Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

-ОНЦГОЙГИЙН АШИГЛАДАГ ХОЛБОО НЬ ХУУЧНЫ АНАЛОГИ-

-Онцгой байдлын даргатай ярилцаж байгаагийн хувьд Монгол Улс аливаа гамшигт үзэгдэлд бэлэн байна уу? Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь нэн тэргүүний үүрэг ч өнгөрсөн зун нийслэлд болсон үер усны гамшигт үзэгдэл томоохон "шалгалт авлаа" шүү дээ?

-Гамшгийн үеийн бэлэн байдал гэдэг нь өөрөө өргөн том агуулгатай. Хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм журам, салбар дундын уялдаа холбоо, түүний хэрэгжилт, иргэдийн оролцоо зэргээр хөндөгддөг. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 19 жил болж байна. Өмнө нь гал түймэртэй тэмцэх, иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн гэсэн гурван байгууллага тусдаа чиг үүрэг гүйцэтгэдэг байсан. Олон улсын чиг хандлага, нөхцөл байдал нь өөрчлөгдөхийн зэрэгцээ гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо руу шилжсэн. Үүнээс үүдэж бие даасан чиг үүрэгтэй байгууллага байх ёстой гэж үзсэнээр УИХ холбогдох хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, Гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллагыг байгуулсан. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад мэргэжлийн боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж сайжирсан. Дэлхий нийтэд тохиолддог 40 гаруй аюулт үзэгдлээс 10 орчим нь Монгол Улсад зонхилдог. Ган, зуд, хүчтэй салхи шуурга, хүн малын гоц халдварт өвчин, ой хээрийн түймэр зэргээр. Эдгээр аюулт үзэгдэл болсон тохиолдолд хор уршгийг нь арилгах, хариу арга хэмжээ авахад онцгой байдлын алба хүн хүч, техникийн бүрэн байдлыг хангаж оролцдог.

-Тэр нь бүрэн хангагдаж чадаж байна уу?

-Яг бүрэн хангагдсан гэж хэлэх боломжгүй. Учир дутагдалтай. Зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, хүний нөөц. Онцгой байдлын алба нийслэл, 21 аймагт салбар нэгжтэй. Бие бүрэлдэхүүний сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах нь сургалт, хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу явдаг гэсэн үг. Хоёрдугаарт, техник тоног төхөөрөмжид сүүлийн жилүүдэд төрөөс анхаарч ирлээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч үе шаттайгаар сайжруулах чиглэлийг барьж байна. Зөвхөн төсөв гэлтгүй гадаадын зээлийн зохицуулалтаар техник тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлдэг. Эндээс хэлэхэд 57 орчим хувийн техникийн хангамжтай байна. Алба хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэглэл 37-40 хувьтай. Хамгийн сул нь холбооны бэлэн байдал буюу зарлан мэдээллийн систем 26-28 хувьтай. 

-Албаны бэлэн байдлыг энэ хүрээнд авч үзнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Энэхүү чадавхийг аль болох сайжруулах талаас нь анхаарч байна.

-Зарлан мэдээлэх, холбооны бэлэн байдал нь дөнгөж 26-28 хувьтай байна гэдэг маш хангалтгүй үзүүлэлт юм биш үү? Ийм бага хувьтай байгаа нь юутай холбоотой вэ?

-Төсөв, санхүүгээс шууд хамаарах асуудал. Онцгой байдлын албыг байгуулаад 20 гаруй жил болох гэж байна. Жилдээ улсын хэмжээнд 4000 орчим аюулт үзэгдэл бүртгэгддэг. Ажил, мэргэжлийн хүрээнд 3800 гаруй хүний амь насыг аварч, аж ахуйн нэгжийн 110 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалдаг. Жил тутамд гэсэн үг шүү. Уг нь 2011 онд БНСУ-д ашигладаг зарлан мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлсэн байдаг юм. Амжиж анхааруулах төслийг Засгийн газраас хэрэгжүүлсэн хэрэг. Харин өнөөдөр энэхүү систем нь техник технологийн хувьд хоцрогдсон. Сэлбэг хэрэгсэл нь ч олддоггүй, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон.

