Яагаад ч юм хүн болгон хүсдэг нийтлэг хүсэл гэж бий. Урт нас, эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, оюун ухаан...

Аз болоход тэдний заримыг биелүүлэх боломж ген дотор бий.

Урьд цагт ганц хүний генийг бүрэн анализ хийхийн тулд хэдэн сарын хугацаа, нүд бүлтийм зардал хэрэгтэй байсан бол, сүүлийн үед 5000$ төлөөд цаг 20 минутын дотор л гаргаад авч болдог болсон гэх. Бүрэн анализ хийгдсэн нэг хүний генийн мэдээлэл нь 200Gb хэмжээний юм болдог байна. Гарын алганы дайтай хатуу дискэнд л та бүхлээрээ багтчихна гэсэн үг.

Энэ мэдээллийн ачаар та өөрийгөө бусадтай харьцуулж, ямар өвчинд өртөмтгий болон, яаж түүнээс сэргийлэх зэрэг нарийн ширийн зүйлийг өөртөө хамгийн тохиромжтойгоор мэдэж авах боломжтой.

Давс бага идэх нь дээр гэх хүн байхад, ахиухан давс идсэн нь дээр хүн ч бий. Зарим нь амттан идэхгүй байсан нь дээр бол, зарим нь аль болох идвэл сайн байх жишээтэй.

Генийн мэдээллийг database–жүүлэхийн үр ашиг чухам үүндээ бий.

За тэр яах вэ.
Ингэхэд эрүүл энх боллоо гээд тэр нь хөгжил мөн болов уу? Эсвэл улам ухаантай болох нь хөгжил мөн үү?

– Хөгжил гэж юу юм бэ?
– Хувьсал гэж юу юм бэ?


Харамсалтай нь, амьд байгалийн хувьд хүч чадал, оюун ухаан гээч нь заавал хөгжил байх албагүй. Сульдаатай мөртлөө усан тэнэг ч бай, амьд үлдэж чадаж л байвал ялалт түүнийх байх болно.

Амьд үлдэхийн төлөөх хамгийн чухал шаардлага бол "Орчиндоо дасан зохицох" чадвар. Зарим тохиолдолд дээрх шаардлагыг хангаж, үр удмаа үлдээх нөхцөл нь хүч чадал ч биш, оюун ухаан ч биш, эсрэгээрээ "тэнэг хулчгар" байхыг ч үгүйсгэхгүй.

Үе дамжин өвлөгдөх амьд байгалийн тэр бүх шинж чанарыг генийн мэдээлэл агуулдаг.

Ген нь тоймгүй олон вариантуудыг туршиж үзэнгээ, аль нь илүү орчинд тэсвэртэй болохыг нь шалгаад явна. Тэд заримдаа байж боломгүй суут ухаантныг төрүүлдэг бол, заримдаа байж боломгүй усан тэнэгийг ч төрүүлнэ. Учир нь аль нь хол явахыг шалгаж үзэхээс нааш мэдэх аргагүй.

Хүний бие дээр энэ туршилт хийгдэж эхлээд 200,000 жилийг үдээд байна. Генийн хувьд бол, хүний бие нь туршилтын нэг дээж төдий л зүйл бөгөөд, ганц хэрэглээд хаядаг бохьноос өөрцгүй оршихуй.

Түүний хувьд "энэ хувилбар цаашид хэр удаан тэсэж үлдэх вэ" гэдэг л хамгийн чухал болохоос, ухаантай байна уу, жаргалтай байна уу мэт нь үнэндээ дэдийн дэдийн дэд асуудал гэхэд болно.

Өөрөөр хэлбэл, амьд байгалийн хувьсал гэдэг нь "генийн хувьсал"–аас өөр юу ч биш юм.

Харин өнөөгийн шинжлэх ухаан тэр генийг задлан шинжилж, бүр янзлан өөрчилж чаддаг болоод байна.

Нэг ёсондоо, урьд өмнө зөвхөн байгальд байсан "генийг хувьсгах лиценз"–ийг хүн бид гартаа оруулжээ.

