(АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулав)

Дональд Трамп гэж бугласан чөтгөр АНУ-ын Ерөнхийлөгч болчих вий гэх айдас болоосой гэж хүсэгчдээсээ хол даваад өглөө. Дэлхийд ч тэр, АНУ-д ч тэр. Тэрээр өөрөө нэр дэвшсэн чигээрээ өрсөлдөхөөс татгалзвал, эсвэл гэнэт мажийвал БНН өөр нэг кандидатаа бэлтгэчихсэн бололтой юм. Ардчилсан эрх зүйт төрт, ардчилалд захирагдаж явдаг тэр улсад Трамп гараад ирлээ гэхэд ардчилал нь хумиад авна, ардчилал нь хүмүүжүүлчихнэ гэдгийг тоож байгаа юм алга, хувь хүн рүү нь л довтлоод байх нь тэр.

Тэгвэл ийм нэг харьцуулалт байна. 1981 оноос 1988 оныг дуустал алба хашсан АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганыг тэр үед сонгуулийн кампанийн үед олон талаас нь довтолж, гадаад ертөнцөд айж түгшиж хүлээн авсантай зарим талаар агаар нэгэн буй. Рональд, Дональд гэх хоёр нэрс нь бараг чихнээ нэг сонсголонтой. Хоёр нэр нь хоёул хөвгүүдэд хайрладаг британи-кельт гаралтай нэрс. 1980 онд Рейган “Make America Great Again” (“Америкийг аугаа гүрэн болгож дахин цогцлуулъя”) хэмээх уриаг сонгуулийн кампанидаа хэрэглэн сонгогчдыг татан дагуулсан бол энэ удаа Трамп бүтээлчээр хуулбарлаад уриа дуудлага хийгээд явж байна. Хоёулаа 70 хүрч (69 ба 70) байж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн, насны наран хэвийсэн хойноо улс төрийн тэнгэрт гэнэт гялалзсан. Хоёул протестант пресвитериан шашинтан гэхчлэн. Энэ тухай Холливүдийн алдарт жүжүгчин Чак Норрис “Top 8 Similarities вetween Trump аnd Reagan” гээд гайхалтай нийтлэл бичсэн.
 
Анхлан Рейганыг яллаа гэхэд дуртай хүн тийм олон байгаагүй, дургүй хүн нь тоогоор булж байсан байх. Рейганыг ялаад гараад ирэхэд хамгийн таагүй хүлээн авсан нь хуучин коммунист ертөнц, тэр дундаа Зөвлөлт Холбоот Улс. Зөвлөлтийн өвгөжөөр удирдагчдад тун халтай гэмээр нөхөр гараад ирнэ хэмээн үзээд нэр дэвшиж эхлэх үеэс нь дайралтаа чиглүүлж, урьдчилан оношилж, ер нь дэлхийн шинэ дайн айсуй гэсэншүү суртал ухуулга хийж эхэлсэн юм. Үнэхээр “буг чөтгөр” мэт хүнийг америкийн сонгогчид сонгочихлоо гэж ойлгогдохоор суртал ухуулгыг Москвагаас хийж байв. Зөвлөлт-Америкийн харилцаа дордоно, Женев дэх стратегийн зэвсэглэлийн тухай хэлэлцээ тасарна, Афганистан дахь дайн шатлан өргөжинө гэхчлэн ёрлож байсан нь хожмоо яг хэрэгжсэн ба эрчлүүрийг чангалах зам руу Зөвлөлтийн эрх баригчид яах аргагүй өөрсдөө явж орчихсныг санаж байна.

Яагаад тэгж хар бараанаар төсөөлөх ёстой байв аа? Мэдлэг боловсролын хувьд, туулсан замналыг нь бодвол үнэхээр Рейган нь өвөрмөц нэгэн, Америкийн түүхнээ давтагдахгүй бие хүн байсан даа. АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн хэвшмэл дүрийг эвдсэн этгээд дүр зураг харагдаж байв. Тэгвэл яг одоо тийм этгээд дүр зургийг Трамп алхам тутамдаа, бараг ам ангайх болгондоо харуулж байгаа бус уу?