Тухайн үед нийслэлд 60 цамхаг байрлуулсан. Үүний 80 гаруй хувийг ашигладаг. 20 хувийг нь огт ашигладаггүй. Улаанбаатарт өндөр барилга, байгууламж нэмэгдсэнээс зарлан мэдээллийн самбар буюу цамхагаас өгч байгаа дуут дохиоллын хүртээмж багассан. Тогтолцоог нь сайжруулах, эргэж харахаас өөр аргагүй болсон. Иргэдийн гар утсаар дамжуулж цаг агаарын гамшигт болон аюулт үзэгдлийн мэдээллийг хүргэж байгаа ч хугацааны хувьд хоцрогдолтой. Шууд мэдээлэл авч чаддаггүй болохоор аюулгүй байдлаа хангахад дутагдалтай. Тиймээс системийг бүрдүүлэх нь чухал.

Хоёрдугаарт, онцгойгийн алба хаагчдын ашиглаж байгаа холбоо нь хуучны аналоги. Техникийн тухайд бүр хоцрогдсон. Ямар нэгэн дүрст мэдээ явуулж чаддаггүй. Нөхцөл байдлаа тодорхойлж чаддаггүй. Тухайн голомтод ажиллаж шийдвэр гаргаж байгаа удирдлага хэрэгжүүлэхэд холбоо зохион байгуулалт нь хоцрогдмол. Гуравдугаарт, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд холбооны торонд орж ажиллахад тус тусдаа байдаг нь хүндрэл учруулдаг. Тиймээс энэ асуудлыг шинэчилж, хүртээмжтэй болгох нь чухал. Засгийн газар, Шадар сайдын зүгээс ч үүнд анхаарч эхэлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Монгол Улсын гамшгийн нэгдсэн зарлан мэдээллийн тогтолцоо төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2020-2020 онд тус банктай хамтарч техник туслалцааны төслийг хэрэгжүүлсэн. ТЭЗҮ-ийг боловсруулснаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудал хүлээгдэж байна.

-Онцгойгийн алба хаагчид гал, усны аюултай нүцгэн гараараа шахуу нүүр тулдаг амаргүй үүрэг хүлээдэг. Та өөрөө ч тусгай зориулалтын хувцас хэрэглэл 37-40 хувьтай байгааг хэллээ. Ийм эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаагийн хувьд тэдний цалин, хангамж, нийгмийн баталгаа нь ямар түвшинд явдаг юм бэ?

-Манай байгууллагын хамгийн ачааны хүндийг үүрдэг, гал, усны гамшигтай нүүр тулдаг алба хаагчид нь аврагчид, гал сөнөөгчид. Нийт бие бүрэлдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Эдгээр алба хаагчид хүн ардын амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахаар тангараг өргөсөн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашдаг. Гамшгийн голомтод орж ажиллана гэдэг эрсдэлтэй шууд нүүр тулж буйгаас өөрцгүй. Алдаа гаргавал өөрөө ч эрсдэхийг үгүйсгэхгүй. Эргэж ирэх баталгаа байхгүй хүнд алба. Гэхдээ нэг ч алба хаагч шантарч байна, хүнд байна, бэрхшээлтэй байна гэж ярьж байгаагүй. Нэг гэхээсээ багаар ажилладаг онцлогтой. Ой хээрийн түймэр, үер усанд бүгд багаар очиж ажилладаг. Нэг хүний ажлаас нөгөөгийнх нь үүрэг гүйцэтгэл шууд хамаардаг. Багийн үйл ажиллагааг чухалчилдаг. Тиймээс тэдний нийгмийн баталгааг хангахад анхаарах нь чухал. Гамшгаас хамгаалах хуулийг анх 2003 онд баталсан. Түүнээс хойш 5-6 удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийсэн. Ингэхдээ нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн заалтыг тусгасан. Онцгой нөхцөлийн, цолны нэмэгдлээс гадна аймгийн төвөөс бусад суманд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид таван жил тутамд 30 сарын цалинтай тэнцэхүйц нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлдэг. Эрх зүйн зохицуулалт талаасаа сайжирч байна.

