Манай улсад ашиглаж байгаа гол материаллаг баялаг мал, нүүрс, зэс, алт, төмөрийн хүдэр болжээ. Сүүлийн таван жил, 2016-2020 оны гүйцэтгэлээр жилд дундачаар 66,46 сая малтай, Экспортод 32,16 сая тонн нүүрс, 1,44 сая тонн зэсгийн баяжмал, 7,28 сая тонн төмөрийн хүдэр гаргасан, таван жилийн дүнгээр 76,8 тонн алт олборлосон байна. \Статистикийн мэдээлэл бүрэн гараагүй учир 2021 оны үзүүлэлт тусгагдаагүй.\ Эдгээр баялагийн ашиглалтаас манай улсын төсөв, экспортын орлогын үндсэн эх үүсвэр бүрддэг, цаашид олборлох баялгийг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгаа хүчирхэг болгох боломж бий.

Манай иргэд, сэхээтнүүд дотор дараах яриа шүүмжлэл байдаг:

  • -Монгол Улс баялаг ихтэй боловч хөгжихгүй байна,
  • -Баян ядуугийн ялгаа их боллоо,
  • -Баялагийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх хэрэгтэй.

Эдгээр гурван асуудалд зөв хариу өгөх, зөв шийдэл санал болгох шаардлага байгаа бөгөөд дараах хариу, шийдэл байвал зөв санагддаг:

1. Баялаг ихтэй боловч хөгжил удаан байгаа нь үнэн. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлого нэртэй үйлдвэрлэх хүчнийг ойрын 10 жилд хөгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй ажиллах шийдвэр гаргаж байна. Шийдлийн хувьд: би боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарал төвлөрүүлж, юуны өмнө дараах төслүүдийг хэрэгжүүлвэл улс нийгмийн хөгжилд ахиц гарна гэсэн саналтай байдаг.Тухайлбал:

Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлье.Сүүлийн гучин жилд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлээгүй, байсан үйлдвэрүүдийг хоцрогдсон гэх шалтгаанаар үгүй хийсэн алдааг засах ёстой.Миний саналд:

- Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад, эхний ээлжинд гурван сумын дунд нэг буюу 100 суманд байгуулж дотоодын хэрэгцээнээс илүү гардаг малын махны нөөцийг зохих стандартад тэнцүүлэн боловсруулаад экспортод гаргадаг болох,

- Жилд зарлагадах малын 20 сая малын арьс ширийг сайн технологиор бүрэн боловсруулдаг үйлдвэрүүдтэй болох,

- Ямааны ноолуур, сарлагийн хөөвөрийг 100 хувь боловсруулж ноолууран утас үйлдвэлэх ээрэх үйлдвэр байгуулаад нэхмэл сүлжмэл эдлэл болгон экспортод гаргадаг болсон байх төлөвлөгөө хэрэгжүүлэх саналууд байгаа.

Мах, Арьс шир, Ноолуур боловсруулах үйлдвэр хөгжүүлэх эдгээр саналыг хэрэгжүүлснээр жилийн экспортыг 4 тэрбум орчим ам. доллар буюу 50 орчим хувиар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо бий. Энэ саналуудаа тооцоо үндэслэлтэй бичиж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа өгсөн байгаа.

Зэс хайлуулах үйлдвэр байгуулая. Дэлхий дахинд зэсийн хэрэгцээ байсаар байх болно. Манай улс зэсийн нөөцтөй, шинэ ордууд нээгдэх магадлалтай. Ийм учраас ойрын жилд зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулах саналтай байдаг. Үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулах нөхцөлд: - дэд бүтэцийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдэнэ, - үйлдвэрлэлээс гарах хүхэрийн хүчлийг Бүрэнхааны фосфоритыг боловсруулж фосфорын бордоо үйлдвэрлэхэд ашиглах боломжтой болно, - Эрдэнэтийн үйлдвэрт ажилладаг олон зуун өндөр мэрэгжилтэй инженер техникийн ажилтнууд урт удаан хугацаанд ажлын байраар хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой.

Зэс хайлуулах үйлдвэр байгуулж цэвэр зэс үйлдвэрлэсэнээр шинжлэх ухаан технологийн хөгжлийн дагуу зэс, молибден, мөнгө, рени зэрэг метал ашигладаг машин тоног төхөөрөмжийн эд ангийн үйлдвэрлэлийг Эрдэнэт хотод зохион байгуулах боломж илүү байхыг бодолцох нь чухал.

