Б.Цэнддоогийн нийтлэлийн араас

Хайр дурлал, феминизм, шашин шүтлэгийн сэдвээр шүлэг зохиол бичиж, нэрд гарсан XVII зууны Мексикийн яруу найрагч, зохиолч, гэлэнмаа Жуана Инес Дэ Ла Круз нэгэн асуулт тавьсан нь орчин үеийн авлигын тухай сурах бичигт тэмдэглэгдсэн байдаг юм. Тэрээр “Хамтарч үйлдсэн нүгэлд хэн нь илүү буруутай вэ. Төлбөртэйгээр нүгэл үйлдэгч эм үү? Аль эсвэл үйлдсэн нүглийн төлөө хөлс төлөгч эр үү гэжээ. Аль аль нь ёс суртахууны хувьд буруутайг үүгээр илэрхийлсэн байна. Авлигалын асуудалд авагч ба өгөгч хоёул буруутай гэдэг санаагаар авлигын эсрэг сурах бичигт ч үүнийг эш татжээ. Нийтлэлч Б.Цэнддоогийн “Монголын үнэн” сонины 2022.01.14-ний 002 дугаарт гарсан “Сайн байна уу, нөхөр дайсан” нийтлэлд дээрх эшлэлийг санагдуулам хэсэг өгүүлбэр бичиж. АН-ыг ялагдуулах гэж МАН-ыг сонгосон сонгогчид сонгуулийн маргаашнаас л “найз залуудаа үхтэл гомдчихоод араар нь тавьсан бүсгүй” шиг болсон гэсэн утгатай зүйрлэл. Эр, эмийн харилцаа, эрх мэдэл гэх мэт бүх асуудалд эмэгтэй хүнийг л буруутгаж байж санаа амардаг патриархи үзэл үнэртэнэ. Угтаа бол дээрх яруу найрагчийн бичсэнчлэн эрэгтэйчүүд ч буруутай, эрэгтэйчүүд ч араар тавьдаг. Нийтлэлийн гол сэдэв уг нь МАН авлигатай тэмцэнэ гэдэг ньөөртэйгөө л тэмцэх тухай. Гэснээс эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах эрх мэдэлд олноор оруулсан улс орнуудад авлига буурдаг амьдралын үнэн дэлхий дээр зөндөө бий. Гэтэл нэртэй,төртэй хүмүүсээс нь дээрх мэт хүйсийн доромжлол санамсаргүй (мэдээж санаатай биш) илрээд байхаар нийгмийн сэтгэл зүй мөддөө өөрчлөгдөхгүй. Гэвч энэ удаа феминист үзлээ орхиод гол асуудалдаа оръё.

“Сайн байна уу, нөхөр дайсан” нийтлэлийг уншихад сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн намуудын хэвшмэл үзэл, улс төрийн соёл нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөв. Үнэхээр л “Сайн байна уу, нөхөр дайсан” гэцгээн өвөр зуураа тэмцэлдэж, дотроо хүчээ барахаараа бусад улс төрийн намынхантайгаа хүч хавсарч, өөрт ирэх ямар нэг ашиг хонжооны төлөө зулгартал тэмцэлдсээр ирсэн. Тэглээ гээд юу болов? Ардчиллын багана болсон улс төрийн намууд ганхаж, нэр хүнд нь унасан. Хүчтэй өрсөлдөөнт хоёр нам бүхий улс төрийн тогтолцоо руушилжих нь үү гэтэл Ардчилсан нам хэд хуваагдаж, хэн нь яг АН-ын жинхэнэ дарга, гишүүд болох нь ялгагдахгүй болжээ. Нэгэнт өрсөлдөгчгүй болчихсон юм чинь МАН дахиад л үнэмлэхүй ялж, нийтлэлд дурдсанчлан ёстой л хамаг зовлонэхлэв. МАН-ын нэг зовлон нь дээр дурдсанчлан сонгуулийн маргааш дургүй болсон сонгогчид, хоёр дахь нь өөрсдийнхөө авлигачидтай хийх тэмцэл, гурав дахь нь хууль цаазын хоёр нүүр буюу намынхаа нөлөө бүхий этгээдүүдийг, ивээн тэтгэгчдийг, олигархиудыг жирийн иргэдийн адил шүүж чадах уу гэдэг асуудал гэнэ. Хэрвээ намынхаа авлигачидтай тэмцэх гэвэл тэд удирдлагаа унагахын тулд нэгэнт дургүй болсон сонгогчидтой хүч хавсрахаас ч сийхгүй гэнэ. 