-Аврагчид ажил үүргээ шуурхай хэрэгжүүлэхэд саад болдог, хугацаа алддаг нэг асуудал нь стандарттай холбоотой гэж хардаг. Жишээ нь, нийслэлийн аль нэг бүсэд гал гарлаа гэхэд орц, гарцыг нь хаагаад барилга барьчихсан, эсвэл хашаа хатгасан байдаг нь энгийн мэт болсон үзэгдэл. Энэ тохиолдолд саад учруулж буй обьектийг шууд чөлөөлөх эрх зүйн орчин нь манайд байдаг юм уу?

-Төлөвлөлтгүй зам гарц, хашаа байшинг буулгаад үүргээ гүйцэтгэхэд чөлөөлөх зохицуулалт байхгүй. Гамшиг тохиолдсон үед тухайн нутаг дэвсгэрийг хариуцаж байгаа Засаг даргын шийдвэрийн дагуу ямар нэгэн үйл ажиллагаа хийж болно. Түүнээс нийслэлийн аль нэг дүүргийн гудамжинд гал гарлаа гэхэд наана нь автомашин хаагаад зогссон, мухар гудамж бий болсон байхад шууд албадан чөлөөлөх боломжгүй. Үүнээс болж цаг хугацаа алдах, иргэдийн өмч хөрөнгө хохирох асуудал бий. Ер нь нийслэлийн хэмжээнд холбогдох стандарт, дүрэм журмыг мөрдөх нь зүйн хэрэг. Хамгийн чухал асуудал. Автозамын түгжрэлээс үүдэж шуурхай албаныхан хугацаа алдах нь энгийн үзэгдэл.

-Уг нь урьдчилан сэргийлэх зөвлөмж, шаардлагыг тухайн нутаг дэвсгэрт хүргүүлж, мөрдүүлэх нь Танай байгууллагын эрх үүрэг?

-Нийслэлийн Онцгой байдлаас газрын албатай хамтарч газар чөлөөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг. Ингэхдээ гудамжнуудын судалгааг гаргадаг. Үнэхээр нарийсгаад автомашин нэвтрэх зайгүй болгосон бол дүүргийн засаг захиргааны нэгж, газрын албатай хамтарч чөлөөлөх ажлыг хийдэг. Гэхдээ цэвэр газрын албаныхан гардаж хийдэг асуудал. Үүнд иргэдийн ухамсар, хандлага мэдээж нөлөөтэй. Амьдралынх нь хэв маяг, бүх зохион байгуулалт нь тухайн нутаг дэвсгэрт бий болсон болохоор өөр тийшээ нүүдэггүй. Шинэ суурьшлын бүс зааж өгөхөөр тэнд нь эрчим хүчний хангамж, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцийн асуудал тулгардаг. 

-Шаардлага хүргүүлдэг ч хэрэгжилт талаасаа хангалтгүй байдаг гэж ойлголоо?

-Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барьсан обьектуудыг чөлөөлөхөд зориулж тодорхой хэмжээний нөхөн олговрын төсвийг нийслэлээс тавьж өгдөг. Тухайн иргэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нөхөн олговор олгоно. Зөвшөөрөхгүй бол гацаа үүснэ. Иймэрхүү л асуудал байна. 

-Техник, тоног төхөөрөмж харьцангуй сайжирсан ч өндөр барилга, байгууламжид гал гарсан тохиолдолд машин техникийн хүчин чадал нь хүрдэггүй гэж сонссон. Үнэхээр тийм бэрхшээл байна уу?

-Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хувьд 47-48 хувьтай байгаа. Үүнийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Бид аль болох улсын төсвийг харахгүйгээр гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аврах, гал унтраах тусгай зориулалтын багаж, хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарч байна. Нийслэл хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс. Магадгүй газар хөдлөлт боллоо гэхэд аврагчдын багаж хэрэгсэл чухал. Швейцар, БНХАУ-тай хамтран газар хөдлөлтийн харилцан ажиллагаа, чадавхийг сайжруулах гурвалсан төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сургагч багш нараа бэлдэж байна. Газар хөдлөлтийн нурангид ажиллах багаж, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг авч байна.