Рейган бол ядуувтар амьдралтай, баян тансаг амьдралаас хол тасархай сая сая америкчуудын нэгэн болж өссөн. Тэгвэл Трамп баялаг амьдралд умбаад, туулаад, өөрөө бүтээгээд явж буй тэрбумтан. Гол ялгаа нь энэ. Рейган их сургуулийн боловсролгүй, цаадхи нь боловсролтой, гэхдээ шальтай боловсрол биш.

Рейган залуудаа Ерөнхийлөгч Рузвельтын сүр дор либерал ардчилсан үзэлд шүтэж, Ардчилсан Намыг дэмжигч болон улс төрийн тавцнаа өндийж өссөн.  Рейганыг ядуу тарчиг амьдрал нь зүүний байр сууринд шилжүүлсэн. Тэгвэл Трамп улс төрд бүр сүүлд, бараг саяхан хоёр жилийн өмнөөс гэнэт цойлон орж ирсэн. Тэр үзүүлэлт нь Рейганаас ялгаатай.

Коллежийн футболын (хөлбөмбөг биш) багийн гишүүн, сэргэлэн цовоо, биерхүү, нүүрэмгий залуу Рейганд радиогийн спортын тоймч, зарлагчийн ажил олдож, 1937 онд Холливүдтэй контракт байгуулж, 20 жилийн турш тэндхийн гялалзсан од болон 53 кинонд дүрээ үлдээжээ. Ковбойн хэвшмэл дүр бүхий хоорондоо ялгарахгүй олон зуун киног Холливүдэд бүтээсний дотор Рейганы бүтээсэн эрэмгий эрийн дүрийг тэндээс олж үзэж болно. Улс төрч тэр үедээ түүнд төсөөлшгүй хол.

Ардчилсан Намынхны олон жилийн дуулиантай ялалт өндөрлөж (1933-1953 он) америк сонгогчид Бүгд найрамдахчуудад итгэл өгч эхэлжээ. Энэ үед Ардчилсан Намын либерал үзэлтэн Рейган шинэ хадмынхаа нөлөөгөөр консерватив болон төлөвшлөө. Мэргэжлээ сольж, кино жүжигчдийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга, дараа нь “Женерал электрик” пүүсийн сурталчилгааны менежерээр ажиллав. Телевизээр хамгийн их алдаршсан сэтгүүлч Лэрри Кингийг монголчууд андахгүй. Тэгвэл 1960-аад онд Калифорнийн телевизээр тэгтлээ их алдаршсан ганц хүн бол Рейган боллоо.

Рейган 1966 онд 55 нас хүрч байж улс төрийн өндөрлөг рүү гэнэт орж иржээ. Энэ нь муж улсын захирагчийн сонгуульд өрсөлдөх бэлээхэн хөрс болж, БНН-аа төлөөлөн 1966 онд губернатороор сонгогдлоо. Хоёр дахиа 1970 онд улиран сонгогдлоо.

1970 онд түүний улс төрийн байр суурь эргэлтгүй төлөвшиж, нэр хүнд бүхий зүтгэлтэн гэгдэх болсон юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн магадлалтай Ерөнхийлөгч гэж олон улсын хэмжээд яригдаж эхэлжээ.

Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийг 1973 онд АНУ-д айлчлах үест Калифорнид (Сан-Клемент) хүлээн авч зочилсон нь томхон үйл явдал боллоо. Никсоны дараагийн Ерөнхийлөгч Жералд Форд нь Дэд ерөнхийлөгчөөр ажиллаад удалгүй шууд дэвшсэн, тэгээд ч удалгүй Картертай өрсөлдөөд ялалт байгуулаагүй, үүгээр Бүгд найрамдахчуудын нэр хүнд базаахгүй болсон байв. Картерын дуулиант 4 жил базаахгүй түүхээр нэмж баяжлаа.

