Өнөөдрийн миний зочноор “Төрийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин уригдлаа. Залуухан, шижигнэсэн захирал шинэ төсөл барьж аваад зогсож байна. Хэдийгээр би бээр малчдад зориулсан зээлийн хүү бууруулах төслийг нэг их талархан хүлээж аваагүй ч уншигчдадаа мэдээлэл хүргэх, асуудлын учрыг мэргэжлийн хүнээс сонсож дамжуулах үүргээ биелүүлэх ёстой билээ. Ингээд зочныхоо ярианд анхаарал хандуулахыг хүсье.


-Бид VIPerson зочноороо нийгмийн янз бүрийн давхрагын хүмүүсийг урьдаг. Та бол нийгэмдээ идэвхтэй амьдарч яваа залуу төлөөллийн нэг. Одоо нэгэн том төслийг хэрэгжүүлэх залуур дээр зогсож байна. Гэхдээ энэ ажил тань шиг залуу хүнд уйтгартай ажил биш үү. Бид чинь төрийн өмчлөл, төрийн хэт хамаарлаас нэлээд холдчихсон хүмүүс шүү дээ. Энэ утгаараа Төрийн банкийг байгуулагдахад жаахан таагүй хүлээж авч байлаа. Энд ирсэн томилолт тань их гэнэтийн шийдвэр байсан байх аа?

-Таны хэлж байгаа үнэн. Энэ шийдвэр миний хувьд үнэхээр гэнэтийн байлаа. Гэхдээ би таатай хүлээж авсан. Яагаад гэвэл одоо хотжилт, суурин иргэншил эрчимтэй явагдаж байна. Даяарчлалын энэ үед дэлхийн хандлага ийм байхад бид зөрөөд хаа холдох билээ. Гэхдээ Монгол Улс өөрийн онцлогтой. Энэ сайхан уудам газар нутаг дээр гуравхан сая хүн тархай бутархай суурьшсан. Хүн амын тал хувь нь орон нутагт, тэр дундаа нүүдэлчин соёл ахуйтай. Бидний болон биднээс хойш үеийнхэн энэхүү уламжлалт үндэсний соёл, байгаль дэлхийтэйгээ харьцдаг өвөрмөц нандин зан заншлаас хөндийрч байх шиг санагддаг. Манай үндэсний олон гайхалтай өв уламжлал мартагдаж байгаа нь миний санааг зовоодог. Ингэж хэлэхээр зарим хүн “Баттүвшин чинь хотод төрж, өссөн. Гадаадад боловсрол эзэмшсэн шүү дээ” гэх байх. Энэ үнэн. Гэхдээ би багадаа зун бүр хөдөө өвөөгийндөө амардаг байсан. Одоо ч амралтын өдрөөр хөдөө очиж амрах дуртай. Товчхондоо би хөдөөний амьдрал мэддэг Монгол хүн.

-Өвөрхангайд очдог байв уу?

-Тийм. Сүүлд өвөөгийнх маань Төв аймагт нүүж ирсэн. Өвөө маань Сэргэлэн сумын нэгдлийн дарга хийж байх үед би сургуульд орж байлаа. Одоо манай үндэсний өв соёлыг тээж, хадгалж, нандигнан өвлүүлж байгаа хүмүүс бол хэдэн малчид маань л байна шүү дээ. Энэ утгаараа ч малчид руу чиглэсэн төрийн бодлого “Төрийн банк”-аар дамжиж хэрэгжих болсонд, тэр төслийг миний бие хариуцан ажиллах болсонд би дотроо бэлгэшээж хүлээж авсан л даа. Төр надад энэ ажлыг хийхийг үүрэг болгосон. Би биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.

-Уг нь би таны хувийн ертөнцийг илүү сонирхож байгаа юм. Гэвч хоёулаа малчдын хүлээж байгаа мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах шийдвэр ёслол төгөлдөр батлагдлаа. Малчдын эрхэлдэг үйлдвэрлэл, түүнийг дагасан технологийн шинэчлэлийг дэмжих зорилго бүхий энэ хөтөлбөрийн талаар олон нийт тэр дундаа малчид маань өөрсдөө төдийлөн сайн мэдээлэлгүй байх шиг ээ.

