Улс орон маань удахгүй Венесүэл шиг “тэжээлийн хомсдол”-д орж болзошгүй. Учир нь монголчууд, тэр дотроо Z үеийнхэн капитализмыг үл тэвчих социалист маягийн үзэл санаанд улам бүр уруу татагдаж байна. Энэ байдал цаашдаа хэтийдэж, венесүэлчүүд шиг капитализмаас хазайвал Монгол гарцаагүй “тэжээлийн хомсдолд” орно!

Уг нь Z үеийнхэн бохирдсон капитализмыг цэвэршүүлж, цэвэр капитализмыг бий болгохоор зүтгэвэл хоёр гараа өргөн дэмжихсэн. Гэтэл тэд эрх чөлөөний цочролдороод социализмаа санагалзах эмээ, өвөө, аав, ээж нарынхаа ностальгийд автаж байна. Бас; постмодернизм, постмарксизм, метамодерн гэх мэтийн шинэ шинэ баг зүүсэн антикапиталист үзэл санаануудаар моодорхож буй барууны залуусыг дуурайж байна.

Үүнийг анзаарсан эдийн засагч Отгочулуу Z үеийнхэндээ зориулан капитализмын үнэ цэнийг ойлгуулах зорилгоор телевизийн тусгай нэвтрүүлэг явуулаад эхэлсэн. Сосорбарам анд маань цэвэр капитализмын төлөө тэмцэхийг уриалаад “Baabar.mn” болон клабхауст өнждөг боллоо. 

Отгочулуу, Сосорбарам нар амжилт олно гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Учир нь Z үеийнхэн угаасаа эмоцилог насандаа яваа үеийнхэн. Эмоциороо ертөнцийн байдлыг хардаг тэд, баян ядуу хэмээсэн нийгмийн ялгаатай байдлыг тэвчдэггүй. Ер нь ихэнх идэр насныхан тэгшитгэхийн төлөө эрх чөлөөг золиход бэлэн байдаг нь өнөө хэр тайлагдаагүй парадокс.

Үнэндээ, чухам капитализм л хувийн машин унаж, гар утсаараа гангарч, телевизээрээ “Авьяаслаг монгол” үзэж суугаа ядуусыг дундад зууны ноёд, социализмын үеийн дарга нараас ч илүү баян, эрх чөлөөтэй болгосон. Гэтэл социализм нь эсрэгээр хувь хүнийг боолчилж, нийтийг тэгш ядууруулжээ.

Эдгээр үнэнийг баримтаар яаж ч нотоллоо, мөнөөх Z-үүд нийгмээ тэгшитгэхийн төлөө капитализмыг буруутгах хандлагаа хаяхгүй. Тэгээд тэд, капитализмыг деконструкци хийж байгаа аливаа утопи үзэл санаануудад автана. Отгочулуу, Сосорбарам нарт маш амаргүй байх болно оо!

Отгочулуу, Сосорбарам нар алсаас ирж мэдэх болзошгүй аюулыг түрүүлж хараад байх шиг байна!

Ковидоос болж улс орнуудын эдийн засаг унана. Эдийн засаг хямрахад хүмүүс стрессдэж эхэлнэ. Иррационал байдал газар авна. Ийм үед, шалтгаан нь ковид гэдгийг мэдэх хэдий ч хүмүүс эцсийн бүлэгт бухимдлаа капитализмд л гаргана. Капитализмыг деконструкци хийж байгаа эсэн бусын популист үзлүүдэд ховсдуулан галзуурцгаана. Ийм явдал, жишээ нь өнгөрсөн зууны 30-аад, 60-аад онуудад болсон юм.

Отгочулуу, Сосорбарам нарын таагаад байгаа тэр ирээдүйн болзошгүй аюулд нийгмээрээ “хөл алдахчихгүй”-н тулд юуны түрүүн баруун төвийн үзэлтнүүд гэгдэх бид Z үеийнхнийг сэхээрүүлэхэд хувь нэмрээ мөн оруулах ёстой!

Нийгэм бол амьд организм. Тийм болохоор аливаа амьд организмын нэгэн адил оршин тогтнохын тулд “тэжээл” нэхнэ. Нийгмийн “тэжээл”-ийн хэмжээг эдийн засагчид Дотоодын Нийт Бүтээгдэхүүн, Үндэсний Орлого, нэг хүнд ноогдох Дотоодын Нийт Бүтэгдэхүүн гэх мэт нэрлэгдэх янз бүрийн тоон хэмжигдэхүүнээр хэмждэг юм. ДНБ нь их бол “тэжээл” сайтай, бага бол “тэжээл” муутай улс л гэсэн үг л дээ. 