Төмөрийн хүдэрээ боловсруулж төмөр, ган эдлэл хийх үйлдвэр байгуулая. Уг үйлдвэрийг Дархан хот орчимд байгуулах саналтай байдаг. Энэ нөхцөлд: төмөрийн хүдрийн нөөцтэй ордуудад ойр учраас тээврийн зардал хэмнэгдэх, - Дархан хотын металлын үйлдвэрийн туршлагатай инженер техникчдийн хүчийг ашиглах, - коксжих нүүрсийг Тавантолгойн ордоос төмөр замаар тээвэрлэж хангах боломжтой юм. Төмөр, төмөр эдлэлийн хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангадаг болох нь эдийн засгийн бие даасан аюулгүй байдалд чухал. Техник эдийн засгийн үндэслэлийг нарийн боловсруулж, үйлдвэрлэх метал эдлэлийн нэр төрлийг оновчтой тогтоох нь чухал.

Коксжих нүүрсний үйлдвэрлэл экспортыг тогтворжуулж хөгжүүлэе. БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэгцээг ойрын арав, хорин жилд Тавантолгой болон Нарийн сухайтын ордоос тодорхой тогтоосон хэмжээнд тогтвортой хангаж байх асуудлыг хоёр улсын засгийн газар хооронд тохиролцох санаачлага гаргаж ажиллах нь чухал байна.БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг зардал бага зайд төмөр замаар тээвэрлэн нийлүүлж байх урт хугацааны хэлэлцээр байгуулах санаачлагыг манай тал гаргахад татгалзах үндэс байх учиргүй.

Харин илчлэг багатай нүүрсийг эрчим хүчний зориулалтаар экспортод гаргаж байх ирээдүй байхгүй бололтой. Нүүрс ашигласан химийн үйлдвэр хөгжих, метан хий ашиглах ирээдүй байх боловч, ойрын арван жилд доривтой үр ашиг өгөх шийдэл гарахгүй байх.

Газрын ховор элемент буюу ховор металын ордуудад нарийвчилсан хайгуул хийж, ашиглаж эхлэх, мөн Ураны ордод хийх хайгуулыг эрчимжүүлэх, уран олборлох, Атомын жижиг цахилгаан станц байгуулах ажлыг ирэх арван жилд хэрэгжүүлэхээр төлөвлөх нь зүйтэй.

Ойрын хугацаанд материалаг баялгийн ашиглалт, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхээр шийдэх боломжтой гэж үздэг саналаа үүгээр хязгаарлая.

2. Баян ядуугийн ялгаа бий болсонд яаж хандах ёстой вэ? Монгол Улсад ардчилсан хувьсгалаас хойших гучаад жилд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэх явцад тэгш бус байдлыг багасгах арга хэмжээнд анхаарч байсны ачаар ард иргэд маань хавьгүй тэгш эрхтэй болсон. Үүний үр дүнд бүх ард иргэдийн амьдралын боломж бусад өндөр хөгжилтөй улсуудын хүн ардынхад ойртоно гэж найдаж байлаа. Гэтэл одоогийн байдлыг харвал энэ найдвар ойрын арван жилд бүтэхгүй бололтой. Энэ нь нэг талаар иргэдэд эрх, эрх чөлөөгөө эдэлж бүтээлч хөдөлмөр эрхэлж амьдралынхаа боломжийг сайжруулж байх сэтгэлгээ дутуу, бэлэнчлэх сэтгэлгээ илүү, нөгөө талаар манай төр засгийн зүгээс үр ашигтай үйлдвэр үйлчилгээ хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэлтэд нь иргэдийг сонирхуулан оролцуулах арга хэмжээ дутагдаж байгаатай холбоотой.

Одоо манай нийгэм дотор тэгш биш байдал нэмэгдсээр байна.Иргэдийн нэг хэсэг харьцангуй баян чинээлэг, нөгөө хэсэг ядуу амьдарч байгаа, баян ядуугийн ялгаа нэмэгдэж байгаад яаж хандах асуудлаар нийгэмд зөв ойлголт байх нь чухал юм.

Иргэдийн зарим хэсэг баян, зарим хэсэг ядуу байхаас өөр аргагүй, бүх иргэд баян, эсвэл бүх иргэд жигд ядуу байх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагддаг. Хүн бүхэн жигд чадвар, жигд боловсрол, жигд боломжтой байдаггүй. Социализмын үеийг бүх иргэдийг тэгш адил амьдралтай болгох оролдлого хийгээд бүтэлгүйтсэн үе гэж үздэг.