-Баярлалаа. Энэ төслийг хэрэгжүүлэх гол бололцоо нь манай банкны дэд бүтэц юм. “Төрийн банк” Монгол орны бүх аймаг сум, суурин газруудад өөрийн тооцооны төв, нэгжүүдтэй. Мэдээж энэ давуу тал маань энэ төслийг хэрэгжүүлэх гол түшиц болно. Монголд нийт 153.1 мянган малчин өрх бий гэсэн тооцоо бий. Монгол Улс 55.9 сая малтай боллоо. Малын тоо нь жил ирэх тусам өссөн ч малчдын амьжиргаа нь төдийлөн сайжрахгүй байна. Өөрөөр хэлбэл, түүхий эд болон малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаагаас болоод малчдын орлогод бодит өсөлт гарахгүй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг эхний ээлжинд жилийн 30 хувь байсныг 18 хувь болгохоор Засгийн газар шийдвэрлэлээ. Эхний ээлжинд малчдынхаа нуруун дээр байгаа зээлийн энэ их хүүг бууруулъя гээд 29.5-аас 18 хувь болгож чадсан.

-Эдийн засагчийн хувьд та Төр ингэж даатгалын компани шиг аашилж байгааг зөвшөөрч байгаа юм уу?

-Зээл гэдэг бол банкны нэг төрлийн бүтээгдэхүүн юм. Бид бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаад борлуулалтаа ихэсгэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тодорхой хэлбэл, 5000 төгрөгийн үнэтэй юмаа 3000 төгрөг болгож буурууллаа. Үр дүнд нь өмнө нь 100 ширхэг зардаг байсан бүтээгдэхүүнээ 100 мянган ширхэгийг зардаг болно, энэ хэрээр ашиг нь нэмэгдэнэ гэсэн бизнесийн тооцоо юм. Харилцагч олонтойгоо хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энэхүү харилцаа нь өсч хөгжсөнөөр урт хугацаандаа аль аль талдаа ашиг тусаа өгөх учиртай.

-Би ч гэсэн Монгол хүн. Мэдээж байгалиас хэт хамааралтай хүнд нөхцөлд хүйтэнд хөрч, халуунд халж хэдэн малаа өсгөх гэж яваа нэг хэсгийнхээ ахуй амьдралыг дээшлээсэй гэж бодолгүй л яахав. Гэхдээ бид ч адилхан зээлтэй. Гэвч бидэнд төр ийм боломж өгдөггүй. Тийм болохоор малчдад зориулсан төрийн энэ  хайр халамжинд нэг хэсэг маань их атаархаж байгаа. Их энгийнээр хэлж байна шүү. Хатуугаар хэлбэл уурлаж бухимдаж байгаа.

-Би ойлгож байна. Гэхдээ малчдын нөр их хөдөлмөрийн үр шим, малын буяныг хүртээгүй Монгол хүнийг олохуйяа бэрх. Магадгүй хамгийн их хүртдэг нь хотынхон бид ч байж мэднэ. Ердөө 20 гаруйхан жилийн өмнө хойд хөрш маань задран унасны дараа бид өлсгөлөнд нэрвэгдэх дөхсөн. Энэ хүнд үеийг бид малчдынхаа хөдөлмөр үйлс, малынхаа буянаар төвөггүйхэн давж чадсан. Монголоос өөр малчин түмэнгүй, бэлчээрийн мал аж ахуйн онцлоггүй орон байсан бол илүү хүнд байдалд орох байсан байх гэж би одоо ч боддог. Дараа нь 90-ээд оны дундуур малыг малчдад нь хувьчилснаар мал аж ахуй ахиад л бидэнд үр өгөөжөө өгсөн. Зөвхөн ганцхан жишээ авахад ноос ноолуурын салбар маань манай эдийн засгийг чирж, тодорхой хөгжлийн төвшинд гаргаж ирж байсан. Манай томоохон бизнесменүүдээс малын ашиг шимээр хөл дээрээ боссон нь олон. Одоо хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын үндэс суурь ч болсон гэж хардаг. Бүхий л цаг үед малчид төрөөс юу ч гуйж байгаагүй. Малаа хариулаад л, хэнд ч ачаа дарамт болохгүй, эргэх дөрвөн улиралдаа зохицоод явсаар ирсэн. Гэтэл тэдний маань амьдрал ахуйд бодит өсөлт байхгүй байсаар байна. Үүнд л Төр анхаарч, зоримог санал санаачилга гарган ажиллаж эхэлж байна гэж ойлгох нь зөв. Нэмж хэлэхэд Төр засагт байгаа нөхөд залуужиж байна. Одоо энэ УИХ, Засгийн газрын толгойд байгаа үеийнхэн л малчдаа анхаарах, бодлогоор хэрхэн дэмжих тухай шийдэл, шийдвэрийг бодитой тээж байгаа болов уу гэж хардаг. Дараа дараагийн үеийнхэн бол энэ талаар бодож, шийдэх нь юу л бол. Малчдын туулсан түүх, үүрсэн ачаанаас хол хөндий үеийнхэн цагийн эрхээр гарч ирж байна. Нэг үгээр хэлбэл залуучууд бидэнд малчдад анхаарал хандуулах бодол, бодлого үгүй болж байгааг Төр маань анзаарчихжээ. 