Яах вэ, нэг талаар үнэн. Намын гишүүн, журмын нөхөр гэх хандлага, сэтгэл зүй эрэгтэйчүүд давамгайлсан улс төрд ер нь элбэг. Дээр нь авлига, ашиг сонирхол ороод ирэхээр улс төрд баг болох үзэгдэл хууль, журмаас өөр шалгуураар явагдаж, хууль, журмаа цаасан дээр л үлдээдэг. Гэхдээ авлигатай хийх тэмцэл гэдэг зөвхөн хүнтэй хийх тэмцэл бус, нэг намын асуудал бус, асар өргөн, нөр их хичээл зүтгэл,тууштай байдал шаардсан, урт хугацааны үйл ажиллагаа билээ. Өнгөрсөн хугацаанд бүх улс төрийн нам сонгуулийн хөтөлбөртөө авлигатай “дайн” зарласан. Бүх ерөнхийлөгчийн амлалт, үйл ажиллагаа авлигын эсрэг чиглэсэн. Гэсэн ч үр дүнд хүрээгүйгээр барахгүй, ухарсаар өнөөдрийн төрхийг олсон. Өнгөрсөн лхагва гарагт “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас “Авлигын индекс 2021”-ийг танилцуулахад манай улс сүүлийн гурван жил нэг л байрандаа бат суужээ. Сүүлийн гурван жилийн турш 180 улсаас 111-т эрэмбэлэгдэж, 35 оноо авсан байна. Уг нь өнгөн дээрээ бол 2017 оноосавлигатай хийх тэмцэл эрчимжиж, “шударга ёсны төлөөх” дуу хоолой чангарсан. Авлига, албан тушаалын хэргээр гурван ч ерөнхий сайд нь ял эдэлсэн. АТГ-ын даргын хэлснээр, тус байгууллага сүүлийн гурван жилд 1300 хэрэг шалгасан нь өмнөх онуудаас даруй зургаа дахин өссөн үзүүлэлт гэнэ. Төрийн үйлчилгээг хүний нөлөөнөөс гаргах цахим засаглалыг нэвтрүүлж, “шударга” имижтэй ерөнхийлөгч нар удаа дараа сонгогдож, ерөнхий сайд нь авлигын эсрэг дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр байгаа ч ТИ-гийн үнэлгээ ахисангүй. Авлига буурсан, эсэх нь сэтгэл хөдлөл, амлалт, хүнтэй хийх тэмцэл, хэдэн хэрэг шийдэв гэдэг үзүүлэлтээр хязгаарлагддаггүйг энэ бүхэн илтгэнэ. 

НӨХӨР ДАЙСНУУДЫГ ШҮҮМЖЛЭХ ЭРХ ЖИРИЙН ГИШҮҮДЭД БИЙ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд болсонАвлигын эсрэг үндэсний чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ” гэжээ. Жишээ нь, жил бүрийн цагаан сарын өмнө УИХ-ын гишүүдийн ул боов тараалт бөөн хэл ам, шүүмжлэлийн бай болдог. Үүний нөхцөлдүүлэгч хүчин зүйл, далд учир шалтгаан нь сонгуулийн мажоритар тогтолцоо. Энэ мэт учир шалтгааныг олж, арилгах нь авлигыг системээр нь устгахад чухал хувь нэмэртэй юм. 

