Төсвөөс тэрбум тэрбумаар авдаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз шилэн дансаа хөтлөхгүй байгааг хэн нэгэн бүр ноднин шүүмжилж байжээ. Гэхдээ би биш. Нээрээ яагаад хөтөлдөггүй юм бол? Сонирхож үзвэл, олон нийтийн өмнөөс хянах үүрэгтэй Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралдаа хууртаад, эсвэл үгсээд хөтлөхгүй байхыг зөвшөөрчээ. Итгэхгүй байвал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 10-р сарын 13-ны хуралдааны албан ёсны мэдээг үзэх хэрэгтэй.

Энэ удаагийн Үндэсний зөвлөлийн хуралдаан бусад асуудлынхаа хүрээнд Үндэсний зөвлөлийн даргаас өгсөн үүргийн дагуу Ерөнхий захиралаас шилэн данс xөтлөxгүй байгаа туxай шүүмжлэлд бэлдсэн тайлбарыг сонсов. Ерөнхий захирал тайлбартаа Шилэн дансны тухай хуулийн хамрагдах хүрээнд Олон нийтийн өмчит байгууллага ороогүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараахь мэдээллийг тогтмол мэдээлнэ” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газарт хамаарагдаж байна ... Гэтэл шүүмжлэгчдийн зүгээс манай байгууллагыг шилэн дансны хуулийн 3.1.4-т хамаарна гэж үзэж байгаа ч, уг заалт нь “...улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”-д хамаарах бөгөөд уг хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш МҮОНРТ нь улсын төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байна.

За яахав. 2015 онд МҮОНРТ улсын төсвөөр хөрөнгө оруулалт буюу худалдан авалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэдэг эргэлзээтэй ч тиймд тооцъё. Гэтэл Ерөнхий захирал хуулийн заалтыг уншихдаа "арга хэмжээ, ажил үйлчилгээ" гэсэн дөрвөн үгийг сэмхэн хасаад тайлбарласныг анзаарав уу? Тэгвэл МҮОНРТ-ийн хийдэг ажил нь тэрбум тэрбумаар төсөв батлуулж аваад түүгээр явуулдаг "арга хэмжээ, үйл ажиллагаа" юм. Бас өөрийн албан ёсны төсвийн хажуугаар төрийн яам, агентлаг, банк, төрийн өмчит компани, байгууллага болгонтой гэрээ байгуулан төсвийн мөнгийг давхар давхар цохиж байгаа. Ингээд Монгол Улсын хуулийг Дээд шүүх биш, харин байгууллагын захирал тааваараа ойлгодог, ойлгуулдаг цаг иржээ. Бодвол, МҮОНРТ-ийн шилэн дансыг бүхэл бүтэн есөн сарын турш хөтлөхгүй байгааг Үндэсний зөвлөлийн гишүүд зүгээр харж сууснаа шаардлага тавихын оронд ямар нэгэн арга бодож олохыг даалгахад цаадах нь хуулийн цоорхойг ашиглаж, биш ээ хуулийг зориудаар цоолж, энд тэндээс нь тасчин гардуулахад Үндэсний зөвлөл алга хавсран залгиж орхисон байна.

Хэрвээ тэд цаашаагаа даруухан загнасан бол МҮОНРТ шилэн дансны залиланг хэн ч анзааралгүй өнгөрөх байлаа. Гэтэл сагсуурч гарав. Уг нь Шилэн дансны тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 6-р сард санаачлан зарлиг гаргаж 2014 оны 7-р сарын 1-нд УИХ-аар батлагдаж, 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Гэтэл Монгол Улсад ганцхан байгууллага үүнийг есөн жилийн өмнөөс ер бусын мэдрэмжээр зөгнөн харсан төдийгүй тэр дороо хэрэгжүүлээд эхэлсэн гэнэ. Дахиад итгэхгүй байгаа бол нөгөө албан мэдээг гарчгаас нь эхлээд уншихад хангалттай.