Хүн төрөлхтний түүхийг мөшгөөд үзсэн ч, өнөөдөр дэлхийн дээр оршин байгаа улс орнуудыг шинжээд үзсэн ч; эдийн засгийн бүх хэлбэрийн тогтолцооноос капитализм л нийгмээ “тэжээл”-ээр сайн хангаж, лангуу дүүрэн байлгажээ. Харин; феодал, коммунист, социалист, шашны эрхт, дорнын деспот, боолын гээд бусад бүх хэлбэрийн эдийн засгийн тогтолцоо нь капитализм шиг, нийгмээ тэжээлээр хангаж чадаагүй, байнга тэжээлийн хомсдолтой явсаар ирсэн аж.

Түүгээр барахгүй, капитализмыг дарангуйлан захирах ёстой хослуулан үр ашигтай эдийн засаг бий болгоно хэмээн мугуйдалсан Муссолини, Гитлерийн фашист, нацист туршилтууд бүтэлгүйтэж, уг бүтэлгүйтлээ нуух гэж дайн хийцгээсэн. Энэ түүх капитализм цэвэр байх ёстойг нотолж, Айн Рэндийн “Обьективизм” хэмээх сургаал мандан бадрахад нөлөөлсөн авай.

Өдгөө ч дэлхийн улс орнуудыг харахад капитализм нь хэчнээн цэвэр байж чадна тухайн улс төдий чинээ “тэжээл”-ээр сайн хангагдаж байна. Капитализмын цэвэр байдал ДНБ-тэйгээ шууд пропорционал хамааралтай болохыг Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас гаргадаг хөгжлийн тайлангуудаас төвөггүй харчхаж болно.

Энэ дашрамд тодруулахад, манайд Чили болон Азийн барууд дарангуйллын хүчээр хурдан хөгжиж чадсан гэх маш том эндүүрэл байдаг. Шал худлаа. Үнэндээ, хүйтэн дайн байгаагүй бол барууны зээл тусламж өгөгдөж, хөрөнгө оруулалт ороогүй бол чөлөөт зах зээлийг төрөөс хамгаалаагүй бол дэндүү “чанга гар” байгаад ч тэдгээр улс орнууд хөгжиж чадахгүй байх байсан юм. Энэ тухай Ли Куан Ю дурсамжиндаа тодорхой бичсэн байдаг.

Ямар ч сайн дарангуйлал түр зуурын эффекттэй төдий, гэхдээ тогтвортой хөжлийг бий болгож чаддаггүй. Эцсийн бүлэгт өөрийнхөө төлөө амьдрахыг шаарддаг дарангуйлагч этгээдтэй, баялаг бүтээгч Жон Галтуудын капитализм яаж таарах билээ?!

Үг олдож, үхэр ходлоо! Одоо, капитализм яагаад нийгмээ тэжээл (баялаг)-ийн дутагдалд оруулдаггүй атал бусад нийгмийн хэлбэрүүд болохоор зайлбаргүй тэжээл (баялаг)-ийн хомсдолд оруулаад байдаг вэ гэдгийг тодруулъя. Миний бодлоор үндсэн хоёр шалтгаан байна. Үүнд:

Нэг: Чинээлэг хангалуун сайхан амьдаръя гэдэг хүсэл бол чадалтай, чадалгүй хэнбугайд ч байгаль эхээс суулгасан программ. Энэ программыг зөв ажиллуулж, нийгмийг баялаг буюу “тэжээл”-ээр хангах эрчим хүч болгодог эдийн засгийн тогтолцоо бол цэвэр капитализм юм.

Капитализм нь бусдыг хохироон золиослолгүйгээр баян чинээлэг амьдрах эрхийг хүн бүрт олгож, бизнесийг нь хамгаалан өөгшүүлнэ. Хүсэл зориг нь хамгаалагдсан бизнесмэнүүд нийгмээ тэжээлээр хангах ажлыг хийнэ.

Капиталистууд нойр хоолоо умартан байж, өөр хоорондоо уралдан, өрсөлдөн байж улс орноо тэжээлээр хангах ажлыг хийдэг. Тэд эрх оронч болохоороо ч юм уу, иргэдээ хайрлах буянт сэтгэлтэй болохоороо ч юм уу ажиллаад байгаа юм биш, өөрийн баяжих хүсэлдээ л хөтлөгдсөн хэрэг юм. Капитализм хүний хувиа бодсон үйлдлийг нийгмийн буянт үйл хэрэг болгон хувиргах ид шидтэй болохыг анх нээсэн хүн нь Адам Смит билээ.

