Ердөө хоёр сарын өмнө Гомбожавын Занданшатар гэгч МАН-ын фигур Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн дэмжлэгтэйгээр томилогдож билээ. Томилогдох мөчид тас нясхийсэн исгэлэн амттай амлалтуудыг чуулганы индрээс жаргалтайгаар өгүүлж зогссон тэрбээр өнөөдөр ажил хэрэг болгох зовлонтой биш юмаа гэхэд адармаатай өдрүүдийг даван туулж байна. Танхимаа бүрдүүлэхдээ улстөржих гэхээсээ илүү торгон мэдрэмжтэй хандаж, намжмал байдал үүсгэсэн сонголт хийх нь чухал байсан бөгөөд “Тамга хөзрийн там”-ыг эдэлж эхлэх нь тэр. Учир нь АН-гүй буюу сөрөг хүчинтэй Засгийн газрыг тэрбээр байгуулсан. Гэвч олон хоногийн турш улайстал улстөржсөн олон нийт түүний багийг дуртай дургүй алга ташин хүлээж авсан. Сөрөх ч хүчгүй болтлоо “нокаут” авсан АН хуруугаа ч хөдөлгөсөнгүй, өнөөдрийг хүртэл “шок”-нд хэвээрээ.

Тамга хүлээж авах мөчид тэрбээр хүлээн авч буй нөхцөл байдлаа бодитоор үнэлж, дүгнэж чадсан нь төлөвлөгөөгөө зөв зохиох луужин нь болсон байх. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы индрээс мэдэгдэхдээ “Улс төрийн тогтворгүй байдал, эдийн зас­гийн гадаад шок, төсвийн алдагдал, үнийн өсөлтөөс шалтгаалсан иргэдийн амьжиргааны дарамт нэмэгдсэн, хувийн хэвшлийн орон зай харьцангуй шахагдсан гэсэн шүүмжлэлийн дор хүнд нөхцөлд улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг хүлээн авч байна. Тиймээс шийдвэртэй, уялдаатай бодлого шаардлагатай. Ажил хийдэг, тэр нь үр дүнтэй байх, хувийн хэвшлээ дэмждэг, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэнэ. Янз бүрийн шошго наагаад, гоё пиарын үгээр яримааргүй байна. Муу хувилбараар 3.2 их наяд, сайн хувилбараар 2.3 их наядын алдагдалтай төсөв. Ханшийн дарамт, валютын цэвэр нөөц -1.8 тэрбум ам.доллар дутаж байна. Миний баримтлах гол зарчим бол “Үнэн байх” хэмээсэн.

Ингээд төсвөө харлаа, заслаа. Гол шалгуур нь яамны тоо цөөлөхгүйгээр есөн хувийн цомхотгол хийх, төрийн өмчит компаниудын тоог цөөлж, “Үндэсний хороо”-дыг татан буулгалаа.  хувьчлалыг эрчимжүүлэх мэдэгдлээ ажил хэрэг болгох явдал байв. Тоогоо харахаар ДНБ 95 их наяд төгрөг, үүний дийлэнх нь урсгал зардал болчихсон, нийт орлогынхоо гуравны нэгийг төр зарцуулдаг буй болгосон таагүй нөхцөл байдал түүнээс “бүсээ чангалах” хатуу бодлого шаардаж байв.

Энүүхэндээ гэхэд “парламентын гаднаас”, намын удирдлагыг гартаа авалгүйгээр “нүцгэн” ирсэн Ерөнхий сайдын хувьд амаргүй алхмуудыг хийхэд хүрсэн ч нэгэнт өөрийн зөв гэж шийдсэн бол сошиал сүлжээнээс “зөвшөөрөл авалгүйгээр” бодлогоо хэрэгжүүлэх “Зөв муйхар” улс төрч гэдгээ харуулж, төрийн өмчит компаниудиас хэмнэлтээ эхлэхээр шийдсэн аж.

