Гавьяат тамирчин Д.Цэрэнханд 2006 онд Чингис хааны тахилгын барилдаанд шөвгийн дөрөвт үлджээ
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт –Од хэмээх жүдо бөхийн шигшээ багийн тамирчин бүсгүй саяхан болсон ДАШТ-ээс Гиннесийн номд орохоор шахам амжилт гаргажээ. Тэрээр улсын аварга цолыг жүдо бөхөөр 16 удаа, самбо бөхөөр 10 удаа хүртжээ. Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, жүдогийн Азийн хошой аварга, Азийн тоглолтын аварга, дэлхийн аваргын хүрэл медаль гэхчилэн эрчүүд ч атаархмаар амжилтын эзэн болжээ. Монголын жүдо бөхийн эмэгтэй шигшээ баг саяхан болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэн билээ. Энэчлэн монгол бүсгүйчүүд дэлхийд түгсэн спортын төрлүүдээр эрчүүдтэй зэрэгцэн тулалдаж байна .

Үндэсний спортод ч тэд мөн хүч түрэн орж ирлээ. Сурын харваа, морины уралдаанд бүсгүйчүүд амжилт үзүүлээд удаж байгаа бөгөөд эмэгтэй тод манлай уяач удахгүй төрөх нь дамжиггүй. Энэ янзаараа үндэсний бөхөд нэг их удахгүй эмэгтэй начин, заан төрж, улсын цолоо дуудуулах бололтойдог. Амьд явахад аальгүй ламыг үзнэ гэгчээр “Далай даян аварга Алимаа дэвэн дэвсээр гарч ирлээ”, "Үзүүр түрүү булаацалдахаар улсын арслан Цэцэгмаа, дархан аварга Оюунтуяатай гарч ирлээ” гэх маягийн тайлбар сонсох цаг холгүй болов. "Эмэгтэйчүүд ч цолны найраанд адтай байна шүү” гэсэн шүүмжлэл ч дагалдах магадлал бий боллоо.

Өвөрмонголын бүсгүйчүүд биднээс өрсөөд зодог, шуудаг өмсчихсөн барилдаж байна. Ар монгол бүсгүй гавьяат тамирчин Д.Цэрэнханд 2006 онд Зүүн Үзэмчин, Зүүн Сөнид хошуудын 50 жилийн ойн зэрэг 126 бөх зодоглосон хамаг л наадмын бөхийн түрүүг авч, Чингис хааны тахилгын барилдаанд шөвгийн дөрөвт үлджээ.

Ингээд бодохоор эрийн гурван наадам нэрээ солих, эсвэл эмэгтэйчүүдийг оролцуулахгүй болох хэрэг гарах нь ээ. Нэр уснаасаа эхлэн тайлбар нэхсэн наадам маань хуульчлагдаад эхэллээ. 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль баталсан нь ерөнхийдөө инээдэмтэй явдал болсон юм. Үндэсний спорт, үндэсний баяр наадмынхаа тухай хууль гаргадаг улс орон дэлхийд ганцхан Монгол л байх шиг.

Япончууд сүмогийн башёгийн тухай хууль гаргаагүй, Эзэн хаан нь цолны үнэмлэх дээр нь гарын үсэг зурдаггүй, болоод л байна. Францчууд бидэнтэй ойрхон долдугаар сарын 14-нд тэмдэглэдэг Үндэсний баярынхаа талаар хууль гаргаж амжаагүй байна. Бөхийн барилдаан, морины уралдаан, сурын харвааг тус тусынх нь холбооны дvрмээр зохицуулсаар ирсэн билээ. Болохгvй юм юу ч байгаагүй. Харин яагаад заавал баяр наадмын хуультай болох гээд байсны учир нь Их Хуралд маш олон наадамчин гишүүн байдгаас улбаатай бололтой. Энд маш олон удаагийн наадмын аваргаас өгсүүлээд тод манлай уяач олноороо байна. Харвадаг, нясалдаг хүн ч ганц хоёр бий. Гэхдээ тэр болгоноо хуульчлаад, болж байсан юмны горимыг алдагдуулаад завхруулаад байж боломгvй.Бөхийн цолны vнэмлэх дээр Ерөнхийлөгч гарын vсэг зурах нь хэр зохистой юм бол. Баяр наадмын комиссын дарга, аль эсвэл тухайн холбооных нь тэргvvн батламжлахад л хангалттай биш үү.

