Би энэ буландаа Д.Сүрэнжав гуайг эшлэе гэж шийдээд нэгэн чухал номоос үг үсэггүй будаа иднэ. Мартагдсан түүхийг өнөөгийн залууст мэдүүлж мэдрүүлэх зорилготой. Орост төлөх өрийг тэглэсэн Н.Энхбаярын Засгийн газрын гавьяаг энд тэмдэглэхдээ Сүрэнжав гуайн мэдлэг оюун ухаан чухал нөлөө дэвсгэр болж өгснийг хүндтэйгээр зарлаж, түүхэн гавьяаг нь зориуд дурсах гэж байна.

Би энэ эрхмийг 1980-аад оноос мэднэ. Намайг армиас халагдаад Мэдээлэл радио телевизийн улсын хороонд очиж байхад хорооны орлогч дарга Д.Чимэддорж гэж буянтан угтан авч дараахан нь намайг Бээжинд ЭСЯ-нд дадлагажигчаар явуулахаар шийдэж байсан үе юмдаг. Д.Чимэддорж бол ГЯЯ-ны орлогч сайд, дараа нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан, Цэдэнбалын итгэлт хүн. Энэ их хүнийд 1984 оны зун хөл тавьснаас хойш 1990 оныг хүртэл би мөн ч их холхисон доо. Би гэж залуу хүүхэд, юун тэр том хүнтэй ойртох, юун хундага тулгах, үүд хавиар нь үйлчлээд л. Намын Төв Хорооны “Эдийн засгийн асуудал” сэтгүүлийн эрхлэгч Д.Сүрэнжав (энэ нийтлэлийн баатар), Шүүх яамны орлогч сайд Х.Дамдин (Дээд Шүүхийн дарга, Герман, Кубад Элчин сайд байсан) нар шил юм аваад ирнэ. Найр хавтгайрах тийшээ. Гэхдээ дуулахгүй, улс төр-түүх яриад л. Тэр том хүмүүсийн дунд байгаадаа би бахархах шиг, сүрдэх шиг болно. Нэг удаа сайд нар машинууддаа хуваагдаж суугаад Түргэний голын тэрээд гүүтэй айл руу явах боллоо. Би ч хамт л туулаа. Би тэднээс мөн ч их юм сонсоно. Дан түүх. Тэд бол амьд архивууд гэсгээд үндсэн сэдэвдээ оръё. Энд Баярхүү миний зохиож бичсэн нэгээхэн ч мөр байхгүй. Дан зохиолын баатрын маань ярьсан хэлсэн, бичсэн нь буй.

1968 онд Москвад хаалттай хамгаалсан Сүрэнжав гуайн диссертац гэж нэгэн дуулианыг уншигчиддаа дэлгэе. Тэрээр Орост тавьсан гэх өрийг бүр тэр үед шүүмжлэлтэй авч үзсэн анхны зоригтон бөгөөд зүрхтэн. Монгол, Зөвлөлтийн худалдааны харилцаанд ямагт давамгай эрх эдэлж байсан Зөвлөлт их гүрнийг нүд үл цавчин сөрөн зогсож, үнэний эрэлд эрслэн хүчин зүтгэсээр эцсийн бүлэгт ялалт байгуулсан эдийн засгийн эрдэмтэн-сэтгүүлч бол Сүрэнжав гуайяах аргагүй мөн. 

Хаалттай хамгаалсан эрдэм шинжилгээний тэр бүтээл нь “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагаа, БНМАУ-ын улс ардын аж ахуйн хөгжилд түүний нөлөө (гадаад худалдаа-зээлийн харилцааны жишээн дээр)” гэх гарчигтай. Оросоороо “Монголо-Советское экономическое сотрудничество и его влияние на развитие народного хозяйства МНР: на примере внешнеторговых и кредитных отношений”. 