Өнгөрсөн 60 хоногт Г.Занданшатар хөлгөө өөрөө зохион шатар нүүж ажиллалаа. Юуны өмнө “Г.Занданшатарын анхны өвөл”-ийг гарз хохирол багатайгаар даван туулах явдал гэдгийг хар халуунд хөлсөө шудран суухдаа мэдрээд байв. Ингээд тухайн цаг мөчид хиншүү нь арилаагүй, улс орны хэмжээнд халуун цэг болоод буй Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, хугацаатай, хатуу үүрэг өглөө. Энэ үеэр тэрбээр Засгийн газрын тогтоолоор зургаан сарын хугацаанд  “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д онцгой дэглэм, төрийн өмчит бусад цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж шууд хяналт тогтоосноо танилцуулав.  

Мөн “Эрдэнэс Тавантолгой” гэгч төрөөсөө том эрх мэдэлтэй “вант улс” руу өнгийлөө. Наадмын өмнөх өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхэт баг томилж ажилласны дүнд биржээр борлуулсан нүүрсний экспорт ганцхан сарын дотор хоёр дахин нэмэгдчихэж! Томилогдсон сард нь “ЭТТ”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол түүнээс хойш өнөөдрийг хүртэл 210 сая ам.доллар орж иржээ. Гэхдээ 85 удаа цахим арилжаа зохион байгуулахад 65 удаагийнх нь амжилтгүй болж, хагас жилийн дотор ганцхан сая тонн нүүрс зарна гэдэг арай дэндүү үзүүлэлт байгаа биз? Онцгой баг томилсны дүнд юу хийсэн бэ гэхээр дээр дурдсан хагас жил зарсан нүүрсийг нь ганцхан сарын дотор экспортолжээ. Тэгэхээр биржийн зөв зохион байгуулалтад яах аргагүй “салхи оруулж” чадсан байна.

Дэлхий дахинд өрнөж буй геополитик, геостратегийн бодлогыг мэдэрч, урьдач арга хэмжээ авч чадах “бэлтгэгдсэн” Ерөнхий сайдын хувьд тэрбээр айсуй өвлийг өнтэй давах бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллаж эхэллээ. Ингэхдээ төр, хувийн хэвшлийг дэмжих өөрийн “ноу хау”-г дэвшүүлж Эдийн засгийн бодлогын зөвлөлийг “амь оруулж” буй нь анзаарагдсан. Мөн ирэх оны төсвийн төсөл боловсруулах Засгийн газрын бодлогод иргэдийн санаа бодлыг тусгах талаар анх удаа санаачилга гаргаж буй нь цочир сонин хэдий ч олон нийт идэвхтэй оролцож эхэллээ.

Тэрбээр өнгөрсөн 60 хоногийн хугацаанд шинэчлэлийн салхийг ч сэвэлзүүлж, өмнөх Засгийн газрын бодлогыг ч үргэлжлүүлэн, хил холболтын болон түгжрэлийг бууруулах салбар төмөр замуудын бүтээн байгуулалтын ажил, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн авлигын эсрэг тэмцэл, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх асуудлыг хянан шалгах тал дээр АТГ, УЕП-т хүсэлт тавьж хамтран ажиллах, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал, гэрч хохирогчийг хамгаалах талаар холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д оруулж ирэх хугацаатай үүргийг ажлын 60 дахь хоног дээрээ өгч уламжлал, шинэчлэлийг хослуулж буй нь төрийн өндөр алба хашиж ирсэн туршлагатай нь холбоотой гэж олон нийт үзэж буй биз ээ. Цаг үеийн нөхцөл яаж ч нөлөөлсөн “Бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэх” төрийн хүний есөн шинжийн нэгийг онцлон баримтална гэсэн зарчимдаа үнэн байна гэж түүнд найдъя.

