Мөнгө гэж юу вэ?

Мөнгө бол "Levellers". Энэ бол Карл Марксын алдарт "Капитал" бүтээлд гардаг үг.

May be an image of 1 person and text

Levellers гэдэг нь "тэгш эрхийн үзэлтнүүд" гэсэн утгатай бөгөөд 17-р зууны Англид болсон Пуританы хувьсгалаар хуулийн доорх эрх тэгш байдлыг уриалсан улс төрийн радикалчуудыг заасан нэршил юм. Хуулийн доор эрх тэгш гэдэг нь хүний төрөлхийн угсаа гарал, хөрөнгө чинээнээс үл хамааран хүн бүрд суурь эрхээ эдлэх "эрх чөлөө" байдаг гэсэн санааг илэрхийлдэг. "Мөнгө бол Levellers" гэх үгээрээ Маркс хүнийг хуулийн дор эрх тэгшээс гадна мөнгөний дор ч эрх тэгш гэж хэлэхийг хүссэн учиртай. Яагаад гэвэл мөнгө хүнийг далдалж чаддаг. Өөрийн identity-г мөнгөөр халхлах боломжтой. Жишээ нь, 10,000₮-тэй хүн угсаа гарал, нас хүйс, үзэл бодол, шашин шүтлэгээсээ үл хамааран 10,000₮-ийн үнэ бүхий зүйлийг авч чаддаг. Урьд цагийн нийгэмд хүнийг ямагт дагаж явсан зэрэг зиндаа, гарал үүслийн харьяаллаас хувь хүнийг нь салгах үүргийг мөнгө гүйцэтгэсэн. Тиймээс орчин үеийн нийгэм дэх хүний "эрх чөлөө"-ний суурийг мөнгө тавьсан гэж хэлж болно.

Гэвч мэдээж үүгээр яриа дуусахгүй. 10,000₮-тэй хүмүүс харилцан ижил үнэ бүхий зүйлийг авч чадах боловч 1,000,000₮-тэй хүн тэднээс 100 дахин их юм авч чадна. Мөнгө хүнийг угсаа гарал, яс үндэс, нас хүйсийн алагчлалаас чөлөөлж өгсөн ч зэрэгцээд орлого, хөрөнгийн "тэгш бус"-ыг ч төрүүлсэн. Энэхүү тэгш бусаас нийгмийн тогтворгүй байдал үүсдэг.

Тиймээс мөнгөний нөлөөн дор хувь хүний "эрх чөлөө" ба нийгмийн "тогтвортой байдал" хоёр харилцан зөрчилдөх хамааралд оршдог.

Фридрих Хаек, Милтон Фридман зэрэг laissez-faire үзэлтнүүд (эрх чөлөөг шүтэгчид, эсвэл аливааг зөнд нь орхихыг илүү үзэгчид) капиталист нийгмийн "эрх чөлөө"-г дөвийлгөн чухалчилж, зайлшгүй дагалдаж ирэх "нийгмийн тогтворгүй байдал"-ыг нь үл тоож орхидог. Харин нөгөө талд Карл Маркс тэргүүтэй социалист үзэлтнүүд мөнгөнөөс бий болох эрх чөлөөг "буржуй нарын эрх чөлөө" (буржуй буюу хөрөнгөтөнүүд)-нөөс цаашгүй зүйл хэмээн ад үздэг. Эдийн засгийн хямрал, орлогын ялгарал үгүй төгс нийгмийг хүсэмжилж, алсдаа мөнгө үгүй социалист нийгмийн тогтолцоог төсөөлөн дүрсэлсэн боловч тийм нийгэмд хувь хүний эрх чөлөө хөсөр хаягддагийг 20-р зууны олон социалист төрүүд практик туршилтаар нотолж харуулсан.

Харин өнөөгийн неолиберализмын эринд мөнгөний эрх чөлөөг тултал нь суллаж, капитализмыг зөнд нь орхисны үр дүнд эдийн засгийн хямрал, орлогын ялгарлын тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөн дор нийгэм улам бүр тогтворгүй болж байгааг бид биеэр туулан харж байна.

Тэгш байдлыг хэт хүсэмжилбэл эрх чөлөө үгүй болж, эсрэгээрээ эрх чөлөөг хэт чухалчилбал нийгэм тогтвортой үргэлжлэхэд хүндрэлтэй. Энэ утгаараа социалистууд ч, эдийн засгийн эрх чөлөөтнүүд ч мөнгө гэж юу болохыг хангалттай эргэцүүлээгүй юм.

