Олон улсад анагаах ухааны  эрдэмтэн судлаачдын судалгаагаар хүн төрөлхтөн идэвхтэй амьдралынхаа ихэнх хувийг нарны гэрэлд бус, хиймэл гэрэлтүүлэг доор өнгөрөөх болсонтой холбоотойгоор дэлхий нийтийн хүн амын насанд хүрэгчдийн 50-иас дээш хувь нь буюу 1 тэрбум илүү хүн Д витамины дутагдалд нэрвэгдсэн байна гэсэн судалгаа гарчээ. 

Тухайн орон нутгийн газар зүйн байршил, тухайн нутгийн хүн амын амьдралын хэв маяг, шашин болон бусад зүйлээс хамаарсан онцлог хувцаслалт зэрэгтэй холбоотойгоор Д витамины дутагдлын түвшин харилцан адилгүй тодорхойлогдсон байна. Хойд өргөргийн 35 градусаас хойш байрладаг улс орон, хотуудын хүн ам Д витамины дутагдалд орох эрсдэл өндөр ажээ.

 Монгол улсыг “Нарлаг Монгол” орон гэдэг ч  газар зүйн байршлаараа хойд өргөргийн 40-52 градуст байршдаг бөгөөд нийслэл хотын хувьд хойд өргөргийн 47 градуст оршдог, дулааны улирлын богинохон хугацаанд биеийн багахан хэсгийг хамгаалалтгүйгээр наранд ил гаргадаг хэв маягтай холбоотойгоор нийтээрээ витамин Д-г нарны туяанаас авах боломж бага орон юм.

Дэлхийн хөгжилтэй  орнуудын сонин, сэтгүүл, сайтуудад “Vitamin D could be a real game changer” буюу  “Д витамин жинхэнээсээ хувь тавилан өөрчлөгч байж мэднэ” гэж их бичих боллоо.

Мөн манайд ч 2012 оноос 20 орчим лабораториудад цусанд шинжилгээ хийж биед буй Д витамины хэмжээг тогтоогоод, хэд хэдэн эмнэлэгт тариагаар булчинд  хийж багассан Д витамины хэмжээг  нэмэгдүүлэх эмчилгээ хийж эхэлжээ.

Эрүүл буюу дархлаа сайтай хүний цусанд Д витамин 30-90 нэгж (нг/мл ) байх ёстой бөгөөд 30-аас доогуур гарсан хүнд эхлээд тариагаар дээрх тэнцвэрт хувьд хүргээд түүнийгээ доош  алдахгүйн тулд Д  витаминыг хүнсээр  болон бэлдмэлээр өдөр бүр сэлбэж явах ёстойг зөвлөдөг байна. 

Япон улс иргэдийнхээ насжилтаар маш дээгүүр байдаг нь тэд хоолондоо Д амин дэм ихтэй загасны мах, тос түлхүү хэрэглэдэгтэй холбоотой аж. Гэхдээ энэ их ярвигтай. Өдөр тутам авч байх Д витаминыг, жишээ нь өндөгнөөс авна аа гэвэл бид өдөрт 50 өндөг идэх хэрэгтэй болох юм билээ.

2014 онд Монгол улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 98.8 хувь нь ийлдсэнд 25(OH)D < 20 нг/мл буюу архаг дутагдалтай, <1 хувь нь дутагдалтай түвшинд тодорхойлогдсон байна.

Энэ бол бүр үндэсний аюултай байдлын хэмжээнд хүрсэн тоон үзүүлэлт юм! 


Ийнхүү нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд өндөр тархалттай тодорхойлогдсон Д витамины дутагдал нь ургийн гажиг, тэр дундаа аутизмын эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг гэдгийг мөн тогтоосон байна.  Зургаа хүртэлх насандаа аутизмын эмгэгийн шинж тэмдгүүд ажиглагдсан хүүхдүүдийн төрөх үеийн ийлдсэнд Д витамины түвшин 20 нг/мл-ээс бага тодорхойлогдож байсан байна.

2014 онд Монгол улсын 2-17 насны хүйтний улиралтай холбоотой цочмог дерматиттай хүүхдүүд дунд явуулсан судалгаагаар 97 хувь нь Д витамины хүнд хэлбэрийн дутагдалтай нь тодорхойлогдож, нягт эерэг хамаарал үзүүлсэн байна.  Судалгаанд хамрагдагсдад  Д витаминыг нэмэлтээр хэрэглүүлэн сарын дараа давтан ярилцлага хийхэд шинж тэмдэг ихээхэн багассан үр дүнг нийтлэгээр харуулсан байна.

 Өөрөөр хэлбэл манай иргэдийн 90 хувийнх (98.8 гэсэн дээрх тоог бас сана) нь  бие организм огтын хамгаалалтын  цэрэг армигүй, эрүүл мэндийн хил задгай байгаа буюу арав хүрэхгүй гар хоосон “цэрэг”-тэй зогсож байна  гэсэн үг юм.  

Үүнийг анзаарсан эмч нар  “Витамин Дзайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах үндэслэл” гаргаж байгаа юм байна.