1970-аад оны төгсгөл хавьд олон улсын харилцаа үлэмж хурцдав. Америкийн эрх ашигт хохирол учирч, олон улсын нөлөө, байр сууриа бага багаар алдаж эхлэв. Ялангуяа Иранд хувьсгал ялж, тэндээс Шахыг хөөж явуулснаар Персийн булан дахь америкийн байр суурь айхтар суларч, нефтийн эх сурвалжаа алдав. Зөвлөлт цэргийн хүчээр Афганистанд цөмрөн орсноор бүлээн тэнгис дэх (Энэтхэгийн далай, Персийн булан, Арабын тэнгис) америкийн ашиг сонирхолд бас нэг том аюул тулгарчээ. Ираны лалын хувьсгалын дайчид Тегеран дахь АНУ-ын ЭСЯ-ыг 14 сар барьцаалсан хэрэг дэгдэж, түүнийг суллах гэж Картер цэргийн авантюр хийгээд шившгээ дэлгэв. Тэр ч бүү хэл АНУ-ын хамар дор Төв Америкт Сандинистууд засгийн эрх авч, коммунизмын бас нэг цайз үүсчээ. Гадагш хамаг анхаарлаа төвлөрүүлсэн Картер дотооддоо дорвитой өөрчлөлт хийж амжсангүй. НАТО-гийн хүрээнд санаачилгаа Британи, ХБНГУ-тай хуваалцахад хүрээд байлаа.

Ямар ч атугай 1980 онд сонгуулийн өмнө явуулсан санал асуулгаар Ардчилсан Намд боломж хомсдож буй нь харагдаж байв. Америкчуудын олонхи нь тэднийг таашаахгүй болжээ. Ийм үед Калифорнийн захирагч 69 настай Рейган нэрээ дэвшүүлж БНН-ын анхан шатны сонгуулийн (праймериз) дараа өрсөлдөгч Жорж Бушийг Дэд Ерөнхийлөгчөөрөө   сонгуульд нэрийг нь дэвшүүлэн, Бүгд найрамдах намын их хурал тэр хоёрыг албан ёсоор баталжээ. Рейганы мөрийн хөтөлбөр, амлалтууд Америкт “Рейганы хувьсгал” хийх дохио сануулга мэт бууж байлаа. Бүх юмыг цоо шинээр томъёолж эргүүлэх түүхэн шаардлага тулгарлаа гэж ойлгуулахыг тэрээр зорьжээ. 

Ялалт байгуулсан Рейган 1981 оны эхээр албан тушаалдаа орлоо. Тэр үед АНУ болон дэлхий ертөнц туйлын дүнсгэр, хэлж таашгүй аюулын өмнө тулж ирсэн мэт байв. Зөвлөлтийн өвгөжөөр большевик удирдагчидтай хэлэлцэн тохирох ямар ч найдлага харагдсангүй. Польшид байдал цөвүүн, байлдааны цагийн байдал тогтоох, эсвэл Варшавын Гэрээний цэрэг интервэнц хийх хоёрын нэгийг сонгох цаг ойртсоор. Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцыг зөвлөлтийн сөнөөгч онгоцууд пуужиндаж хэдэн зууны хүний аминд хүрэв. СС20 хэмээх аварга пуужингуудаа Европ руу онилуулан Зөвлөлтийн нутгийн гүнээс татсан байлаа. Афганистанд Зөвлөлтийн цэрэг улам бэхжиж авчээ. Никарагуа хяналтаас гарчих дээр тулжээ. Төв Америк тэр чигтээ байлдааны бүс болж, Гренадад марксистууд засгийн эрх авлаа. Иран-Иракийн дайн эхний жилдээ (нийт 8 жил үргэлжилсэн) үргэлжилж, нефтийн эрх ашгийг хохироосоор байлаа.