-Та миний ёстой бодоогүй өнцгөөс хариулж байна. Гадаадад төгссөн, Монголоо мэдэхгүй, хотын хүүхэдтэй уулзана гэж сэтгэлээ илүү бэлдэж ирсэн юм шиг байна. Уучлаарай.

-Монгол хүн юм чинь Монголоо л гэнэ. Бид өөрөөр байж чадахгүй шүү дээ. 

-Тэгэхээр малчдын мал хотондоо байвч “Хаан” болон зарим банкны барьцаанд байдаг гэх яриа их байх юм. Тодорхой тоон үзүүлэлтээр ямархуу тооцоо байна вэ. Хүн очихоор хонио гаргаад л өгдөг, дайлдаг. Хэдий тийм ч өнөө мал нь бүгдээрээ банкны барьцаанд байдаг гэхээр бас л юм бодогдох?

-Хотынхон бид зун хааяа салхинд гарахдаа л малчид дээрээ очдог нь нууц биш. Малчид маань сайхан хүлээж авдаг. Тэнгэр хангайдаа сүүгээ өргөхдөө хүртэл биднийгээ даатгадаг. Бид очоод хамгийн тарган, хамгийн сайхан амттай махаар дайлуулчихаад, баярлаж талархсанаа илэрхийлээд л явдаг. Араас минь “Алтан шар зам нь өлзийтэй байг” гээд залбираад үлддэг. Ийм л сайхан хүмүүс шүү дээ. Гэтэл 120.0 мянган малчин өрх банкинд өртэй байна гэсэн тооцоо гарсан. Малчид маань нийтдээ 222.7 тэрбум төгрөгийн, 26.5-29.5 хувийн хүүтэй зээлтэй байна. Уул уурхай, барилга гээд бусад салбар ид сайн сайхан яваа үед бид малчдаа мартчихдаг. Энэ байдлыг л Төр анхаарч харлаа. Малчдынхаа орлогыг сайжруулъя гэсэн том зорилго тээж байна. Малчдын зээлийн хүү буурснаар орлого нэмэгдэнэ. Малчдын үйлдвэрлэж гаргаж байгаа бүтээгдэхүүн нь импортыг орлох, экспорт руу чиглэвэл маш сайн байна. Жишээлбэл, бид хүүхдийн хуурай сүүгээ 100 хувь гаднаас авч байна. Энэ 60 орчим сая мал, малынхаа бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй шүү дээ.

-Иргэдийн хэрэглээний зээлд зориулж Төр халамж үзүүлэхийг эдийн засагчид нэг их таашаадаггүй. Гэтэл бид малчдын 29,5 хувийн хүүтэй зээлийг 18 хувьд шилжүүллээ. Та бол Төрийн явуулж байгаа энэ бодлогыг олон сайн талаас нь тайлбарлаж байна. Малчдын зээлийн дийлэнх хувь хэрэглээний зээл биш гэж үү. Нөгөө талаар банкуудыг хэрхэн зохицуулах юм бэ. Хүчээр тулгаж байна уу?