-Туркэд болсон газар хөдлөлтийн дараа Монголын алба хаагчид тэнд очиж үүрэг гүйцэтгэсэн?

-2023 оны хоёрдугаар сард Турк, Сири улсад хүчтэй газар хөдлөлт болсон. 1939 оноос хойш 80 гаруй жил тухайн бүс нутагт болоогүй газар хөдлөлт. Маш их барилга, байгууламж нурсан. Олон хүн амьжиргаа, амь насаа алдсан. Засгийн газрын шийдвэрээр 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг очиж үүрэг гүйцэтгэсэн. Тэр үеийн мэдээллийг Та бүхэн сайн мэдэж байгаа байх.

-Газар дээр нь очиж ажилласны хувьд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байх?

-Нэг талдаа үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө талдаа нурангид ажиллах алба хаагчид аюулгүй байдлаа хангахаас гадна тэндээс хүн гаргах, тусламж үзүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулдгийг биеэрээ үзэж, мэдэрсэн нь олзуурхууштай. 

-НИСДЭГ ТЭРГИЙГ БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД БАЙЛГАДАГ-

-Ингэхэд Онцгой байдлын албанд хэчнээн нисдэг тэрэг байдаг юм. Сүүлд Франц улсаас тодорхой тооны нисдэг тэрэг хүлээж авсан?

-Монгол, Францын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын албанд агаараас эрэн хайх нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийг 2020-2023 онд амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд евро стандарт хангасан, эрэн хайх, аврах ажиллагааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, гамшгийн үед ажиллах боломжтой гурван нисдэг тэрэг хүлээлгэж өгсөн. Нисдэг тэрэгний ангар, дэд бүтцийн байгууламж, суурин дадлагажуулах төхөөрөмжөөс гадна үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлдэж эхэлсэн. 

-Өөрсдөө гэсэн үг үү?

-Францаас мэргэжилтнүүд ирж бэлтгэж байна. Төсөл нь өөрөө цогц байдлаар хэрэгжүүлэх зорилготой. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 150 орчим хүний амь насыг аварсан. Ялангуяа алслагдсан сум, орон нутагт бэртэж гэмтсэн, осол аваарт орсон иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэж эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн.

-Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нэвтрүүлсэн нь сайн хэрэг ч шатахуун зарцуулалтаасаа эхлээд шаггүй төсөв шаарддаг байх. Шатахууны нөөц нь хангалттай байж чаддаг уу?

-Нисдэг тэргийг байнгын бэлэн байдалд байлгадаг. Яаралтай дуудлага авсан тохиолдолд 15 минутын дотор хөөргөнө. Шатахууны нөөцийг хангалттай хэмжээнд Эрэн хайх 111 дүгээр ангид энгийн байрлалд хадгалдаг. Монгол орны газар зүйн байршил нь өөрөө онцлог. Өргөн уудам нутагтай. Түүнээс шалтгаалсан асуудал олон. Тэгэхээр хөөрөөд буух болгонд нисдэг тэргийг цэнэглэнэ. Жишээ нь, Баян-Өлгий рүү нислэг үйлдлээ гэхэд Баянхонгор, Завханд цэнэглээд очно гэдэг ч юм уу. Ямар ч байсан дуудлага авсан даруйд 15 минутын дотор маршрут, тооцооллоо хийж, зарцуулах шатахууны зардлыг гаргана. Ийм л зохион байгуулалттай явдаг. 

-Нэг цэнэглэлтээр хэр зайг туулах уу?

-Дунджаар 230-260 км-ын алслалтай нисч байна. Зүүн аймагт хэн нэгэн иргэн осолд орлоо гэхэд замд нь зайлшгүй цэнэглэх үүрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр цэнэглэх сүлжээг нь одоогийнхоос илүү өргөтгөх шаардлагатай. Тухайн нисэх буудлаас гадна өөр алслагдсан сумдад тусгай зориулалт бүхий шатахуун цэнэлэгчийг байгуулах ёстой.

-Манайд бол тийм сүлжээ нь байхгүй юм байна?

-Байхгүй. 