Рейганы нүднээ буусан дүр зураг: Дэлхий дахинд энх тайвныг АНУ-ын үзэмжээр баталгаатай тогтоох найдвар огт байхгүй. Санаачилга авахын тулд цэргийн зардлаа нэмэх, цэргийн номлолоо эргэж нягтлах, өөр хувилбар алга.

Тийм учраас хүчээр энх тайвныг тогтоох “Рейганы номлол”-оо гаргаж мөрдөв. Тэрээр хоёр удаа улиран сонгогдохдоо батлан хамгаалах зардлыг 35 хувиар нэмлээ. Өмнө нь ингэж огцом нэмж байгаагүй тул хэн хүнгүй цочирдмоор үзэгдэл юм.

Хожим ил болсон нэгэн нууц баримт бичгийг Рейган маш явцуу хүрээнд ТТГ-ын оролцоотойгоор боловсруулан мөрдөж, түүнд тусгасан зорилгоо хоёр дахиа сонгогдохдоо бүрэн биелүүлжээ. Тэр баримт бичиг Дэлхий дахинд коммунизмыг булшлах 7 зүйлт программ гэсэн агуулгатай. 1981 онд Ерөнхийлөгч болохоосоо өмнөхөн боловсруулсан. Тэр 7 зүйл гэдэг нь:

1.    Цэргийн тэнцвэр СССР-т ашигтайгаар алдагдсаныг нөхөхийн тулд Зөвлөлтийн орлого олдог гол түүхий эдүүдэд хяналт тогтоох. Энэ нь нефть, байгалийн хий, алт, технологиор Зөвлөлтийг сулруулах явдал. Нефтийн үнийг доод түвшинд барих нь нефтиэр гол экспортоо хийдэг Зөвлөлтийг сулруулах нэг боломж гэж үзнэ. Үүнд дэлхийн гол нефть олборлогч Саудын Араб, Кувейтыг татан оролцуулна.
2.    Байгалийн хийн үнийг доогуур байлгах нь байгалийн хийн асар их нөөцтэй, түүгээрээ экспортоо болгодог Зөвлөлтийг сулруулах бас нэг алхам болно. Зовлөлтийн хийг ашиглан валютын эх үүсгэвэр үүсгэдэг Өрнөд Европын орнууд, ялангуяа Германд хэрэглээг нь багасгаж, нөхвөрийг нь АНУ гаргана.
3.    КОКОМ-ыг чангалах замаар Австри, Шведээр (төвийг сахисан улсууд) дамжин Зөвлөлт рүү шинэ технологи орж ирэх үүдийг хаана.
4.    Олон улсын томхон төсөл хэрэгжүүлэх замаар энэ эргүүлэгт Зөвлөлтийг татан оруулж, сульдуулахыг оролдоно. Тухайлбал “Оддын дайн” гэж нэрлэгддэг стратегийн батлан хамгаалалтын олон тэрбум долларын төсөл батлан хэрэгжүүлж эхэлснээр үнэ өртгийн асар их өрсөлдөөнд Зөвлөлтийг дуудан оруулж эдийн засгийн хувьд тамирдуулна.
5.    Социалист хамтын нөхөрлөлийг дотроос нь задлах, тухайлбал Польшид улс төрийн нөлөөтөй болсон “Эв санааны нэгдлийг” дэмжих нь Варшавын гэрээ, ЭЗХТЗ-ийн дотор тэсрэлт гаргах магадлалтай гэж үзжээ.
6.    Афганистаны дайныг Зөвлөлтийн дотоодын сэтгэл зүйн дайн болгон хувиргана. Ингэснээр ийм дайн хийхийг эсэргүүцэгчид дотроосоо олноор гарч ирэн Зөвлөлтийн гадаад бодлогыг шүүмжлэн бусниулна. Энэ дайн СССР-т санхүүгийн асар их гарлагатай байх ёстой. Иймд туйлдтал нь байлдуулна.
7.    Сүүлчийнх нь имиж маягтай. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчдөөс шал өмнөө сэтгэгдлийг оросуудад төрүүлнэ. Жишээ нь ковбойн дүр кинонд бүтээж байсан шигээ улс төрийг зална, гэнэтийн халуун цочмог мэдэгдэл хийнэ, тухайлбал СССР-ийг “Муу муухай юмны эзэнт гүрэн” гэх буюу “Марксизм-ленинизмийг түүхийн үнс нурам болгоно”, “Түүхийн хог дээр хаявал таарна” гэж зарлах, цаашилбал судалгааны шатандаа дөнгөж эхэлж байсан “Стратегийн батлан хамгаалах санаачилгыг” оддын дайны зэвсэг мэтээр ойлгуулж сурдүүлэх бодлого явуулна. 



