Бидний багад эцэг эхчүүд ном их уншлаа гэж загнадаг байж билээ. Ялангуяа орондоо ном аваад шургавал нүд муудна хэмээнэ. Тэгэх тусам нь улам л уншдаг байлаа. Идэхийг хориглосон жимсхамгийн амттай нь байдаг гэгч л болж байж дээ, одоо бодоход. “Арван таван наст капитан”, “Капитан Грантын хүүхдүүд”, “Монте Кристо гүн”, “Морь унасан толгойгүй хүн” гэж адал явдал хөөж, овоо хөөрхөн хүүхэд шиг эхэлснээ Ги де Мопассаны өгүүллэгүүд, Бальзак, Хюгог хүртэл уншчихдаг байлаа. “Мянга нэгэн шөнийн үлгэр” гэж уншиж болдоггүй, том хүний ном байдаг гэж сонсуутаа нэгнээсээ сурагласаар байж олоод уншчихна. Харин багшийн заавал уншаарай гэсэн номыг унших тун дургүй. 

Тэр үед бид сайн муу ном, сайхан муухай зохиолч гэж бодож ч байсангүй, үзэл санаа, өгүүлэмж зохиомж нь юу юм бол энэ тэр гэж толгойгоо гашилгаж ч байсангүй, зүгээр л номын ертөнцөд яваад орчихдог, тэндээ жаргаж байгаад л гараад ирдэг байж. 

Одоо тэгтэл, залуу хүний заавал унших ном гээд хаа сайгүй жагсаалт гаргачихсан, ихэнхийг нь орчуулчихсан, нүдээр унших байтугай, чихээр сонсдог ном хүртэл гарчихсан, эцэг эхчүүд хүүхдүүдээ унш гээд ном бариад хөөгөөтэй... тэгсэн атал өнөөдүүл нь уншиж өгдөггүй. Нөгөө уншихын таашаал цэнгэл гээч үгүй болчиж. Ном уншина гэдэг хүчээр хийдэг, боловсролын төлөө тодорхой зорилготой үйлддэг, хиймэл, зориудын, механик үйлдэл болчихжээ. 

Заавал унших номын жагсаалт л гэнэ. “Заавал” гэж нохой үг дээ. Заавал унших ном гэж ер нь байх уу? Дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт Төр засаг, Боловсролын яамнаас тодорхой зохиолчийн, тодорхой ном, бүтээлийг нэр заан оруулж байгаа учраас байдаг л гэж ойлгогдож байна. Яам тэгэхээр тухайн улс орны зохиолчдын сайн мууг, зохиол бүтээлийнх нь сайхан муухайг шийддэг газар болох нь ээ дээ? Яаманд танилтай бол сурах бичигт шүлэг зохиолоо оруулчих юм биш биз? 

Гэх мэтээр бодож явтал Францын алдарт зохиолч Даниэл Пеннакийн тунхагласан “Уншигчийн арван эрх”-ийг санамсаргүй олж хараад, яг л энэ дээр үглээд байгааг маань яруу тодоор илэрхийлж дээ хэмээн баясаж, номд дуртай эрхэм уншигч танд эрхийг тань таниулахаар энэхүү нийтлэлийг бичиглэв.

Орчин цагийн Францын уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Даниэл Пеннак “ном унших” хэмээгчийг зүүдлэхтэй, дурлахтай адил, цэнгэл таашаалыг эдэлдэг, ариун дагшин үйл хэмээн тодорхойлсон юм. Заавал унших ном... Хм... Хүнийг хүчээр уншуулж болно гэж үү? За чи одоохон нэг зүүд зүүдлээдэх гэж шаардаад зүүдлүүлж чадах уу? Энэ хүнд дурла даа гэвэл дурлах уу? Заавал дурлах залуусын жагсаалт гэж байдаг бол эхнээс дурлаад яваад байж болох уу? Пеннак бол болохгүй гэнэ. Зүгээр нэг болохгүй ч гэсэнгүй, уншигчийн 10 эрхийг тодорхойлж өгчээ. Удахгүй энэ 10 хүний эхийн түгээмэл тунхаглалын адил хэн бүхний мэддэг дагадаг язгуурын эрх болон түгэх нь дамжиггүй. Миний нийтлэлийг уншиж суугаа та ч бас “уншигч” мөн, таны ч бас эрхийг энд хөндөж байна гэсэн үг учраас танилцуулсу:

1. Уншихгүй байх эрх

Тийм ээ, унших эрхийн тухай ярихад, хамгийн түрүүнд уншихгүй байх эрхийг бас хүндлэх ёстой. Пеннак ном унших нь хүнийг улам хүнлэг болгодог, жишээ нь Чеховыг уншсаны дараа бид урьдахаасаа илүү хүнлэг болно, өнөөгийн нэгнээ барьж идэх нийгэмд хүмүүн хүмүүнээ илүү өөрөөр хардаг болно хэмээжээ. Гэвч Чеховыг уншдаггүй нэгнээ “мангас” гэж харж хэрхэвч болохгүй, ингэж эхэлбэл “уншигч” бид өөрсдөө харин ч “хүнлэг” биш, нөгөө “мангас”-тайгаа адил болно хэмээж. Харин багш нар хүүхдийг багаас нь унших дур сонирхолтой болгох нь илүү чухлыг онцолсон байна. 

