МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа.
Олимпын хорооны дөрвөн давхрын коридороор цэмцгэр өндөр залуу “За, та намайг их хүлээлээ юу?” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг. “Олимпын хорооны хийж буй ажлуудыг Танаар дамжуулан олон нийтэд хүргэхсэн гэж бодлоо” хэмээн уулзалтын эхний үг урсан гарч, ярилцлага хэдийн эхэлжээ. “Ямар сэдвээр ярилцах вэ?” гэсэн оршил ч хэрэг болсонгүй. Цай ууж, хууч хөөрөв. Тэрээр “Та наад диктофоноо асаасан уу?” гэж нэг асуугаад, нээлттэй яриагаа үргэлжлүүлсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа.
Олимпын хорооны дөрвөн давхрын коридороор цэмцгэр өндөр залуу “За, та намайг их хүлээлээ юу?” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг. “Олимпын хорооны хийж буй ажлуудыг Танаар дамжуулан олон нийтэд хүргэхсэн гэж бодлоо” хэмээн уулзалтын эхний үг урсан гарч, ярилцлага хэдийн эхэлжээ. “Ямар сэдвээр ярилцах вэ?” гэсэн оршил ч хэрэг болсонгүй. Цай ууж, хууч хөөрөв. Тэрээр “Та наад диктофоноо асаасан уу?” гэж нэг асуугаад, нээлттэй яриагаа үргэлжлүүлсэн юм.
“Хааяа намайг, манай гэр бүлийг ямар ч хамааралгүй асуудалтай холбохыг оролдох нь бий. Заримдаа тэд өөрсдөө асуудалтай, тэгээд хуурамч түүх бүтээж, өөрсдийгөө нуухыг хичээж байгаа юм шиг л санагддаг” хэмээн тэр хүүрнэв.
Ярилцлагын маань онцлог нь энэ удаад 6-р сарын 23-ны “Олимпын өдөр”-өөр олон нийтэд хүрэхээр төлөвлөгдсөн явдал байв.
– Олимпын өдрийн утга, агуулгыг дурдъя.
– Тийм ээ, жил бүрийн 6-р сарын 23-ныг дэлхий даяар “Олимпын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь 1894 онд Парист 12 улсын төлөөлөгчид цугларч, орчин цагийн олимпын хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ бол Олон улсын олимпын хорооны төрсөн өдөр. Тиймээс дэлхий даяар спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маяг, эерэг нийгмийн хандлагыг түгээх олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Азийн олимпын зөвлөлийн төлөөлөл манай улсад айлчилж, уламжлалт “Олимпын өдрөө гүйлт”-ээ зохион байгуулсан нь онцлог байлаа.
Энэ дашрамд Монголын олимпын хөдөлгөөнд хувь нэмэр оруулж буй нийт зүтгэлтэн, тамирчид, дэмжигчдэдээ Олимпын өдрийн мэнд хүргэе.
– Таныг МҮОХ-ны Ерөнхийлөгч болсноос хойш чамгүй олон ажил хийгдлээ. Гол онцлох зүйлсийг дурдвал?
– Би ОУОХ-ны гишүүний хувиар хоёр олимпын наадамд оролцлоо. Токиогийн олимпын үеэр Монголын багийн ахлагчаар ажилласан. Цар тахлын хатуу нөхцөлд байсан ч бид 4 медаль хүртсэн. Шигшээ тоглолтод хамгийн олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн нь онцлог байсан. Харин Парисын олимпод 9 спортын төрөлд 32 тамирчин оролцож, нэг мөнгөн медаль хүртсэн.
“Монголия Хаус” төслийг бид санаачлан Парист амжилттай хэрэгжүүлсэн. Монголын соёл, түүх, өв уламжлалыг сурталчлах энэ орон зайд нийт 60,000 гаруй хүн зочилсон. Төслийн нээлтийн өдөр буюу 7-р сарын 27-нд, Олимпын наадмын албан ёсны нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх “Монголия Хаус”-т хүрэлцэн ирсэн юм. Тэр үед манай бөх Баасанхүү мөнгөн медалийн болзол хангах чухал барилдаанаа хийж, бид “Монголия Хаус”-т цугласан олон монголчуудтай хамт дэлгэцийн өмнө тэрхүү түүхэн мөчийг сэтгэл догдлон хуваалцсан.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд манай Олимпын хорооны олон түнш байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Скайтел, МАК, Моннис зэрэг хувийн хэвшлийн гол компаниуд идэвхтэй дэмжиж, улсын талаас Соёлын яам болон Нийслэлийн ЗДТГ оролцож, сайхан хамтын ажиллагааны жишээ болсон.”
– Шинээр сонгогдсон ОУОХ-ны Ерөнхийлөгчийн тухай?