Рейган бол улс төрч хүнд зайлшгүй заяагдсан байх ёстой үгээр тоглох, оновчтой егөөдөх, афоризм хэрэглэхийн жинхэнэ мастер байлаа. Цагаан ордонд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэхийнхээ өмнө микрофон шалгахдаа тоглоом болгож “Миний эх орон нэгт америкчууд аа, АНУ-ын Ерөнхийлөгч тушааж байна, Москваг бөмбөгдөөд!” гэж хэлсэн нь бөөн сенсац дэгдээгээд байтал бас нэг удаа “Миний эх орон нэгт америкчууд аа, Оросыг хууль бус улс хэмээн зарласан зарлигт өнөөдөр би гарын үсэг зурснаа уламжлахад таатай байна. Ингээд 5 минутын дараа бөмбөгдөж эхэлнэ” гэж хэлээдэхсэн чинь бөөн шуугиан тарьж, түүнийг цэрэг–дайны хэнээтэн хэмээн Москвагаас суртал нэвтрүүлгээр балбах шалтаг болж өгчээ. Гэвч энэ нь Рейганы хувьд тийм имиж үзүүлэх гэсэн урьдаас бодсон зориудын “өдөөн хатгалга” байжээ.

Рейганы марзаганал Зөвлөлтийн ТАСС-ын хариу няцаалттай тэр дороо тулгарчээ.

-    АНУ-ын Ерөнхийлөгчийн тэвчиж болшгүй дайсагнасан мэдэгдлийг Зөвлөлт Холбоот Улс эрс зэмлэн буруушааж байгааг ТАСС бүрэн эрхийнгээ дагуу мэдэгдэж байна. Төрийн тэргүүн хүн, тэгэх тусмаа цөмийн зэвсэгтэй гүрний удирдагч хүний өндөр хариуцлага, өөрийн ард түмэн ба хүн төрөлхтөний хувь заяаны төлөө хүлээх хариуцлагтай чинь иймэрхүү авир төрөх харшилж байна шүү.

Гэхчлэн ТАСС-ын мэдэгдлүүд хөвөрч гарав. Гээд Рейган огт хотойхгүй, ичих нүүргүйгээр шоглоомоо үйлдсээр. Тэрээр 1984 оныг хүртэл дэлхийг II дайны дараахи хамгийн оргил үед нь тулгатал бухимдуулж чаджээ.

Цэрэг-аж үйлдвэрийн хамсалд түшсэн, дэд бүтэц султай, төвлөрсөн эдийн засагтай зөвлөлүүдийн орныг цэрэг-дайны томхон эргүүлэгт татан оруулж намаг балчгаас гарах гарцгүй болгоно гэсэн тооцоо энэ бүхэнд агуулагдаж байв. Өөрөөр хэлбэл коммунизмыг бүрэн нурааж байж сална гэсэн үг байлаа. Рейган өөрөө коммунизмыг ингэж үнэлсэн байдаг.

