"Дайлах хоол нь байвч дуудах нөхөдгүй бол хэцүү.
Нөхдөө зараад мөнгө олж болох ч мөнгө зараад найз олоход хэцүү..."
 
Ц.Нямдорж


Энэ үгийг тэрээр намынхаа хэн нэгэнд  хандаж нийгмийн сүлжээгээр буюу фэйсбүүктээ бичжээ. Түүний өөрийнх нь нүүр ном биш ч гэж бичиж л байна. Мөн ч бай, биш ч бай энэ их үнэн үг санагдав.
            
Эхний мөр “дайлах хоол нь байвч дуудах нөхөдгүй бол хэцүү…” хэмээсэн нь нас ахиад, юм үзээд ирэхээр ухаан, арга заль хэмээгч нь сэтгэлдээ захирагдаж эхлэх буюу амьдралыг таньж “нээрээ би эд хогшил цуглуулж баян цатгалан болсон ч гэлээ насны бөхсөнд дуудах найзгүй алтан “шорон”-д ганцаар уйдаж үхвэл ямар хэрэг байнаа…” гэсэн сэтгэлийн ухаарлын мөр аж.

Харин дараагийн мөр болих ноцтой, мафийн нэг зоригтойхон гишүүн толгойлогчдоо хандаж хэлсэн үг шиг. “Нөхдөө зараад мөнгө олж болох ч мөнгө зараад найз олоход хэцүү” гэжээ.

Мөнгө, албан тушаал, эрх мэдэл дагасан найз нар бол голдуу хуурамч буюу түүнийг дагаж мөнгө, эрх мэдэл, ашиг тусыг бага ч гэсэн хүртэхийг горилогч найз нар бөгөөд түүний эг ог хооллох төдий хоосон зүйл.

Харин нөхдөө зараад мөнгө олж болох ч… гэсэн энэ үг ямар утгатай билээ? Яаж нөхдөө зархав? Тэгээд болох ч гэхийг бодоход зарчихсан бололтой юм байна…

Мэдээж би энэ дөрвөн мөрийг задлан шинжлэх гэж үүнийг бичээгүй. Би өөр зүйл ярих гэсэн юм. Бараг мафитай киноны өмнө гарч баймаар л дөрвөн мөрт аж.

Манай өнөөгийн улс төрийн бүтэц аль хэдийнээ мафийн сүлжээ буюу олигархын тогтолцоо болсныг л нотлох гэж энэ үгийг иш татаж байгаа юм.

Миний бие одоо УИХ-ын гишүүн Лу.Болдын тухай “Амин насны урсгал” нэртэй ном “Түмний нэг хөрөг цуврал”-ын хүрээнд бичиж буй бөгөөд энэ номын зорилго ч энэ тухайд өгүүлэх гэж хичээж буй бөлгөө.

Лу.Болдын эцэг доктор С. Лувсанвандан ”Гоо зүй” номынхоо  Нэр хүнд гэсэн хэсэгт доорх зүйлийг бичжээ.

“...Италийн хүүхэд залууст зориулсан зохиолын унших бичигт америк хүүгийн тухай нэгэн өгүүллэг оржээ. Тэр өгүүллэгт бяцхан хүүгийн явдлыг өгүүлнэ. Үүнд эх нь хүүгээ ногооны газрын хөрсийг сийрүүлж янзал гээд таван доллар өгч, тэр жаал найз нараа цуглуулаад газар хуваарилж өгөөд  хэн урд дууссан хүүхдийг доллараар шагнана гэж зарласан гэнэ. Хүүхдүүд дор бүрнээ мэрийвч нэгэн жаал бусдаас түрүүлж уг шагналыг хүртсэн байна. Ингэж хүнээр ажлаа хийлгээд ,өөрөө дөрвөн доллар завшсан байна. Италийн залуусын утга зохиолын сурах бичигт яагаад энэ өгүүллэг орох болов? Гэвэл нэгдүгээрт, хөрөнгөтөн орны амьдралын зүй жишгийг авхаалжтай тусгасан, хоёрдугаарт, хар багаас хүний хөдөлмөр хүчийг эзэмших чадварт сургаж байгаа, сэргэлэн авхаалжтай хүүхдийн үлгэртэй дүрийг үзүүлсэн учраас болжээ...” хэмээн бичсэн байна.

С.Лувсанвандан докторын номондоо иш татсан жишээ бол өнөөдрийн  төр барьж буй засаг  нь ард олны татвараар цугласан таван долларыг (мэдээж олон тэгтэй 5 ) эхлээд  гарч ирэхэд нь тус болсон зэрэг  хүмүүс багтах өөрийн бүлэгтээ  өгөх бөгөөд өнөөх авсан нөхөд  дөрвөн долларыг нь завшаад нэг (мэдээж олон тэгтэй 1) долларын тендер зарлаж танил талаа уралдуулан шагнаж  байгаа бүтэцийг хүүгийн үлгэрээр ёгтолж өгүүлсэн мэт санагдана.