– Томас Бах 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ “дараагийн олимпыг зохион байгуулах сонирхолтой ердөө 1–2 том улс л байдаг байсан” гэж ярьдаг. Харин өнөөдөр түүний удирдлагын дор олимпын хөдөлгөөн илүү нээлттэй, хүртээмжтэй болж, дараагийн олимпыг зохион байгуулах хүсэлт гаргасан улс орнуудын тоо 10-аас давж, өрсөлдөөн эрс нэмэгдсэн байна.
2025 онд болсон ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 7 хүн өрсөлдсөн. Тэдний дундаас Зимбабвегийн олимпын аварга, улс төрч Ковентри анхны эмэгтэй, анхны Африк гаралтай Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ нь олимпын хөдөлгөөн дотооддоо тэгш, олон талт байдлыг дэмжих эрмэлзэлтэй байгааг илтгэж байгаа юм.
2026 онд Африкт анхны Залуучуудын олимп болох гэж байгаа бол 2030, 2034 онуудад жижиг улс орнуудад зохион байгуулах боломж бидэнд ч нээлттэй байна.
– Монгол Улсын хувьд олимпын наадам зохион байгуулах талаар ямар бодлого баримталж байна вэ?
2030 эсвэл 2034 оны Залуучуудын олимпыг зохион байгуулах хүсэлтээ бид албан ёсоор илэрхийлсэн. Одоогоор нийт бараг 10 улс өрсөлдөж байна. Латин Америкийн хэд хэдэн орон, мөн Азийн бүсээс Энэтхэг, Тайланд, Индонез зэрэг улс идэвхтэй лобби хийж, өндөр сонирхолтой оролцож байна.
Мөн 2028 онд Лос Анжелест болох Олимпын наадамд Монгол Улсын оролцоог илүү өргөн хүрээтэй болгохоор зорьж байна. Үүний хүрээнд АНУ-ын Үндэсний олимпын хороо (USOPC)-той харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой Меморандум байгуулахыг зорьж байгаа. Энэ нь өнгөрсөн 5-р сард Катарын Үндэсний олимпын хороотой байгуулсан ерөнхий Меморандумын адилаар, тамирчдын хөгжлийг харилцан дэмжих, үндэсний олимпын хороодын туршлага солилцох, харилцан дэмжих зорилготой юм. Энэхүү Катарын Меморандум нь Монголын Үндэсний олимпын хорооны хувьд Зүүн Азийн бүсээс гадна өөр бүс нутгийн улсын ҮОХ-той анх удаа байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээ болсон онцлогтой. “LA2028” бол зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй Монгол–Америкийн харилцааг шинэ шатанд гаргах стратегийн боломж гэж харж байна.
Залуучуудын олимп зохион байгуулна гэдэг бол тухайн улс орны хувьд маш том боломж юм. 100 гаруй ОУОХ-ны гишүүд өөрсдөө ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцдаг. Ийм хэмжээний олимп зохион байгуулж буй улс орон тухайн үед дэлхийн спортын анхаарлын төвд очиж, аялал жуулчлал, маркетингийн хамгийн том сурталчилгааг авч чаддаг. Мөн 15–18 насны өсвөр үеийнхэнд зориулсан энэ олимп нь ирээдүйн залуу үед спорт, биеийн тамирын ач холбогдлыг ойлгуулж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ боловсрол, соёлын солилцоо болон эдийн засгийн бодит үр өгөөж авчирна гэдэгт би итгэлтэй байдаг.
Залуучуудын олимпын наадам болон Олон улсын олимпын хорооны чуулганыг Монголд зохион байгуулах тухай санаачлагыг миний бие анх 2021 онд, Токиогийн олимпын үеэр гаргаж, тухайн үед Улсын Их Хурлын дарга байсан Г.Занданшатар даргад албан ёсоор санал хүргүүлсэн. Тэр үед Занданшатар дарга уг саналыг нааштай хүлээн авч, дэмжлэг үзүүлсэн юм. Мөн тэрбээр Ерөнхий сайд болохоос н өмнө бид “2026 оны Сенегалд болох Залуучуудын олимпын Монголын багийн ахлагчаар та ажиллах уу?” хэмээн санал тавьсан. Энэ дагуу саяхан МҮОХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар багийн ахлагчаар баталсан. Занданшатар даргын спортын салбарыг дэмжих тууштай хандлагад би итгэдэг, цаашид ч хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
– Хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
– 2022 онд би Олон улсын олимпын хорооны “Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр” (OVEP)-ийг монгол хэлнээ орчуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь хүүхдийн ёс зүй, нийгмийн харилцаа, бие бялдар, танин мэдэхүйг спортын аргаар хөгжүүлэх шинэлэг боловсролын арга зүй юм. “Ялалт, хүндлэл, найрамдал” зэрэг олимпын үнэт зүйлсийг өдөр тутмын хичээл, тоглоом, дасгалуудаар дамжуулан ойлгуулдаг.