-Зардал ихтэй ч агаараас эрэн хайх ажиллагаа нь цаг хугацаа хэмнэх, шуурхай ажиллахад маш том ахиц гаргасан биз?

-150 орчим хүний амь насыг аварсан нь үүний бодит жишээ. Тиймээс төслийг цааш үргэлжлүүлэх талаас Францын талтай ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Сангийн сайд санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр онцгой байдлын байгууллагын нисэх нэгжийн нисгэгч бэлтгэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх хоёр төслийг 2026 оныг хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Төслийн үзэл баримтлал, санхүүгийн хэлэлцээрийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-аар соёрхон батлуулахаар ажиллаж байна. Баталсны дараагаас хоёр дахь шатны төсөл хэрэгжээд эхэлнэ.

-Нисдэг тэрэг хөөргөх тушаал Таниар дамждаг уу. Шийдвэрийг нь ямар үндэслэлд тулгуурладаг юм?

-Нисдэг тэрэг хөөргөх дүрэм журам нь улсын нислэгийн хууль, дүрмээр зохицуулагддаг. Гэхдээ хөөргөх шийдвэрийг миний бие гаргадаг. Энэ дагуу 111 ангийн захирагч бэлэн байдлыг хангаж, зохион байгуулалт хийдэг. Нисгэгч нарын хувьд өнгөрсөн хугацаанд 100 цагийн нислэгийн чадавхитай болсноор төслийн эхний хугацаагаа дуусгасан. Цар тахлын үеийн нөлөө хугацаа алдахад хүргэсэн тал бий. Олон улсын стандартаараа нисдэг тэрэгний нисгэгч 500 цаг ниссэн байх шаардлагатай байдаг. Тиймээс хоёр дахь шатыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Төслийг сунгасан гол зорилго нь энэ.

-Гамшгаас урьдчилан сэргийлэх гол хөшүүрэг нь хөрөнгө санхүү, хүний нөөц. Өөрсдөд байгаа боломж нөхцөлөө одоогийнхоос илүү сайжруулах, олон улсын түвшинд хүргэх асуудлаар Та бүгдийн гаргасан саналыг Төрийн зүгээс хэр дэмжлэг хүлээх процесс нь ямар байдаг юм. Уг нь хамгийн гар татаж болохгүй асуудал нь гамшгаас урьдчилан сэргийлэх, байнгын бэлэн байдалд байх шүү дээ?

-Онцгой байдлын байгууллагыг анх байгуулахад тухайн үеийн төсвийн тооцооллоор 100 хувийн хангамжтай болоход 112 жил шаардлагатай гэж үзсэн юм билээ. Харин 19 жилийн буюу асар богино хугацаанд техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл чамлахааргүй түвшинд хүрлээ. УИХ, Засгийн газрын зүгээс ч анхаарч байна. Ялангуяа асуудал эрхэлсэн Шадар сайдын зүгээс богино хугацаанд хүлээж авч, холбогдох тооцоо судалгааг нягталж, Засгийн газар, УИХ, Байнгын хороонд тавьж, шийдвэрлүүлээд яваа. Тэгэхээр процессын хувьд удааширсан зүйл байхгүй. Аль болох дэмждэг. Монголын Төр онцгойгийн алба хаагчдын жаргал, зовлонг ойлгодог гэж боддог. Төсөв нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Алба хаагчдын өдөр тутмын хувцас хэрэглэл, цалин хөлс, урамшуулал, салбар нэгжүүдийг шинээр байгуулах урсгал зардал үе шаттай нэмэгдэж байна. 

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд нь төсөв харамлах ёсгүй гэсэн Таны саналтай байр суурь нэг байна. Олон улсын практикт гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулж байгаа нэг ам.доллар гамшгийн дараах 10-15 ам.долларыг хэмнэх тооцоолол байдаг. Тиймээс онцгой байдлын албыг аль болох богино хугацаанд хүчирхэгжүүлж, чадавхижуулах нь чухал. 

-Нийслэл, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын албаны хүртээмж нь олон улсынхаа жишигт хүрдэг үү?

