- ИНЕГ-ынхны шийдвэр 33 хүний аминд хүрэх дөхлөө -
Энэ орчлонд хамгийн үнэтэй нь амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө.  Хүний амь бол хамгаас чухал. Улстөрийн тогтолцоо, дэглэмээсээ болоод  хүний зарим эрх чөлөөг хязгаарладаг улс орнууд бий. Харин хүний амьд явах эрхийг улс болгон  Үндсэн хуулиараа тунхагладаг.  Манай улс ч адил, “Хүн амьд явах эрхтэй” гэж Үндсэн хуульдаа заасан. Гэвч энэ заалт яг амьдрал дээр “хүн амьд явж болно” гэсэн байдлаар хэрэгжиж байна. Хүний аюулгүй байдал, хүний хөгжлийг дээдэлсэн улс орны  иргэд амь насаа эрсдэлээс хамгаалж  даатгадаг бол, манайхан  эрсдэлд даатган  амьдарч байна.                

Хамгийн сүүлийн жишээ гэхэд дөнгөж уржигдар  Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ынхны хариуцлагагүй шийдвэр, үйлдэл нь  33 хүний алтан аминд хүрэх дөхлөө.  Энэ өдөр 33 хүнтэй  “Изинис” компанийн онгоц Хөвсгөлийн Мөрөнгөөс хөөрөх хурдаа авах гэж явтал дугуй нь шаварт шигдэн зогсчээ. Энэ тухай мэргэжлийн хүн  “хэрвээ хөөрөх дээд хурдаа  авчихсан, эсвэл буух гэж яваад дугуй ингэж шигдсэн бол онгоц хамраараа газар хатган шууд сүйрэх байлаа. Азаар хөөрөх гээд бага хурдтай явсан нь 15 хүний амь насыг авч одсон, одоо хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй яваа “Ми-8”-ын ослын дараа болж мэдэх байсан том сүйрлээс аварлаа” гэж тайлбарлав.

Мөрөн бол онгоц хөөрөх, буух хатуу хучилттай зурвастай. Дугуй нь шаварт шигдсэн онгоц шороон зурвасаар явж байжээ. Учир нь  энэ сарын 1-нд ИНЕГ-аас шийдвэр гаргаж Мөрөнгийн хатуу хучилттай зурвасыг  түр хугацаагаар хааж шороон зурваст онгоц буулгах болсон  байна. Өнгөрсөн зургадугаар сараас нислэг үйлдэж байгаа  “МИАТ”-ын  “Боинг”-ын нислэгийг ч  зогсоов. Нисэх буудлын хатуу хучилттай аэродромд суулт гарсан гэж  ийм шийдвэр гаргажээ.  Уг шийдвэрийнх нь ердөө  маргааш энэ явдал болсон бөгөөд ИНЕГ-ынхан “үүнд байгаль цаг агаар буруутай” гэж мэлзэв. Тус газрын Хэвлэлийн албаны мэдээнд “Мөрөнгийн орчимд бороо ихтэй зун болж, газрын хөрс норж сийрэгжсэнээс аэродромын хэвийн үйл ажиллагаа алдагдлаа” гэжээ.  Хорин нэгдүгээр зуунд манайх шиг шороон зурваст онгоц хүлээж аван эрсдэл гаргадаг  улс дэлхийд бараг байхгүй. Бороо, байгаль цаг уурын өөрчлөлтөд ордоггүй аэродром бол бүр ч үгүй.  Энэ бүхнийг хянаж, тооцоолсны үндсэн дээр л  хөөрөх, буух зөвшөөрлийг ганцхан ИНЕГ-ынхан өгдөг. Тэдний үг нисгэгчдэд хууль. Саяын “Изинис”-ийн онгоцонд өгсөн хөөрөх зөвшөөрөлтэй хамт хөөртлөө дугуй чинь шаварт шигдэх аюулгүй, ямар нэгэн эрсдэлгүй гэсэн баталгааг давхар өгсөн гэсэн үг. Гэтэл энэхүү баталгаа нь 200-гаруйхан метр газар яваад дугуйтай хамт шаварт шигдэж байна гэдэг нь хөөрөхөөс буух хүртэл тухайн онгоцны аюулгүй байдлыг бүрэн хянах хариуцах ёстой, тийм үүрэгтэй ИНЕГ-ынхан ажлаа хийхгүй, хийж чадахгүй байгаа хэрэг.     