OVEP нь дэлхийн олон улс оронд амжилттай хэрэгжиж, боловсролын тогтолцоонд бодитоор нэвтэрсэн. Жишээлбэл, Шинэ Зеландад уг хөтөлбөрийг бүх нийтийн боловсролын тогтолцоонд уялдуулж, биеийн тамир, иргэний боловсролын хичээлүүдтэй хослуулан зааж байна. Түүнчлэн Танзани, Филиппин зэрэг улсуудад OVEP нь нийгмийн уялдаа холбоог сайжруулах, охид, хөвгүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнтэй хэрэгсэл болсон. Эдгээр сайн туршлагыг бид Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулахыг зорьж байна.
Хөтөлбөрийг манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд сургагч багш нарыг бэлтгэх, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах замаар цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлыг урагшлуулахад Монголын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олимпын академи болон Олимпын хорооны хамт олон энэхүү хөтөлбөрийг нэн тэргүүний зорилт болгон дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаад гүн талархаж байна.
– Дэлхийн топ сургуульд суралцсан нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
– Чикагогийн их сургуульд суралцсан нь миний бахархал. Энэ бол эдийн засаг, хууль, философи, физикийн салбарт дэлхийд тэргүүлэгч, 100 гаруй Нобелийн шагналтан төрүүлсэн сургууль. Тэнд өнгөрүүлсэн оюутан цагийн он жилүүд бол миний хувьд хамгийн гэгээлэг, хамгийн хөдөлмөрч, хамгийн ихээр өөрийгөө сорьж хөгжүүлсэн үе байлаа. Бодит сорилт дунд өөрийгөө нээж, сэтгэхүйн түвшингээ шинэ шатанд гаргасан нь өнөөдрийн хандлага, зарчим, ажилд маань маш чухал суурь болсон. Чикагогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан нь миний хувьд ирээдүйд банк, санхүүгийн салбарт ажиллахад маш том суурь болж өгсөн гэж боддог. Энэ боловсролын ачаар би эдийн засгийн онол, дүн шинжилгээний аргачлал, бодлогын хандлагыг гүнзгий ойлгож сурсан. Тиймээс Монголд ирээд Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлд ажиллах боломж гарч, тухайн үед олж авсан мэдлэг, арга барил маань шууд хэрэг болж, хувь нэмэр болсон гэж итгэдэг.
Харвардын Бизнесийн Сургуулийг төгссөн маань дэлхийн хамгийн сонирхолтой, оюуны өндөр түвшний хүмүүстэй уулзаж, тэдний хэрхэн сэтгэдэг, асуудлыг яаж шийддэгийг газар дээр нь харж, анги дотор шууд мэтгэлцэж, бодлоо хамгаалах чадвараа хөгжүүлэх том боломж болсон. Тэнд үргэлж шинэ санаа, өөрчлөгдөж буй дэлхий, салбар бүрт бий болж буй шинэлэг шийдлүүдийн тухай яригддаг. Ялангуяа технологи, инновацын чиглэлд хэрхэн тэргүүлж буйг бодитоор харж, ойлгож, түүнийг Монголдоо хэрэгжүүлэх тухай улам илүү бодох болсон.
Мөн эдгээр сургуулиудад суралцаж байх хугацаандаа маш олон ухаалаг, сонирхолтой, олон улсын найзуудтай болж, өнөөдрийг хүртэл хадгалагдсан үнэ цэнтэй найз нөхдийн сүлжээ, хамтын ажиллагааны суурийг тавьсан. Энэ бол зөвхөн боловсролоос гадна, амьдралын үнэт хөрөнгө болсон зүйл.
– Та дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд ихээхэн анхаарал хандуулж байна.
– Тийм ээ. Сүүлийн жилүүдэд технологи, хиймэл оюун ухаан (AI) нь бизнесийн орчинд төдийгүй нийгмийн бүх салбарт хувьсгал авчирч байна. Би И-Март компанийн үйл ажиллагаанд AI систем нэвтрүүлэх судалгааг идэвхтэй явуулж байгаа. Жишээлбэл, дэлгүүр дотор байрлуулсан камерын тусламжтайгаар эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үйлчилгээний доголдлыг автоматаар таних, хэрэглэгчийн зан төлөвийг судалж, илүү оновчтой шийдвэр гаргах зэрэг олон боломжийг AI олгож байна.
