэ цэнэтэй үзмэр маш олныг цуглуулж  үлдээсэн. Тэр үзмэрүүд нь Монголын кино урлагийн ирээдүйн музейн эх үүсвэр болно. Энэ утгаар аав маань киноны музейн үндсийг тавигч болж түүхнээ үлдэх болов уу.

Хожим түүх сэргэдэг, амилдаг, алдар гавьяатныг тодруулдаг. Аавын минь тухай Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулийн зураглаач-сэтгүүлчийн төгсөх ангийн оюутан Э.Шинэцэцэг гэх охин өнгөрөгч хавар дипломын ажлаа аавын минь уран бүтээлийн түүхээр сэдэвлэн хийж, би түүнд нь оролцож дэм болж явснаа энд бахархан дурсах нь зөв байх.



Харин кино найруулагч асан Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуай монгол киноны нэвтэрхий толь бүтээхдээ хэргээр тэгсэн үү, эсвэл хөгшрөлтийн мартаж санах өвчин нөлөөлсөн үү, аавыг минь тэр номдоо дууны найруулагчаас дээшээ өсч дэвжээгүй, Москвад кино урлагийн дээд сургууль төгсгөөгүй, ерөөсөө л кино үйлдвэрт дуурсгах гавьяагүй нэгэн байж байгаад хорвоогоос явсан мэтээр бичсэнд би их гайхсан даа. Эхнэр нь шалсаар байгаад аавын минь намтар түүхийг надаас аваад явсан, эцэст нь номдоо тэгж л оруулсан юм билээ...