Кейнсээс хойш

19-р зууныг "эрх чөлөөний зуун" гэж нэрлэдэгчлэн, үнэхээр тэр цагт эрх чөлөөг шүтэх үзэл санаа ноёлж байлаа.

Харин 20-р зуун гартал уг үзэл санаанд сүүдэр тогтох болж, 1929 онд Нью-Йоркийн бирж дээрх үнийн огцом уналтаар дөрөөлөн дэлхийн их хямрал ч эхлэх нь тэр. Түүний дөнгөж хойно 1936 онд Кейнс "Хөдөлмөр эрхлэлт, хүү ба мөнгөний ерөнхий онол" бүтээлээ хэвлэж, олны ярьдаг "Кейнсийн хувьсгал" дэгдэв. Тухайн үеийн Америкийн төр их хямралаас мултрахын тулд зах зээлд идэвхтэй оролцох New Deal бодлого хэрэгжүүлж байсан нь ч давхцаж, түүнээс хойш хэсэгтээ эдийн засгийн ухаандаа ч, улс төрийн бодлого талдаа ч "Тэнцвэрт бус динамик" талын байр суурь нөлөө бүхий болсон юм.

Гэсэн ч энэ хандлага мөн л түр зуурынх байв. Кейнсийн бодлогын амжилтаар капитализм тогтвортой байдлаа олж автал 1960-д оноос Фридман тэргүүтэй шинэ сонгодог эдийн засагчдын сөрөг хувьсгал түрж, 70-д он гэхэд салбарын эрх мэдлийг гартаа авах нь тэр. Цаашлаад Фридман нарын үзэл санаанаас нөлөө авсан Америкийн Рейган, Английн Тэтчер нарын засаг 1980-д оноос эдийн засгийн бодлогоо ч чөлөөлөх чиглэл тийш дахин эргүүлэв ээ.

Олон салбарт төрийн зохицуулалтыг сулруулан чөлөөт байдлыг чухалчилж, бүхий л эрсдлүүдийг үнэт цаасжуулж, үнэт цаасаа ч дахин үнэт цаасжуулсан санхүүгийн салбарын хувьсгал дор бүх дэлхийг зах зээлээр нь бүрхэх "Даяарчлал" газар авлаа. Даяарчлал бол цаад утгаараа капитализмыг цэвэршүүлэхийн (буюу саадгүй болгох) хэрээр түүний эффектив шинж ч, тогтвортой байдал ч чангарч, улам бүр төгс төлөвтөө дөхөж очно гэх шинэ сонгодог эдийн засгийн онолчдын "нүсэр туршилт" байсан юм.

Харамсалтай нь 2008 онд Лехманн шокын тэсрэлтээр эхэлсэн дэлхийн хямрал энэхүү нүсэр туршилт нь нүсэр бүтэлгүйтэл болохыг илчилсэн. Үнэндээ даяарчлалын нөлөөгөөр капитализмын эффектив шинж улам тодорч, дундаж утгаараа дэлхийн эдийн засаг өссөн л дөө. 1980 онд 40% давсан байсан дэлхийн ядуурлын түвшин 2015 он гэхэд 10% болтлоо буурсан (үүнийг түүхэн факт болохыг мартаж болохгүй). Гэвч зэрэгцээд "100 жилд нэг удаа" гэгддэг дэлхийн хэмжээний эдийн засгийн хямралд ч хүргэсэн. Үүгээр капитализмд эффектив шинж ба тогтвортой байдал хоёр зэрэг биелэх боломжгүй нь нотлогдсон юм.

Фридманы спекуляцийн онол

Тэгвэл яагаад эффектив шинж, тогтвортой байдал хоёр харилцан эсрэгцдэг юм бэ?

Түүний шалтгаан бол капитализм мөн чанартаа "спекуляци"-д суурилсан систем болохоор тэр юм.

"Спекуляци" буюу ашиг хонжоо хайх гэж юу вэ?

Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн арилжааг бодож үзье. Өөртөө амьдрах байр худалдаж авч байгаа бол үүнийг ашиг хонжоо хайсан наймаа гэхгүй. Тэр бол байрыг бараа гэдэг утгаар нь хэрэглэх зорилго бүхий үйлдэл. Нөгөө талд ирээдүйд үнэ өснө гэж үзээд 2 дахь байр, 3 дахь байрыг дамлах зорилгоор худалдаж авбал үүнийг үл хөдлөхийн спекуляци гэнэ.