-“Төрийн банк” малчдын зээлийн хүүг 18 хувь болгож бууруулснаар “Хаан” банк болон бусад банкууд өрсөлдөөний зарчмаар малчны зээлийн хүүгээ 18-22 хувьд хүргэж бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Бид “Хаан” банк болон бусад банкуудад хандаж зээлийн хүүгээ бууруулахыг уриалж байгаа. Энэ төсөл, хөтөлбөрөөс үүдэж банкны бизнест харш зүйл юу ч гарахгүй.

-Малчдад үнэхээр бодит дэмжлэг болж чадах болов уу, та юу гэж бодож байна. Бид бас олон халамжийн бодлого хийж дампуурч байсан?

-Энэ бол халамж биш гэдгийг ахин танд хэлье. Энэ бол бодлого, хөшүүрэг. Үр дүнд нь бид мал аж ахуйгаа үйлдвэрлэлийн шинж чанартай болгох, салбарын тогтвортой өсөлтийг хангахын төлөө л зүтгэж байгаа юм. Зээлийн хүүг бууруулснаар малчдын банкны хүүд дарамтлуулдаг ачаалал багасна. Ахуй амьдралд нь үүнийг дагаад өөрчлөлт орно. Ялангуяа үйлдвэрлэл эрхлэхэд нь ихээхэн дэм болно гэж үзэж байгаа. Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг бууруулах ийм хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа шүү дээ.

-Танай “Төрийн банк”-нд гэхэд  малчид нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй байгаа гэж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурьдсан. Одоо хүүг нь бууруулахаар алдагдал гарна. Үүнийг тайлбарлаж өгөөч. Та нар бол бусад банкаа Засгийн газрын энэ бодлогыг дэмжээч гэж уриалах л юм байна шүү дээ?

-Олон улсад Засгийн газрын өмчит банкаараа дамжуулан зах зээлд өрсөлдөөний зарчмаар хүү бууруулах арга хэмжээг зохион байгуулдаг кэйс байдаг л даа. Юун түрүүнд бид 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Төрийн банк”-наас малчдад зориулж, “Үйлдвэрлэлийг дэмжих” тусгай зээлийн багцыг гаргаж, жилийн 10 хувийн хүүтэйгээр олгож эхэлж байна.  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэхэд тогтвортой санхүүжүүлэх сан байгуулна. Мал аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн зах зээлийг өргөтгөхөд чиглэсэн “Хөдөөгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлнэ. Энэ зээлийг зөвхөн нэг удаагийн арга хэмжээ болгож хэрэгжүүлэхгүй. Хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулсан, холыг зорьсон арга хэмжээ болгохоор шийдэл гаргаад ажиллаж байна. Банкуудад ерөөсөө тулгаагүй. Угаасаа 18 хувийн зээлийн бүтээгдэхүүн одоо ч байдаг. Энэ бол лизингийн зээл. Цалингийн зээл, тэтгэврийн зээл бол 18 хувийн хүүтэй зээлийн бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүнүүдтэй малчны зээлийн хүүг адил хүүтэй болгоход ямар нэгэн хүндрэл гарахгүй. Саяхан “Хаан банк” малчны зээл 18-22 хувь болгон малчны зээлээ бууруулсан байна лээ. Тэгэхээр энэ бол бизнест харш зүйл биш юмаа гэдгийг харуулж байна. Бид өөрсдийнхөө зүгээс 18 хувь болгон бууруулах тал дээр нарийвчилсан судалгааг хийж, боломжтой гэж үзээд шийдвэрлэлээ.

-Юм болгон хоёр талтай. Малчид ч олон янз. Энэ төсөлд хамрагдахад ийм ийм болзол хангасан байх ёстой гэсэн тусгай шалгуур бий юу?

-Малаа эрүүлжүүлэх талаар идэвхтэй ажилладаг, экспортод чиглэсэн мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмждэг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байх гэх мэт шаардлагууд байгаа.