Урт нас, эрүүл мэнд, гоо сайхан, оюун ухааныг шоо шидэж тааруулдаг байсан бол, үүнээс хойш буусан шооны нүхийг өөрчилж чаддаг болох нь. Өөрчлөөд зогсохгүй аль таалагдсан чанараа үр хойчдоо өвлүүлэх ч боломжтой болно. Хойч үедээ өвчин өвлүүлэх үү, эрүүлийг өвлүүлэх үү гэдгээ та өөрөө шийдэх юм.

Тэгтэл энэ хүрээд, хүмүүсийн дунд ширүүн мэтгэлцээн өрнөв.

– Хүний сонголт байгальд дасан зохицох чадвартай байж, амьд үлдэх магадлалыг өндөрсгөхүйц байж чадах уу??
(нэг ёсондоо, байгалиас дээр байж чадах уу?)

Ген бол сайхан муухай, тэнэг мулгуу ялгалгүй, 360°–ийн бүхий л боломжийг шалгадаг бол, хүний хүсэл зориг гээч нь тогтсон нэг зүгрүү л тэмүүлж, хувьслын цувааг туйлшруулах эрсдэлтэй.

Эрсдлийг бууруулахын тулд "төрөлжүүлэх" шаардлага гэж байдаг. Бүгд нэг зүг рүү хараад байвал ташираараа мөхөх аюултай. Тийм ч учраас амьтад сүрэглэж амьдардаг. Та ч гэсэн бүх мөнгөө ганцхан банканд хадгалдаггүй биз дээ?

Хүний хувьд "илэрхий муу" гэгддэг өвчин хүртэл заримдаа амьд үлдэхэд сайнаар нөлөөлөх явдал бий. Жишээ нь цусан тахал (буюу Sickle-cell disease) гэх өвчин цусны улаам бөөмийг цөөрүүлж цус багадалт үүсгэснээр үхэлд хүргэх ч явдал бий. Гэвч тийм цусан дээр Malaria өвчний нян үржиж чаддаггүй тул, өнөөг хүртэл Malaria өвчний тархалттай бүсэд цус багадалтанд өртөмтгий ген дамжигдан өвлөгдсөөр ирсэн байдаг.

Эцсийн эцэст юу сайн, юу мууг хүний явцуу үзэмж, богино ухамсараар шийдэх боломжгүй юм. Тааруухан сонголт хийж хожмын аюулыг далласнаас, харин ч болж өгвөл сонголтыг улам аривжуулбал сайн.

Гэтэл өнөөгийн бодит байдал, хүний нийгэм, ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, элбэг хангалуун амьдрал, бидний хүсэл тэмүүлэл улам бүр нэг цэг рүү жижигрэн нарийссаар л байна.

7 настай хүүхдээ зодсон эцгийг сая саяар үзэн ядна. Тийм хүн байснаас байхгүй нь дээр гэж үздэг бидний нийтлэг үзэл, ёс суртахууны зэрэмдэг ойлголт, төгс төгөлдөрийн төлөөх сохор хөөцөлдөөн, сайныг шилж мууг гээх гэсэн явцуу санаархал. Тэгээд түүнээс бусдыг үл тэвчигч. Дургүй хүргэсэн болгоноо буудан алж, дургүй хүргэсэн болгоноо олны дунд шившиглэн доромжлохыг шүлэнгэтэн мөрөөсөх хэрцгий тачаадал.

Бид эрх чөлөөний төлөө өөрсдийгөө дөнгөлж байна. Нэг хэвээр сэтгэж, нэг талд зогсож, нэг юм ярьж, нэг зүг рүү чиглэх. Энэ тэгээд эрх чөлөө мөн үү?

Сонголтыг цөөлдөг эрх чөлөөний дэргэд, сонголтыг тэлдэг цензур байвал, тэр жинхэнэ эрх чөлөө гэлтэй...

Ирээдүй гэдэг урьдчилж харахгүйгээс л хойш, хэзээд хаалттай ертөнц. Ирээдүйн хувьслын чиг хандлага хаашаа зүглэхийг зөвхөн "гадаад орчин" л шийднэ. Нэгэнт ирээдүй тодорхойгүйгээс хойш, түүний бүхий л хувилбарыг тооцоолж, зайлшгүй сонголтуудыг бэлдэх шаардлагатай.

Харин үүнийг явцуу сонирхол бүхий хүн бид хийж чадах уу?

Хүн төрөлхитөн амьд байгалийг удирдан чиглүүлэхэд бэлэн үү?