Нэг ёсондоо "бараа гэдэг утгаар нь өөрөө хэрэглэхийн тулд бус ирээдүйд бусдад зарахын тулд ямар нэг юм авах" - энэ бол спекуляци.

Тэгээд спекуляци хөөсрөл үүсгэж, хөөс заавал хагардаг. Тиймээс спекуляци л эдийн засгийн хямралыг төрүүлэгч юм.

Хэрвээ өнөөдөр laissez-faire (эрх чөлөөг шүтэгчид, эсвэл аливааг зөнд нь орхихыг илүү үзэгчид) үзэлтнүүдийн загалмайлсан эцэг Фридман амьд байсан бол энэ санааг шууд няцаах байсан биз.

"Спекуляциас хямрал үүснэ гэж хэзээ ч байхгүй. Спекуляци бол мөн чанартаа тогтворжуулагч. Спекуляци хийдэг хүмүүсийн (дамчдын) ачаар л зах зээл дэх үл үзэгдэгч гар ажлаа хийдэг юм."

Тэгвэл энд Фридманы спекуляцийн онолыг тайлбарлая. Жишээ нь нэг компанийн хувьцаа огцом өсөх үед түүнийг худалдаж авах гэсэн өөр нэг дамчин гарч ирвэл хувьцааны үнэ улам өснө. Эсрэгээрээ үнэ бууж байхад өөр нэг дамчин зарах гэвэл хувьцааны үнэ улам унана. Мэдээж ийм үед зах зээл тогтворгүй болно. Гэвч ийм дилерүүдийг Фридман "ухаалаг бус" гэж хэлнэ. Яагаад гэвэл үнэ өндөр байхад нь авч, үнэ хямд байхад нь зардаг дамчин гарцаагүй хохирч, зах зээлээс арчигдана. Гэдэг нь, зах зээлээс арчигдалгүй шалгарч үлдсэн дамчид бол хямд байхад нь аваад, үнэ хүрэхэд нь зардаг "ухаалаг" дамчин гэсэн үг. Мэдээж хямд үед нь аваад, үнэ хүрэхэд нь зардаг дамчид бүхий зах зээлд үнэ буурахад эрэлт үүсэж, үнэ өсөхөд нийлүүлэлт үүсэж, зах зээл чухам "тогтвортой" байх биз. Тэр утгаар нь спекуляци бол зах зээлийг тогтворжуулагч гэж хэлсэн учиртай.

Энэхүү суут гэмээр ухаалаг онол 1953 онд анх нийтэд хүрсэн боловч түүний суурь яриа нь хувьцааны зах зээл дэх спекуляци бус валютын зах зээл дээрх спекуляцийн тухай байж. Хожим нь энэ онол дэлхийн эдийн засгийн төрх байдалд асар том өөрчлөлт авч ирнэ. 1971 онд тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон гэв гэнэт долларын алтан баталгааг халснаа зарлав (Никсоны шок). Үүний улмаар төдийг хүртэл үндсэндээ тогтмол ханштай байсан гадаад валют зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамааран чөлөөтэй савладаг болсон юм. Энэ нь санхүүгийн салбарын чөлөөлөлт, санхүүгийн даяарчлалын замыг засаж, улс бүрийн эдийн засаг даяарчлалын эрин тийш нэг алхам урагшилсан. Үүн дээр ташуур болж 1980-д оны Рейган, Тэтчер нарын шинэчлэлээр дэлхийн эдийн засгийн даяарчлал эргэлт буцалтгүйгээр хурдаа авсан билээ.

Кейнсийн миссийн тэмцээн

Үнэндээ Фридманы спекуляцийн онолыг сууриар нь няцаах няцаалт түүнийг гарахаас аль 15 жилийн яригдчихсан байсан юм. Тэр бол Кейнсийн 1936 онд гаргасан "Ерөнхий онол"-ын 12-р бүлэгт гардаг "Миссийн тэмцээн"-ийн тухай яриа.