Гэтэл, социализм нь эсрэгээрээ хүний баяжих хүслийг нүгэлд тооцон бизнесийг нь хориод өмч хөрөнгийг нь хураадаг эдийн засгийн тогтолцоо юм.

Хувь хүний чинээлэг сайхан амьдрах байгалийн хүслийг хүчээр хорьдог нийгэмд нийгмийг тэжээлээр хангах сонирхолтой (баялаг бүтээх) хүн үгүй болж улс орон тэжээлийн хомсдолд ордог. Сүүлдээ, социализмын баялаг бүтээгч гол хүч гэгддэг ажилчин анги нь үйлдвэрийнхээ барааг хулгайлж хар зах руу зөөдөг “хоёр нүүртэй хулгайчид” болохуйд аргаа барсан нам, засаг нь иргэддээ картаар бараагаа түгээхэд хүрдэг. Энхтайван цагт шүү дээ!

Социализм нь чинээлэг сайхан амьдрах гэдэг хүсэл огтоос үгүй иргэд бүхий нийгэм байгуулах зорилготой, түүхэнд байгаагүй аварга том утопи төсөл байлаа! Марксын боловсруулсан энэ төсөл олон улс орнуудыг тэжээлийн дутагдалд оруулан дампууруулсан билээ!

Хоёр: Ямар ч нийгэмд тодорхой хэлбэрийн эрэмбэлэл, иерархи зайлшгүй байдаг. Феодал, социалист, фашист, нацист зэрэг дарангуйлагч дэглэмтэй улсуудад нийгмийн эрэмбийн үндсэн шатлал нь засаглах эрх мэдэл буюу улстөрийн эрх мэдлийг дагаж өрөгдөнө. Төрийн доод албан тушаалтнаас өгсүүлээд дээшилсээр хаан, эсхүл үндэсний удирдагч оройд нь сууна. Эрх мэдлийн иерархи нийгэмд тогтоох нь хэзээд улстөрчдийн сонирхол байсаар иржээ.

Харин сэхээтнүүд, нийгмийн эрэмбийн үндсэн шатлалыг оюун ухааныг дагаж өрөгддөг байхыг мөрөөддөг. Энэ мөрөөдлийн илэрхийлэл нь Платон (Плато)-ы “Төр улс” зохиол юм. Мөн өнөө цагт Ромын хамбын тэргүүлсэн Ватикан, аятолла Хамейне тэргүүлсэн шашны эрхт Иран зэрэг улсууд болно.

Капитализм нийгмийг илүү прагматикаар эрэмбэлдэг. Иерархийн үндсэн шатлалыг өрөхдөө, үндэсний баялаг буюу нийгмийн тэжээлийг бий болгоход тухайн хүнээс оруулсан хувь нэмрийг үнэлэн тооцдог тогтолцоо. “Форбес” сэтгүүл жил бүр, жишээ нь Америкийн нийгмийн эрэмбийн үндсэн шатлалд гарч байгаа өөрчлөлтийг жагсаан харуулж байдаг. Түүнээс харахад Билл Гейтс, Илон Маск, Жефф Безос, Цукерберг, Уоррен Баффет зэргийн баячуудын манлайллын жагсаалт байнга өөрчлөгдөж байх юм билээ.

Алдарт рэпер Канье Уэст “Форбес”- ийн жагсаалтад ороогүйгээ шударга биш явдал гэж үзэн гомдоллож байсан. Тэрбээр нэрээ гаргахыг хүссэн байж болох ч, хамгийн гол нь Америкийн ДНБ-ийг бий болгоход оруулж буй өөрийнх нь хувь нэмрийг нь дутуу үнэлсэнд дургүйцсэн бололтой.

Улстөрчид нь эрх мэдлээр, сэхээтнүүд нь оюун ухаан-мэдлэгийн төвшнөөр нийгмийг эрэмбэлэх сонирхолтой, түүнийгээ далд ухамсартаа тээж явдаг тул, нийгмийн гишүүдээ хөрөнгийнх нь хэмжээгээр эрэмбэлдэг капитализмд язгуураасаа таагүй хандсаар иржээ. Боломж л олдвол тэд олон түмнийг капиталистуудын эсрэг турхирч байдаг. Холливууд манлайлна шүү дээ!

Гэтэл, шударгаар авч үзвэл, улстөрчид, эрдэмтэд хэчнээн мундаг байлаа ч эрх мэдэл, мэдлэгийг баялаг болгодог увидастай улс биш. Үүний нэг тод жишээ нь дарга болон сэхээтнүүдээс бүрдэх элиттэй социалист нийгэм тэжээлийн хомсдолд орон дампуурсан явдал болдог.