Мань хүн Москва дахь гурван жилийн судалгааны ажлынхаа эцсийн үр дүнг гаргаж, монголчуудад хохиролтой байгааг харуулсан бүтээлэээрдэм шинжилгээний удирдагч багшдаа барьжээ. Цаадхи нь “Том гүрний түүхий эдийн хараат орон ийм л байдаг юм даа” гэж хэлсэн хэмээнСүрэнжав гуай ярьдаг байлаа. Эрдэм шинжилгээний тэр удирдагч юмыг голоор нь хэлдэг шударга хүн байсан бололтой. Тэр орос эрдэмтний гашуун үнэн үг өнөөдөр ч ямар хяслантай дуулдана вэ? Бизнес, эдийн засаг эрхэлдэг бүх нөхдөд энэ удаа дахиад нэг сануулчихъя. Бид өмнөд хөршийнхөө түүхий эдийн хараат улс болчихоод байгаагаа ухаараач гэсэн санаа шүү дээ. Эдийн засгийн энэ сэдвийг дараагийн хоёр нийтлэлдээ тусгая. Одоо өөр хүндхэн хурцхан сэдэв рүү (“1937 он”) оръё.

Сүрэнжав гуайярьдаг, бүр Зөвлөлтийн Элчин сайдтай цэц булаацалдан амыг нь тагладаг нэгэн сэдэв байлаа. Тэр нь “Манай улс ЗХУ-д өргүйгээр үл барам, харин бага сага авлагатай байх учиртай” гэх сэдэв. Түүнийгээ 1937 оны их хэлмэгдүүлэлтэй холбож өргүй хэмээн босгож тавьсан анхны тохиолдол.

1991.04.17-нд манай Гадаад явдлын яамнаас эрхлэн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Зөвлөлтийн Элчин сайдВ.И.Ситниковт (1988-1992 онд ажилласан) амаар болоод бичгээр тавьсан байдаг юм. 

- Жингийн нэг таваг дээр 1990 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын бүх салбарт Зөвлөлт Холбоот Улсын тусламжийн нэгтгэсэн дүн - 722 барилга байгууламж, үүний дотор 215 үйлдвэрийн газрыг тавья. Жингийннөгөө таваг дээр нь - 120 мянган хүн оршин сууж байсан 800 гаруй сүм хийд - хот суурин, бусад мөргөлийн газар, 7000 орчим жас жавын газрыг тавиад үзье. Эрхэм хүндэт Элчин сайдын бодлоор энэ хоёр тавагны аль нь илүү жин дарах бол?

Асуултад СССР-ийн Элчин сайд паг суув.Ихээр жихүүцэн -”Өр зээлийн асуудлыг сэтгүүлчид мэддэг юм биш” гэж түс тас хариулав. Цаанаа бол “Энэ яасан задарсан монгол вэ? Аугаа их Зөвлөлт гүрнийЭлчин сайдад энэ муу шалдан сурвалжлагч ийм том юм ярьж хэрхэн болох билээ!” гэсэн маяг тов тод сонсогдож байсан хэмээн Сүрэнжав гуай дурсамж номдоо бичжээ.

Тэрхүү лут ном надад байна. “Бичсэн зүйлийн минь утга санаа Монгол Улсын санхүүд дараа болохгүй” гэх гарчигтай 2010 онд хэвлэгдсэн. Тэр номоос абзац абзацаар нь эшлэж ганц нэг тайлбар хийе. Уншигчиддаа улам ойлгомжтой болгох үүднээc.

Монгол, Зөвлөлт хоёр орон, манай хоёр ард түмэн гар гараасаа барилцан социализм, коммунизмын замаар замнаж явахад хоорондоо адил төсөөтэй ялалт амжилт ч бишгүй тохиолдож, бас сэтгэл зовоосон үйл явдал ч гарч л байсан. Тийм нэг гунигт явдлын тоонд олон зуун жилээр уламжлан ирсэн түүх - соёлын цогцолбор үнэт дурсгал болох олон зуун сүм хийдийг устгаж, санваартан лам нарыг хилсээр хэлмэгдүүлсэн үйлдэл багтана. 

