Ардчилсан намын эрх барих байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хорооны дотоод сонгууль жил бүр болдог ч энэ хаврынх шиг анхаарал татаж байсангүй. Намын Их хурлын чөлөө цагт ажилладаг, их хурал шигээ эрхтэй тус байгууллагын 228 гишүүний гуравны нэг буюу 76 суудлыг жил бүр ротацийн сонгуулиар хөдөлгөөнд оруулж шинэчилсээр ирсэн ч энэ удаад 83 суудлын төлөө өрсөлдөөн боллоо. Төрийн албаны тухай хуулийн дагуу намын харьяаллаас татгалзсан гишүүдийн суудал энэ удаад нэмэгджээ.
Үндэсний зөвлөлдөх хорооны (ҮЗХ) 83 суудлын төлөө 150 хүн өрсөлдөж, хууччуудаас Д.Дорлигжав Увс, Р.Амаржаргал Ховд, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав Завхан аймгаас сонгогдсон бол тэдэнтэй зэрэгцэн цоо шинэ 67 гишүүн сонгогдон эрх барих байгууллагад орж ирлээ. Эрх мэдэл нь гэвэл энэ удаад ҮЗХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулан гаргаж ирнэ. Ардчилсан намын төдийгүй ардчилсан хүчний намуудын өмнөөс хийх сонголт гэж хэлж болох хариуцлагатай шийдвэрийг гаргах эрх мэдэлтэй Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүн олны анхаарлыг татаад байгаагийн учир нь энэ юм.
Амралтын өдрөөр болж өнгөрсөн ротацийн сонгуулийн үр дүнд ҮЗХ-нд АН-ын аль фракц давамгайлсан нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэн байх вэ гэдэг асуултын хариуг гаргах гол үзүүлэлтүүдийн нэг болно. Ардчилсан намын нэр дэвшихээр горилж буй гишүүд болох Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Г.Батхүү, Л.Гүндалай нарын дундаас гурвыг нь намын Гүйцэтгэх зөвлөлийн 30 гишүүн сонгож, ҮЗХ-нд санал болгон оруулна. Тэрхүү гурван хүнээс хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч болгохыг ҮЗХ-ны 228 гишүүн нууц санал хураалтаар шийдвэрлэх юм.
Үндэсний зөвлөлдөх хороонд сая сонгогдсон 83 гишүүн, тэр тусмаа шинээр орж ирж буй 67 гишүүнд аль фракцийнхан түлхүү багтсан бэ гэдэг нь чухал ч үүнээс дутуугүй чухал зүйл бас бий. Нэг үгээр бол ротацийн сонгуульд ороогүй үлдсэн ҮЗХ-ны гишүүдийн олонх аль фракцийн илэрхийлэл вэ гэдэг нь мартаж болохгүй хүчин зүйлийн нэг юм. “Дотоод сонгуульд өртөөгүй хэсэг” дээр нэмэх нь “шинээр сонгогдсон гишүүд” гэдэг бүтцээр ҮЗХ-г бүхэлд нь харж байж аль фракц давамгай болсныг тооцоолох хэрэгтэй болно.
Сүүлийн өдрүүдэд АН-ын удирдлагуудаас хариуг нь сонсохыг хүсч буй сэтгүүлчдийн ганц асуулт нь “Үндэсний зөвлөлдөх хороонд хэний нөлөөлөл давамгайлчихав?” гэдэг асуулт болоод байна. Мэдээж, үүнд албан ёсны хариулт хэлж буй дарга байхгүй. Тийм ч учраас сэтгүүлчид намын удирдлагуудаас өөр эх сурвалжийг эрэлхийлэн хайж, өөр өөрсдийн өнцөг бүхий мэдээллийг хэвлэлийн хуудсаар цацаж байна. Тэдгээрийг багцалбал, зарим нь “Алтангадас”, нөгөө хэсэг нь МоАХ-ны фракц ҮЗХ-нд давамгайллаа гэжээ.
Дээрх хоёр хувилбартай зэрэгцэх бас нэгэн таамаглал байна. Итгэж болох эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай нэгний өөрөө гаргаж ирсэн тал АН-ын эрх барих дээд байгууллагад олонх болсон сурагтай байна.
Мэргэжлийн боксын рингэнд аварга өрсөлдөгчөө өөрөө сонгодог дүрмээр Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнийг зохион байгуулах гэсэн эсрэг тал АН-ын ҮЗХ-нд Г.Батхүүг дэмжигчдийг олонх болгох санаархал сонгуулийн үеэр өрнөсөн гэж нотлох хүмүүс байна.
Тэгэхээр хувьсгалт намаас нэр дэвших хамгийн өндөр магадлал бүхий нэгэн өөрөө өрсөлдөгчөө сонгочихоод байна гэсэн үг. Тэгээд ч зогсохгүй түүний талд шийдвэр гаргах дэмжигчдийг нь эрх барих дээд байгууллагад нь хүчирхэгжүүлсэн байж таарав.
АН-аас Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэсэн яриан дунд санаатай, санамсаргүйгээр Г.Батхүүгийн нэр нэлээд эртнээс хавчуулагдаад л явсан. Гэхдээ энэ нэр нэг их хол яваагүй. АН-ын дарга “Батхүү саналаа илэрхийлсэн” гэж мэдэгдэх хүртэл Элбэгдорж уу, Бат-Үүл үү гэсэн нэрс илүү тод сонсогдож байсан.
Ингэхэд Г.Батхүү гэж хэн билээ. Юутай ч Ерөнхийлөгчид дэвшлээ гэхэд ялахгүй гэдгээ мэдэхгүй байх тэнэг хүн биш. Бас нам дотроо нэр дэвшигчээр өрсөлдлөө гэхэд намын дэмжигчид, нийгмийн зүгээс гайхшрал, эсвэл доог тохуу дагуулах хэмжээний ч хүн биш. Тийм л учраас өрсөлдөгч нь өөрөө түүнийг сонгож, үүндээ ч найдвар тавьсан байх магадлалтай юм.
Ерөнхийлөгч байх гэдэг тухайн улстөрчөөс улс, үндэстний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийн арал, царыг шаарддаг. Г.Батхүү Монголын улс төр, нийгмийн тавцанд олж авсан байр сууриараа нам доторх лидерүүдийнхээ хэнтэй дүйж болох вэ? 1996 онд УИХ-ын сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулан засгийн эрх барьсан он жилүүдэд тэрбээр Дэд бүтцийн сайдаар сонгогдож, бизнесийн салбартай холбоотойг нь илтгэх “Шунхлай” хэмээх тодотголоо “улстөрч”-өөр сольсон нь үнэн. Тийн ардчилсан хүчин ялалт байгуулж, засгийн эрх барих болоход тэрбээр Ардчилсан намыг сонгон орж ирснээрээ улс төрийн хоёрдугаар эгнээнд гарч ирсэн. Гэхдээ тэр нийгмийн тогтолцоог огт өөр тогтолцоо руу эргүүлэх ардчилсан хувьсгалыг манлайлсан, тэр дунд биеэрээ оролцсон түүчээлэгчдийн дунд байгаагүйгээрээ Элбэгдорж, Бат-Үүл нараас ялгаатай. Г.Батхүү МАХН давамгайлсан парламентад сөрөг хүчний лидер байж, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдож байгаагүйгээрээ Ц.Элбэгдоржоос ялгаатай бол Э.Бат-Үүл бизнесийн ертөнцөөс улс төрд бэнчин зааж орж ирээгүйгээрээ Г.Батхүүгээс ангид мөн чанартай юм.