Хаант Оросын засгийн газраас санхүүжүүлж, 1909 оноос Харбин хотноо гаргаж эхэлсэн “Монголын сонин бичиг” сэтгүүл нь урд этгээдэд хэвлэгдэж байсан “Монгол үгийн бодрол”, “Монгол ер үгийн сэтгүүл”-тэй өрсөлдөх, ард олны улс төрийн үзэл бодлыг хойт зүгт татах гол зорилготой байлаа. Сэтгүүл арваад жил тогтмол гарч, тухайн үеийн монгол ноёд, том лам нар хийгээд сэхээтнүүдийн дунд нэр хүндтэй байсны шалтгаан нь Ар, Өвөр, Буриад Монголын шинэлэг үзэлт, дэвшилтэт сэхээтнүүдийг редакцидаа авч ажиллуулсанд оршино. Тухайлбал, бүр анхны дугаараас нь эхлэн эрхлэгчээр нь Агын буриад Цэдэвийн Цэдэн-Иш, сурвалжлагчаар нь алдарт Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, Бадрах баатар, Хайсан гүн, Алмас-Очир нар ажиллаж байжээ. 

“Монголын сонин бичиг”-ийн талаар манай сэтгүүл зүйн эрдэмтэд тусгайлан судалсан тул энэхүү өгүүлэлд ерөнхий бодлого сэлтийг авч үзэхгүй, гагцхүү дөрөв дэх засаглалын үүргээ сайтар гүйцэтгэж, мэдээллийг үнэн зөв хүргэх, аль нэг талыг эс баримтлах сэтгүүл зүйн суурь зарчмыг чандлан, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхлан хөгжүүлж байсныг нь Сандоо амбаныг байцаан сурвалжилсан хэдэн жишээгээр үзүүлсү. Түүх судлаач нарт мэдээлэл нь хэрэг болох магадтай. 

“Монголын сонин бичиг” нь Сандоо амбаныг сүр жавхлантайгаар ирснээс гутамшигтайгаар хөөгдөх хүртэл нь бараг дугаар бүрдээ шийдвэр тушаал, үйл ажиллагааг нь сурвалжлан, шүүмжлэн хэлэлцэж байжээ. Үүнээс цөөн хэдийг жишээлэн авч үзье. (Конгрессын Номын Санд тус сэтгүүлийн 8-28, 34 болон хожим сонины форматаар хэвлэгдсэн 131, 151 дугаарууд хадгалагдаж буй)

Хэвт ёсны хоёрдугаар он, Хоёр сарын 25 #16 (1910 оны 2 сарын 25)

Да Хүрээнээ, шинэ тушаалын их сайдыг угтсан

Шинэ тушаалын хэрэг шийтгэгч их түшмэл Сандова Цагаан сарын 26-ны өглөө найман цагт Хүрээнээ хүрч ирэхүйд хуучин тушаалын их сайд Жанйи Монгол сайд, ван, бэйс ноёнтон, манж, монгол олон түшмэд жинстэн цэргүүдийг авч, цөм Хүрээний өмнө барьсан буудалд хүрч угтав. Бас Оросын морьт анги, Оросын Консул яамны олон түшмэд бүрнээ хамт одож угтан, маш хөөртэй болов хэмээмүй.

Хуучин тушаалын их сайд Жанйи хоёр сарын шинийн нэгний луу цагт тамга ба албан хэргээ тушаан төгсөөд, мөн өдрийн бичин цагт Хүрээнээс мордож, Нийслэлд эгэв хэмээмү. Шинэ тушаалын сайд Сандова тушаал хүлээсний хожим түүний татвар сүйхэд сууж, шоргоолж мэт олон дагагсадтай хүрч ирэв. Мөн өдрөө шинэ сайд хятад үг мэдэх арван арван долоо найман нас хүрсэн зүс өнгө тэгш сайхан хүүхнийг гурав зарлан авчирсан нь юу хийхийг мэдэхгүй тул олон хүмүүн нарын шүүмжлэн хэлэлцэх нь: Харьяат их түшмэл захын хэргийн зовуурийг бодохгүй, харин онц охидын өнгө, хас торгонд дуртай нь үнэхээрийн жигтэй болов хэлэлцэв гэнэ.