-Аливаа төрийн зүгээс гаргаж байгаа хүнлэг бодлогын ард хүссэнээр зүй тогтол нь эргэж өгдөггүй л дээ. Хүүхдийн мөнгө гэх мэтчилэн бид олон халамжийн бодлого хийж байсан. Үнэндээ айж л байна шүү?

-Энэ бол халамж биш гэдгийг дахин хэлье. Энэ бол бодлого, хөшүүрэг. Түрүүн хэлсэнчлэн бид маш олон органик бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Үүнийг малчид дээр нааж чадвал малчдын орлого л нэмэгдэнэ. Манай эдийн засагт ч үр өгөөжтэй. Мал аж ахуйгаа үйлдвэрлэлийн шинж чанартай болгож хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнд чиглэсэн хөшүүрэг хэрэгтэй байсан нь энэ 18 хувийн хэрэглээний зээл мөн юм. Харин үйлдвэрлэгч, хариуцлагатай малчинд чиглэсэн зээл жилийн 10 хувь буюу сарын 0,8 хувийн хүүтэй зээл олгогдож эхлээд байна. Хоорондоо ялгаатай байгаа биз.  Жишээ нь, Монгол адууны мах л гэхэд Арабын орнууд болон Казахстан зэрэг орнуудад амттай, сайн гэж үнэлэгддэг юм билээ. Мөн адууны ширээр машины доторлогоо зэрэг зүйлийг хийдэг. Хүнд хэрэгтэй эко бүтээгдэхүүнүүд гарч ирж байна. Адууны ясаар хүртэл ясны сийрэгжилтийг анагаах кальцын бэлдмэл үйлдвэрлэж, ард иргэдээ эрүүлжүүлж байна. Мөн адууны эхэсээр гоо сайхны өндөр чанартай үнэтэй бүтээгдэхүүн хийх ажлууд ч эхэлсэн байх жишээтэй. Дандаа эх, байгаль руугаа чиглэж байна. Манай дэлхийн хүн ам долоон тэрбум болчихлоо. Сүүлийн үед янз бүрийн шинэ төрлийн өвчлөл, харшлууд бүртгэгдэж эмчилгээний аргачлалыг олж нээж чадаагүй байна. Нүдээ анивчих, үс унах, биеэр юм туурах гэх мэт. Энэ нь юунаас болж байна вэ гэхээр хүн байгалиас авах эрдэс, тэжээлээ авч чадахгүй байгаатай холбоотой. Монголд бол уур амьсгал, орчин нөхцөл харьцангуй цэвэр байгаа учраас харьцангуй хөнгөн тусч байна. Бидэнд өнөөдөр хол сонсогдож байж магадгүй. Хойд Солонгосчууд хүртэл хар ямааны бэлдмэл гэж гаргаад, тэдгээр зүйлийг нь бид хэрэглэж байна. Тэгэхээр дэргэд байгаа боломжуудаа бид ашиглаж, экспортын маш сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох боломжтой юмаа. Мөн ямааны мах сүүлийн үед моодонд их орж байгаа юм байна. Нэгдүгээрт, хөнгөн чанартай. Хоёрдугаарт, үнэргүй. Ийм учраас европчууд үхрээс татгалзаж, ямааны мах их идэж байна. Мөн ямааны арьс зөөлөн чанартай учир томоохон брэндийн үйлдвэрүүд цүнх, гоёлын бээлий хүртэл хийж байна. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ан, ангийн арьс үсэн бүтээгдэхүүнд таагүй хандаж, хориглох болоод байгаа. Тэгэхээр ямааны арьс маань эдийн засагт өгөөжтэй юм. Танд сонирхуулаад нэг дурсамж ярья. Би уржнан жил дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авсан. Гэтэл охиныг маань хүүхдийн сүүгээр угжих шаардлага гарсан. Солонгос явж таараад хамгийн сайныг нь авах гэтэл ямааны сүү бусдаасаа арав дахин илүү үнэтэй худалдаалагдаж байсан. Хүүхдийн сүү дунджаар 4-8 доллар байдаг бол ямааных 40 доллар байсан. Би яагаад ийм зөрүүтэйг сонирхож асуухад “Энэ бол ямааны сүү учраас” гэж хариулсан. Ямааны сүү бол эхийн сүүтэй шинж чанарын хувьд хамгийн дөхүү нь юм байна. Уураг тэжээлийг хүүхдэд яг адилхан өгч чаддаг. Үүгээрээ онцлогтой. Би гэхэд ямааны сүүгээр угжуулж хүн болсон. Ээж маань оюутан байхдаа намайг төрүүлээд эмээ, өвөө хоёр дээр үлдээгээд явсан юм билээ. Тэгээд намайг ямааны сүүний хүүхэд гэж ярьдаг байсан. Тэр дурсамж санаанд орж байсан л даа. Манай өвөг дээдэс үхрийн сүүгээр биш ямааны сүүгээр хүүхдээ угждаг, нарийн учрыг нь мэддэг байжээ. Тэгэхээр энэ мэт малын гаралтай жинхэнэ цэвэр бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэлийн аргаар боловсруулж дэлхийн зах зээл рүү, ядаж л энэ Зүүн өмнөд Азийн зах зээл рүү гаргахсан. Энэ бүхний төлөө л Төр зээлийн бодлого, бага хүүгээр хөшүүрэг хийж өгч байгаа юм. Үүнийг нь “Төрийн банк” хэрэгжүүлж байна.