2003 оноос өмнө үндэсний баяр наадам зориулсан хуульгүйгээр үндэсний уламжлал, соёлыг бүрэн хэмжээгээр илэрхийлж, ард түмний их баяр байж чаддаг байлаа. Хуультай боллоо гээд айхтар өөрчлөлт, дэвшил гарсангүй. Төр, засаг юм болгонд хуруу хошуугаа дүрэх гээд байх хүслээс л баяр наадмын хууль шалтгаалаад байх шиг. Баяр наадмын тухай хууль чухал юм бол Цагаан сарыг тэмдэглэх тухай хуультай ч болох ёстой болно. Адилхан л барилдаж, уралддаг шүү дээ.

Наадмын хууль дагасан мэтгэлцээн

Ноднин наадмын өмнөхөн Ерөнхийлөгч наадмын тухай хуульд хориг тавьснаас үүдэн бяцхан маргаан өрнөснийг хурлын тэмдэглэлээс нэхэн сонирхлоо.

"Ц.Нямдорж: - Манай наадмын хууль бол хэрэг дээрээ хоёрхон өдрийн үйлчилгээтэй хууль, жилд ганцхан удаа болдог. Ердөө л ийм хууль. Огт хэрэгжихгүй заалтууд хууль дотор байгаа учраас хэлэлцэж байгаад допингтой холбоотой заалтыг нь хасчихсан юм шүү дээ. Наадмын хууль 2003 оны зургадугаар сарын 9-нд гарснаас хойш моринд нэг ч удаа сэргээшийн шинжилгээ хийгээгүй болж таарч байгаа. Тэгээд энэ хуулийн заалт зөрчигдөөд өнөөдрийг хүрсэн, үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Харваач, уяач, бөхөд цол өгдгөөрөө Ерөнхийлөгч хүлээх ёстой юмуу, эсвэл баяр наадмыг зохион байгуулах комисс хүлээх ёстой юмуу, Засгийн газар хүлээх ёстой юмуу гэдэг л асуудал босч ирээд байгаа юм л даа. Яах вэ хариуцлага хүлээх юм бол тэр хоригоо тавиад, заалтаа хэвээр нь авч үлдээд явж болно л доо. Өнгөрсөн таван жилийн хариуцлагыг хэн хүлээх вэ.

Д.Зүмбэрэллхам(Ерөнхийлөгчийн зөвлөх): - Бидний ойлгож байгаагаар гүйцэтгэх засаглалын байгууллага л хуулиа хэрэгжүүлэх ёстой. Гүйцэтгэх засаглалын байгууллага хуулийг биелүүлсэн үү, үгүй юу гэдэгт УИХ хяналтаа тавьж, хариуцлага хүлээлгэх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх ёстой. Ер нь онолын хувьд ч тийм байдаг.

Ц.Нямдорж: - Үгүй шүү. Хуулийн заалт биелээгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, уяачид цол өгснөөрөө эхний ээлжид хариуцлага хүлээнэ, Багабанди, Энхбаяр гэдэг хоёр хүн. Зүй нь цол өгөхийн өмнө моринд сэргээшийн шинжилгээ хийсэн үү, үгүй юү гэдгийг магадлаад, хариу нь гарсан хойно цол өгөх ёстой, тийм биз. Засгийн газар ч хариуцлага хүлээхгүй, наадмын комисс ч хариуцлага хүлээхгүй. Эцсийн дүндээ зарлигаар цол өгдөг. Зарлиг гаргах үндсэн нөхцөл бол эхний тавд ирсэн морины сэргээшийн шинжилгээ хийсэн байх ёстой. УИХ сэргээшийн шинжилгээ хийдэг газар биш, цол өгдөг газар биш шүү дээ. Тэгэхээр би яагаад ингэж хариуцлагатай холбож асуугаад байна вэ гэхээр хэрэгжихгүй хуулийн заалтын төлөө зүтгээд байгааг мухарлах гэж л ийм асуулт тавиад байгаа юм.

