Өнөөдрийн эрх баригчдын зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дараахь зүйлүүдээр буруутгаж байна. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон гэв. Удаад нь Оюу толгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн гэлээ. Гурав дахь нь Дубайн гэрээнд гарын үсэг зурсан явдал буруу гэнэ. Эдгээр гурван асуудалдэрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулсан. Өнөөдөр юу болж байна гэхээр Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад гадаад руу оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн гэх. Түүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн гурван асуудлын улс оронд учруулсан хор хохирол чухам юу юм бэ. Бүгдээрээ харъя. 

Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан гол буруутан юм байна. Үнэндээ Эрдэнэтийн 49 хувь дээр яасан гэж буруутгаад байгааг ард түмэн ойлгохгүй сууж байгаа. Саяхан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, “Бид Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирснаар нэг их наяд төгрөгийн ашиг оллоо” гэсэн. Ийм зөв шийдвэр байжээ гэдгийг баталж өнөөдрийн төр үнэлж байгаа юм байна. Тэгвэл Монголд 49 хувийг авчрах энэхүү түүхэн шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ч.Сайханбилэг гаргасан. Мань нөхөр “УИХ-аар хэлэлцээд хэрэггүй, Засгийн газраар шийднэ” гэсэн. Тухайн үед УИХ-аар энэ асуудлыг хэлэлцвэл юу болох байв. Бүгдээр мэдэж байгаа шүү дээ. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр баахан юм болно, попорно. Явуулахгүй дээ. Үүнийгээ Ч.Сайханбилэг мэдэхийн цаагуур мэдэх учраас хар толгойгоороо хариуцан байж их наядын ашгийг чинь өнөөдөр авчирсан байгаа нь энэ. “Амьдралын чухал хэсэгт ямагт яаравчлах ёстой” гэсэн алдартай улстөрчийн үг бий. Цаг хугацааны хайч гэж байна. Чуулган дээр гацахад л дараа нь яриа байхгүй тийм хайч үйлчлэх байсан. Их хурлаар оруулалгүй эх орондоо 49 хувиа авчирсан нь тэгээд буруу байж уу. Монголын ард түмнийг тэжээж эхэллээ гэдгийг сая ЗГХЭГ-ын дарга нь яриад эхэллээ шүү дээ. Үүнээс өөр ямар үр дүн өнөөдрийн эрх баригчид Эрдэнэтийн 49 хувиас хүсээд байгаа юм бол. Эрдэнэтийн 49 хувь ирсэн хойноо төрд нь очно уу, хувийн хэвшилд байна уу, ер нь хэнд очих нь Ч.Сайханбилэгт хамаа ч байхгүй. Мөнгийг нь төлсөнөөрөө хувьд л очно биз. Хужаад очих гэж байгаа биш. Монголын хэн нэгэн сортоотойхон аавын хүү мөнгө босгоод авах нь ардчилсан, зах зээлийн нийгэм дэх ердийн л үзэгдэл шүүдээ. “Монголын зэс”-д очсон ч л Монголын ард түмэнд их наядын ашиг ирнэ. Өөр хаачих юм бэ. Эх орондоо л авчирч байвал... гэсэн ийм зоримог шийдвэр гаргаад бурууддаг хүн гэж юу байхав. Цагийн егөө гэж юм байдаг, тэр л явж байна. Тодорхой цаг хугацааны дараа Ч.Сайханбилэг шиг гавьяа байгуулсан хүн байхгүй болчихсон явж байх нь монголчуудын араншин шүү дээ. Яагаад гэвэл Монголын ард түмэн аливааг заавал цаг хугацааны шалгуураар оруулах гэдэг зовлонтой нүүдэлчин сэтгэхүйтнүүд. 