May be an image of 1 person and text that says 'JOHN MAYNARD KEYNES THE GENERAL THEORY OF EMPLOYMENT, INTEREST, AND MONEY single bonk that % held capitalist Kobert Heilbroner'

Кейнсийн дүрсэлсэн "Миссийн тэмцээн" гэдэг нь тухайн үеийн Английн олон нийтийн сонинд бодитоор зохион байгуулагдаж байсан тэмцээн байж. Тэр нь тайзан дээр найган гунхан алхах бүсгүйчүүдийг тодорхой хэмжүүр бүхий шүүгчдийн үнэлгээгээр сонгож "юуны ч юм мисс"-үүд тодруулдаг уламжлалт тэмцээнээс өөр. Эхлээд 60 бүсгүйн зургийг сонинд нийтэлж, аль нь хамгийн "хөөрхөн бэ" гэсэн санал асуулга уншигчдын дунд зарлана. Энэ хүртлээ уламжлалт тэмцээнтэй ижил. Гэвч нэмээд хамгийн олон санал авсан "бүсгүй"-д саналаа өгсөн хүнд мөнгөн шагнал олгоно гэсэн дүрэм нэмснээр уламжлалт тэмцээнээс тэс өөр шинж чанартай эвент болж хувирсан юм.

Яагаад гэвэл энэ тэмцээнд санал өгөөд шагнал авахыг хүсвэл уламжлалт тэмцээний шүүгч шиг гоо сайхны объектив хэмжүүрээр санал өгөөд бүтэхгүй. Бас өөрийн субъектив гоо сайхны мэдрэмжээрээ санал өгсөн ч амжилт олохгүй. Дундаж оролцогч алийг нь хөөрхөн гэж бодохыг тааварлаж, тэр бүсгүйд санал өгөх шаардлагатай. Үгүй ээ, магадгүй тэгээд ч хангалтгүй. Ахин нэг нүүдлийн цаадахыг харж, дундаж оролцогчид хэрхэн тааварлах вэ гэж дундаж оролцогч тааварлах бол гэдгийг тааварлахгүй бол болохгүй. Нэг ёсондоо Кейнсийн тэмцээнээр сонгогдох "мисс" бол эцсийн бүлэгтээ "Бүгд энийг сонгоно гэж тааварлана" гэж бүгд тааварласан учраас бүгд сонгосон төдий бүсгүй болж таарна (self Circular reasoning).

Тиймээс ямар ч юм тохиолдлоор хэн нэг бүсгүйд олон санал цуглах нь гэсэн цуу тарвал түүнд саналаа өгснөөр шагнал авах магадлал өндөрсөнө. Тэгээд үнэхээр ч тэр бүсгүй "мисс" болон шалгарч орхино. Эсвэл өөр цуу тарвал өөр хүн ч "мисс" болно. Товчхондоо бол "Ялагчийг сонгох нь ялалтын нууц". Ялагч энэ гэсэн таавар өөрөө өөрийгөө бодит болгож, тааврын морь жинхэнээсээ ялагч болно. Тиймээс тааврыг түгээж л чадах юм бол тэр нь худал ч бай, үндэслэлгүй ч бай хамаагүй. Кейнсийн тэмцээнээс тодорсон "мисс"-т объектив, субъектив ямар ч үндэслэл байхгүй. Тэгээд тэр "мисс" нь өдөр бүр солигдоно. Ёстой л тогтворгүй байдлаас өөр юу ч биш дүр зураг.

Кейнс VS Фридман

Кейнс "Миссийн тэмцээн"-ий онолоороо мэргэжлийн дамчдын ширүүн өгөө аваа бүхий санхүүгийн зах зээлийг дүрслэсэн. Хувьцааны бирж, бондын бирж, цаашлаад валютын бирж, фючирс арилжааны бирж гэх мэт санхүүгийн зах зээлүүд бодит эрэлт, нийлүүлэлтээс тасарч, яль шаль мэдээ, үнэн худал цуу ярианы далимаар гэнэт дээш доош савладаг тэрхүү мөн чанарлаг "тогворгүй байдал"-ыг нь илэрхийлэх гэж оролдсон хэрэг. Үнэн байдал дээр ч бас үнэ өснө гэж бүгд тааварлана гэж бүгд тааварлах юм бол их хэмжээний авах захиалга орж ирснээр нээрээ ч үнэ өсдөг. Энэ бол хөөсрөл. Үнэ унана гэж бүгд тааварлана гэж бүгд тааварлавал зарах захиалга цутгаж, бодитоор үнэ огцом унаж паник үүсдэг.

Тэгвэл спекуляцийн талаар Фридман ба Кейнсийн хэнийх нь онол зөв байсан бэ?

Үр дүн мэдээж тодорхой. Үнэндээ Фридманы бодож байсан нь дамчид үйлдвэрлэгчдээс шууд бараа аваад, хэрэглэгчдэд шууд зардаг ердийн спекуляци байж. Энэ тохиолдолд спекуляци Фридманы хэлсэн шиг зах зээлийн тогтвортой байдалд нэмэр болох байсан ч байж магадгүй.