Баян ядуугийн ялгаатай байхыг шүүмжилдаг хүмүүс бол шударга хөдөлмөрийн үр дүнгээр баяжаагүй, авилга, албан тушаал ашиглаж, эсвэл гэмт хэрэг үйлдэж баяжагсадыг илчилж хариуцлага хүлээлгэж байхын төлөө тэмцэгчид юм. Энэ утгаар авч үзвэл хууль журмыг сахиж, шударга хөдөлмөр эрхлэн баялаг бүтээж, үр дүнгээр нь баян амьдарч чадаж байгаа хувь хүн, компанийн эзэдийг чи баян байна гэж ад үзэх биш харин улс нийгмийн хөгжилд хувь нэмэр болж байгаа ачтан гэж талархалтай ханддаг байх ёстой.Ер нь бүтээлч хамт олныг бүрдүүлж, баялаг бүтээх чадвартай, түүнийгээ улсын төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгож олон хүнийг ажил орлоготой болгож чаддаг бизнесменүүд олон байдаггүй.

Шинэ зуунд, шинжлэх ухаан техникийн хөгжлийг манлайлагч эрдэмтэд, тухайлбал: биоинженерчлэл, хиймэл оюун ухааныг хөгжүүлж хүний биеийн хөдөлмөрийг орлох техник, технологийг бүтээдэг цөөн супер хүмүүс баян байна, улмаар дэлхий даяар баян ядуугийн ялгаа улам их болно гэж эрдэмтэд бичиж байна. Өнөөдөр аль хэдийнээ дэлхийн хүн амын хамгийн баян чинээлэг 1 хувь нь дэлхийн нийт баялгийн тэн хагасыг эзэмшиж байна. Дэлхийн хамгийн баян 100 хүний хөрөнгө дэлхийн хамгийн ядуу 4 тэрбум хүнийхээс давсан нь цочирдом зүйл гэж бичиж байна.

Манай улсын хүн амын тодорхой хэсэг бүтээлч хөдөлмөр эрхэлж чинээлэг амьдрал зохиох чадвар боломжгүй шалтгаанаар ядуу амьдарч байгаа. Тийм иргэддээ нийгмийн баялгийн тодорхой хэсгийг хүртээж амьдралыг нь тэтгэж байх хүн ёсны журам байх л болно.

3. Баялгийн үр өгөөжийг тэгш хүртээж байх асуудал. Мал аж ахуйн болон уул уурхайн салбарт олборлож байгаа байгалын баялаг, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах зүйлийг дээр товч дурьдсан.Баялгийн үр өгөөжийг улсын төсөвт төвлөрүүлдэг, төвлөрүүлсэн хөрөнгийг иргэдэд оновчтой хэлбэрээр хүртээдэг байх ёстой бөгөөд энэ ажлыг зөв зохион байгуулах үүрэг хариуцлагыг төр засаг хүлээсэн байдаг.

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны дүнгээр гаргасан мэдээнээс үзвэл манай улс баялгийнхаа үр өгөөжийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийхээ ихээхэн хэсгийг нийгэмийн халамжийн үйлчилгээ буюу тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт хэлбэрээр иргэдэд хүртээж байна. Сүүлийн таван жил буюу 2016 – 2020 оныг халамжийн жилүүд болсон гэж хэлж болохоор байна. Тухайлбал:

- Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд 2016 онд 1 сая 45 мянга, 2018 онд 2 сая 250 мянга, 2020 онд 2 сая 630 мянга болтол нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэд 2016 онд нийт хүн амын 30 хувь байсан бол 2018 он, 2020 онд 60%, 70 хувь болжээ. Үүнийг ажигласан хүмүүс манай хүн амын ихэнх халамжаар амьдардаг, ажил хийхгүй халамжаар амьдраад байдаг боллоо гэж шүүмжилдэг.

- Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулсан тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн мөнгө 2016 онд 258 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 623 тэрбум, 2020 онд 1 их хаяд 587 тэрбум төгрөгт хүрч таван жилдээ 6,1 дахин нэмэгджээ.