Г.ЗАНДАНШАТАР “ИТГЭЛГҮЙ НИЙГЭМ ДЭЭРХ ЭХ ОРОН ГЭЖ БАЙДАГГҮЙ” ГЭВ

Цаг хугацааны, улс төрийн, эдийн засгийн хайчинд ажиллаж байна хэмээн тэрбээр өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг дүгнэж хэллээ. Юуны өмнө тэр арван реформ, мөн үе үе таван жилийн төлөвлөгөө яриад байх болсон. Арван реформ дотор өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан мега төслүүдээс шингэсэн, шинэ таван жил гэдэгт 2026-2031 он багтсан бололтой юм. Гэтэл үүний цаана өөрийнх нь “зохиосон” монгол маягийн модернизаци гэгч оршоод байгаа бололтой юм. Үүнийгээ хийх гэхээр нь ямар нөхцөл угтсаныг мөн сануулъя.

Түүний Засгийн газрыг “завсаргүй” гэж тодотгосны учир нь байгуулагдангуутаа эхний долоо хоног төсвийн тодотголд бэлтгэж эхэлсэн. Дараагийн 14 хоногт нь төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж урсгал зардлаас 2.3 их наяд төгрөг танасан гашуун нясуун шийдвэрийг зоригтой гаргасан билээ. Хэрэв энэ шийдвэрийг гаргаагүй бол өнөөдөр инфляци 12 хувьд, ам.долларын ханш 4000 төгрөгт хүрэх байсан гэх тооцоололтой байсан гэнэ. Тэгэхээр айсуй эрсдлээс урьдчлан сэргийлж, “аянгыг зайлуулсан” гэж хэлж болох юм.

Түүний ажлын онцлог, арга барилд зарим шинэ уур амьсгал анзаарагдсаны нэг нь “Z generation буюу жен зи үеийнхэн жин дарах болно” гэж үзсэн. Үнэхээр Ерөнхий сайд болсны дараах эхний баяр хөөрийг 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн охидын авчирсан Америкийн, Хятадын баг тамирчдыг ялсан тэр мэдрэмж, хаалттай буюу өмнөх үеийнхтэй харьцуулшгүй ухамсар, оюун санааны том өөрчлөлт гарсныг, тэр тусмаа хойч үеийнхээ хувь хүний хөгжилд төрөөс анхаарах ёстойг сануулсан учраас тэрбээр “Хамгийн том төсөл бол хүний хөгжил” хэмээгээд “Шинэ итгэл” гэгчийн тухай яриад буйг анзаарлаа.

Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд бидний хэсэгтээ л ярихаа болиод байсан “Голланд өвчин” айсуйг тэрбээр зарлаж байна. Нэг улсаас хамаарах экспортын хамаарал 94.1 хувьд хүрчээ. Нэг улстай харилцдаг худалдааны хэмжээ 69.7 хувьд хүрсэн байна. Түүхий эдийн экспортын хамаарал 93 хувьтай байна. Эдгээр тоо эдийн засгийн аюулгүй байдал алдагдчихаад буйг өгүүлнэ. Сүүлийн 30 жилд гадаад өрийн хэмжээ 37.2 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийнхаа 150 хувиар хэмжигдэх өрөнд оржээ. Энэ өдрүүдэд дэлхийн дахинд тарифын дайн өрнөж улс орон бүр дотоодын эдийн засгаа хамгаалах бодлогоороо өрсөлдөж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ нөхцөл байдлыг дүгнэхдээ “Гадаа хүйтэн ч дотор дулаахан байх чухал” хэмээн завсаргүй жар хоног ажиллалаа. Үүний үр дүнд байгалийн баялгаа зөв ашиглаж, хүнээ хөгжүүлж, эдийн засгаа ойрын таван жилд хоёр дахин, 2050 он хүртэл дөрөв дахин тэлэхийг тэр зорьжээ. Ингэхдээ “Монгол хүний хөгжил хамгийн том баялаг бөгөөд энэ том мега төслийг” онцлон анхаарч “Агуу Монголоо дахин агуутгая” хэмээн зарласан билээ. Үүнийх нь илрэл төрийн албаны реформ хийхдээ энэ мэдрэмжийг нь гол шалгуур болгоно, хүний хөгжилд анхаарсан байдлаар нь ажлыг дүгнэж аттестатчлана гэсэн нь мөн л цочир шинэ байр суурь байлаа.