Оршлоо үүгээр товчлоод  гаднын хэвлэлээс уншсан болон манай эмч нарын бэлтгэсэн материалд  түшиглэж цааш өгүүлэх ину;


Д ВИТАМИНЫ ДУТАГДАЛ

Хүүхэд рахиттай болно гэдгийг бид бүгд мэднэ. Хүүхдийн хөл майжийж, хөлс нь цутгаж, сульдаа болохыг бид “архит” хэмээн  нэрлэдэг. Түүнийг нь нөхөх гэж загасны тос гэж муухай амттай тосыг ууж өсөөгүй хүн бидний үеийнхэн дунд бол ховор. Харин сүүлийн үед хийсэн анагаахын судалгаагаар рахит буюу д витамины дутагдал зөвхөн хүүхэд насанд тохиолддог бус насанд хүрсэн хүмүүст ч тохиолддог бөгөөд хэдийгээр илт хөл нь майжийхгүй ч, яс сийрэгжиж, дархлаа муудаж, амархан ядардаг, нойр муутай, хоолонд дургүй, ханиад томууд хурдан өртдөг, сэтгэл гутралд амархан ордог зэрэг нь Д витамины дутагдлаас үүдэлтэйг тогтоожээ.

Д витамин  нь яс, шүд, булчинг эрүүл байлгах кальци, фосфат-шим тэжээлийн төвшнийг зохицуулдаг маш чухал эрдэс ажээ.  Гэхдээ сүүлийн арван жилийн судалгаагаар бидний боддогоос ч илүү эрүүл мэндэд тустай, дархлааг сайжруулагч төдийгүй дамжуулан нийлэгжүүлэгч, тохируулагч бодис гэдгийг нотолж эхэлжээ.

Жишээлбэл, Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зүгээс хийсэн судалгаагаар (ДЭМБ-ын энэ судалгааг Харвардын Их Сургууль ивээн тэтгэсэн) хангалттай Д витамингүй эрэгтэйчүүдэд зүрхний болон тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөр хоёр дахин илүү үхдэг нь тогтоогджээ.  Д витамин дутагдаад ирэх үед хүний бие организм кальци фосфатыг яснаасаа авсаар яс сийрэгжилт эхэлдэг байна.

Бусад олон судалгаагаар аливаа хоргүй хавдар Д витамины дутагдлаас болж маш хурдан хортой хавдар болдог, рахиттай хүмүүс бэлгийн замын халдварт өвчин болон бусад халдварт өвчинд хурдан өртөмтгий,  олон тооны скелроз зэрэг арьсний өвчин тусдаг, чихрийн шижин болон бусад архаг өвчин тусах магадлал өндөр буюу дархлаа сулардаг нь рахит буюу Д витамины дутагдлаас эхтэй ажээ. 

 Үүнтэй адил Финланд улсад 30 жил тасралтгүй хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн Д амин дэмийн нэмэлт тэжээлийг тогтмол хэрэглэсэн хүүхдүүд нь 1-р хэлбэрийн чихрийн шижин үүсэх магадлал бараг 90 хувиар буурсан болох нь тогтоогдсон бөгөөд бүр тодорхой болгохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай ч одоогоор ямар ч тохиолдолд Д амин дэм нь хүний эрүүл мэндэд маш тустай ямар ч сөрөг нөлөөгүй хувь тавилан өөрчлөгч болохыг нь  батлаад байна.

Хамгийн гайхалтай нь зөвхөн хүүхэд л тусдаг гэж боддог Д амин дэмийн дутагдал нас ахих тусам ихэсдэг ажээ.

“Жин жингээр дундарсан
Жирмийн цагаан нуур минь
Жилээс жилдээ жижгэрсэн
Жаахан буурал ижий минь…” хэмээн дуулдаг нь ийм учиртай ажгуу.


ЯАЖ РАХИТААС АНГИЖРАХ ВЭ?

Тэгэхээр эхлээд витамин Д-гийнхээ хэмжээг шинжилгээ хийлгэж мэдээд ядаж доод хэмжээ буюу 30 хувьд хүргэхийн тулд тариагаар бэлтгэсэн бэлдмэлийг 200.000 ОУН-ээр тариулах бөгөөд түүнээс хойш хоол хүнсээр нөхөж явах тухай л яриа юм. Зарим хүмүүс тэр ч бүү хэл эмч нар ч энэ бол бизнес байна гэж бодоод яваатай таарсан. Энэ хэдийгээр бизнес ч гэлээ хүн бүр мэдэж авах ёстой зүйл тул эмч нарын зөвлөгөөг цааш үргэлжлүүлье.

Д ВИТАМИНЫ ДУТАГДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУН:

5-аас доош насны хүүхдэд: нарнаас авах Д витамин хангалтгүй үед, 3 сар тутам 100 000 ОУН

5-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд:  3 сар тутам 100 000 ОУН, эсвэл 6 сар тутам 200 000 ОУН

Жирэмсэн эмэгтэйчүүдэд:  жирэмсний 6-7 дах сард 100 000 ОУН

Д ВИТАМИНЫ ДУТАГДЛЫГ ЭМЧЛЭХ ТУН:

Хүүхэд болон насан хүрэгсдэд: 2-4 сарын турш, сар бүр 120 000 ОУН

Манай эмч нарийн идэвх санаачлагчаар Д витамин шингээсэн сүү үйлдвэрлэж худалдаж байгаа зэрэг олон ажил эхэлсэн бөгөөд энэ мэт үйлийг төрөөс дэмжиж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж төрөл бүрээр дэмжих нь бидний өмнө тулгарсан нийтлэг хүн бүрт хамаатай асуудал болохыг нэмж нурших юун.

“Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс.
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс”  хэмээн Д. Нацагдорж сургасныг санаж олон түмэнд буян болуужин хэмээж сонсож мэдсэнээ дуулгахад ийм буюу.