Өмнөх хэсгийг ЭНДЭЭС унших.


“Цагаан философи” ба “Хар философи”


Багш:

За тэгвэл философи гэж юу вэ гэсэн яриа руугаа эргэж оръё. Үнэндээ философийг ерөнхийлөн ангилбал хоёрхон төрөл л байдаг юм.


Охин:

Ямар хоёр төрөл вэ?


Багш:

Хялбарчлаад хэлбэл “Цагаан философи”, “Хар философи” гэсэн хоёр төрөл.


Охин:

Хар, цагаан...!? Нэг тийм хар шид, цагаан шид гэж байгаа ч юм шиг. Ойлгомжтой ч гэсэн нэг л сэжигтэй санагдаад явчихлаа шүү.


Багш:

Ти... тийм гэж үү? (сандрав). Уг нь миний оргиналь хэллэг юм л даа. Мэргэжлийн хэллэг нь цагааныг “Мөн чанарын философи”, харыг нь “Экзистенцийн философи” гэдэг юм. Гэхдээ төсөөлөхөд хялбар болов уу гэж бодоод албаар “цагаан философи”, “хар философи” гэж хэлсэн ухаантай юм сан.


Охин:

Мөн чанар...? экзистен...? За за больё, наад хар, цагаанаар чинь явъя. Ницше тэгээд аль талынх нь философич юм бэ дээ?


Багш:

Хар талынх нь философич л доо.


Охин:

Хөөх, тийм үү? Ницшегийн мэргэн үгсийн олонх нь гайгүй эерэг юм шиг санагдсан болохоор цагаан талынх байх гэж бодсон юм сан. Гэхдээ хар талынх гэсэн чинь шилжилтийн насны тэрслүү авир шиг бас күүл ч юм уу…


Философи бол “материйг давсан зүйл”-ийн талаар тунгаадаг мэдлэгийн салбар


Багш:

Ницше “хар философи” буюу “экзистенцийн философи” талынх ч гэлээ ямартай ч “цагаан философи”-ийн талаар эхлээд тайлбарлах нь зүйтэй байх.


Охин:

Яагаад?


Багш:

Яагаад гэвэл философи гэвэл уул шугамандаа цагаан философийг хэлдэг юм л даа. Цагаан нь философийн стандарт үндсэн урсгал байгаа юм.


Охин:

Хүүе, тэгэхээр чинь хар философийн Ницше туслах урсгал нь болж таарч байна уу?


Багш:

Тийм л юм даа (хэхэ). Философич гэхээр бүгд Ницшег төсөөлдөг тийм алдартай хэр нь ээ яг үнэндээ философи нь бол туслах урсгалд харьяалагддаг юм.


Охин:

Туслах урсгал. Гоё л сонсогдож байна... Бушуухан заалгая аа.


Багш:

За тайван тайван. Туслах урсгалыг ойлгохын тулд эхлээд үндсэн урсгалыг нь мэдэх хэрэгтэй биз дээ?


Охин:

Заа за.


Багш:

(Зандраад байна уу даа?) За тэгэхээр “цагаан философи (мөн чанарын философи)” гэж юу вэ гэхээр... Ингэхэд ер нь “философи” гэдэг үгийн гарал үүслийг мэдэх үү? “Философи” гэдэг маань уул шугамандаа грек хэлнээс гаралтай үг байгаа юм. Фило гэдэг нь “хайр”, софи гэдэг нь “мэдлэг” гэсэн утгатай. Нэг ёсондоо “мэдлэгийг хайрлах”, “мэдлэгт дурлах” гэсэн утгатай гэх үү дээ.


Охин:

Тийм бий вий. “Фило...софи”, “Философи”, “мэдлэг хайр”... За за, ойлголоо. Ямар ч байсан философи гэдэг бол мэдлэгт дурлах юм байна. Ойлгомжтой... гэж бодсон чинь биш ээ, бас л ойлгоогүй юм байна. “Хөл бөмбөг гэж юу вэ?” гэж асуугаад “гүйхийг хайрлах” гэсэн хариулт авсан юм шиг санагдаад явчихлаа. “Философи гэдэг бол мэдлэгт дурлах” гэж хэлсэн ч “Үгүй ээ, тэр чинь тэгээд яг юу гэсэн үг юм бэ?” гэж асуумаар болно биз дээ?