Кейнс эдийн засагч төдийгүй спекуляци хийж их мөнгө олсноороо ч олонд алдаршсан нэгэн. Тиймээс тэрээр хувьцааны бирж, фючирс арилжааны бирж мэтийн санхүүгийн зах зээлийг төсөөлж байсан нь ойлгомжтой. Тийм зах зээл бараг бүхэлдээ мэргэжлийн дилерүүдийн (дамчид) хооронд өрнөдөг. Тэгвэл тэдгээр ухаалаг дилерүүд бүхий зах зээлд хэрхэн оролцох ёстой вэ? Мэдээж нөгөө л миссийн тэмцээн шиг тактик барих шаардлагатай. Мэргэжлийн ухаалаг дилерүүдийн хувьд ирээдүйн эрэлтийн хомсдол, нийлүүлэлтийн хомсдлын талаарх хувийн таамаглал нэгэнт чухал биш. Өөртэй нь ижил зах зээлийг гүйлгэн харж, өөртэй нь ижил ухаалгаар сэтгэх мэргэжлийн дилерүүд үнэ өснө гэж таамаглах уу, буурна гэж таамаглах уу гэдгийг таамаглаж, түүнийгээ бусдаас түрүүнд хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Нэг ёсондоо олон мэргэжлийн дилерүүд харилцан арилжаа хийгээд эхлэхээр зах зээл тэр чигээрээ "миссийн тэмцээн" болж хувирдаг учиртай. Тэгээд тэнд биелэх үнэ ханш эрэлт, нийлүүлэлтийн бодит нөхцөлөөс тасарч, яль шаль мэдээ, үнэн худал цуугаар учир зүггүй дээш доошоо савладаг мөн чанарлаг "тогтворгүй байдал" дүрээрээ ноёлно.

Үүн дээр тодотгож хэлэхэд, ийм зах зээл дээрх үнийн савалгаа нь Фридманы хэлсэн шиг ухаалаг бус дамчдаас болдог юм биш. Харин ч эсрэгээрээ. Өөгүй супер мэргэжлийн дилерүүд өөр хоорондоо хэдэн нүүдлийн цаадахыг таамагласны үр дүнд зах зээл дэх үнийн савалгаа замбараагүй болж байгаа юм. Кейнс уг онолоороо хувь хүний ухаалаг үйлдлүүдээс нийгмийн ухаалаг бус шинж үүсдэг гэх "Рациональ шинжийн парадокс"-ыг ч бас гаргаж харуулсан нь энэ.

Ижил зах зээл дээр, ижилхэн ашгийн төлөөх ухаалаг (рациональ) таамаг дэвшүүлсээр атал Милтон Фридманы онолтой, үгүй ээ цаагуураа Адам Смитийн "үл үзэгдэгч гар"-ын үзэл санаатай ч чанх эсрэгцэх онол. Энэ онол хэдий зах зээлийн эсрэг зохицуулалт байхгүй, засгийн газрын оролцоо хязгаарлалт ч байхгүй тийм үед ч зах зээлд өөрт нь тогтворгүй байдал гэх төрөлхийн шинж чанар бий болохыг илчилж байгаа юм. Тэр байтугай даяарчлалаар зах зээл тэлж, зах зээлийн эсрэг хязгаарлалтууд бүгд үгүй болж, төв банкны оролцоо хүчингүй болж, төрийн оролцоог халж, олон хүн ухаалаг спекуляци хийх эрх чөлөө дэлгэрэхийн хэрээр зах зээл улам бүр "миссийн тэмцээн"-ий талбар болж, тогтворгүй байдал улам бүр түрж ирэх магадлалтай болохыг энэ онолоос харж болно.

Гэвч үүн дээр дараах няцаалт санаанд бууж болох юм.

Яах вэ, хувьцааны бирж, бондын бирж, валютын бирж гэх мэт санхүүгийн зах зээлүүд мэргэжлийн дамчдын байлдаанаас болоод тогтворгүй байдаг л байх. Гэвч санхүүгийн зах зээл сүүлийн үед хэчнээн хүч түрэн тэлж байгаа нь үнэн гээд тэр чинь дангаараа капитализм биш биз дээ? Капитализмын цөм бол бодит бараа, үйлчилгээг арилждаг ердийн зах зээл. Нью-Йорк, Лондоны бирж дээр интернетээр дамжин хором бүр бөөн бөөн арилжааны захиалга өгдөг мэргэжлийн дилерүүд магадгүй биднээс шаал өөр төрлийн хүмүүс. Супермаркетаас хүнсээ цуглуулж, захаас хувцас авч, банканд байрны зээлээ төлөх үедээ бид спекуляцитай огт хамааралгүй эдийн засгийн үйл ажиллагаа хийдэг бус уу?