-Төрийн банкинд нийт малчид 40 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй. Мэдээж зээлийн хүү буурахаар алдагдал хүлээж таарна биз дээ.

-Энэ бол алдагдал биш. Би түрүүн хэлсэн, бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаад борлуулалтыг нь ихэсгэснээр ашгаа нөхчих бололцоотой. Үүнийг тооцоо судалгаа хийж тогтоосон. Ер нь та нар бодоод үз л дээ. Малчдаас жилдээ 29.5 хувийн хүү авдаг. Бусад зээлийн бүтээгдэхүүний хүү дунджаар жилийн 22 хувь байхад 29 гэдэг бол малчдад арай илүү ачаа үүрүүлж байгаа юм биш үү. Зах зээлийнхээ зарчмаар бууруулчих бололцоо, судалгаа байхад бууруулахад буруудах юм байхгүй. Энэ бол алдагдал биш, харин олж байсан ашгаасаа тодорхой хувьд татгалзаж, малчдаа дэмжиж байгаа л хэлбэр шүү дээ.

-Төслийн бүх ачаалал “Төрийн банк”-нд төвлөрнө. Мэдээж төсөвт ачаалал ирнэ. Бэлтгэл ажил хэр байна вэ. Яахав, сонгууль угтаж энэ ажлыг гаргаж ирж барьж авснаараа  улс төрийн ашиг хонжоо хайж байгаа нь ойлгомжтой. Энийг та ч мэдэж байгаа байх, би ч мэдэрч байна. Сонгууль болдгоороо болно. Дараа нь яах вэ. Ямар нэг эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол хаа сайгүй?

-Энэ ажлыг олон хүн сонгуультай холбож харж ойлгож байж магадгүй. Энэ бол сонгуультай ямар ч хамаагүй. Яагаад гэвэл би өөрөө нэр дэвшихгүй. Би зүгээр л энэ төслийг хэрэгжүүлэгч, төрөөс томилогдсон ажилтан.

-Уучлаарай, олон нийтийн хардлага сүүлийн үед улам л ихсэж байна. Малчдын хотонд байгаа хэдэн малыг банк нь өрөөрөө барьцаалж, дараа нь хөнгөлсөн болж, сонгуулийн ашиг хонжоо хайж байна гэж хардаад байна л даа.