Харин өнгөрсөн оны долоодугаар сард Засгийн газрын хуралдаан дээрээ “Авлигатай тэмцэнэ гэдэг нь бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэжээ. Б.Цэнддоогийн “Сайн байна уу, нөхөр дайсан” нийтлэлийн санаа эндээс урган гарсан байх. Гэвч МАН-ын 300 орчим мянган гишүүн бүгдээрээ авлигач биш бөгөөд эрх мэдэлтэй цөөн хүний сүүдэрт улс төрийнэрхээ хамгийн их зөрчүүлж буй хэсэг бол магадгүй аль ч намын жирийн гишүүд. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй даргадаа үг хэлж чаддаггүй, хэлчихвэл ад үзэгддэг, хэлэхгүй байсан ч ашиг сонирхол нэг биш учир нэг л мэдэхэд тойргийн гадна шахагдаад гарчихна. Эрх мэдэлхэдхэн хүний гарт төвлөрсөн тогтолцоонд авлига нь амь бөхтэй цэцэглэдэг. Тийм ч учраас 2021 онд НҮБ-аас Олон улсын авлигын эсрэг өдрийг “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэсэн. Авлигагүй, шударга нийгэмд амьдрахыг хүсвэл та өөрөө оролц. Авлигач МАНгарын гишүүнээс өөр нэргүй болсон МАН-ын жирийн гишүүдэд ч өөрсдөө оролц гэж уриалъя. Шударга ёс, авлигатай тэмцэх, хүний эрх, ардчилал ярьж буй намынхаа дарга нарыг дэмжиж дуугар. Жирийн гишүүд гэдэг бол намын хамаг ажлыг хийдэг, үзэл санааг түгээдэг, үнэт зүйлийг тээгч, сонгуулиар эхнэр, нөхөртэйгөө ч муудахаас сийхгүй үнэнч жирийн гишүүд байдаг юм. Ардын намд авлига цэцэглэх тусам жирийн гишүүдийн дуу хоолой, оролцоо хумигддаг нь өнгөрсөн жилүүдийн “үр дүн”. Шат шатанд хүнд суртал, эрх мэдлийн төвлөрөл бий болсон. Тун саяхан МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Баян-Өлгийн намын хорооны даргад арга хэмжээ авчээ. Аймгийн намын Бага хурлын төлөөлөгч сонгохдоо намын гишүүдээ оролцуулаагүй гэнэ. Увс аймагт ч ялгаагүй ийм явдал гарчээ. Ардын намын дунд, доод шатыг ардчилсан байлгах гэсэн Хяналтын байгууллагын шийдвэрийг “амьд” болгоход намын гишүүдийн идэвх, оролцоо үнэхээр чухал. МАН-ын гишүүн гэхээр авлигач болдог сэтгэхүй нийгэм даяар байгаа учир энэ нэрнээсээ салахад зөвхөн идэвх, оролцоо, дуу хоолой л тусална. Нийгмээрээ шударга бусын далайд живж, төр, нам нь авлигад живээд ирэхээр хүнийсэх хандлага газар авдаг жамтай. МАН-ын гишүүд ч асуудал тэртэй, тэргүй өөрөөс нь ангид шийдэгддэг учир үл оролцох хандлага хавтгайрсан байгаа нь нууц биш. Гуч дахь Их хурлаар гаргасан хүний эрхийг дээдлэх, авлигатай тэмцэх шийдвэрүүдийн будаг ч хатаагүй байна, цаашид амьдралд хэрэгжүүлэхэд жирийн гишүүн та бүхний идэвх, оролцоо туйлын чухал. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар намын санхүүжилтийг ил тод болгох асуудал хэрэгжиж эхлээд байна. Ганц төвд биш, орон нутгийн намын байгууллага бүхэнд санхүүжилтийн тулгамдсан асуудал бий. 

“Сайн байна уу, нөхөр дайсан” хэмээх үг авлигад холбогдсон хүмүүст л хамаатай. Харин нөхөр дайснуудыг шүүмжлэх эрх жирийн гишүүдэд бий. 

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮД ЗӨВХӨН МАН-ЫНХ БИШ

Аль ч намд авлигачид байдаг бөгөөд бүр нам дамжсан ашиг сонирхлын бүлэглэл үүсгэж, төрд, намд, шүүхэд үүрлэн шигдэж, аалзны тор шиг сүлжилдэн үл тасрах нэг амиар бөхлөгдсөн.Аль нэг намд харьяалагддаггүй хэрнээ аль ч намын засгаас Хөгжлийн банкны зээл, бонд, тендерийн мөнгө аваад гулгуулчихдаг том авлигачид бий. Сүүлийн үеийн авлига, ашиг сонирхлын хэргийн нэг томоохон жишээ гэвэл Хөгжлийн банкнаас 10 тэрбумаас дээш үнийн дүнтэй зээл аваад эргэж төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн жишээ. Эдэн дунд АН-ын улстөрчид, экс ерөнхийлөгч, ХХБ-ны алдарт “сахал” Эрдэнэбилэгийн компаниуд байна. Үеийн үед л “томчууд” хариуцлага хүлээдэггүй, улс хохироод үлддэг нь аль нам засгийн эрхэнд байхаас бараг хамаагүй асуудал болсон. Авлигын сүлжээ ингэж томорч, албан ёсны төрийн тогтолцооны эд эс бүхэнд шингэсэн. Ардчилсан төрийн механизмыг үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадахгүйд бараг хүргэсэн авлагын эсрэг тэмцлийг зөвхөн Ардын намынхантайгаа тэмцэх тэмцлээр хязгаарлана гэвэл бүлэглэл, эсвэл хүн хоорондын тэмцэл л болж хувирна. Тиймээс суурийг хөндөж, МАН-ын засаглалын энэ дөрвөн жилд ядаж гол,гол учир шалтгааныг илрүүлэн арилгачихвал урт удаан хугацааны тэмцлийн эхлэлийг зөв тавилаа гэсэн үг. 