Үнэндээ бол ИНЕГ-ынхны бизнесийн ашгийг хүний аминаас дээгүүрт тавьсан мэргэжлийн бус шийдвэр нь Мөрөнгийн хатуу хучилтыг сүйтгэчихжээ. МИАТ компани өнгөрсөн зургадугаар сараас Хөвсгөл, Ховдын чиглэлд “Боинг” нисгэж байгаа. Гэтэл орон нутгийн тухайлбал, Мөрөн, Ховдын нисэх буудлын хатуу хучилттай зурвасууд нь анхнаасаа хүнд даацын тов оврын онгоцнууд буухад зориулагдаагүй ажээ. Буулаа гэхэд эргэх, тойрох хөдөлгөөн хийх боломжгүй юм байна.  Хуучин тогтолцооны үед 23 тонн жинтэй “АН-24” онгоц л буухад зориулагдсан зурвас дээр 80 тоннын жинтэй “Боинг” хүлээж авсан нь хатуу хучилтаа эвджээ.  23-хан тоннын даацтай юман дээр түүнээс бараг  дөрөв дахин хүнд, 80 тонныг буулгахаар юу болох вэ. Зүйрлэбэл, унадаг дугуйнд  зориулсан зам дээгүүр хүнд даацын автомашин явуулахад тэр зам эвдрэх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Уг нь орон нутгийн хатуу хучилттай зурваст “Боинг” онгоц буулгах техникийн боломжгүй, хэрвээ хүлээж авахаар бол одоо байгаа хатуу хучилттай зурвасуудаа хүчитгэн зузаатгах шаардлагатай гэсэн мэргэжлийн яамны доторхи мэргэжлийн бүтцийн, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт байдаг байна.  Гэтэл улстөрийн шалгуураар, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилогдож ирсэн удирдлагууд нь үүнийг  авч хэлэлцээгүй бололтой. “Боинг” буулгаж “МИАТ”-аас мөнгө авах нь мэргэжлийн байгууллагын мэргэжлийн дүгнэлтээс чухал байжээ, ИНЕГ-ынханд. Ердөө ийм л юм болсныг “хөрсний суулт” болгон өөрсдөөсөө зайлуулж байгаа нь энэ. Азаар хүний амь үрэгдээгүй нь зол. Хэрвээ мэргэжилтнүүдийн дээрх дүгнэлтийг үл тоон, техникийн боломжгүй зурваст хүнд даацын онгоцоо  буулгасаар байвал онгоцоо эвдэх, зурвасын хатуу хучилтаа сүйтгэж эдийн засгийн хохирол үзэх, онгоцны сүйрэл ч болоход ойрхон байгааг хоёр хоногийн өмнөх мөрөнгийн үйл явдал харууллаа. Магадгүй одоо Ховдын хатуу хучилтын  зурвас ч эвдэгдэн, ИНЕГ-ынхны оношилсноор “хөрсний суултад” орж байгаа байх.

 ИНЕГ-ыг  тойрсон эрсдэл үүгээр зогсохгүй.  Үе үе хэвлэлээр шуугиан дэгдээдэг “Аэро монголиа” компанийн амь дүйсэн буултуудын зарим ч эднийхээс үүдэлтэй. Дугуй шаварт шигдсэн энэ үйл явдлаас жаахан урагш харвал нисэх буудлын зурваст онгоц шувуутай мөргөлдсөн тохиолдол Увсад  хоёр ч удаа гарчээ. Нисэх буудлын зурвас, түүний ойролцоохь тодорхой бүс нутаг бол улсын онцгой обьект. Түүнийг онцгойгоор нь хадгалах, хамгаалах, хянах нь ИНЕГ-ын үүрэг. Энэ бүс нутагт шувуу битгий хэл, утаа ч оруулахгүй, ойртуулахгүй байх нь дэлхийн стандарт. Гэтэл Увсад сонгуулийн үеэр нисэх буудлын ойролцоо  баахан айлд газар олгосон нь ийнхүү улсын онцгой обьектод онгоц шувуу хоёр буух зурвасаа булаацалдахад хүргэжээ.