Энэ мэдээнд Сандоо амбан арван долоо найман настай өнгө зүс тэгш гурван сайхан охиныг дагуулан ирснийг шууд шүүмжлэн өгүүлсэн байна. Бас нөгөө талаар Орос, монгол, манж түшмэд түүниг сүр жавхлантай угтсаныг нь бас орхигдуулсангүй, мэдээллийн тэнцвэрийг хадгалж, болсон явдлыг чухам болсон янзаар нь дамжуулан мэдээлжээ.

Хэвт ёсны хоёрдугаар он, Гурван сарын 10 #17

Да Хүрээнээ шинэ их сайд Сандова үнэн ажийг хүндэтгэсэн

Хүрээний хэрэг шийтгэгч их сайд Сандова өнөөхөн нэгэн битүүмжит эвхмэл айлтгасныг сурвалжилбаас, учир нь: Монголын бодос аж маш баялаг, гагцхүү тэр хүн эс тохиолдсоноор олох ашиг маш бага, үнэн аж бадруулах нь өдгөөгийн чухал явдал мөн тул үнэн ажийг дөрөв хувааж шийтгэсүгэй. Нэг нь зоорийн явдлыг тэгшитгэн засмуй. Хоёрт үйлдвэр дархныг арвитгамуй. Гутгаарт шохойн ажийг шийтгэх гүнси (компани гэсэн утгатай хятад үг М. С.) байгуулмуй. Дөрөвт адуу мал адгуулах чанс (үйлдвэр, хороо гэсэн утгатай хятад үг. М. С.) байгуулмуй. Эдгээр зүйл тулгуур олмогц даруй дэс дараалан өргөн шийтгэсүгэй гэв хэмээжээ.

Энд Сандоо амбаныг буруутгахыг зорьсонгүй, Монголын аж ахуйг хөгжүүлэх зорилго тавьж, хичээнгүйлэн ажилласныг нь үнэн зөвөөр мэдээлжээ. Нөгөө талаас нь үзвэл “Сандова өнөөхөн нэгэн битүүмжит эвхмэл айлтгасныг сурвалжилбаас...” гэдгээс харахад энэ мэтээр Сандоо амбаны төв рүү илгээсэн “битүүмжит эвхмэл”-ийг цаг тухайд нь сурвалжлан мэдэж нийтэлж байсан нь тодорхой бөгөөд энэ нь “Монголын сонин бичиг” Монголын журганд өөрийн гэсэн хүнтэй, түүгээрээ дамжуулан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргээ чадамгай гүйцэтгэж байсныг өгүүлнэ. “Битүүмжит” хэмээх нь нэг талаар нууцын зэрэглэл мөн.

Хэвт ёсны хоёрдугаар он, Дөрвөн сарын 26 #19

Да Хүрээнээ суугаа их сайд олон хуврагуудыг эгэл болгож, цэрэг сургах санааг өвөртөлсөн нь эс бүтэж, гэдрэг олныг үймүүлсэн

Ойроос Да Хүрээнээс их худалдаачны томоотой хүмүүн нарын ирж хэлэлцэх нь: Шинэ сайд Сандова тушаалд ирснээс өмнөх сайдын гарын явдлыг олонх буруушааж, түүний шинэ хувилгаж халсугай хэмээсэн санаа нь өдгөө Баруун Зуугийн явдал нэгэнт бэрхтэй болж, алдагдахад хүрэв. Одоо түргэнээ монголчуудыг эртээс халж хувилган дарангуйлахгүй бол даган дуурайхыг үгүй болгохуйяа бэрх хэмээх ба... хуврагуудын тавин наснаас дээшийг сая сүмд суулгамуй. Тавин наснаас дорогшийг ямрыг ч хамаагүй, нэгэн адил цэрэг болгож сургамуй хэмээхээр тэргүүлэн нийт арван таван зүйл жагсаан айлтгасныг зарлигаар тогтоож, даруйд дэс дараалан өргөн шийтгэтүгэй хэмээснийг манай хороо нэгэнт өмнөх дэвтэрт бичиж гаргасан бөлгөө. Өдгөө их сайд Сандова үүнийг баримтлан, адбиш Да Хүрээний

Гандан хийд, Хүрээний хийдийн хэдэн түмэн хуврагуудыг урьдаар тийнхүү шийтгэмүй хэмээн эрдэм тэнхээгээ хэмнэн үл бодож, Хүрээний аливаа хэргийг Эрдэнэ Шанзодва ноён лугаа үл зөвлөн, шууд өөрийн дураар түшмэл цэрэг дагуулан, хийд сүмийн газарт сүр тавин айлгаж байцаан, Богд эзний зарлиг бошго, суудал атал хичээнгүйлэхгүй,