- Улсын төсөв, нийгмийн даатгалын төсөв алдагдалтай болж байгааг харгалзахгүй нийгмийн халамжийн үйлчилгээ, түүнд зориулж байгаа хөрөнгийг нэмэгдүүлсээр байгаа явдал ирээдүйд ямар үр дагавартай байхыг анхаарах хэрэгтэй байна. Улсын нэгдсэн төсөв 2016 онд 3,66, 2020 онд 4,5 их наяд төгрөгийн алдагдалтай, Нийгмийн даатгалын сангийн зарлага орлогоосоо 2016 онд 405 тэрбум, 2020 онд 512 тэрбум төгтөгөөр давсан буюу алдагдалтай байхад нийгмийн халамжид зарцуулсан мөнгө 6,1 дахины өсөлттэй гарчээ.

Зарим халамжыг улсын төсвөөс гадуур эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Жишээлбэл, насны тэтгэвэрийн зээлийг хөнгөлөх эх үүсвэрийг Салхитын мөнгөний ордын ашиглалтаас гарах ирээдүйн ашгаар, Цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлтийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулах замаар санхүүжүүлсэн. Ийнхүү улсын төсвөөс гадуурх эх үүсвэрээр санхүүжүүлж нийгмийн халамж нэмэгдүүлээд байвал улсыг олон төсөвтөй болгоход хүргэнэ.

Энэ бүхнээс үндэслэж, Манай улсад одоо халамжийн бодлогыг баялгийн өгөөжийг иргэдэд хүртээж байх үндсэн арга болгоод байгаа, тэр нь ядуурлыг бууруулахад зарим талаар нөлөөлж байгаа боловч, тэр нь төсвийн тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлэх, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэх, хөдөлмөрлөж амьдрах шаардлагад зохицохгүй байх магадлалтай. Тийм учраас баялгийн үр өгөөж, санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх доривтой төсөл хэрэгжүүлэх, баялгийн өгөөжийг иргэдэд хүртээж байх өөр оновчтой арга олохыг анхаарах шаардлагатай болжээ гэсэн дүгнэлт хийж ажилламаар байгаа юм.

Халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлогод шилжих тухай, мөн боловсрол, эрүүлийг хамгаалах арга хэмжээг үнэ төлбөргүй болгоход баялгийн өгөөжийг ашиглах нь зөв гэсэн яриа байдаг.Зөв санаа.Халамжийн арга хэмжээний ачаар ядуурлын түвшинг зарим хэмжээгээр бууруулсан ололтоос ухралт гаргахгүй, халамжийг зорилтот хэсэгт хүргэж байхад анхаарах, ирэх арван жилд хөдөлмөр эрхэлж амьдрах бололцоог өргөтгөх, орон даяар үр ашигтай жижиг дунд үйлдвэрүүд хөгжүүлж, хүмүүсийг ажил орлоготой болгож, иргэдийн ихээхэн хэсгийг баян тансаг биш боловч өргүй, дутагдахын зовлонгүй, амгалан амьдрахад хүрэлцэх дунд орлоготой иргэд болгоход чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх нь чухал юм.

Монгол Улсын засгийн газар үүнийг анхаарч “шинэ сэргэлтийн бодлого нэртэй“, зургаан салбарыг хамаарсан 20 орчим том төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх санаачлага гаргалаа. Би энэ санаачлагыг дэмжиж ойрын арван жилд Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх, төсөлд тусгагдсан төсөл арга хэмжээг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд байгуулах төслүүдээр баяжуулах тодорхой санал бичиж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан ёсоор хүргүүлсэн. Ер нь өнгөрсөн гучин жилд боловсруулах үйлдвэрийг доривтой хөгжүүлэх арга хэмжээ зохиогдоогүй, байсан зарим үйлдвэрүүдийг техник, технолог нь хоцрогдсон гэх шалтгаанаар устгасан. Энэ алдаа засагдах байх.

4.Баялагийн сан байгуулах асуудал. Байгалын баялагийн ашиглалтын үр ашгийн тодорхой хэсгийг баялагийн сан нэрээр хуримтлуулж ашигладаг туршлагыг судалж нэвтрүүлэх санал байдаг. Гэвч ийм сан байгуулах, ашиглах нарийн журам тогтоосон хууль гарч хэрэгжиж байгаа эсэх тодорхойгүй байна.

Сангийн сайдаар олон жил ажилласан, гавьяат эдийн засагч Э. Бямбажав Баялгийн санг байгуулах журам болон түүний ашиглалт, хяналтын талаар гадаад зарим улсын хууль тогтоомжийг судалж, тодорхой санал дэвшүүлсэн саналаа бичсэн байгааг ашиглаасай.

 Сайд нарын Зөвлөлийн дарга асан

 Думаагийн Содном

2022 – 01 – 13