Ер нь манайх шиг орон нутгийн нислэг нь шувуутай мөргөлддөг, олон улсын нислэг нь айлуудын утаанаас болоод бууж чадалгүй буцдаг  иргэний агаарын тээвэр байдаг юм болов уу. Монголд байдаг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагынхан, АНУ болон зарим улсын Элчин сайдын яамныхан ажилтнууддаа өвөлд нь хортой /утааны/ нөхцөлийн нэмэгдэл олгож, орон нутагт аль болох машинаар зорчихыг зөвлөмж болгодог юм билээ. Энэ нь нэг талаар хүн аюулгүй амьдрах зэрэглэл Монголд ямар  байгаад олон улсын байгууллагаас өгч буй үнэлгээ бололтой.    

ИНЕГ бол төрийн өмнөөс зочигчдын, нислэгийн, нисэх буудлын аюулгүй байдлыг хангаж, хамгаалж, хянаж  байх учиртай төрийн  бүтэц. Сүүлийн жилүүдэд ИНЕГ нь  засаг солигдох бүрт улстөрчдийн шүлсийг  асагаруулж байдаг “амтат бялуу” болж хувирсны гор ийнхүү гарч байна. Энэ байгууллагын удирдлагад багтаж олон зуун сая төгрөгийн тендерээс хувь хүртэх сэтгэхүй нь мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох, мэргэжлийн ажлаа хийхэд саад болдог бололтой. Энэ нь тус газрын дарга Г.Даваагийн хэвлэлд өгсөн ярилцлагаас жишээлэхэд л нотлогдоно. Тэрээр  “Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсгийнхэн арай өөр орчинд, тайван нөхцөлд ажилламаар байна гэсэн. Тэгэхээр нь Жаргалантын амралтын цогцолборт байр гаргаж өглөө. Үйл ажиллагааныхаа төсвийг гаргаад ир гэсэн чинь “гурав хоног ажиллана, нийт хорин сая төгрөгийн төсөв гарна” гэж тооцоо оруулж ирсэн. Хариуцсан даргаас нь асуухад “Өө нэг төсөв гаргаад ирсэн. Би ямархуу юм байсныг харсангүй” гэсэн асуулт өмнөөс тавьж байгаа юм. Энэ бол менежерүүд ажилдаа анхаарахаа больсон салбарын өнөөгийн төрхийг харуулж байгаа хэрэг” гэж томилогдсоныхоо дараахь анихны яоилцлагадаа дурджээ. Нислэг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасныхаа төлөө төрийн өмнөөс ИНЕГ-ынхан хувийн авиакомпаниудаас мөнгө авдаг. Үйлчилгээ үзүүллээ гэж.  Гэтэл авсан мөнгөдөө дүйцэх үйлчилгээ, хяналт ИНЕГ-аас тэр бүр алга. Иргэний агаарын тээвэрт  зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хянасан, хангасан үйлчилгээг  ИНЕГ гэдэг бүтцээрээ үзүүлж чадахгүй  байгаа нь  Монголын төр иргэддээ “Монголд хүн амьд явж болно” гэж ханддагийн илэрхийлэл гэлтэй.

Мөнгө л олж байвал болох, бизнесийн ашгийг хүний аминаас дээгүүрт тавьсан Монголын төрийн ийм нэгэн бүтцэд удахгүй  Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас аюулгүй ажиллагааны аудитын шалгалт хий гэж байна. Уржигдарын Засгийн газрын хуралдаанаас энэ шалгалтад бэлтгэх  шийдвэр гаргасан  байна лээ. Саяхан томилогдсон шинэ дарга Г.Даваа энэ шалгалтын тусламжтайгаар ИНЕГ-ыг эргүүлж мэргэжлийн болгон төрийн үүргийг нь гүйцэтгүүлнэ гэдэгт олон түмэн найдаж байна. Салбартаа олон жил ажилласан, мэргэжлийн ч хүн юм билээ. Өөрийнх нь хэлснээр дээрээс томилогдоогүй, салбар дундаасаа бэлтгэгдсэн боловсон хүчин учраас түүнд боломж бий байх.    

Онгоц хөлөглөсөн зорчигч зорьсон газартаа зорчигчоороо очдог, очих хүртлээ эрсдэлгүй, айдасгүй, тайван  зорчдог бол сайнсан.