Гэвч үнэндээ бидний ердийн иргэд ч бас спекуляциас өчүүхэн ч ангид байж чаддаггүй. Учир нь бидний хэрэглэдэг мөнгө гэдэг зүйл маань өөрөө спекуляци билээ.

Мөнгөний үнэ цэн хаанаас ирдэг вэ?

Талх бол үнэ цэнтэй бараа. Түүнд өөрийн үнэ цэн буюу хэрэглээний үнэ цэн бий. Яадаг ч бай түүнийг идвэл гэдэс дүүрч, таашаал авна.

Харин тэрхүү үнэ цэнтэй талх гээч барааг бид мөнгө гээч илбийн зүйлээр сольж аваад өөрийн болгож чаддаг. Зөвхөн талхаар тогтохгүй өөр ямар ч барааг бид мөнгөөр солиод өөрийн болгох боломжтой. Тэгвэл мөнгөнд өөрт нь ямар үнэ цэн байдаг болоод бид түүгээр бүхнийг сольж авч чадна вэ? Мөнгөний үнэ цэнийн эх сурвалж нь юу юм бол? Юутай ч солилцох боломжтой тэр агуу үнэ цэнийг мөнгө хаанаас олж авдаг вэ?

Эрт цагаас нааш олон хүний ойлгож явсан эндүүрэл, мөнхүү өнөө үед ч мэр сэр харагддаг нэг буруу ойлголт бол "Мөнгө өөрөө үнэ цэнтэй" гэх санаа.

Үүнийг "Мөнгө товарын тайлбар (Commodity money theory)" гэдэг ба мөнгөнд өөрт нь талхтай адил хэрэглээний үнэ цэн байснаар сая мөнгө мөнгөний үүрэг гүйцэтгэдэг гэх логик. Үнэхээр ч түүхэнд тариа будаа зэрэг хэрэглээний үнэ цэнтэй зүйлсийг мөнгө болгон ашигладаг үе байсан. Алт, мөнгө зэрэг үнэт металиар мөнгөн тэмдэгт хийсэн тохиолдол ч бий. Гэвч харамсалтай нь энэ логик байж боломгүй ташаарал юм. Хэрэв зуутын дэвсгэрт өөрөө 200₮-ний үнэ хүрэхүйц хэрэглээтэй байсан бол хэн ч тэрийг мөнгө болгон арилжихгүй. 100₮-ний үнэ бүхий зүйлээр солихгүй. Тэр үед зуутын дэвсгэрт мөнгөний үүрэг гүйцэтгэхгүй буюу мөнгө болж чадахгүй. Тиймээс аливаа нэг зүйл мөнгөний үүрэг гүйцэтгэхийн тулд түүний мөнгөний үнэ цэн нь хэрэглээний үнэ цэнийг нь заавал давах ёстой байдаг.

Өөрөөр хэлбэл, мөнгөнд "Мөнгөн утга > Хэрэглээний үнэ цэн" гэдэг томьёо биелэх ёстой ба энэ нь шууд утгаараа дээр өгүүлсэн "Мөнгө товарын тайлбар"-ын бүрэн няцаалт болно.

Нөгөө талд "Мөнгө төрөөр эсвэл хуулиар баталгааждаг болохоороо үнэ цэнтэй" гэх санаа байдаг ба өнөө үед бараг энгийн хүмүүс төдийгүй эдийн засгийн мэргэжилтнүүд дунд ч хамгийн түгээмэл үзэл байх.

Сүүлийн үед олонтоо яригдах болсон "Орчин үеийн мөнгөний онол (Modern Money Theory)" ч бас энэхүү "Мөнгө хуулийн тайлбар (Monetary Law Theory)" дээр бүрэн суурилдаг. Тэгээд сонирхолтой нь, биткойн зэрэг тархмал цахим мөнгөнүүд бол төр ба төв банкийг халах гэж оролдсоныхоо хувьд чухамхүү "Мөнгө хуулийн тайлбар"-ыг сөрөх гэсэн санаархал юм.

Гэвч нарийн яривал энэ ч бас мөнгөний жинхэнэ мөн чанарыг олж хатгасан уу гэвэл үгүй.