Богдын жаяг сургаал атал хүндлэхгүй, санаан таваар аймшигтайгаар шажинд хорлохыг завдан, дарлаж явахыг хоёр хийдийн олон хуврагууд түүний ямар ухааныг ч эс мэдэж, харин асуун сонсож мэдээддагаж явсугай хэмээн шударгуудан атал Сандова санаагаа мөн тодорхой хэлэхгүй, өөрийн санаагаар хүний тоо ба хуврагуудын нөхцөл хөрөнгө, барааг биеэр байцаан зовоосон...

Далай ламыг муушаан гачигдуулж... ховлон муушааж, нүүр олсугай хэмээн завдаж, цахилгаан утсаар айлтгаж, Да хүрээний лам нар урвасан тул даруй цэрэг буулган, хядан арилгамуй хэмээснийг

Дээрээс түүний шажинд хорлох хорт санааг хэдийнээ айлдаж, олон хуврагуудыг сайнаар тохинуул, дэмий таваар цэрэг хөдөлгөж болохгүй хэмээн түүний санаагаар эс болгожээ. Үүнд Сандова аргагүй нүүр алдаж, сонсвоос одоо олон хуврагуудыг цухалдуулан, энэ мэт шинэ засгийг танай хуврагуудын дургүй нь тэргүүлэгч хэн хүмүүн буй хэмээн гачигдуулж, нэр авмуй гэж буй хэмээмүй. Түүний хорт санаа нь олонд хорлож, нэр алдар олж эс чадавч Да Хүрээний газарт тэргүүлэгч гэгч нэгэн хэдэн нэрийг олж, чанга цаазаар шууд шийтгээд, чимэглэн айлтгаж, өмнөх айлтгасан үгээ үнэн болгож, түр агшны нэр нүүрээ бүртгэсүгэй гэнэм хэмээмүй. Нэгэнтэйгүүр басхүү олон Хятад сонин бичигт Да Хүрээний олон хуврагуудыг гүтгэн бичүүлж,

Далай ламын илгээсэн мунхруулах үгсийг сонсож үймэх санаатай хэмээж эрхгүй санаагаа гүйцэтгэсүгэй гэж буй гэнэм хэмээмүй.

Энд Сандоо амбаны үйл ажиллагаа, Монгол лам нарыг цэрэгт татах, хөрөнгө зоорийг нь тандан мэдэх, Далай ламыг буруушаах, эргээд Монгол лам нарыг гүтгэн дарах гэсэн гэсэн бусармаг явуулгыг шүүмжлэхдээ их худалдаачин, томоотой хүмүүсийн өгүүлэх байдлаар буюу “гэнэм, хэмээмүй, хэмээсэн” гэх дамжуулах үгээр нарийн илэрхийлсэн байна. 

Энэ мэтээр Сандоо амбаны явдал суудал бүрийг сайнтай муутай нь дугаар бүрдээ нарийн тод мэдээлж байсан учраас Манжийн засгаас сэрэмжлэн, битүүмжит захиа сэлтийг Монголын журганаар дамжуулахгүй шууд авч байхаар болжээ. Энэ тухай “Монголын сонин бичиг”-ийн 1911 оны 3 сарын 7-ны дугаар өгүүлсэн нь: “Цэргийн тухайн сайд Да Хүрээний их сайд Сандовад цахилгаан мэдээгээр илгээсэн нь: Үүнээс хойшид Хүрээний аливаа холбогдсон чухал хэргийг шууд, цахилгаан утсаар Засгийн яамнаа явуул. Монголын журганаар уламжлуулах хэрэггүй хэмээжээ.”

Ямар ч байсан Сандоо амбаны үнэн үйлийг ийнхүү сурвалжлан өгүүлсээр байсны тул тусгаар тогтнох цагаагчин гахай жилийн хувьсгал эхлэхэд Монголын, ялангуяа Хүрээний ард түмэн мэдээлэл сайтай байж, ноёд, лам нарынхаа хамтаар нэгэн хүчээр зориглон хөдөлж, Манжийн амбаныг хөөн явуулсан билээ. Үүнд л “Монголын сонин бичиг”-ийн нэг гол ач холбогдол оршино.