-Юм болгоныг хараар харж болохгүй. Энэ төслийн эхний үе шат нь гурван жил үргэлжлэх юм. Тогтворжуулах үйл ажиллагаа дахиад гурван жил үргэлжилнэ. Тэгэхээр энэ ажил энэ онд эхэлж байгаагаараа л хардлага дагуулж байгаа байх. Би түрүүн хэлсэн. Өнөөдөр төрийн эрх барьж буй түшмэд, шийдвэр гаргагчид улам залуужиж байна. Гэхдээ одоо байгаа төрийн түшээд шиг малчдыг бодсон зоригтой шийдвэр гаргах хүн улам л ховордох байх гэж би бодож байна. Магадгүй манай одоогийн УИХ, Засгийн газрын тэргүүн нар малчны хотонд бага балчир насаа өнгөрөөсөн, малчдын амьдралыг сайн мэддэг байх. Малч удамтай ийм хүмүүс л одоо төрд байгаа дээрээ энэ бодлогыг хийнэ. Дараа дараагийн Англи, Америкт өсч, сурч, ажиллаж байгаад ирсэн хүүхдүүд энэ бодлогоос улам л алсрах байх.

-Та олон л сэтгүүлчидтэй уулздаг байх. Ер нь бидний гол үүрэг асуудлыг сайн л мухарлах. Үүгээрээ олон түмний дунд төөрөгдөл үүсгэхээс, элдэв буруу шуугианд автуулахаас л сэргийлэх үүрэгтэй.

-Би ойлгож байна.

-Ний нуугүй хэлэхэд арилжааны банкны үйл ажиллагааны системд хүчээр өөрчлөлт оруулан байж малчдыг ингэж эрхлүүлж байгааг одоогийн нэн шинэ үеийн залуучууд ойлгохгүй байгаа. Бид нар адилхан л өрийн дарамтанд амьдарч байгаа. Гэтэл малчдын зээлийг хүүг төр нь бууруулаад өгчихдөг. Биднийхийг бол үгүй. Угтаа малчдын аж ахуй, мал нь, ашиг нь тэднийх. Төр хэдий болтол ийм юм хийх юм бэ. Та бол арай өөр үеийн хүн. Хэдийгээр төрийн өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа ч гэсэн өөр үеийн хүн шүү дээ?

-Тэр үнэн. Би шинэ үеийн бүтээгдэхүүн. Тэглээ гээд би Монгол ахуй соёлоосоо хол хөндий өсөөгүй. Монголчууд бид ийм олон малтай, бүх боломж нь байж байхад яагаад бүх сүүн бүтээгдэхүүнээ гаднаас импортлодог юм бэ гэж гэж дотроо байнга л боддог байсан. Гадны үйлдвэрлэсэн бяслаг авахдаа ч бодно. Тэгвэл одоо энэ бүхнийг өөрийнхөө малчдаас авдаг болох тэр тогтолцоо руу л явж байна шүү дээ. Малчдад май гээд зүгээр мөнгө өгөөд байгаа юм биш. Хөнгөлөлттэй зээл л өгч байна. Харин та нар мал маллагаагаа үйлдвэрлэлийн шат руу явуулж, шинэ шатанд гарга гэсэн хөшүүрэг гэдгийг малчид маань ч бусад бүтээгдэхүүн хэрэглэдэг хот суурин газрын хэрэглэгчид маань ч сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед зөв хооллолт гэж их ярих болж. Багадаа өвөө, эмээгийнд байхад биднийг маш зөв хооллодог байсан юм билээ. Эргээд бодоход их зөв хооллож байж дээ гэж боддог юм.

-Өөрийг тань МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дараа Лондонд Их сургууль төгссөн гэж дуулсан. Төрийн ингэж их санаачлага гарган байж, сайн дураараа хувийн хэвшлийн ажилд хутгалддаг явдлыг яаж сааруулах вэ. Үзэгдлийн хувьд маш буруу гэдгийг та мэднэ шүү  дээ?

-Та их зөв асуудлыг хөндлөө. Бид чөлөөт зах зээлийн нийгмийг сонгоод 25 жил боллоо. Төр аль болохоор чөлөөт зах зээл рүү гараа дүрэхээ болих хэрэгтэй гэдэгтэй би ч санал нийлдэг. Аливаа юманд Төр оролцоод ирэхээр буруутдаг. Гэхдээ зээлийн хүүгийн хувьд өөр гэдгийг би хангалттай тайлбарлалаа гэж бодож байна. Энэ нь өөрөө эргээд эдийн засгаа солонгоруулахад маш их ач холбогдолтой, үр дүн нь сайнаар гарах асуудал. Тийм ч учраас би энэ асуудал дээр өөрийн гэсэн дотоод итгэл үнэмшлээрээ ажиллаж байгаа.