Хэмнэлтийг төрөөс эхэлж 142 газрыг 114, 145 хэлтсийг 92 болгож яамны газар, хэлтсийн тоог 81-ээр цөөлөв. Засгийн газар БЭТ томилохдоо нэг хүнийг томилдог байсан бол энэ удаад “ЭТТ” компанид БЭТ баг томиллоо. Энэ багт санхүүгийн, тээврийн менежментийн, нүүрсний гэхчлэн долоон хүнтэй баг ажиллаж буй нь мөн л шинэ “ноу хау” юм. Сайн мэдээ гэвэл “Рио Тинто”-гоос 300 сая ам.доллар орж ирж Монголын банк санхүүгийн байгууллагад байршиж эхэллээ. Муу мэдээ гэвэл Монгол Улсын хэмжээнд цэвдэг хайлж эхэлсэн, ингэснээр цөлжилт үүсэх эрсдэл айсуй. Тиймээс “Алт-3” хөтөлбөрт болгоомжтой, ирээдүйгээ харсан байр суурь баримтална гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Улсын төсвийн төслийг Засгийн газар өргөн барихын өмнө боловсруулалтын явцад олон нийтээс санал авч, өнөөдрийн байдлаар 200-аад мянган иргэн үүнд оролцож саналаа өгчээ. Тэдгээрийн 27 хувь нь эрүүл мэнд, 22 хувь нь боловсрол, 18 хувь нь цахилгаан, дулаан, 17 хувь нь нийгмийн халамжийн зардлыг бууруулах санал өгсөн бол татвар бууруулах саналыг 34 хувь нь өгсөн байна. Одоогоор Ерөнхий сайд ирэх оны төсвийг “Хүний хөгжлийн төсөв” байх болно гэж зарлаад байгаа юм.

Түүний Засгийн газрын өргөн барьж буй бас нэгэн сонирхолтой хуулийн төсөл бол Баялаг бүтээгч, ажил олгогчдын тухай багц хуулийн төсөл анхаарал татаж буй. Төмөр замын бүтээн байгуулалтыг түргэвчилье. 2030 оноос өмнө найман тэрбум нүүрсээ яаж амжиж экспортлох вэ. Жилд 30 сая тонн нүүрс 250 жил зөөх үү, эсвэл таван их наядаар барьчихаад байгаа төмөр замаа ашиглах уу гэдэг менежментийг зөв хийх, коксжих нүүрсний талаарх алдаатай бодлогыг засах, Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хавдар-2 эмнэлгийг ашиглалтад оруулах гэхчлэн олон ажлыг тэр эхлүүлээд байна. 

Мөн Хотын даргад эрх мэдлийг нь бүрэн өгч, хагас коксжсон түлшийг тохирсон зуухтай нь иргэдэд тарааж утаагүй болгоно гээд байгаа хариуцлагыг нь үүрүүлээд хийх, амжилттай болбол үйлдвэрийг нь барих нь хамгийн зөв гарц болов уу. Учир нь орон сууцжуулаад байгаа хэсгийг газрын зураг дээрээс харахаар утаа үйлдвэрлэдэггүй хэсэгтээ орон сууцжуулаад байгаа болохоор зөвхөн үүнд найдах аргагүй юм.

Ерөнхий сайдаар томилогдсоны эхний жаран хоногийн ажлын товч мэдээлэл, ачаалал ийм байлаа. Айсуй 40 хоногийн дараа тэрбээр тайлангаа танилцуулах байх. Утаа, дэлхийн болон дотоодын улс төр, сөрөг хүчин хийгээд өөрийнх нь нам доторх ашиг сонирхлын зөрчил гэхчлэн түүнд олон сорилт, цөөнгүй өрсөлдөгч буй. Парламентын болон намын удирдлагын гаднаас Гүйцэтгэх засаглалыг удирдах сонирхолтой учиг зангилааны эзэн болсон түүнд болон багт нь амжилт хүсье.

                                                                                                                                 /2025-08-18/