-Онцгой байдлын алба Улаанбаатар хот, бүх аймаг, зарим сумдад салбар нэгжтэй. Нийслэлд гэхэд нийт хүн амын 50-аас дээш хувь нь оршин суудаг. Зонхилдог гамшиг нь обьектын түймэр өндөр эрсдэлтэй. Үер усны гамшиг нэмэгдэх хандлагатай байна. Иргэдийг гамшгаас хамгаалах Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тухайд үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бүтэц орон тоог эргэж харах, нэмэгдүүлэх шаардлагатай.

Олон улсын практикт хүн ам төвлөрсөн бүсэд 30 минутын дотор очиж үйлчилгээ үзүүлэх стандарттай. Монгол Улсад мөрдөж байгаа стандартаар 5000 хүн амтай сууринд нэг гал унтраах анги байхаар заасан. 10 мянган хүнтэй суурин газар, түүнээс алслагдсан нь 6000 хүн амтай бол эрэн хайх салбар нэг байхаар тусгасан. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. 200 км-ын радиус тутамд эрэн хайх, аврах, гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй.

-Холбогдох стандартынхаа хүрээнд одоо байгаа салбар нэгжийг, орон тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болчихсон яваа юм байна?

-Тэгж байж гамшгаас хамгаалах үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай болно. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн хэмжээнээс шалтгаалдаг. Аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдээс анги салбар, нэгжийг сумдад байгуулах санал ирдэг. Тэдгээрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлдэг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 30 гаруй салбар, нэгжийг шинээр нэмж байгуулсан. Ирэх жил 10 орчмыг байгуулах асуудал саналын түвшинд яваа. Яах аргагүй стандарт, тухайн орон нутагт тохиолдож буй гамшгийн асуудалтай холбогдуулж байгуулах шаардлагатай.

-Хүн хүч, хүний нөөц нь бэлэн байгаа юу?

-Тэрийг хангахад эдгээр салбар нэгжийн үүрэг оролцоо чухал.

-Онцгой байдлын алба хэрэгжүүлэх ёстой стандарт руугаа яваад л байгаа юм байна?

-Тийм ээ. Явж л байна.

-БИДНИЙ АШИГЛАДАГ ТЕХНИК АСУУДАЛТАЙ БАЙГАА НЬ ҮНЭН-

-Хөвсгөлд живсэн техник, хэрэгслийг татан гаргах үйл ажиллагаанд онцгой байдлын алба голчилж ажиллаж байгаа бил үү?

-Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын экосистемийг сайжруулах, тэнд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ дагуу нуурт живсэн автомашин, техник хэрэгслийг татаж гаргах ажиллагааг онцгой байдлын алба шууд удирдлагаар ханган ажиллаж байна. Зэвсэгт хүчний анги салбар, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар дэмжлэг үзүүлж байгаа. Жилийн өмнө 300 гаруй тн жинтэй, 36 жил болсон "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргалаа. Энэхүү туршлагадаа үндэслэж, нуурт живсэн 33-120 метрийн гүнд байсан долоон тээврийн хэрэгслийг татан гаргалаа. 20 гаруй тн шатах, тослох материалыг гаргасан. Усны бохирдлын судалгаа тооцоогоор Баянгол дүүрэгтэй тэнцэхүйц хэмжээний бохирдуулагч эх үүсвэрийг арилгасан гэсэн үг.

Татан гаргах ажиллагааны хүрээнд инженерийн шийдлийг анх удаагаа дотооддоо гаргалаа. "Сүхбаатар" хөлөг онгоц эрэгтэйгээ ойр байсан болохоор татаж гаргаж байсан бол сая өргөх байгууламжийг ашиглалаа. Нууран дээр хөвөгч хөлгийг ашиглаж, өргөх цамхагийг дотооддоо бий болгосон. Эрдэмтэн багш нарын нарийн судалгаа, технологид үндэслэсэн. Аль талаас нь татахаас эхлээд нэг машин гаргах болгонд судалгаа хийсэн. Аль өнцгөөс нь татах, усны нягт хэд вэ? гэх зэргээр. Эхлээд Хөвсгөл нууранд ёроолын судалгаа хийж байгаа юм. Аюултай хог хаягдал нь аль хэсэгт байна уу гэдэг тусгай судалгааны баг хийсэн. Түүнийг нь АНУ-д үйлдвэрлэсэн 300 метр хүртэлх гүнд ажилладаг багажаар шалгаж, тогтоосны дагуу татан гаргах төлөвлөлт гаргана. Цаг хугацаа их орно. Байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамаарна. Хүчтэй салхи, шуурга болох үед хөвөгч дээр байгаа тоног төхөөрөмж гацах, цахилгааны гэмтэл гарсны улмаас хүн бэртэх эрсдэлтэй ч долоон тээврийн хэрэгслийг гаргалаа. Ирэх жил энэхүү ажиллагааг үргэлжлүүлнэ. 