Багш:

Харин тийм ээ. “Философи гэж юу вэ?” гэсэн асуултад “философи” гэдэг үгийн гарал үүслийг нь хөөж тайлбарлаад, “Мэдлэгт дурлах явдал байхгүй юу” гэсэн хариулт элбэг харагддаг. Даанч тэгж хэллээ гээд бас л сайн ойж өгөхгүй байгаа биз? Тэгвэл ахиад нэг өөр илэрхийлэл харъя. Үнэндээ философийг “Метафизик” ч гэж бас хэлдэг юм.


Охин:

Ёстой сонсож байгаагүй юм байна. Юу гэсэн үг юм бэ?


Багш:

Метафизикийн “мета” гэдэг нь дээд түвшний (дээгүүр эрэмбийн), “физик” гэдэг нь бодислог зүйл гэсэн утгатай юм л даа. Бодислог зүйл гэдэг нь нэг ёсны алим, чулуу гэх мэт яг л шууд утгаараа “бодислог зүйл”..., За ер нь энгийндээ бол “биет” гэсэн үг.


Охин:

Тэгэхээр “дээд түвшний, биет”...? эсвэл “биетийн дээгүүр” гэсэн үг үү?


Багш:

Мхн. Жаахан дөхүүлбэл “Биетийг давсан оршихуй” гэх үү дээ. Нэг ёсондоо философи буюу “метафизик” гэдэг бол “биетийг давсан оршихуйн тухай бясалгадаг мэдлэгийн салбар” юм аа гээд ойлгочход болно.


Охин:

Бас л сайн ойлгосонгүй. “Биетийг давсан оршихуй” гэж яг юу вэ?


Багш:

Жишээ нь “шударга ёс” гэдэг биет байдаггүй биз дээ? Тэгэхээр шударга ёс бол “биетийг давсан оршихуй” гэж хэлж болно. “Шударга ёс”-ны тухай судалдаг мэдлэгийн салбар нь философи гэсэн үг.


Охин:

Аан, зөв зөв. Нээрээ “шударга ёсны тухай тунгаацгаая” гэхээр асар философилог сонсогддог тэ?


Багш:

Тийм байгаа биз? Нэг ёсондоо биетийн шинж чанар, хөдөлгөөн гэх мэт “материлаг зүйл”-ийг “шинжлэх ухаан”-аар судалдаг бол философи нь “материйг давсан зүйл”, жишээ нь “утга учир”, “үнэ цэн” ч юм уу, “харах, хүрэх боломжгүй матери биш зүйл”-ийн тухай судалдаг мэдлэгийн салбар байгаа юм.


Охин:

За байз, тэгэхээр жишээ нь хүний бие махбод чинь “материлаг” зүйл. Тэгэхээр бие махбод яадаг ийдэг талаар судлах нь “шинжлэх ухаан”..., тэгээд тэр бие махбод амьд яваа “утга учир”-ыг тунгаах нь…


Багш:

Яг тийм! Философи! Яагаад гэвэл утга учир гэдэг чинь “биет” биш, харах, барих боломжгүй “биетийг давсан оршихуй” шүү дээ.

Охин:

Одоо л нэг юм философи гэж юу болохыг ойлгож эхэллээ. Өдийг хүртэл философи гэхээр “Амьдралын утга учир ч юм уу, аз жаргал ч юм уу, шударга ёс ч юм уу, тиймэрхүү барих барьцгүй агаарын яриаг хийцгүйрсэн хэдэн хөгшчүүл амандаа бувтнадаг төдий зүйл” гэсэн төсөөлөлтэй байсан чинь дөнгөж сая нээх гоё үгэнд буугаад, загтнасан газраа маажуулах шиг л боллоо.


Багш:

Тэгж хэлэхээ болиорой. Салбарын хөгшчүүлд “алуулав”!


Үргэлжлэлийг ЭНДЭЭС унших