Технологийн шийдлийг зөвхөн хувийн хэвшилд төдийгүй спортын салбарт ч үр дүнтэй ашиглаж болохыг бид харж байна. Жишээ нь, Олон улсын олимпын хороо (IOC) AI технологийг ашиглан алслагдсан бүс нутгуудад амьдарч буй залуу тамирчдыг нээх, хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Тухайлбал, Сенегалд болох 2026 оны Залуучуудын олимпын хүрээнд, нутгийн хүүхдүүдийн биеийн хөдөлгөөний чадвар, уян хатан байдал, хурд зэрэг үзүүлэлтийг видео хэлбэрээр үүлэн системд байршуулж, AI ашиглан шинжилж, ирээдүйтэй авьяастнуудыг эрт шатанд илрүүлж эхэлсэн. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд ижил тэгш боломж олгох, спортын оролцоог нэмэгдүүлэх, авьяасыг орчноос үл хамааран хөгжүүлэх шинэ арга зам юм.
Монгол Улсад ч энэ төрлийн технологийг хүүхэд, залуусын спортоор хичээллэх орчинд нэвтрүүлэх, орон нутгийн ирээдүйтэй авьяастнуудыг эрт шатанд илрүүлж, бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх нь бидний дараагийн зорилт гэж бодож байна. Энэ бол зөвхөн бизнесийн бус, улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох стратегийн чиглэл гэж хардаг.
– Таны хувийн бизнесийн талаар?
– Би одоогоор “Алтай холдинг” болон “И-Март Монгол” (Sky Hypermarket)-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Мөн өнгөрсөн 9 жилийн турш “Скайтел”-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд энэ оны 3-р сард “Алтай холдинг” “Скайтел”-ийн хувьцаагаа амжилттай худалдсан. Үүний дараа би технологи, контент, стратегийн зөвлөх үйлчилгээний шинэ чиглэлүүдэд төвлөрөн, шинээр хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлээд байна.
Энэ ажлыг эхнэрийн хамт хэдэн жилийн өмнө байгуулсан “Үнэт продакшн” компанийн шугамаар явуулж байгаа бөгөөд тус компани өмнө нь “Фантастик”-ийн бүтээл “37-р Точка”-т хөрөнгө оруулж байсан. Цаашид олон улсын түүхэн агуулгатай контент бүтээлүүдэд, мөн ноолуур болон технологийн чиглэлийн компанид хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна.
– Эцэст нь, таныг Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү гэдгийг байнга хэлдэг. Энэ танд дарамт болдог уу?
– Аав маань намайг анхнаас нь сургаж, чиглүүлж ирсэн. Хичээлдээ анхаарч, спортдоо тууштай бай гэж захидаг байсан. Би 11 наснаасаа эхлэн 29 нас хүртлээ АНУ-д суралцаж олон улсад ажиллаж, ихэнх цагаа гадаадад өнгөрүүлсэн ч, зуны амралтаар Монголдоо ирэх үедээ ааваасаа зөвлөгөө авч, хамт байж, амьдралын ухаанд суралцдаг байсан.
Харин одоо бол миний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэж, өөрийнхөөрөө явахыг минь дэмждэг болсон. Бизнесийн гарааны нөхцөлийг аав минь тавьж өгсөн нь үнэн ч, одоо миний амбиц, сонирхол өөрөө намайг хөтөлдөг. Би өөрийн цаг үеэ, өөрийнхөөрөө бүтээж яваа хүн гэж боддог.
Манай гэр бүлийн бизнесийг аав минь 1991 онд “Алтай трейдинг” нэртэйгээр анх үүсгэн байгуулсан. Энэ нь тухайн үеийн Монголын хувьд нэлээд амжилттай, анхдагчдын нэг байж, “Чингис хаан” зочид буудал, “Алтай кашмер”, бусад салбарын олон бизнесийг амжилттай удирдаж байлаа. Улс төрд анх 2000 онд орсон ч, түүнээс өмнө аав маань бизнесийн салбарт өөрийн байр сууриа аль хэдийнээ тогтоосон байсан. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам зарим хүмүүс үүнийг мартдаг.
Заримдаа түүний өмнө нь хашиж байсан өндөр албан тушаал, улс төрийн байр суурьтай холбоотойгоор гэр бүл рүү маань чиглэсэн дайралтууд гардаг. Хуучин үеийн улс төрийн тактик ч юм уу, эсвэл зориудын харлуулалт уу гэдгийг ялгахад бэрх. Гэхдээ би шинэ үеийн улстөрчид, манлайлагчид үзэл санаа, үнэт зүйл, бодлогын суурь дээр тулгуурласан өрсөлдөөн хийдэг, баримтад үндэслээгүй дайралт, гүтгэлгээс татгалздаг соёл бүрдэх болно гэдэгт итгэдэг.