1931 оны 12 дугаар сарын 5-ны бямба гарагт Москва хотын төвд орших Авралт Христийн сүмийг дэлбэлж устгав. 1838-1883 оны хооронд барьсан 50 жилийн хөдөлмөр бөгөөд түмэн хүн багтах сүмийн нийт өртөг нь 1867 онд Хаант Орос Улсаас АНУ-д худалдсан Аляскийн хойг, Алеутын арлуудын үнээс даруй 4.2 сая рублиэр илүү байлаа. (15.2 сая ба 11 сая) Октябрийн хувьсгалын эхээр Орос оронд байсан 1025 сүмээс зөвхөн 16 нь үлдсэн юм. 1918-1923 оны хооронд сүм хийдээс хураасан 20000 пүү (320 тонн) алт, мөнгөний зөвхөн 2 хувийг музейд шилжүүлж үлдсэн 313.6 тонныг хайлуулсан. Сүм хийдийн алт мөнгөнөөс гадна бусад өнгөт төмөрлөг Зөвлөлт төрд чухал байжээ. 

“Задгай мөнгө цутгахын тул сүмийн хонхыг тун яаралтай буулган авах хэрэгтэй” гэж 1930 оны 10 дугаар сарын 8-нд Ерөнхий сайд А.И.Рыков шийдвэр гаргасан. Тэр үед Орос оронд 97.9 мянган тонн хонх байжээ. Түүнээс 70 мянган тонн орчим зэс, 14.4 мянган тонн тугалга гаргаж авахад Лондонгийн бирж дээр 44 орчим сая рублийн үнэд хүрэх байжээ. 

Зөвлөлтийн нэвтэрхий толь бичигт (боть 16, он 1974) “ЗСБНХУ-д үнэн алдрын шашны хэдхэн тооны сүм дуган, цөөн лам нар бий” гэж бичсэн нь шашин, сүм хийд, санваартны талаар Коммунист намын баримталж явуулсан бодлогын үр дүн юм. 

Яг энэ бодлогоо Монголд тулган хэрэгжүүлсэн юм. Сүм хийд, лам нарын асуудлаар Москвагаас Монголын удирдагчдад өгсөн чиглэл: 1933 оны 12 дугаар сарын 25, Сталин, Ворошилов нар Довчин, Элдэв-Очир хоёртой уулзсан нь: 

К.Е.Ворошилов - Монголын 700 мянган хүн амд 120 мянга орчим лам бий. Лам нар бол сүсэгтэн ардуудын хувьд багшаас гадна эмч, гар урчууд, худалдаачин, зөвлөхүүд нь гэх юм билээ. Лам нар гомосекс хийж тэнд очиж буй залуусыг биеийн хувьд муутгаж байна. 

И.В.Сталин - Энэ бол улс дотор улс байна шүү дээ. Чингис хаан ингэж байлгахгүй. Тэднийг бүгдийн хоолойг огтлох байсан биз. Лам нарыг дотроос нь хагалан бутаргах хэрэгтэй. Бурханд сүсэгтэй юу, үгүй юу гэдгээр бус, ардын хувьсгалт төрд хэрхэн хандаж байгаагаар нь задлах хэрэгтэй. 200 намын сайн гишүүнийг сүм хийд рүү явуулж бутаргах хэрэгтэй. Бид үнэн алдрын шашинтныг ингэж задлан бутаргаад үлдсэнийг бут ниргэсэн юм шүү. 

1934 оны 11 дүгээр сарын 15. Сталин Монголын төлөөлөгчидтэй ярилцсан нь: Молотов, Ворошилов, Каганович, Жданов, Сокольников, Элиава, Гэндэн, Чойбалсан, Мэнд, Дашчарив нар байлцсан. 

И.В.Сталин - Юуны өмнө улс доторхи улсыг үгүй хийх хэрэгтэй. Гэндэнгийн Засгийн газар лам нарынхаас хүчтэй байвал зохино. Донгио ядмаг амьтдыг зодож жанчдаг бөгөөд зөвхөн хүч тэнхээтэй хүмүүсийг хүндэтгэж байдаг юм гэдгийг мартаж болохгүй. 

1935 оны 12 дугаар сарын 30. Сталин, Молотов, Ворошилов, Литвинов, Стомоняков нар Гэндэн, Дэмид, Намсрай гуравтай уулзав. 