Үндэсний шударга ёсны тогтолцооны тулгуур багана болсон байгууллагуудад хууль тогтоогч, гүйцэтгэх засаглал, шүүх, аудит, төрийн алба, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, хувийн хэвшил, улс төрийн нам гэх мэт ордог. Энэ нь л нэг сайн сайхан байна даа гэхээр салбар байна уу. Бараг үлдээгүй. Өөрөөр хэлбэл, авлига системд орсон. Мэдээж засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж буйн хувьд улс төрийн нам манлайлах үүрэгтэй. Олон жилийн турш улс төрийн намууд авлигын нэг хэсэг, ор нэр төдий тэмцэгч байсан. Харин хоёр дахь удаагаа засгийн эрх мэдэлтэй болсныхоо дараа МАН авлигын асуудлыг манлайлахаар улс төрийн хүсэл зориг гаргав. Хүний эрх, дэвшилтэт бодлого, намын санхүүжилтийн ил тод байдал гэх мэтээр шинэлэг үйл ажиллагаануудыг өөрөөсөө эхэллээ. “Нөхөр дайсан”-д бичсэнчлэн маргааш сонгогчид нийтээрээ МАН-д дургүй болоод, “сэтгэл нь хөрчихсөн” гэдэг арай гоомой дүгнэлт. Эрх баригчдаас ямар нэг өөрчлөлт, ямар нэг сайн зүйл хүлээж байгаа нь дамжиггүй. Авлигын хор уршиг төр, засаг, намд итгэх итгэлийг мохоосон. Гэхдээ гэрэл нь хараахан бөхөөгүй. Гэрлийг бөхөөхгүйн тулд ядаж л хамгийн эхлээд шүүхийг цэгцэлж, танай, манай нам, нам бус ялгаагүй шударгаар хэрэг шийдэх нөхцөлийг бүрдүүлмээр. Тэмцлийг, учир шалтгааныг намаасаа эхэлж байна гэдэг сайн хэрэг. Авлига бол байх ёстой зүйл, мөнгөтэй хүн хүчтэй, хүчтэй учраас гишүүн болох ёстой гэсэн хандлага, ойлголт МАН-д барагхэвшмэл зүйл болсон. Тэглээ гээд авлигатай тэмцэнэ гээд ганцхан намынхантайгаа тэмцвэл магадгүй АН-ын араас орно. Үхрийн бөөр шиг олон намын нэгдэл дээр бүлэглэлүүдийн тэмцэл нөлөөлж, зөвхөн бие биетэйгээ тэмцэлдсээр дээврээ хийсгэж, туургаа сандаачсан АН-ын түүх бол Монголын ардчиллын гунигт мэдээ. Улс төрийн намуудын нэг үүрэг нь нийгмийн эв нэгдлийг хангах, барьцалдуулагч болох, тодорхой үзэл онолоор дамжуулан оюун санааны түүчээ болох билээ. Хэрвээ МАН авлигатай тэмцэх нэрээр бие биетэйгээ тэмцээд эхэлбэл тэртэй тэргүй эмзэг болсон нийгмийн эв нэгдэлд асар хортой. Хэрэв нам дотор ямар нэг зүйл хийх гэж байгаа бол жирийн гишүүдийн идэвхийг сэргээж, оролцуулах замаар зөв, эерэг, авлига, ашиг сонирхлын эсрэг хандлагыг хүчтэй төлөвшүүлж, үл бүтэх этгээдүүдээ шахан гаргах. Энд жаахан цаг хугацаа орно. Гэхдээ хэдхэн хүнтэй тэмцэхээс хамаагүй илүү үр дүнтэй, бас нийтийг хамарсан үзэл бодлын тогтолцоо тогтоно. Мэдээж буй биеэрээ авлигыг өдөөгч хүчин зүйл болчихсон мэт хүмүүстэйгээ тэмц. Гэхдээ л хэцүү дээ, өнөөдрийн байгаа байдлыг харахад. Авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн хүнтэй хийх тэмцэл биш. Нэг хэсэг нь зүгээр үлдчихдэг юм билээ. Мөн нийгмийг соён гэгээрүүлэх ёстой гэдэг. Нүглийг хамтарч хийх нөгөө тал байсаар байхад авлигачид төрсөөр байх нь дамжиггүй. 

"Монголын үнэн" сонин. 2022.01.28 №004, 005

 Т.БҮДЭЭХҮҮ