"МҮОНРТ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭС ДАРУЙ 9 ЖИЛИЙН ӨМНӨ “ШИЛЭН” БОЛСОН

ОНРТ-ийн тухай хууль нь бие даасан тусгайлсан хууль бөгөөд уг хуулийн дагуу манай байгууллага шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс даруй 9 жилийн өмнө “шилэн” болж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайлан, аудитаар баталгаажсан санхүүгийн жилийн тайланг өдөр тутмын сонинууд, mnb.mn цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд жил бүр тасралтгүй мэдээлсээр ирсэн. Шилэн дансны хууль энэ жилээс хэрэгжиж эхэлсний дараагаас уг хуулийн үзэл санааг дэмжиж, олон нийтэд үлгэрлэх үүднээс өөрийн бие даасан хуулиар хүлээсэн санхүүгийн тайлангаа олон нийтэд жил бүр мэдээлэхээс гадна өөрийн цахим хуудас болох mnb.mn нүүр хуудасны Шилэн данс цэсэнд сар бүрийн төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалтыг байршуулж хэвшээд байна.

Харамсалтай нь, www.mnb.mn сайт руу орж үзвэл "Шилэн данс" гэж гайхуулаад буй зүйл бол ердөө л сарын орлого зарлагын нэгдсэн дүн юм. Үүнийг захын байгууллага ес байтугай ерэн жилийн өмнөөс гаргаж ирсэн, хэн ч сонирхдоггүй ганц хүснэгт. Бас санхүүгийн тайлан нэртэй бүхлээс бүхэл тоотой хэдэн өгүүлбэр хавчуулсан жилийн тайланг байршуулжээ. Ингээд гүйцээ. Шилэн дансны гадар, хавтас төдий байна. Тун тааруу үлгэрлэсэн байна шүү.

Бас болоогүй, 2015 онд батлагдсан улсын төсвийн дэмжлэг нь байгууллагын жилийн цалингийн сангийн 59 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байна гэж гомдоллоод авчээ.  Тэр тусмаа. Төсвөөс ийм их санхүүжилт авдаг газрын төсвийн зарцуулалт хаалттай байвал нөгөө сайн засаглал, ухаалаг төр (гол шинж нь ил тод, нээлттэй байдал юм гэсэн) баларлаа. Тагнуулын ерөнхий газар юмуу Зэвсэгт хүчний жанжин штаб бол бас яахав. Эргээд санахад, 2011 оны "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-иас эхлээд "Шилэн дансны тухай хууль"-ийг огт хэрэгжүүлэхгүй өдий хүрсэн "тэрбумтан" байгууллага бол ганц МҮОНРТ. Төсвөөс гадна зөндөө мөнгө олдог учраас маньд хамаагүй гэх. Тэгвэл Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар, газрын алба гээд төлбөр хураамж татдаг байгууллагууд МҮОНРТ шиг аашилбал юу болох вэ? Эсвэл шилэн дансны тухай хуулийн 3.4-т "Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно" гэж заасныг эд нар хуралдаад цуцалчихсан юм уу?

2015 оны туршид Монгол Улсын шилэн дансны цахим сайтад төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхлээд жижигхэн цэцэрлэг, өрхийн эмнэлэг хүртэл дутуу хагас ч гэсэн мэдээллээ байршуулж ирсэн. Уг нь шилэн данс бол сүртэй эд биш. Хүмүүсийн цалин хөлс тэртээ тэргүй нууц. 5 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй но-той, но-гүй орлого зарлагыг мэдээлэхгүй. Тэгэхлээр 5 сая төгрөгөөс дээш томоохон орлого зарлагын гүйлгээ, худалдан авалтыг л ил тод болгохыг шаарддаг. Хэцүү юм байхгүй.

Өнөөдөр МҮОНРТ жинхэнээсээ "шилэн", зөвхөн олон нийтэд үйлчилдэг, эрх мэдэл, мөнгө төгрөгөнд захирагдаагүй энэ тэрийгээ дэлгэцээр хоосон үгээр гайхуулаад байх бус, нотолж эхлэх цаг хэдийнэ болжээ. Тэр тусмаа 2016 оны сонгуулийн өмнө. Үүнийг олон нийт лав есөн жилийн өмнөөс хий дэмий хүлээж суугаа болно.