Уншихгүй байх эрх нь ийнхүү ном унших үгүйн тухай ерөнхий асуудал ч мөн, тодорхой нэг зохиолчийн тухайн нэг номыг унших эсэх тухай асуудал ч мөн. Хэн нэгэн зохиолчийг уншдаггүй, тэр зохиолч таалагддаггүй байх нь “гэмт хэрэг” биш ажээ.

2. Алгасаж унших эрх

Зохиолч Пеннак 12 настайдаа анх “Дайн ба энх”-ийг уншжээ. Хөнжил дотроо, гар чийдэн барьж байгаад шунан дурлан уншсан гэнэ. Хайр дурлал, дайн байлдааныг нь хөөгөөд амтархан уншиж. Харин Толстойг Оросын газар тариалангийн асуудалд санаа зовон, тайлбарлаж эхлэхэд нь алгасчихдаг байсан аж. Тэгээд одоогийн хүүхдүүдийг бас өөр шигээ тэгж уншиж болно хэмээн зөвлөж байна. 

3. Үл дуусгах эрх

Уг нь бол “Давс хийвэл уустал” гэж монгол ардын сайхан зүйр үг бий. Гэвч, уншиж эхэлсэн ном чинь үнэхээр таныг татаж чадахгүй бол, уншсаар атал юу уншчхав даа гэж сэтгэлд чинь нэг л сайхан бууж өгөхгүй бол, зүгээр л тэр номыг хаачих эрхтэй. Энэ нь тэр ном заавал муу гэсэн үг биш. Нас ахисан хойно, юмыг арай өөрөөр хардаг болсон хойно тань нөгөө ном чинь харин ихэд өөрөөр уншигдаж байж мэднэ. 

Пеннакаас өөр нэг хүний онолыг энд авч үзье. Америкийн хамгийн алдартай номын санчдын нэг Нанси Перл хатагтайн үүтгэсэн “50 хуудасны дүрэм” гэж буй. Нэг ном эхэлсэн бол дор хаяж 50 хуудас унш гэж. Тэрнээс өмнө дүгнэх эртэднэ. 50 хуудас уншаад татаж чадаагүй номыг бол больчих гэнэ дээ. 

-Чи арай ч дээ, Инжинаашийн номыг уншиж эхлээд, дуусгалгүй хаячихсан гэж үү?

-Тийм ээ, би тэгэх эрхтэй.(Цаг маань ч болоогүй байж мэднэ).

4. Ахин унших эрх

Өмнөх, хоёр, гуравдугаарт заасан эрхээ эдлээд та номыг алгасаад уншчихсан, дуусгаагүй орхичихсон байж болно. Санаа бүү зов, та дахин унших эрхтэй. 

Миний бага хүү, Гэгээ гэж нөхөр бий. Шинэ ном уншуулах их дургүй, нөгөө түрүүчийн гоё номоо ахиад уншуулъя л гээд гуйгаад байна. Номын их ертөнцөд та бид бүгдээрээ бяцхан Гэгээ л гэсэн үг. Ахин дахин унших, бүр ноортол нь унших эрхтэй.

5. Хүссэнээ унших эрх

Мэдээж хүн дуртай номоо унших эрхтэй тухай энд ярьж буй боловч бас тийм амар асуудал биш. Сайн муу зохиол гэж бий юү хэмээх асуудал энд гарч ирнэ. Зохиолч Пеннак хэдийгээр хүн дуртай зүйлээ унших эрхтэйг тунхагласан боловч сайн, муу зохиол гэж эрхбиш байдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Түүнийхээр бол “муу зохиол” гэж “үйлдвэрийн буюу бизнесийн” уран зохиолыг хэлнэ гэнэ. Эгээ л үйлдвэрлэлийн бизнес шиг, эрэлт хэрэгцээгээ судалсан, тусгай бүлэг хүмүүсийн хэрэгцээг хангахад зориулсан бол “муу зохиол” гэх. Гэвч хүн бас тийм муу зохиолыг унших эрхтэй. Ихэнх тохолдолд хүн муу зохиолтой эхэлж учирдаг, дараа нь муу сайн бүтээлийг зэрэгцүүлэн уншдаг, эцэст нь нэг л мэдэхэд өөрөө ч анзааралгүйгээр сайн зохиолоо тэврэн үлдсэн байдаг аж. 