Эрх мэдлийг ч тэр, оюун ухаан-мэдлэгийг ч тэр нийгмийн баялаг буюу “тэжээл” болгодог хүмүүс нь капиталистууд. “Төр улс” зохиолыг орчин цагийн парадигмд хөрвүүлэн тайлбал, Платон, капиталистуудыг нийгмийг тэжээх үүрэгтэй улс хэмээсэн байдаг юм. Тэр үнэн ажгуу! 

Хүн төрөлхтний түүхийн туршид, баян байх явдлыг гэмт хэрэг мэт үзэж ирсэн. Үлгэр домог, шашны судар номууд, утга зохиол уран сайхны бүтээлүүд, үзэл санааны сургаалуудын бараг 99 хувь нь баячуудыг нүгэлтэн, гэмт хэрэгтэн мэт сэжиглэн муучлахад чиглэгдэж байв.

Баячуудыг сэжиглэх нь капитализмаас өмнөх үед зөв байх үндэстэй байсан юм. Учир нь капитализмаас өмнөх үеийн хийгээд бусад өөр нийгмүүдэд баяжих арга зам нь угтаа бусдыг хүч хэрэглэн дээрэмдэх, тонох, булаах, хулгайлах байдлаар хэрэгжинэ. Тэдгээр нийгмүүдэд эдийн засгийн тоглоомын дүрэм нь “нэгийг нь хохироож, нөгөө нь хождог” ёстой. Омгийн ахлагчид, язгууртнууд, хаад, феодалууд, хамбууд зэрэг баячуудын анги бүгдээрээ л дээрэм, хууран мэхлэлтээр хөрөнгөжсөн юм.

Харин капитализм нь баяжих явдлыг нийгмийг тэжээх буянтай, шударга үйл хэрэг болгон хувиргасан. Капиталист эдийн засгийн тоглоомын дүрэм нь “таны ашиг бол миний ашиг” гэсэн моралийн өндөр зарчимтай. Капитализмаас өөр ямар ч хэлбэрийн нийгэмд эд баялгийг дагасан ийм гайхалтай мораль байгаагүй билээ!

Z үеийнхэн капитализмыг моральгүй нийгэм гэж маш том эндүүрдэг. Баян, ядуу гэсэн хуваагдалд таагүй ханддагаасаа тэгдэг биз. Бас капиталистууд “мөлжигчид” хэмээх Марксын гүтгэлэг хүн төрөлхтөнд дэндүү түгсэн байдаг нь тэдэнд нөлөөлсөн хэрэг.

Хэрэв зээ капиталистууд мөлжлөгөөр баяждаг байсан бол үндэсний баялаг бүтээдэггүй боолын эзэд, феодалууд, орчин цагийн дарангуйлагчид шиг хөгийн амьтад байх байсан.

Форд машин хийх, Стив Жобс ухаалаг гар утас хийх тухай бодох ч үгүй. Баялаг бүтээе, нийгмээ тэжээлээр хангая гэж нойр хоолгүй гүйхгүй. Боолын эзэд, феодалууд, дарангуйлагчид шиг хэнд ч хэрэггүй пирамид, ихэс дээдсийн цэнгүүн хийдэг шилтгээн, өөрийгөө мөнхрүүлсэн хөшөө бунхан мэтийг бариад сууж байх байсан билээ!

Капитализм бусад нийгмийг бодвол хамгийн хуурамчаар моральддаггүй нийгэм юм шүү! Яагаад гэвэл “тэжээлийн хомсдол”-д ордоггүй нийгэм.

Тэжээлийн хомсдолд орсон ямар ч хүнтэй моралийн тухай ярих боломжгүй. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд Маслоугийн хууль гэдэг. Нээрээ л өлсгөлөн хүн юуны өмнө хоол олж идэхээ бодно уу гэхээс биш ёс суртахуунтай байх тухай бодохгүй нь ойлгомжтой.

Энэ хууль зөвхөн хувь хүнд хамаарахгүй, хувь хүмүүсээс бүрдэх нийгэм гээчид мөн л таарна гэж би боддог. Нийгэм амьд организм. Тэжээл дутвал хэцүүднэ. Тэжээлийн хомсдолд орсон нийгэмд иргэд нь моральтай царайлж магадгүй ч үнэндээ моралиа тун чиг ажиггүй зарж бас чадна. 

Залуус аа! Тэжээлийн хомсдолд орсон нийгэмд санваартнууд нь худалч, улстөрчид нь хулгайч, сэхээтнүүд нь хулхи, иргэд нь хоёр нүүртэй байдаг. Капитализмаас хазайж социализм байгуулах гэж будилаад тэжээлийн хомсдолд орсон Венесүэлд одоо тийм л байна даа!