-Үргэлжлэн орж байгаа цасан шуурганы улмаас зам, даваа хаагдахаас эхлээд орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх гарч болзошгүй гамшигт үзэгдэл онцгой байдлын албаны бэлэн байдал ямар түвшинд байна вэ? Хүн хүч, машин техникээс эхлээд дутагдалтай тал байна уу?

-Нийт нутгаар зуншлага харьцангуй гайгүй болсон. Говийн зарим аймгаар хэт их хуурайшилттай байлаа. Эдгээр бүсэд өвөлжилт хүндрэх нь тодорхой болж байна. Намрын сүүлчээр цасан болон шороон шуурга боллоо. Нийт нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтлоо. Тэгэхээр өвөлжилт хүндрэх нь тодорхой болж байна. Үүнтэй холбогдуулж, албан байгууллагууд өөрсдийн хэмжээнд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Онцгой байдлын албаны хувьд өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад ялангуяа гамшгаас хамгаалах үйлчилгээ буюу цасанд суусан иргэдийн аюулгүй байдлыг хангах, машин техникийг татан гаргах дэмжлэг туслалцааг үзүүлээд явж байна. Аймгийн болон сумын Онцгой комиссын шийдвэрээр очиж дэмжлэг үзүүлэх үүрэг даалгавар хүлээхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр бидний ашиглаж байгаа автомашины хувьд үнэхээр асуудалтай байгаа нь үнэн.

-Асуудалтай гэдэг нь...?

-Манай албанд ашигладаг фургон тэргүүтэй автомашины тухайд цасны зузаан их байхад явахад хүндрэлтэй. Монгол орны онцлог бий, харилцан адилгүй цас тогтдог. Гуу жалгатай газраа 30-40, 70-80 см хэмжээтэй байдаг. Тэрийг хараад мэдэхгүй. Явж байгаад суучихдаг түгээмэл нөхцөл байдал бидэнд байна. Цаашид техник хэрэгслийнхээ хүчин чадлыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа.

-Малын гоц халдварт өвчний тархалт улсын хэмжээнд ямар байгаа бол. Өнгөрсөн жилүүдэд шүлхий өвчний тархалт 19 аймагт тархсан байдалтай явсан байдаг шүү?

-Энэ жилийн хувьд зургаан аймгийн 14 суманд бог малын мялзан өвчний тохиолдол давамгайлж байна. Урд жилүүдэд шүлхий, малын арьс товруутах гоц халдварт өвчин гарч байсан. Үүнээс үүдэж голомттой бүсийн аймаг, сумдад хорио цээрийн дэглэм мөрдөж ажилласан. Тухайн орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарлах, малын дархлаажуулалт явуулах, гадна, дотноос ирж байгаа автомашины хөдөлгөөнийг зохицуулах асуудал багтдаг. Өвлийн нөхцөл үргэлжилж байгаа учраас тухайн орон нутгийн иргэд, малчдад нийгмийн үйлчилгээг орхигдуулахгүйгээр зохион байгуулах талаас нь манай байгууллага аймаг, сумын Онцгой комисстой мэдээлэл солилцоод яваа. Одоогоор хүндэрсэн асуудал хараахан гараагүй. 

-“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг гадаад, дотоодын төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгууллаа. Чуулганы гол зорилго нь яг юу байв. Монгол Улсын талаарх олон улсын байгууллагын санал, дүгнэлтэд юуг голчлон ярив?