И.В.Сталин - Өнөөдөр танай лам нар тун хүчтэй байна. Лам нарын талаар Та нар юу ч хийхгүй байна. Лам нар Та нарыг идэж, тэд өсчбэхжиж байна. Та нар хүчирхэг арми байгуулаад лам нараа устгахгүй бол энэ бас л муу хэрэг. Учир нь лам нар бол Танай сайн арми, түүний ар талыг бутаргаж чадна. Намсрайн толгойлж байгаа Улсыг аюулаас хамгаалах газар лам нартай тэмцэх талаар юу ч хийхгүй байна. Урьд өмнө ч гэсэн, одоо ч гэсэн манай Онцгой Комисс лам нарын эдийн засаг, улс төр, ёс суртахууны үндсийг задлан бутаргахын төлөө тэмцсээр байна. Харин Танайд ийм ажил байхгүй. Намсрай, Та, энэ талаар юу ч хийгээгүй, харин ч лам нарыг өөгшүүлж байна. 

В.М.Молотов - Та нар лам нартай тэмцэхгүй юм бол, Та нарт туслах хэрэг байхгүй. Одоо үед Танай лам нарын төр улс нь Гэндэнгийн толгойлж байгаа Танай төрөөс илүү хүчтэй байна. 

К.Е.Ворошилов - Та нар лам нартай, япончуудтай, империалистүүдтэй тэмцэл хийхгүй юм бол Та нарт туслах ямар хэрэгтэй юм бэ. Хожим энэ тусламж маань лам нарт, империалистүүдэд өгсөн тусламж болно шүү дээ. 

И.В.Сталин - Нөхөд Гэндэн, Намсрай нар аа, Та нарт лам нартай тэмцэх дур хүсэл огт алга байна. Идэх л юм бол арааныхаа шүлсийг гоожтол идэх хэрэгтэй юм шүү гэжээ. 

Ингэж лам нартай тэмцэж, тэднийг устгахын чухлыг хэдэн жилийн турш Сталин тэргүүтэй зөвлөлтийн удирдагчид Монголын удирдагчдад туйлбартай ухуулан зөвлөв. Сталин бол СССР болон БНМАУ-ын ард түмнүүдийн эцэг, бүх дэлхийн хөдөлмөрчдийн жолоодогч билээ. Түүний санал зөвлөгөө бол хуулиас ч илүү хүчтэй байх ёстой. Бас тэгээд Молотов, Ворошилов хоёр тусламжаа зогсооно гэж сануулсан нь монголын удирдагчдын зүрхэнд цус хуруулсан байж таарна. 

Дотоод явдлын яамны сайд X.Чойбалсан 1937 оны 5 дугаар сард СССР-ийн Дотоод хэргийн ардын комиссар Н.И.Ежовт бичсэн захидалдаа - “ Таны үнэнч зарц Чойбалсан Танд хандан бичиж байна. Сүүлийн үеийн ДЯЯ-ны ажлын төвд лам нар лугаа тэмцэх асуудал байсан амуй. Лам нар болбасу Японы эсэргүү ажлын гол суурь болохын дээр Монголын ард түмний хөгжих, үндэсний тусгаар тогтнолд саад тотгор учруулагч гол харгис хүчин хэмээн тэмцсээр ажгуу. Танай газрын зөвлөх нөхөр Чопяк болон сургагч нарын шууд тусламж, мөн СССР улсын Элчин нөхөр Таировын зүйл бүрийн дэмжлэгээр миний бие (Х.Чойбалсан) лам нарын өсөлтийг хязгаарлан боох, тэднээс ард олны дунд нөлөөлөхийг таслан зогсоох тухай улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг намын Төв Хороо, Засгийн газраар оруулж чадсан билээ. Бид энэ ажилдаа нөхөр Сталингаас дээд ангийн лам нарын улсаас урваж тагнуул хийсэн ба зэвсэгт бослого гаргах хэмээсэн хэрэг 5-ыг бэлтгэж өргөн олны дунд ил хурлаар үзүүлэн таслуулах хэмээсэн зөвлөлгөөг биелүүлж гүйцэтгэж чадсан амуй. Эл таслан шийтгэсэн хэргүүд нь дээд ангийн лам нарыг маш гутааж чаджээ. Лам нараас хураах албан татвар 1936 онд 4 сая нэгзуун мянга, 1937 онд өссөөр байна. 1937 онд шийтгэгдсэн лам дээд анги 439, дунд анги 404, доод анги 603. Лам нартай тэмцэх ажилд бүх албан газрыг татан оруулсан. Цаашид Чойбалсан миний бие лам нарын тухай тогтоол бодлого, улс төр, үзэл суртлын тэмцлийг лам нарыг гүйцэтгэх (устгах) ажлын цохилт лугаа зохицуулан явуулахыг өөрийн өмнө үүрэг болгоно” гэжээ. 