Дунд сургуульд сурч байгаа дүү чамд өгөх нэг зөвлөгөө байна. Багш чинь уран зохиолын сурах бичиг дээрх зохиолыг л унш хэмээн шахна уу? Унш аа, хамаагүй унш, дүнгээ ч ав. Гэвч илүү ихийг, өөр зохиолыг, өөрөө хэлбэл хүссэнээ унших эрх чамд бий гэдгийг үргэлж санаж яваарай.

6. Номыг үнэн амьдрал хэмээн андуурах эрх

Ном бол ертөнцийг харах цонх гэж Горький хэлсэн байх аа. Зүгээр нэг ертөнцийг харах цонх ч биш, ном бол тэр чигээрээ ертөнц юм. Тэр ертөнцөд умбан шумбах, тэнд хэсэг ч болов амьдрах, тэндэх амьдралаа эндэхтэйгээ андуурах эрхтэй. Ц. Дамдинсүрэн гуай номыг уншихад яах мэт болдог гэсэн байдаг билээ, яг л тэр.

7. Дуртай газраа унших эрх

Автобусанд, орондоо, ширээний ард, олон нийтийн газар, хөдөө, гадаа, хотод, орцонд, тэр ч бүү хэл жорлонд... дуртай газраа та унших эрхтэй. 

8. Дуртай хэсгээ унших эрх

Энэ ёстой миний хамгийн эдлэх дуртай эрх дээ. Хааяахан зав гарахаараа номын сандаа ороод, нэг их тооцоо зорилгогүйхнээр гүйлгэн харж байгаад, дуртай номоо шүүрч аваад, дуртай хуудсаа нээж аваад л уншаад суучихна. Яадаг юм, Даниэл Пеннак энэ эрхийг уншигчийн Наймдугаар эрх болгон зарласан юм чинь.

9. Чанга унших эрх

Манай дунд сургуулийн анги даасан багш Гомбосүрэн монгол хэл уран зохиол заадаг байсан юм. Ном ярьж өгнө, бас чангаар уншиж өгнө. Багш бидэнд хэчнээн ч сайхан ном ярьж, уншиж өгөөв дээ. Илиада, Одиссей, Монголын Нууц Товчоо, Тарас Бульба... Бүхий л үеийн бүхий л ард түмний сод бүтээлийг уншихыг нь шимтэн сонсдог сон. Одоо харин би хүүхдүүддээ номыг чанга дуугаар уншиж өгдөг. 

Ном чанга уншина гэдэг шиг ном “чанга бичнэ” гэж сонссон уу, та? Достоевский номоо тэгж “чанга бичдэг” хүн байсан гэдэг. Хурдан бичээчийнх нь үүргийг давхар гүйцэтгэдэг гэргийдээ чанга дуугаар хэлж өгч байгаад гэнэт “Тэгээд Раскольников гэмтэй гэж үү?” хэмээн хашгиран асуудаг байсан гэх.

Манай багш бидэнд чанга дуугаар ном уншиж өглөг байсан шиг, Достоевский номоо хашгиран бичдэг байсан шиг, та бид ч бас гэр орондоо, цор ганцаараа хайртай номоо чанга дуугаар унших эрхтэй. 

10. Чимээгүй байх эрх

Сайхан ном уншиж дуусаад бусадтай санал бодлоо хуваалцах ч сайхан, эсвэл ганцаар гүн бодолд дарагдан суух ч сайхан. Багш нар, эцэг эхчүүд дөнгөж уншаад дууссан хүүхдээс таалагдав уу, номыг ойлгов уу, үзэл санаа нь юу байв, яг юу хэлэх гэсэн ном байна гэхчлэн элдвийг шалгаах нь бий. Шалгалт өгөх гэж ном уншсан бил үү? Сурах бичиг дээр тодорхойлсон үзэл санаанаас өөр зүйл ойлгочихсон бол тэнэг гэсэн үг үү? Үгүй дээ хө, уншсан номынхоо тухай зөөлөн эелдэг бодлоо өөртөө дотроо хадгалах, үл хариулах, чимээгүй байх эрх нь уншигч таны аравдугаар эрх болой.

Даниэл Пэннак уншигчийн арван эрхийг тодорхойлсон номынхоо эхний хуудсанд буюу ихэнх зохиолчдын номоо хэнд зориулснаа бичдэг тэр хэсэгт “Эцэг эхчүүд, багш нар, номын санчид аа, энэхүү номыг ямар ч тохиолдолд хүүхдийг тарчилгах хэрэгсэл болгон бүү ашиглаарай” гэсэн байдаг. Тийм ээ, ном уншина гэдэг шийтгэл биш, зүүдлэхтэй, дурлахтай адил хүчилж болдоггүй эд, хүрээд ирэхээр нь харин салж чаддаггүй үйл.