-    Коммунизм бол эдийн засгийн ч, улс төрийн ч тогтолцоо хэрхэв ч биш. Энэ бол тэнэглэлийн нэг хэлбэр. Түр зуурын гажиг хэлбэр. Коммунизм нь хүн төрөлхтөний уг мөн чанарт харшилж байгаа учраас ертөнцөөс удахгүй арчигдаж алга болох үзэгдэл. Харин мөхөж сөнөтлөө хэр их гай тарьдаг бол гэдэг нь л асуудал юм.

Тэрээр  коммунизмыг нураахын тулд төлөвлөгөөтэй, тооцоотой, маш ухаалаг ажилласан. 1993 онд Вашингтон хотноо National Endowment for Democracy гэгч сан (Ардчилалд туслах үндэсний сан) байгуулж ажиллуулжээ. Глобал ардчилсан хувьсгал хийх санаа 1983 онд энэ сангаар үүссэн. Ардчилалд туслах үндэсний санг Рональд Рейган болон Америкийн Конгресс 1983 онд тунхаглахдаа: ТББ, институциудад нөлөөлөх замаар даян дэлхийн бүх ардчилсан институцийг бэхжүүлэх зорилгоор, Ардчилалд туслах үндэсний санд зориулан АНУ-ын Конгрессоос олгох төсвийн мөнгийг ашиглан, Африк, Ази, Төв болон Дорнод Европ, Латин Америк, Ойрхи Дорнодод ардчилсан бүлгүүдийн дэмжих зорилгоор зуу зуун тусламж тэтгэмж жил бүр олгох тухай зааж өгчээ.

Рейганы шилж сонгосон туслах нь болох Марк Палмерыг энд онцлон авч үзэх хэрэгтэй. Одоохондоо олны танил бус энэ эрхэм ХХ зууны хамгийн гарамгай хүнээр хожим тодорчихсон байхыг үгүйсгэхгүй. Тэр бол ердөө л СССР ба дэлхийн коммунист системийг нураасан хүнээр түүхнээ үлдэнэ. Палмерын аугаа их афоризм ХХ зууны түүхээс арчигдахгүй дуурсагдсаар байх болно. 1982 онд Их Британийн парламентад Ерөнхийлөгч Рейган хүндэтгэлийн үг тавихдаа олон хуудас цаас эрээчилгүй, ганцхан өгүүлбэрт хэдхэн үг хэлхээд л коммунизмын сүйрлийг оношлосон нь аугаа афоризм болно. “Марксизмыг түүхийн хог дээр хаявал таарна” хэмээсэн нь түүний сэтгэл хөдлөлийн үг биш, чухам Палмерын бичиж өгсөн үг байсан билээ.

Дайны эсрэг үзэлтэн, дипломатч Палмер тэр үед Зөвлөлт Холбоот Улсад очиж, тэгж очингоо зөвлөлтийн тэрс үзэлтнүүд, тэрс үзэлт жүүдүүдтэй танилцжээ. Тоталитари Зөвлөлтөд либерал үзэлтэй хүмүүс байдагт урамшсан Палмер либерал үнэт зүйлсээ ямар ч ард түмний соёл руу шингээж болох юм байна гэдэгт хатуу итгэжээ. 1986 онд тэрээр Ерөнхийлөгч Рейганы Тамгын газарт ажиллаж байхдаа америкийн төлөөлөгчдийг тэргүүлэн Москвад айлчилж, зөвлөлтийн эрх баригчидтай хэлэлцээ хийн жүүдийн идэвхтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Анатолий Щаранскийг гяндангаас суллуулан авч одсон түүхэн гавьятай. Дараа нь социалист Унгарт АНУ-ын Элчин сайдаар сууж байхдаа суугаа орныхоо тэрс үзэлтнүүдтэй хэлхээ холбоотой байгаад зогсохгүй тэднийг гудамжны тэмцэлд босгож, коммунист дэглэмтэй нь үзэлцүүлж байв.