-Та хувийн банкны нөөцийн газрын аккредитивийн нэгжийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм билээ. Хөдөлмөрийн яамны ЖДҮX Сангийн захирал байсан. Бас хувийн хэвшилд ажиллаж байсан. “Төрийн банк” бол арай өөр газар. Улс төртэй учраа олж явах шаардлага гарч ирж байгаа байх. Энэ бүхэн залуу хүний хувьд хэцүү биш үү. Таныг томилохдоо ямархуу үүрэг чиглэл өгч байх юм?

-“Төрийн банк”-ны хамт олон энэ банкыг аваад явж байсан чадалтай, туршлагатай баг. Цөөхөн жилд төлөвшсөн хамт олон. Манай зээлийн бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь 50 саяас доош төгрөгийн зээл байгаа. Том зээлийн төвлөрөл багатай байна гэдэг эрсдэл багатай гэсэн үг. Тийм учраас энэ хүндрэлтэй үеийг төвөггүйхэн даван туулж чадаж байна. Хамгийн гол нь Төрөөс хэрэгжүүлж байгаа малчид руу хандсан энэ бодлогыг банкаар дамжуулж, банкыг эрсдэлгүй байлгах, мөн төр засагтай холбох, төр засгийн шийдвэрүүдийг хурдан ажил болгох, хэрэгжүүлэх үүргийг л би Засгийн газрын өмнө хүлээж байгаа. Энэ үүрэг маань аль нэг намтай ямар ч хамаагүй. Цэвэр Засгийн газрын шийдвэрээр Төрийн банкинд даалгасан ажлыг би гүйцэтгэж байгаа асуудал юм. Нөгөөтэйгүүр “Төрийн банк” бол 100 хувь төрийн өмч учраас банкинд ямар нэг эрсдэл хохиролгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Ингэж ажиллах ч үүрэгтэй.

-Ер нь малчдыг дэмжих энэ төсөл дээр эдийн засагчдынхаа үгийг хэр сонссон бэ. Улстөрчид олон юмыг мэдэхгүй атлаа мэддэг юм шиг ярьдаг хүмүүс шүү дээ.

-Би өөрөө эдийн засагч хүн. Бизнесийн салбарт олон жил, олон найз нөхөдтэйгөө ажилласан. Миний түрүүн хэлсэн жишээ, санал санаачлагууд манай эдийн засагчдаас гарсан санаа. Малын ашиг шим, түүн дээр суурилсан бүх боломжуудийн талаар тэдэнтэйгээ ярилцаж зөвлөдөг. Малчдаа арай өөр түвшинд хүргэх боломж бий. Жишээ нь, Францад үхрийн фирмийн эзэд маш их нөлөөтэй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэр улсыг хооллож байгаа улс нь учраас. Манайд биднийг хэн тэжээж байгааг бүгд мэднэ. Тийм учир төр тэжээгчдээ анхаарч байна.

-Засгийн газар банкуудыг хараа бараандаа барьж байна. Өөрөөр хэлбэл Банк Засгийн газар хоёр сайн “найзууд”. Гэхдээ тэд банкинд ачаа үүрүүлж чаддаг шигээ найдвартай ар биш?

-Хоёулаа энэ талаар дараа ярилцаж болох уу. Би танд дуртайяа цаг гаргана. (инээв)

Б.Баттүвшин бол шинэ үеийн Монголчуудын төлөөлөл. Тэр одоо шинэ төсөл хүлээж аваад зогсож байна. Бид мал аж ахуй, малчдынхаа амьдрал ахуйг шинэ түвшинд гаргах талаар олон жил ярьсан. Одоо тодорхой бодлого, хөшүүрэг гаргаж ирж хийж үзэх нь. Тэгэхээр бидний зүгээс дэмжлэг л хэрэгтэй. Өөр юу ч биш, зөвхөн дэмжлэг гэдгийг тэр надад ойлгууллаа.