Дараагийн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал нь “Оюу толгой” ХХК-ийг татвараас чөлөөлсөн гэх асуудал. Мэдээллийн хэрэгслүүдээр улиг болтлоо явсан сэдэв дээ. Тухайн үеийн ТЕГ-ын дарга байсан Б.Ариунсанг “Ганц худаг”-т ясыг нь цайтал суулгаж шалгасан асуудал. Юу ч болоогүй. Үүнийг өнөөдөр дахиад л Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээр босгож ирж байгаа юм байна. Оюу толгой ХХК-ийн 2010-2018 оны хооронд төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 1.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Татварын орлогоор сүүлийн арван жилд улсад тэргүүлж байсан “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 оноос хойш давах болсныг стастистикаас харчихаж болно. Төсөвт үзүүлэх нөлөөллийнхөө хувьд ч “Эрдэнэт”-ээс хавьгүй өндөр байх зураг таамаг гарчихсан. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь долоо байжээ. 2025 онд хоёр дахин нэмэгдэж 13 хувийг эзэлнэ гэсэн таамаг бий. Оюу толгойн 2017 оны гүйцэтгэлийн статистикуудыг сонирхвол, ил уурхай нь үндэсний компаниудаас 279 сая ам.долларын худалдан авалт хийсэн бол бүтээн байгуулалт нь өрнөж буй гүний уурхай Монголын бизнес эрхлэгчдээс 1.2 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн өгөөжийг сонирхож үзлээ. Шууд өгөөж нь 1.8 их наяд төгрөг. Шууд өгөөж гэдэг нь компаниас Засгийн газарт төлсөн татвар хураамж бусад төлбөрүүд. Төслийнхөн шууд өгөөжөө “50 мянган багшийн дөрвөн жил хоёр сарын цалин” гэж энгийнчилж тайлбарласан байна лээ. Мега төслийн шууд бус өгөөж шууд өгөөжөөсөө ч том тоотой гардаг. Оюу толгой төсөлд шатахуун, тоног төхөөрөмж, үзэг бал гээд бүх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудын ашиг, улсад төлдөг татвар хураамж, ажилчдадаа өгдөг цалинг нь шууд бус өгөөж гэж тодотгодог. Тоног төхөөрөмж, элдэв бүтээгдэхүүнээс гадна нийтийн хоол гэх мэт үйлчилгээ нийлүүлдэг компаниуд ч өчнөөнөөрөө бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л “MCS”-ээс эхлээд хэд хэдэн үндэсний компани оролцож байгаа. “Оюу толгой”-н энэ мэт шууд бус өгөөж 2.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ хэмжээний мөнгөөр 50 мянган багшийн зургаан жил дөрвөн сарын цалинг тавина. Эсвэл 202 мянга 573 ахмад настны дөрвөн жил зургаан сарын тэтгэврийг олгоно. Бүр цаашлуулж төсөөлбөл 300 ортой төрөх эмнэлэг 90-ийг барина. Ийм л том төслийн татвартай ноцолдоод байгаа юм.

Ч.Сайханбилэгийн хамгийн том буруутан нь болчихоод байгаа гурав дахь асуудал бол Дубайн гэрээ юм. Хүмүүс ч юмыг амархан мартах юм даа. Оюу толгойн гүний уурхайн ажил зогсоход Монголын эдийн засагт ямар аймаар нөлөөлснийг. Монгол Улс элгээрээ хэвтэх шахсан шүү дээ. Валютын орж ирэх хамаг урсгал зогсох шахсан. Хүнээр бол цусны эргэлт нь зогсох шахсан үйл явц эдийн засагт өрнөсөн. Ч.Сайханбилэгийн оронд Ерөнхий сайдаар хэн ч очсон байсан хамгийн түрүүнд улс орондоо мөнгө авчирч болох төслийг л барьж авна. Тэнэг Ерөнхий сайд л үүнээс өөр ажил хийх байх. Тэр хамгийн түрүүнд мөнгө авчирч болох төслөө барьж авсан нь энэ. Тэр нь одоогоос дөрвөн жилийн өмнө Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Монголын Засгийн газар, “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан үйл хэрэг юм. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий гэсэн тайлбарыг төслийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч байж энэ ордын өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртэнэ гэсэн үг. Хамгийн их үр өгөөжөө өгөх гүний уурхайн хөрөнгө оруулалт Монголын тэнэг улстөржилтөөс болоод зогсчихсон байсан юм. Аягатай хоолоороо тоглосон, амин чухал эдийн засгаа самарсан энэ асуудалд өмнөх Ерөнхий сайдууд нь айгаад зоригтой юу ч хийж чадахгүй байсан юм. Ч.Сайханбилэг залуу хүн, зоримог, зоригтой шийдвэр гаргаж Дубайн гэрээг байгуулсан. Ч.Сайханбилэгийн энэхүү дайчин шийдвэрээр гүний уурхайн хөрөнгө оруулалт орж ирж, Оюу толгой дахин хөдөлж эхэллээ. 

Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудал бол зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой гэсэн тохироог хийж байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр Монголд жил бүр дор хаяж нэг тэрбум ам.долларын урсгал орж ирнэ, далд уурхайн үйлдвэрлэл 2020 оноос эхэлнэ, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ. Дубайн гэрээний дараахан “Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид зэсээс ургац хураах дараачийн цикл эхлэхэд бүх юмаа жигдрүүлчихсэн байх болно. Тэгэхийн төлөө хичээнэ. Зэсээс ургац хураах дараагийн цикл бол 2020 он” гэж онцолсон. Менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон өөрчлөлт Дубайд шийдэгдсэн. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Төслийн менежмэнтийг “Рио тинто” хийж байгаа. Энгийнээр хэлбэл, энэ төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхөө төлөө “Рио”-гийн авч байгаа ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувь гэсэн үг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн гаргалгаа эдийн засагчдын дунд яригддаг.

Дараагийн шийдсэн асуу­дал бол “BHP”-тэй хамаатай. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байв. Энэ тохироог хүчингүй болгуулсан нь Дубайн гэрээний онцолж хэлэхээр заалтын нэг. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын Засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн эрхмүүд энэ байр сууринаас нь ухрааж чадсан юм. Бүр тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл, Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан гэсэн үг. За тэгээд дээжээ Геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх, хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох гэх мэт тохироонуудыг Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд хийсэн билээ. Суурь том тохироо үр дүнгүүдийг нь хүргэх төдийд ийм юм. Энэнээс өөр үр ашгийн тоо, тооцоонуудыг бичиж болно. Энэ бүхэн чинь л өнөөдөр Монгол Улсыг тэжээж, авч явж байна шүү дээ. 

Ер нь бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авчраагүй, Дубайн гэрээнд гарын үсэг зурах зоримог үйлдэл хийгээгүй бол өнөөдөр Монгол Улс ямар байх вэ. 1980-аад оны Монгол шиг Эрдэнэтийн талаар амьдарч байсан тийм л дүр зураг руугаа дөхөх байсныг хэн ч бодож үзэхгүй байна. Бодохыг ч хүсэхгүй, түүнийг зүхэн дэвсэлж байна. Төр улсынхаа өмнө ийм гавьяа байгуулсан залуу улстөрчийг дайсан мэт үзэж, дарамталж, шоронд хийж, шонд дүүжлэхээс наахнуур юм болж байгаа нь хэний эрх ашиг юм бэ. Түүнийг шахаж байгаад гадаадад дүрвүүлээд араас нь эрэн сурвалжилж буй мэдээлэл түгээж, олж өгсөн хүнд хоёр сая төгрөг өгнө хэмээн зарлаж, гутаан доромжлох хэрэг байгаа юм уу. 

Ч.Сайханбилэг залуу, өндөр боловсролтой улс төрчийн зүгээс гарах тийм зөв шийдвэрийг эх орныхоо эрх ашгийн төлөө гаргасан. Ч.Сайханбилэг бол Монгол Улсын дайсан хэмээн зарим нэг эрх баригчдын эргэн тойронд далдайж байдаг хүмүүс үзэх байх. Түүнээс Ч.Сайханбилэгийн зоримог шийдвэрийн үрээр амьдарч буй ард түмэн юу гэж түүнийг дайсан гэж үзэх билээ. Хүмүүс зөнгөөрөө мэдэрдэг юм. Одоо хүмүүс, ард түмэн даяараа мэдрээд эхэлсэн. Тийм болохоор түүнийг золигт гаргана гэж байхгүй. Ер нь улс төрийн зоримог шийдвэр гаргаж ирсэн улс төрчид болох М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт... гээд цөөнгүй улстөрчдийн ухаалга шийдвэрүүдийн үрээр амьдарч байгаагаа ард түмэн ойлгодог болоод удаж байна. Харин “дайсан”-уудтай тэмцэж буй цөөн хэдэн эрх баригч үүнийг анзаарч, мэдэрч байгаа болов уу. Цаг хугацааны зүлгүүрээр өнгөлөгдөж эхэлсэн эдгээр улстөрчдийг одоо оролдохоо боль, золигт гаргах гэж улайрч байгаагаа зогсоо.