1990 оноос хойш тогтсон энэ тогтолцоо зөв юм гэж үү? Энэ хорин наймдах  жилдээ  яваа “ардчилсан”  гэх тогтолцоо яагаад заавал дөрвөн жил байх ёстой юм? АНУ тийм л гэж хариулах байх. Энэ хариулт   бол “Google is God” гэж бүгд боддог шиг хариулт юм. Тэдний засгаа байгуулдаг тараадаг эрхтэй буюу мөнгөө баридаг ерөнхийлөгч ямагт найман жил болдог бөгөөд өнгөн дээрээ өөрчлөгдөж байгаа юм шиг ч төрийн мөн чанар нь, төрийн дархлаа нь хэвээрээ бат байдгыг гүүгэлдэхгүйгээр ойлгох хэрэгтэй. 

Манай улс төрийнхөн үндсэн хуулийг өөрчилнө гэж яриад байгаа ч гишүүдэд насны босго тавих, сонгуулийн хугацааг ядаж таван жил болгох тухай яриа огт дуулдахгүй бөгөөд яаж нэг бүлэгт эрх мэдлийг бүрэн өгөх тухай л ярисаар өнөөг хүрчээ.  Явж явж бид бараг өөрсдөө ч мэдэлгүй ийм хачин тогтолцоо дагаж хуйларсаар бүрэн  олигахижсан бүлэглэлийн төртэй болчихсон юм биш үү? Дөрвөн жил болоод улс орны удирдлага тэр чигтээ солигдоод бүгдийг эхнээс нь явдаг энэ тогтолцоо зөв юм уу? Аль нэг компанийн захирлыг дөрвөн сар болоод л өөрчлөөд байвал тэр компани урагшлах уу? Дампуурах уу?  Ер нь аливаа улс орныг том компани гэж харвал тэр компанийн дарга удирдлагыг дөрвөн жил болоод л хуу солиод байвал тэр компани дампуурах нь ойлгомжтой. Тэгээд ч дөрөвхөн жилийн настай суудалд очиж байгаа хүн мунхаг л биш бол өөрийгөө л эхлээд бодно.

С.Зориг агсны “Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч үзэх хэрэгтэй. 

Эхний ээлжид улсынхаа ашиг сонирхлыг, дараа нь намынхаа ашиг сонирхлыг, тэгээд дараа нь  аливаа нэг санхүү эдийн засгийн бүлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бүлгийн сонирхлыг, мэдээж хүн бүрт хувийн сонирхол гэж бий, аль ч үед байдаг зүйл, хэн ч амьдралаа сайжруулъя гэж бодолгүй яахав энэ сонирхол хамгийн сүүлд байх ёстой юм л даа” хэмээн сануулж байсан эрэмбэ яг эсрэгээрээ эргээд их уджээ.

Яагаад гэвэл дээр өгүүлсэн дөрөвхөн жилийн настай төрийн бүтэц ажиллаж байгаа болоод тэр юм. Энэ нь чимээгүй өөрийнхөө жам ёсоор мөнгөөр явж бүр өргөжсөөр өнөөдрийн ийм олигарх төрийн тогтолцоог бий болгожээ. 

Үүний тод жишээ бол олны төлөө хийсэн ажил огт явдаггүй царцдагт оршино. Олны төлөө бодсон сэдсэн болгон сонгуулийн дараа ямар ч дэмжлэггүй болж алсдаа замхардаг. Яагаад гэвэл өөрт ашиггүй төслийг тэд нар хэзээ ч явуулдаггүй бөгөөд улсын гэх нэртэй бүгдийг хэний ч биш улсын буюу олон нийтийн татвараас тогтсон  нийтийн  том тогоо учир чадлаараа хутгаж хүртэх ёстой гэж хардаг болоод тэрээ.

Ийм маягаар замхарсан байж болох төслүүдийн нэг бол Лу.Болдын 2008 онд анх ярьж эхэлсэн “Баян Монгол” төсөл юм.
            
Түүний судалж тогтоосноор бол манай улсын стратегийн гэх тодотголтой 54 ордын баялаг одоогийн зах зээлийн үнээр 186.6 тэрбум америк доллараар үнэлэгдэх бөгөөд энэ нийт хөрөнгийн 51 ээс дээш хувийг Монголын ард түмэн, 49 хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран  эзэмшдэг “Баян Монгол” хэмээх корпорац байгуулаад бүх ард түмэнд 51 хувийн хувьцааны ногдол ашиг тараах тухайд юм. Болдын багийн тооцоолсноор   жилдээ нэг иргэн 1800 орчим долларын ногдол ашиг авч эхлэх бөгөөд мэдээж уурхай ашигтай ажиллаад ирэхээр ногдол ашиг нэмэгдсээр байх болно. Гэр бүл дунджаар дөрвөн хүнтэй гэж үзвэр тэр өрхийн жилийн ногдол 7200 доллар болох нь. Бид хэдийнээсээ л алт сандайлсан гуйлгачин гэх нэртэй явж ирсэн. Яагаад заавал гуйлгачин байх ёстой юм? Хэн бүх ард түмний өмч гэж хуульчилсан тэр баялагыг цөөхүүлээ идээд байгаа юм? Яаж идээд байгаа юм?
          