Н.Баяртсайхан: - Телевизээр сонсч байсан чинь сүүлийн дөрвөн жилд баяр наадмын үед морь унаж явсан 18 хүүхэд амь насаа алдсан байна. Ийм юмаа ярьж хуулиар зохицуулахгүй байж допинг яриад яах юм бэ. Бусад оронд морь унахад жокей гээд жижиг биетэй, насанд хүрсэн хүмүүсийг унуулдаг шүү дээ. Алийн болгон бид хүүхдийн амь насаар тоглож баяр наадам хийж байх юм бэ.

С.Баярцогт: - 2003 оноос өмнө ийм хуульгүй байхад төрийн баяр наадам явагддаг л байсан. Түрүүн Нямдорж гишүүн ноцтой асуудал сөхлөө.Аягүй бол энэ Ерөнхийлөгч нар чинь Баяр наадмын хууль биелүүлээгүй, Үндсэн хууль зөрчсөн гээд явахаар байна шүү дээ. Тийм буруу юм руу яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юмыг нь цэгцэлсэн арга хэмжээ авъя.

Р.Эрдэнэбүрэн: - Бид ёс заншлын хэм хэмжээг, уламжлалыг хууль болгоод ардын уламжлалт наадмын утгыг алдагдуулаад байна.Хуульчилж нарийвчлахын оронд төрийн бус байгууллагуудад хариуцуулж өөрсдөөсөө холдуулах хэрэгтэй. Ялангуяа төрөөс холдуулах хэрэгтэй. Үндэсний онцлог, төрийн их баяр наадам гэдэг тэр ойлголтуудыг алдагдуулахгүйгээр төрийн бус байгууллагуудаар хийлгэх боломж бол байгаа. Яваандаа Үндэсний баяр наадмын тухай хуулийг байхгүй болгох хэрэгтэй.

Наадмыг журамлах оролдлогууд

Анх 1922 онд жанжин Д.Сүхбаатарын гаргасан Үндэсний баяр наадамтай байх саналыг Засгийн газар хэлэлцээд 1922 оны долдугаар сарын 25-ны өдрийн хурлаараа улсын баяр ёслолын дүрэм(хууль биш шүү!) баталж, “…бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11-р оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн 6-ны өдөр хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зүй нь улсын баяр ёслолыг жил бүрийн зуны сүүл сарын шинийн 6-ны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтжээ. Энэ дүрмийн дагуу 1925 он хүртэл улсын баяр наадмыг жил бүрийн зуны сүүл сарын шинийн 6-ны өдөр тэмдэглэж байсан нь аргын тооллоор өөр өдрүүдэд тохиож байсан байна.

Буян-Ухаагийн дэнж дээр болсон эрийн гурван наадмын  хүчит бөхийн барилдаанд Луу гүний Вандан заан түрүүлжээ. Сурын харваанд Д.Сүхбаатар 20 сум тавьж, 20 онон түрүүлж “Маш гайхамшигт, нэмэх идэр мэргэн” цол шагнуулж байжээ.

1925,1934,1935,1941, 1952, 1961 онд улсын наадмыг журамлах маягийн тогтоол шийдвэрүүд гарч байсан нь ихэвчлэн наадмын хэд хоног үргэлжлэх хугацааны талаар дурдсан байдаг. Ингэж явсаар 2003 онд анх хууль тогтоогчид наадмын нарийн ширийнийг зохицуулах маягийн хууль гаргасан байдаг.
Наадмын үеэр хөгтэй явдлууд гардаг байснаас дурдвал 25 дахь баяр наадмаар ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнг боловсон маягаар нээх юм болж бүтэн толгой улаан даалимбыг тэр чигээр нь үзэсгэлэнгийн үүдэн дээр хэцлэн татжээ. Ёслолын ажиллагаа эхэлж, тууз хайчлах болоход Бум хурандаа нөгөө даалимбыг огтлох гээд баралгүй удаан ноцолдож 10 минутын дараа арайхийн тасалжээ. Маршал Х.Чойбалсан түүнийг дооглон “ёслолын тууз чинь гурван хуруу төдий өргөнтэй торгомсог зүйл байдгийм" хэмээн сэнхрүүлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна.