Ингэхгүйгээр энх тайван хэврэг үлдэх аюултай гэж Рейган үзжээ. Гол нь АНУ энэ зорилгодоо хүрсэн бөгөөд ялагдлаа Горбачев 1989 онд Мальтад хүлээн зөвшөөрсөн. Рейганы тэр үеийн төлөвлөгөөг одоо шүүх нь утгагүй юм. Горбачевын өөрийнх нь мэдэгдэл байна.

-    Рейган байгаагүй бол тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад перестройка тохиохгүй байлаа.

АНУ-ын эдийн засагт ч Рейган цоо шинэ номлол дэвшүүлсэн. Тэр нь Рейганомика гэж алдаршжээ. Татварын бодлого, гадаад худалдаанд шинэчлэл хийж, “7-гийн бүлгийг” эдийн засаг-санхүүгийн явцуу форумаас гаргаж улс төр-эдийн засгийн дэлхийн томхон уулзалт болгож чадсан юм.

Ойр болон дунд тусгалтай пуужингийн асуудлаар Зөвлөлтөөр буулт хийлгэж чадсаныг түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал гэж үздэг. Олон улсын терроризмын эсрэг дайн зарласан хийгээд түүний сургамж болгож Ливийг агаараас дайрсан, Төв Америк, Ази, Африкийг коммунизмын аюулаас сэргийлж, тийш нь хөрөнгө оруулсан зэрэг өнөөдөр америкчууд олзуурхан тэмдэглэж буй олон жишээг энд жагсааж болно. 1980-аад онд “7-гийн бүлэгт” Рейган-Накасонэ-Миттеран-Коль-Тэтчер гэсэн хамтын ажиллагааны бат бэх механизмыг бүрдүүлж чадсан. Зөвлөлтийн өөдөөс сөрөн зогсох хүчтэй эвслийг төлөвшүүлсэн.

Хятадтай тогтоосон харилцаагаа Рейган хол ахиулсан бөгөөд өнөөгийн Америк-Хятадын харилцааны бат бэх үндэс суурийг тавьж өгсөн гэж үздэг. АНУ-ыг эх газрын Ази руу нэвтрүүлж үнэхээр чадсан. Вьетнамын дайнд ялагдсанаас хойш Азиас шахагдан гарсан АНУ одоо Ази-Номхон далайд тогтвортой байдлын гол баталгаа болсоор байна. Тэр нь Рейганаас эхтэй юм. Никсоноос хойш (1972 он) Хятадад ирсэн АНУ хоёр дахь Ерөнхийлөгч бол Рейган (1984 он) байлаа.

Рейганд тэмдэглэгдэн үлдэх бас нэг гавьяа бол Социалист интернационалыг сөргүүлж, Олон улсын ардчилсан холбоог байгуулсан явдал. Дэлхий дахинд социал-демократуудын нэр хүнд нөлөө буурахгүй өссөөр, дэлхийн улс төрийн бодлогод нөлөөлөх нөлөөлөл нь олон улсын хэмжээнд интеграцчилагдан буйг нийтээр хүлээн зөвшөөрч байлаа. Гэтэл тэр үеийн томхон орнуудад засгийн эрх барьж буй (Францаас бусад нь) консерватив, баруун төвийн намуудын нэгдлийг илэрхийлсэн бүтэц байсангүй. Үүнийг Рейган санаачилсан бөгөөд Накасонэ, Коль, Тэтчер нар хамтран үндэслэгчид нь болжээ. Энэ нь ч цаг үеэ зөв тусгасан алхам болжээ. Юу гэвэл социал-демократизм бол өвгөрч буй үзэл суртал, анх үүсэхдээ дэвшүүлсэн зорилтуудаа аль хэдийнэ хэрэгжүүлсэн ба одоо гинжнээсээ өөр алдах юмгүй ажилчин ангийн тухай ойлголт алга болсон. Хүн амын 90, түүнээс дээш хувь нь дундчуул болсон учраас консерватив, либераль үзэл газар авсаар байна. Тэдний улс төрийн эрх ашгийг олон улсын хэмжээнд зохицуулдаг төв байгууллага ийнхүү Рейганы үед үүсчээ.

