Оюутолгой  бол Монгол Улсын хөгжлийн хөзөр. Шийдвэр гаргагчид энэ хөзрөөр найман жилийн турш хөгжлийн төлөө нэг ч удаа тоглосонгүй.  Тэд  Оюутолгойг  эрх мэдэлд хүрэх гишгүүр, сонгуульд ялах түлхүүр, ард түмний саналыг авах хөзөр болгон тоглож ирлээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчийн тусламжтайгаар ОХУ-д төлөх их өрийн үлдэгдэл хоёр хувийг төлсөн нь  улстөрийн шоуны эхлэл байв.  Дараа нь С.Баяр, Ц.Элбэгдорж нар уг ордод монголчуудын эзэмших хувийг 50-иас доошгүй байхаар тохирлоо гэж олон түмний өмнө гар барьсан. Удалгүй Ц.Элбэгдорж Оюутолгой, Тавантолгойгоос иргэддээ Эрдэнийн хувь хүртээнэ гэж бичсэн. Залгуулаад Ерөнхийлөгч Н.Энхбаяр  Эх орны хишиг тараана гэж мэдэгдээд, ийм үүрэг бүхий “Эрдэнэс MGL” компанийг байгуулж байв. 2008 онд МАХН 1.5 сая, АН нэг сая төгрөгийг иргэддээ өгнө гэж сонгуульдсан. Одоо Ерөнхийлөгчид нэр дэвшигчид  хоёулаа Оюутолгойгоос хуваарилах энэ мөнгийг өгүүлнэ гэж сурталчилж явна.
Хөрсөн доорхи баялагийнхаа нөөцийг шууд  бэлэн мөнгө болгон иргэдийнхээ хоосон ходоод,  ядуугийн зовлонгоор тоглосон  энэ хугацаанд парламентын гурав, Ерөнхийлөгчийн хоёр сонгууль болж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баярын хоёр гээд нийт таван Засгийн газрын гар дамжив.  Засаг солигдох тоолонд цагдаагийн дарга нарыг өөрчлөгдөгтэй адил УИХ-ын сонгууль бүрийн дараа Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, Засгийн газар байгуулах бүртээ Оюутолгойн хөрөнгө оруулатын гэрээг 0 /тэг/-ээс эхэлдэг жишиг тогтлоо. Нэг л  их олон ажлын хэсгүүд ажиллаад л  байдаг.  Гэтэл гэрээний талаар болж бүтэж байгаа нь яст мэлхийн хурдтай.  Энэ зуур  тус ордын гол түүхий эд болох зэсийн үнэ 8000-4000 болтлоо навс унав. Далд гараар зохицуулагддаг зах зээлийн үнийн энэхүү уналтаас  баялагийн эзэд хүртэх хувиасаа, хөрөнгө оруулагчид олох ашгаасаа алдаж хохиров, хожигдов. Эрх мэдэлтэйгээ үлдсэн учраас улстөрчид харин  хохирсонгүй, хожигдсонгүй. Тэд бүр үргэлжлүүлж тоглохоор шийдэв бололтой.   Албан ёсоор чуулганы танхимд хоёр дахь удаагаа  орж ирсэн гэрээний төсөл энэ долоо хоногоос дахин төрхөмдөө буцаж магадгүй  нь. Энэ тухай УИХ дахь намын бүлгүүдийн ажлын хэсгийн ахлагч нар мэдэгдэв. Өнөөдөр л гэхэд  зөвхөн Оюутолгойгоор  Д.Зоригт сайдаар ахлуулсан Засгийн газрын, Х.Бадамсүрэн гишүүний ахалсан УИХ-ын, Г.Занданшатар гишүүний тэргүүлдэг МАХН-ын бүлгийн, Д.Одхүү гишүүний толгойлсон АН-ын бүлгийн гээд дөрвөн ажлын хэсэг зэрэг  ажиллаж байна.   Одоо  өргөн барьсан төсөлд дээр МАХН-ын бүлэг 13, АН-ынхан 20-иод санал гаргасан бөгөөд Засгийн газар тэдгээрийг нэгтгээд төслөө дахин өргөн барих бололтой.  Ийм хурдаар харвал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн хаврын чуулганаар Оюутолгойн гэрээний төслийг УИХ бас л   баталж амжихгүй нь. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хаврын чуулганы нээлт дээр “энэ чуулганаар Оюутолгойн гэрээний төслийг батлах зайлшгүй шаардлагатай” гэж хэлсэн. Гэвч энэ  шаардлагыг нь эрхэм гишүүдийн, ажлын хэсгүүдийн  асуудлыг хэлэлцэх хурд гүйцэхгүй нь ээ.