Лам нарыг устгах бодлогын явц хэрэгжилт, түүний гадаад дотоодын хүчин зүйл ямар байсныг дээрхи захидал гэрчилж байна. Хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлэн олон түмний сүсэг бишрэлийг хүчээр хаасан эл аймшигт хэлмэгдүүлэлтэд монголын бүх санваартан, хүрээ хийд, сүм дацан, хурал номын газар өртсөн юм. 1936-1937 онд монголын бүх хүрээ хийд, дацан сүм, хурал номын газар, жас жав хийгээд лам хуврагуудын тооллого хийв. Тэрхүү тооллогын материалд тулгуурлан 1937 онд Дотоодыг Хамгаалах Газрын ерөнхий сургагч Чибисовын даалгавраар Дотоодыг Хамгаалах Газрын Хилийн цэргийн хэлтсийн ажилтан Мархаев “Монголын сүм хийдийн зураг” гэдгийгзохиож зурав. Одоо хүртэл ТЕГ-ын архивт хадгалагдаж байгаа энэ зураг бол лам нар - сүм хийдийг устгах гарын авлага байлаа. Нэгэнт сүм хийдийн байршил тодорч, лам нарын бүртгэл данс бэлэн болсон учир устгаж үгүй хийх нь техникийн асуудал байлаа. Эхлээд лам нарыг бөөн бөөнөөр нь баривчилж, байцаахыг нь байцаасан болж, эс байцаасныгаа эрэг ганганд амьдаар нь хаяж булшлав. Энэ бол Дотоодыг Хамгаалах газрын гүйцэтгэх ажилтнуудын гарын ур чадвар, хувьсгалт сонор сэрэмжийн нэг ёсны шалгуур болж байв. Эзэд нь буудуулж амь сүйрсэн, амьдаараа шороонд булуулсан, эсвэл шорон гянданд хоригдсон бөгөөд үлдсэн цөөн хэсэг нь дүрвэж явсан хоосон тэрхүү сүм хийдүүдийг устгаж үгүй хийх нь техникийн хувьд бүр ч хялбар үйлдэл байжээ. Лам нар, сүм хийдийг устгаж үгүй хийх ажлыг ердөө л 1937-1938 онд ийнхүү дуусгав.

Монголын ард түмний хүч хөрөнгөөр тав зургаан зуун жилийн турш барьж байгуулсан 700 - 800 хүрээ хийд, олон мянган дуган сүм, хэдэн мянган жасыг ердөө л гурав - дөрөвхөн жилийн дотор үнсэн товрог болгов. Тэдгээрт хуримтлагдсан бурхан шүтээн алт мөнгөн эдлэл, үнэт хөгжмийн зэмсэг, бурхан, суврагын шүнжиг хадаг яндар, торго дурдан эдлэл, мөргөлийн хувцас, үлэмж үнэт ном судар (9 эрдэнээр бүтсэн ном ч олон байсан) цөм ёстой л ганц цохилтоор алга болсон. Бүхэл бүтэн ард түмэн, улс гүрний хэдэн зууны турш үйлдвэрлэн бүтээж, хурааж хуримтлуулсан олон зуун хот сууриныг бүх эрдэнэс баялгийн хамт ганцхан цохилтоор үрэн таран хийхэд мөн ч их чадал хүч хэрэгтэйеэ дээ. Тийм гужир муйхар хүч чадал холгүй ойр, ил биш далд байж дээ.