-Энэ удаагийн форумын гол зорилго нь тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, өнөөдийн хууль, эрх зүйн орчин ямар байна зэргээр олон талаас нь ярилаа. Төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас ач холбогдол өгч оролцсоноороо онцлог. Улаанбаатараас гадна 21 аймагт давхар зохион байгуулсан. Үүнээс юу харагдаж байна гэхээр Монгол Улсын хувьд байгалийн тогтоц, газар зүйн байрлал, улирлын байдал, мал аж ахуйн давамгайлсан бүтэц нь гамшгийн эрсдэлд өртөмтгий юм байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар авч үзэхэд түүнийх нь өмнө 20 жилтэй харьцуулахад гамшгийн тоо давтамж нь 30 хувиар нэмэгдсэн байгаа юм. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг одооноос анхаарахгүй бол хүндэрсэн хойно нь ямар ч арга хэмжээ аваад нэмэргүйг хэлж байна. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ гээд баримт бичиг байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Засгийн газар тодорхой амлалт авсан. Түүнийхээ стратеги төлөвлөгөөг батлаад ажиллаж байна. Монгол Улсад байгаа ололт, амжилттай зүйлийг мэдээж олон улсад таниулж байна. Олон улсаас туршлага судлах зүйл байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд олон нийтийн хандлагыг өөрчлөх нь чухал гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр байгаа боловсролын системээр дамжуулж мэдлэг, ойлголтыг өгч байгаа ч хангалтгүй байна. Боловсролын шинэчилсэн хуулиар насан туршийн боловсрол олголтын хүрээнд цэцэрлэгээс оюутан хүртэлх насанд ордог гамшгаас хамгаалах болон аюулгүй амьдрах ухааны хичээлийн агуулгыг шинэчлэх, илүү хүртээмжтэй болгох асуудлаар хамтрах ажлыг ярьж байгаа. 

Дээрээс нь эрсдэлийг шилжүүлэх асуудал гэж бий. Өөрөөр хэлбэл, эрсдэл бий болсон тохиолдолд түүнийг хуваалцах механизм нь манайд бүрдээгүй. Улаанбаатарт болсон томоохон үерийн хохирлын хэмжээ нь 30 тэрбум гэж ярьж байгаа. Түүнийг яаж барагдуулах юм. Иргэд даатгалд хамрагдсан байдаг уу гэдгийг судлаад үзэхээр асуудал байна. Өнөөдөр мөрдөж байгаа эрх зүйн орчныг сайжруулах. Давхар даатгалын тогтолцоог бий болгох, гамшигт нэрвэгдсэн иргэд түүгээр дамжуулж санхүүжилтийн эх үүсвэрээ авах боломжоор нь хангах асуудлаар олон улсын туршлагыг судалсан. Улмаар гамшгаас хамгаалах даатгалын хуулийн орчинг сайжруулахад анхаарах ёстой гэсэн саналд нэгдсэн. 

Хамгийн гол нь эрт сэрэмжлүүлэх буюу улсын хэмжээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлье гэж байгаа юм. Мэдээллийн бүх сувгаар цаг хугацааны хоцрогдолгүй хүргэдэг системээ хөгжүүлье. Сансрын мэдээллийг нэвтрүүлье. Гарч болох эрсдэлийг эрт үнэлж, хариу авах арга хэмжээг төлөвлөдөг аргачлал руу оръё гэдгийг хөндсөн. 

-Зөвлөмж гаргаад өнгөрөх биш хэрэгжүүлснээр бодит үр дүн нь хэмжигдэнэ?

-Тийм ээ. Аливаа форумаар зөвлөмж гаргаад орхидог тал бий. Харин энэ удаагийнх бол тусгайлж гаргасан зөвлөмжийнхөө дагуу хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг төрийн болон хувийн хэвшил, ТББ-ын оролцоотойгоор зохион байгуулна. Шадар сайдын зүгээс “Стандарт ба Хөгжил” гэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан. Хэрвээ Засгийн газрын хуралдаанаас шийдвэр нь гарвал бүх байгууллага энэ чиглэл рүү анхаарч ажиллана.

UZEG.INFO