Одоогоор Монголд 35 тэрбум тонн тодорхой болчихсон нүүрсний нөөц бий. Дэлхийн хамгийн том нүүрсний Пийбодий корпораци нийтдээ 10 тэрбумын нөөцтэй, удаалдаг Хятадын төрийн өмчит Шинхуа компани  8 тэрбумын нөөцтэй гэдэг бол дэлхийн хоёр том компанийн нөөцийг хоёуланг нийлүүлээд ч манай нөөцний талд хүрч байна. Бид ийм баян улс юм. Монгол оронд төрсөн Монгол улсын иргэн л бол газрын доорх баялаг  ард түмний мэдэлд байна гэж үндсэн хуулийнхаа 6 гын 1 д заасан учраас ногдол ашиг авах ёстой хэмээн тэр үзэж байсан.

Ийм жишээ дэлхийд олон бий. Финландын “Нокиа” гар утасны компани бол паблик компани буюу хувьцаат компани бөгөөд энэ компанийн хувьцаа эзэмшдэг 20 000 иргэн ногдол ашгаараа долларын саятан болсон байдаг.  Финландын 50 хүний 35 нь энэ компанитай хамран ажилладаг  байна. Оюу толгойг авчхаад байгаа Рио Тинто ч гэсэн 129.7 тэрбум (2004 оны байдлаар) долларын хөрөнгийн хэмжээтэй нээлттэй хувьцаат компани. Солонгосын “LG”, Японы “Toyota” ч мөн л ийм хувьцаат компаниуд аж.

Энэ цаг үе бол энэ тухай дахин сайтар тодруулан ярих цаг мөн юм. Яагаад гэвэл саяхан сонгогдсон Монгол улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны явцдаа болон сонгогдож гарч ирээд ч газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан үндсэн хуулийн зургаагийн нэгээр хуульчилсныг эхлээд ажил хэрэг болгож ард олны дөрвөн төрлийн өрийг ногдол ашгаар хааж, өргүй бусдыг нь орлогой болгох  ажлыг эхлүүлнэ гэдгээ тунхаглаж байна.  

Хэрвээ Хятадын Шинхуа төрийн мэдлийн компани юм бол яагаад эндээс аман дээрээ 65 долларт гарч байгаа нүүрс замдаа элдэв зуучлагч нэртэй цавчаачин, авилгачдын халаасанд орсоор яг зарагдахдаа 200 доллар болчихдог юм бэ гэдгийг хөндөж тавиад байгаа цаг юм.

Баян Монгол төсөл 2008 онд яригдаж эхэлсэн боловч 10 жил огт хөдлөөгүйн шалтгаан, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын өөрөөсөө хорин тэрбумыг гаргаад хийсэн хорин нэгэн төсөл ч мөн адил Баян Монгол шиг зогссоны шалтгаан бол одоо бүр нөхдөө зарж буй тэр олигарх бүлэглэлийн л өөрсдөө идэх гэсэн санааны үр дүн юм. Баттулга анх төслүүдээ танилцуулахад хэн ч тоогоогүй бөгөөд зөвхөн С.Баяр л “ Энэ тэгээд хэний бизнес юм ? “ гэж асууж байсан гэдэг. 

Харин саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар  “ядуус” бид юу олж авав гэвэл зөвхөн өөрсдөө л тэндээ идээд ханадаггүй тэр олигархуудаас газрын баялгаас олсон ашгийг ядуус бид тэгш  хүртэж болох юм байна гэсэн итгэлийг л олж авсан юм. 

"Олзыг олуулаа" гэж Монголчууд ярьдаг даа. Газрын доорх баялаг бол яг үнэндээ олз юм шүү дээ. Хэн ч хийж бүтээгээгүй. Хээр хэвтээ олз бөгөөд түүнийг нь одоо энэ оролдох гээд байгаа Үндсэн хуулиар баталгаажуулсан хууль ёсны олны олз бөлгөө. 

Магадгүй нүүр ном хэмээх ард олны үгээ хэлэх индэр батажсан болохоор өнөөдөр бидний гэдэг сэтгэлгээ сэргэж байх шиг байна. Ерөөсөө манай улс төр бол олзны төлөөх л улс төр болоод удсан бөгөөд ядуу ард бидэнд бол ямар ч хамаагүй зүйл болоод их удсаныг өнөөдөр хэн хүнгүй сэрж харж байгаа цаг юм. Тийм ч болоод хоосон ядуу  ард бид сонголтоо саяхан хийсэн юм. 

Дайлах хоол нь байвч дуудах ард түмэнгүй болж байгаа олигархууд өнөөдөр бас л хоорондоо олзоо булаалдан алалцахыг хоосон ард олон бид харж сууна.

Гэвч тэд дуудах ард түмэнгүй үлдсэн ч  xамаагүй дайлах хоолтойгоо л хоцрох тухай тулалдах авч бас ч гэж арай сэхээлэг залуу хэсэг бас тэнд байгаа бөгөөд “Олны хүч оломгүй далай” гэдгийг ч харж, ойлгож эхэлж байх шиг…


2017-08-16. Туулын хар түнээ