Олон ажлын хэсэг гаргаснаар гэрээний төслийг сайжрахгүй. Гэрээнд тусгах гол зарчмуудынхаа талаар нэгдсэн ойлголтод хүрэх  нь олон ажлын хэсэг томилсноос хавьгүй илүү үр дүнтэй.   Жишээ нь, бид энэ ордоос өндөр хувь эзэмших, эсвэл бүх төрлийн татвараа хөнгөлөлт  чөлөөлөлтгүйгээр жигд аваад явах хоёрын аль нь  Монголд ашигтайг сонгох. Ордоос өндөр ашиг хүртье л гэж байгаа бол Монголдоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүний тулд  Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлөх, үгүйгээ нэг мөр тогтох. Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас 125 сая ам.долларын хүүтэй  зээлийг урьдчилгаа хэлбэрээр  авах эсэхээ эцэслэн шийдэх.  Авлаа гэхэд уг  зээл нь гэрээг хөрөнгө оруулагчдад ашигтайгаар хийх нөхцөл болохгүй  байх.    Гэрээний хугацааг 30, нэртэй шууд 70 жилээр хийх үү, эсвэл олон улсын жишгийн дагуу 15 хүртэл, одоо бэлэн байгаа “Эрдэнэт”-ийнхээ жишээ дээр 8-10 жилээр тогтоох уу зэргээр гэрээнийхээ гол гол зарчмуудыг  ач холбогдлынх нь дарааллаар нэг мөр болгож  Засгийн газар, УИХ, намуудын ажлын хэсгүүд тоглоомын нэг дүрэмтэй  болох нь чухал. Өөрөөр хэлбэл, аливаа хуулийн төслийг  Үндсэн хуульд нийцүүлж боловсруулдагтай адил Монгол Улсын баримтлах гол зарчмуудаа тодорхойлж, гэрээний бусад заалтыг тэрхүү тоглоомын дүрэмтэйгээ   уялдуулах нь зөв процедур юм.  Шийдвэр гаргах төвшиндөө   ийм дүрэмгүй, баримтлах зарчимгүй яваа нь нэг талаас  сайн дурын уран сайханчдыг тоглох бололцоог гаргаж өгөөд байна.   1990-ээд онд хүн бүр улстөрч байсан. Одоо хүн болгон уул уурхайн мэргэжилтэн боллоо. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэх ардын үг бий. Өнөө цагт бүгдээрээ хэлэлцэх нь хугацаа алдах, хөгжлөөс хоцрох, хариуцлагыг эзэнгүйдүүлэх шалтгаан болох талтай   Жишээ нь зэсийн үнэ тн нь 8000 ам.доллар хүрэхэд  Оюутолгойн гэрээг батлахгүй цаг алдсанаас монголчууд өдөрт 1.5 сая ам.доллар алдаж байна гэж эрдэмтэд хэлж байв. Оны өмнө  зэсийн үнэ тн нь 6000 ам.доллар байхад  монголчууд өдөрт  нэг сая ам.доллар салхинд хийсгэж байна гэж УИХ-ын дарга нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Хамгийн гол нь монголчууд бид салхинд хийсгэсэн энэ мөнгөний хэмжээгээр хүрч болох хөгжлөөсөө хоцорч, Эх орны хишиг хүртэх  цаг хугацаагаа цаашлуулж байна.   