Японд ийм агуулга бүхий нэг хууль байдаг.

- Зоосон мөнгө 20-иос дээшгүй ширхэгээр хууль ёсны үнэ бүхий гүйлгээнд оролцох боломжтой.

Японд 100т, 500тийн гэх мэт зоосон мөнгөнүүд байдаг. Жишээ нь та 20ш 500тийн зоос цуглуулбал түүнийг 10,000 иен болгон ашиглах боломжтой. Харин 40ш 500тийн зоосоор 20,000 иений гүйлгээ хийе гэвэл хууль талаасаа 21 дэх зоосноос эхлээд мөнгө биш зүгээр л нэг никель төмөр болж хувирна гэсэн үг. Гэвч бодит амьдрал дээр тэр хууль заавал хэрэгжих албагүй. Мэдээж хэн нэг нь нэгтийн зоос 1,000ш барьж ирээд юм авах гэвэл дэлгүүр энэ хуулийг барин худалдаа хийхээс татгалзаж болно. Харин 40ш 500тийн зоос бариад ирвэл Японы хаана ч татгалзаад байх нь үгүй л болов уу. Тиймээс энд аль хэдийнэ "Мөнгө хуулийн тайлбар" няцаагдаж байгаа юм.

Энэ няцаалт танд хангалтгүй санагдаж буй бол илүү үнэмшилтэй түүхэн жишээ гаргаж үзүүлье.

Австрийн хатан хаан, алдарт Хабсбургийн удамт Мариа Терезиа 1741 онд мөнгөн зоос гаргасан нь Авсрийн эзэнт улсаас халиад европт тархаж, цаашлаад цаг үеийг ч даван ойрхи дорнод, зүүн африкт хүртэл хэрэглэгдсэн гэдэг. Тэгээд хамгийн гайхалтай нь Этиопын Кафа нутагт зөвхөн кофены арилжаанд хаа байсан 1970-д оныг хүртэл хэрэглэгдсэн гэж байгаа. Этиопын Кафа нутаг бол кофе гэх үгний эх гарал ч бас мөн юм.

Мариа Терезиа 1780 онд таалал төгсөж, Хабсбургийн захиргааны эзэнт гүрэн 1918 онд мөхсөн байтал мөнгөн дэвсгэрт нь түүнээс цааш ч үргэлжлэн оршсон гээд бодохоор мөнгөнд яг нарийндаа төр хийгээд хуулийн баталгаа ч шаардлагатай биш болохыг түүхэн талаас нь баталж байгаа юм.

May be an image of money

Тийм бол тэгээд мөнгөний үнэ цэн чухам юундаа байдаг юм бэ? Яагаад би тэр цаасны өөдсийг 1,000₮-ийн үнэ цэнтэй гээд хүлээн авна вэ? Мэдээж би түүнийг бараа болгон хэрэглэхийг хүсээгүй. Бас төр надад үүнийг мөнгө болгож ашигла гэж тушаасан болохоор ч биш. 21 дэх зоос байтугай эхний ганц зоосыг ч авахгүй гэсний минь төлөө төр намайг шоронд хийж чадахгүй.

Мөнгөний үнэ цэн хаанаас бий болдгийн шалтгаан ердөө цор ганц. Тэр бол, би мянгатын дэвсгэртийг 1,000₮-ний үнэтэй гэж хүлээж авдаг нь "бусад хүн" ч бас түүнийг 1,000₮-ний үнэ цэнтэй гэдгийг зөвшөөрнө гэж боддог (итгэдэг, найддаг, горьддог) болоод л тэр юм. Үүгээр би 1,000₮-тэй дүйцэх үнэ бүхий зүйлийг хэнтэй ч солилцоод авч чадна гэж боддог болохоор тэр. Өөрөөр хэлбэл мөнгөний үнэ цэнийг "би" оноодог юм биш, төр ч оноодог юм биш, түүнийг зөвхөн "бусад хүн" буюу өргөн утгаараа "нийгэм" оноодог юм. Энэ бол яаж ч тодотгоод хэтрүүлсэн болохгүй маш чухал теорем!