Рейганы нам 1992 онд засгийн эрхээ Ардчилсан Намд тавьж өгөөд 2000 он хүргэсэн ба дахин өрсөлдөөд хоёр дахин ялан 2008 он хүргэжээ. Ямар ч л гэсэн Рейганы суу алдар эцэг хүү хоёр Бушийг 12 жилээр ажиллах боломж олгосон бол энэ удаа Трампад тийм боломж олгож тун мэдэхээр байна. “Make America Great Again” (“Америкийг аугаа гүрэн болгож дахин цогцлуулъя”) хэмээх тэр уриа америк сонгогчдын тархинд хүрч зүрхэнд тусч мэдэх л юм.


 
Энд Трампыг ялаасай санаагаар огт бичээгүй байна. Гэхдээ элдэв таамаг АНУ-д өөрт нь олонтаа цухалзаж байгааг ойшоохгүй байж чадсангүй. Жишээ нь “The Washington Post” сонинд ярилцлага өгсөн улс төрийн түүхч профессор Аллан Личтмэн гэдэг хүнээс эшлэмээр санагдлаа. Тус сонин ярилцлагыг “АНУ дахь сонгуулийн дүнг урьдчилан таахдаа хэзээ ч алдаж байгаагүй профессор” хэмээн сүржин гарчигласан нь бүр анхаарал татлаа. Тэрээр өөрийн аргачлалаар судалгаа хийдэг, тэр аргачлал нь “Цагаан ордонд нэвтрэх түлхүүр” гэсэн нэртэй гэсэн байна.

Түүний ярьснаар бол 1984-2012 онд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ямагт онож буудсан болж таарлаа. Тэрхүү мэргэн аргачлал нь 13 заалттай, заалт бүр дээр асуулттай, хариултыг нь зөв олоод тавьчихад онодог бололтой юм. Тэрхүү 13 заалтаа эгнүүлж хариулж байгаад АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч, Б.Обамагийн халааг авах хүн бол БНН-ын кандидат Дональд Трамп гэж мань профессор зарлажээ.

Алдарт 13 заалт дотор тус улс дахь эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, нийгмийн бухимдал буй эсэх, Конгрессын Төлөөлөгчдийн Танхимд олонхийг БНН бүрдүүлж байгаа, нэр дэвшигчийн хувийн зан чанарын зарим онцлог, олон улсын бодлого дээр гаргасан алдаа оноо гэхчлэн байх аж. Тэр 13-ын 6 дээр нь АН-д таагүй мэдээлэл байвал ялах тухайд ярилтгүй гэнэ. Одоогоор бол 5 нь яг АН-ын эсрэг байгаа ба тэр нь  2014 онд Конгрессын завсрын сонгуульд БНН ялсан, одоогийн Төрийн тэргүүн Барак Обама сонгуулийн өмнөх кампанид оролцох боломжгүй, дотооддоо АН олигтой өөрчлөлт хийгээгүй, Обама нь хоёр дахь удаагаа сонгогдоод л гадаад бодлогодоо амжилт олж буй, Хиллари Клинтон нь харизматик удирдагч байх тал дээр учир дутагдалтай гэхчлэн байна. Гэхдээ тэр профессор өөрийнх нь таамаглаж ирсэн 1984 оноос хойшхи хамгийн хэцүү таавар хэмээн хүлээн зөвшөөрсөн нь бас анхаарал татахаар. 

-    Бид Дональд Трамп шиг нэр дэвшигчийг өмнө нь огт үзэж харж байгаагүй ээ. Трамп бол 1860 оноос хойшхи түүхэн хэв загварыг бүрэн эвдэж магадгүй ээ.

Аллан Личтмэн ийнхүү ярьжээ.