Оюутолгой бол үнэхээр том төсөл. Хөрөнгө  оруулагч нь ч том. Чансаагаараа дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдэх тэдний мэргэжлийн чадвар, туршлагыг  хүндэтгэх ёстой. Хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авч хайгуул хийж Оюутолгойн ордыг нээж илрүүлсэн, өнгөрсөн хугацаанд хийсэн  нэг тэрбум гаруй ам.долларынх нь хөрөнгө оруулалтыг  үнэлэх нь ч зүйн хэрэг.  Хэдийгээр “BHP” компанийнхан хоёр сая ам.доллар зарсны эцэст эрэл мухардахад “Айвенхоу майнз”-ынхан  таван сая ам.доллараар уг ордын эрхийг худалдаж аваагүй бол манай их говийн зоригтнууд өнөөдөр Оюутолгойн дээгүүр тэмээгээ унаад давхиж явахыг хэн ч үгүйсгэхгүй.  Яагаад гэвэл энэ ордод 1980-аад онд манайхан  тухайн үеийн Зөвлөлтийн геологичидтой хамтарсан хайгуул хийгээд олигтой юмч олоогүй шүү дээ. Тэр битгий хэл 1990-ээд оны дунд үед “Magma copper” компанийнхан хайгуул хийгээд буцсаныг, судалгааных  дүнг хүртэл  тухайн үеийн төр, засгийнхан мэдээгүй. Тэдэнд анх газарчилсан Д.Гарамжав геологич ч бүрэн  ойлгоогүй л  үлдсэн байсан шүү дээ.
 Иймд “Монгол Улсад ч, хөрөнгө оруулагчид ч ашигтай гэрээ байгуулна” гэдэг улстөрчдийн гоё тайлбар бол үлгэр. Хоёуланд нь ашигтай гэрээ гэж бараг байхгүй. Яг Оюутолгойд бол нэг бол шууд монголчууддаа ашигтай, эсвэл дундын хувилбар хамгийн оновчтой. Оюутолгой бол төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Тавантолгойтой адилгүй.  Гэхдээ мэдээж баялагийн эзэн Монгол Улсад хохиролтой гэрээ байж таарахгүй.  “Бороо гоулд”-ын бэлэн жишээг давтаж бүр болохгүй.  
Бүл муутай айлд идэр залуу ирж өвлийн идшийг нь бэлтгэж өгөөд шагналд нь шөлний юм аваад буцдаг монгол уламжлал бий. Энэ зүйрлэлээр бол бүл муутай айл нь Монгол Улс, идэр залуу гэдэг нь хөрөнгө чадал, техник технологи, туршлагатай Рио Тинтогийнхон. Гэтэл одоо өргөн барьсан гэрээний төслөөр бол  идэр залуу маань гэрийн эзнийд шөлний юм үлдээгээд, бэлтгэсэн идэшнийхээ үлдсэнийг өөрөө авах гээд байна гэдэг шүүмжлэл ортой ч байж мэднэ. Ийм том ордын, монголчуудын урьд өмнө нь хийж байгаагүй гэрээг хийхэд экспертүүдийн зөвлөгөө, салбарын мэдлэг,  хэлэлцээр хийх урлаг гээд их зүйл шаардана. Хамгийн гол нь хурд хэрэгтэй байна. Одоо Ерөнхийлөгчийнхөөр сонгуулийн нэгэн цикль дуусна. 2012 онд сонгуулийн дараагийн цикль эхэлнэ. Энэ амсхийлтийг ашиглаж Оюутолгойг хөгжлийн хөзөр болгоё.  Иргэдээ ажлын байртай болгох, авдаг цалингараа дамжуулж баялагаасаа ашиг хүртэх боломж олгохыг шийдвэр гаргачдаас хүсье.  
Оюутолгойг тойрсон тоо баримтын сайханд гэдэс нь  “цадсан”, толгой нь  эргэж гүйцсэн олон түмэн эцэстээ  улстөрчид эрх мэдлийнхээ төлөө  Оюутолгойгоор хөзөр тоглдоод байна уу, эсвэл  Оюутолгойн баялагаар горьдоож ард түмнээрээ хөзөр тоглоод байна уу гэдгийг ялгахаа байлаа шүү.