АН-ын ҮЗХ-ны хуралдаан маргааш эхлэх гэж байна. Бусад бүх асуудлаас илүү намын дарга нь хэн байх вэ гэдэг нь илүү чухал бололтой харагдана. Дугаар хорооны иргэн, АН-ын гишүүн нэгэн АН-ын дарга болохгүй нь тодорхой учраас “Хэн намын дарга болох” нь бус “Хэн АН-ыг аврах” нь гишүүд, дэмжигчдэд нь сонин байна. Гэтэл улс төрийн явцуу хүрээнийхэн буюу АН-ын ангалын хоёр талынхныг харахад “Шоронд орох АН-ын экс дарга нарыг хамгаалж чадах” намын даргыг хайж байгаа нэг хэсэг байхад нөгөө талд нь “АН-ын даргын эрх мэдлийг багасгах, өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд зэхдэг даргаас залхаж байна. Намыг засах Дарга хэрэгтэй байна” гээд байгаа юм. Тэгэхээр Ардчилсан намд Засах дарга хэрэгтэй байгаа бололтой.

Намын дарга болж мэдэхээр хүмүүсийн нэгдүгээрт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааныг нэрлэж эхэлсэн. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чимээгүйхэн, соёлтойгоор “хөөгдөхдөө” ийм үгээр туг хийж халхавчилсан юм. Тиймээс түүний ард Ерөнхийлөгч бий гэж хардах нь учир дутагдалтай болж таарч байна. Ерөнхийлөгч өнөөдрийн байдлаар АН-ын даргаар хэн ч болсон хамгаагүй, түүнтэй таарч тохирч ажиллана гэсэн чигтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Зураг бүхэн нартай байна” гэдэг шиг “Дарга бүхэн Ерөнхийлөгчид үг дуугүй таалагдана”. Үүгээрээ эв нэгдлийн билэг тэмдэг гэдгээ нэг удаа ч атугай нотлон харуулж байгаа нь энэ.

Э.Бат-Үүл яагаад сэжигтнээр татагдав. Энэ тун сонирхолтой. Тэртээх 16 жилийн өмнө жигтэйхэн сүртэй баривчлагдаж шалгагдсан ч төдөлгүй уг хэрэгт хамааралгүй гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажилласаар ирсэн Э.Бат-Үүл гэнэт С.Зориг найзыгаа хөнөөсөн гэж нийгэмд жигшигдэх ёстой ийм жүжиг найруулжээ. Маргааш энэ жүжгийн үргэлжлэл өрнөж мэдэх тул анхааралтай ажиглана биз ээ. Ямартай ч учир шалтгааны хувьд Э.Бат-Үүлээ Ардчилсан нам нь хамгаалж дарга болгох гэнэн найруулга уг зохиомжид багтсан, тиймээс ч олон жилийн улбаатай айхавтар ноцтой хурлын үеэр хүртэл АН-ыг удирдаж чадна гээд ярьж л суудаг уужуухан ч юм аа даа.

Гэмт үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх ёстой, нам хамгаалах бус урагшлах ёстой гэсэн хэсэг бас  АН-д байна. Тэднийг дэмжигчид ч “Нэг ардчилал”-ынхнаар тогтохгүй өргөжсөөр байгаа аж. Тэднээс АН-ын даргыг сонгож чадвал, гэхдээ “түр” биш “бүр” томилох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл намын даргын эрх мэдлийг нь хассан ч гэсэн энэ намын төлөө зүтгэж чадна, өөрсдийгөө даргад сойдог намын удирдлага байж болохгүй, дүрэм журам батлахаас  эхлээд тооллогын комиссоо хүртэл өөрсдөө сонгочихоод өөрөө намын даргад нэр дэвшдэг байхаа больё гэсэн энэ хүмүүсээр тэр яриад байгаа субботникоо дөрвөн жил хийлгээд УИХ-ын 2020 оны сонгуульд намаа ялуулж чадвал Ерөнхий сайд болгох нь хамгийн зөв хувилбар болов уу.

АН-ын жирийн гишүүд дэмжигчид ч үүнийг л хүлээж байна. Түүнээс биш өөрөө “түр дарга” болж Их хурлаа зохион байгуулаад, тооллогын комиссоо “хайрцаглаж” аваад өөрөө нэр дэвшиж өөрийгөө сонгуулахыг АН-ын дарга гэхэд хэцүү. Энэ бол Д.Дорлигжавын нэртэй холбогдох АН-ын дарга сонгосон ч гэх үү, сонгуулсан ч гэх үү, тиймэрхүү гунигт түүх давтагдана. Харин Д.Эрдэнэбат гэдэг, тэгтлээ амбицгүй эрхэмийг яагаад АН-ын даргаар томилуулах гээд зүтгээд байна вэ гэдгийн цаана УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсаныг нь ашиглана, бас ч үгүй нэр цэвэр болохоор сонгогдох магадлал өндөр, АН цэвэр харагдана гэж үзэж буй бололтой. Түүнийг дэмжигчид ч, С.Эрдэнийг дэмжигчид ч аль, аль нь “Та нарыг бид сайд болгосон. Тиймээс өрөө төл. Төлөхдөө шоронд орохоос хамгаалж аль” гэдэг дүр зураг харагдаж байна. Өөр юу хүссэндээ, ямар шалгуураар тэднийг АН-ыг даргалуулах гэж “балиашиглах” вэ.

Энэ бүх хуваагдал АН-ыг хувааж байна. Төрийг хуваах эрхийг тэдэнд олгоогүй нь яамай даа. Одоо АН-ын гишүүд “түр” ч бай, “бүр” ч бай, намаа намнадаггүй, төрөө худалддаггүй даргыг л хүсч байна.