Мөн 25 жилийн ойн баярын парадыг командалсан Мижид жанжин  Чойбалсанд рапорт өгөхөөр индрийн өмнө ирээд мориноосоо унажээ. Тоомсог үүлдрийн өндөр морь индрийн өмнө ирээд цоройход Мижид хондлойг нь даган гулссан ажээ. Шороонд хутгалдсан Мижид жанжин  газраас малгай авч ёслоход нь маршал уурсан, хөөж явуулжээ.


Миний санал

2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг батлан гаргаснаар ард түмний уламжлалт баяр цэнгүүн маань утга агуулгаасаа хазайн төрийн албан ёсны арга хэмжээний статустай болж, төр өөртөө хариуцлага, үүргийг авснаар олон асуудлаар төр хууль эрх зүйн хариуцлага хүлээхэд хүрчээ.

Нуршилгүй голыг тоймлоход, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, хүүхдийн амь нас эрүүл мэндийн талаар төрөөс хүлээх үүрэг хариуцлагын асуудлаархи Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын эрх зүйн актуудыг наадмын морин уралдаан зөрчиж байдаг нь төр ийм зүйлийг албан ёсоор өөгшүүлэгч, дэвэргэгч болгон харагдуулж байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар наадмын хурдан морины уралдааны явцад 17 хүүхэд нас баржээ. Жил бүрийн наадмаар 1-5 хүүхэд эндэж байгаа бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байна.

Нөгөө талаар спортын сонгомол шинж чанарыг(цаг хугацаа, орон зай, талбай, жин, насны хязгаарлалт байхгүй) агуулаагүй ардын наадам, сорил, өрсөлдөөний шинжтэй уламжлалт зүйлсээс допингийн шинжилгээ нэхэх, ардын уламжлалт наадамд оролцогчдод төрийн зүгээс албан цол чимэг, гуншин өгөх зэрэг нь уламжлалт ёс заншил гэх утгыг алдагдуулж байна.

Дэлхий дээр олон үндэстэнд эрт үеэс уламжилж ирсэн өрсөлдөөнт наадам, наадгай байдаг агаад тэдгээр нь өнөөгийн дэг жаягт нийцэхгүй, оролцогчдын амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй байх нь олонтаа. Жишээ нь, Испанид бухыг олны нүдэнд жадалж алах, буханд мөргүүлэх, арлын Японд ч олон төрлийн ийм үзүүлбэр байх. Энэ мэтчилэн дурдвал олон л юм бий.

Гэвч төрийн зүгээс ийм уламжлалт зүйлсийг хуульчлах, стандартчилах оролдлого хийдэггүй. Бас хорьж цагддаггүй. Энэ нь уламжлал ёс заншлын хүрээнд, оролцогчдын сайн дурын үндсэн дээр явагдаж, тэдгээртэй холбогдсон харилцааг тухайн чиглэлийнТББ-ын дүрэм журмаар зохицуулж байдаг. Наадмын морины уралдаан нь хуулийн хариуцлага хүлээх насандаа хүрээгүй, учрах эрсдэл, аюулыг бүрэн дүүрэн ухамсарлах хүүхдүүдтэй холбоотой байгаа болохоор төрөөс хуульчилсан харилцаа тогтоох нь төр өөрөө буруудах үндсийг тавьж өгч байгаа юм.

Иймд Үндэсний баяр наадмын хуулиар төр бүхий л зүйлд хутгалдан, үймүүлж байгааг халж, наадмын хүрээнд явагдах уралдаан тэмцээн, түүнтэй холбогдсон харилцааг тухайн чиглэлээр байгуулагдсан ТББ-уудын дүрэм журмаар зохицуулж, төр зөвхөн зохион байгуулалт, санхүүжилтийн зарим асуудлыг хариуцахаар хязгаарлах шаардлагатай байна.Дэлхийд ганцхан байдаг дэнж хотойлгох наадмаа дээр дороо бодож үзэх цаг нэгэнт иржээ.