Бодит байдал дээр мөнгөний талаар өчүүхэн ч болов утга учиртай судалгаа хийсэн эрт эдүгээ, өрнө дорнын мэргэд бүгдээрээ ижил дүгнэлтэд хүрсэн байдаг. Тухайлбал Карл Марксын "Капитал" бүтээлийн эхэн хэсэгт "Үнэ цэнийн хэлбэр буюу солилцооны үнэ цэн" гэх гарчиг бий. Олны дунд "value-form theory" гэж яригддаг энэ бүлгийн хүрч очдог эцсийн дүгнэлт нь чухам дээрх теорем. Эсвэл Марксын эдийн засгийн онолыг эрс буруушаан 1870-д онд гарч ирсэн шинэ сонгодог эдийн засгийн онолыг төрүүлсэн эцгүүдийн нэг гэгддэг Карл Менгер гэх Австрийн эдийн засагч бий (Ижилхэн Австри хүн болох Фридрих Хаекийн эрх чөлөөт үзэл санаанд асар нөлөөлсөн гэгддэг). Тэрхүү Менгер ч бас мөнгөний талаар судалгаа хийгээд эцсийн бүлэгт тулж очсон нь мөн л дээрх дүгнэлт байсан гэдэг.

Харамсалтай нь "Мөнгөний үнэ цэнийг нийгэм оноодог" гэх энэ теорем Маркс болон Менгер нарын мөнгөний онолын эцсийн цэг төдийгүй хязгаарын цэг ч болж орхисон. Үнэндээ тэдний онол энэ теоремаас цааш хэтэрч чадаагүй юм. Гэтэл мөнгийг үүнээс цааш судлалгүй орхичих юм бол мөнгөний жинхэнэ мөн чанарыг огт гаргаж ирсэн болохгүй. Яагаад гэвэл капиталист нийгэмд зөвхөн мөнгө бус бүхий л "бараа"-ны үнэ цэнийг ч нийгэм оноодог.

Жишээ нь одоо миний идэж буй талхны үнийг хэн тогтоосон юм бэ? Үйлдвэрлэгчийн өнцгөөс бодож үзье. Үйлдвэрлэгч талхыг 1,000₮-ний үнэ цэнтэй гэж бодсон болохоороо үйлдвэрлэж зардаг. Тэгвэл яагаад 1,000₮-ний үнэ цэнтэй гэж бодох болов? Мэдээж үйлдвэрлэгч өөрөө 1,000₮ төлөөд авахыг хүссэн болохоор биш. Харин өөр маш олон "бусад хүн" талханд 1,000₮ төлдөг болохоор тэр юм. Өөрөөр хэлбэл капиталист нийгэмд барааны үнэ цэнийг ч бас мөнгөтэй яг адилаар "бусад хүн" буюу "нийгэм" оноодог. Тиймээс "Мөнгөний үнэ цэнийг нийгэм оноодог" гэснээр яриа зогсвол "бараа" ба "мөнгө" хоёрын ялгааг гаргаж чадахгүйд хүрнэ.

Тиймдээ ч Маркс "Мөнгө бол бараа мөн" гэж зарласнаар "value-form theory"-гоо төгсгөж орхисон. Менгер ч бас "Мөнгө бол хамгийн олон хүний хүсдэг бараа юм" гэсэн дүгнэлтээр судалгаагаа өндөрлүүлсэн бий. Хэн хэн нь "Мөнгө гэж юу вэ?" гэдгийг тултал нь ухаж чадаагүй гэсэн үг.

Өөрийгөө тойрсон логикт суурилдаг мөнгөний үнэ цэн

Тэгвэл мөнгө, бараа хоёр ямар ялгаатай юм бэ?

Үүний ялгааг жишээ нь талх хэмээх бараа худалдан авч буй "бусад хүн" ба мянгатын дэвсгэрт гэх мөнгө авч буй "бусад хүн"-д хандаж тус бүр "Яагаад та талханд 1,000₮-ний үнэ цэн бий гэж бодно вэ?", "Яагаад та мянгатын дэвсгэртэд 1,000₮-ний үнэ цэн бий гэж бодно вэ?" гэж асуувал шууд учрыг ойлгоно.

Талх авсан бусад хүн "Би талх идмээр байсан" гэж хариулах биз. Нээрээ ч талх үйлдвэрлэгчээс харвал талхны үнийг өөрөө бус "нийгэм" оноодог боловч бодит хэрэглэгчээс харвал талхны үнэ цэн нь түүнд хандах "хүсэл шунал"-аар тодорхойлогдоно. Хэрэглэгчийн хувьд талх бол 1,000₮ төлөөд ч болов худалдаж аваад гэдсээ дүүргэхийг хүссэн бараа. Өөрөөр хэлбэл барааны үнэ цэнд хэрэглэгчийн "хүсэл шунал" гэх бодит үндэслэл байдаг учиртай.

Харин нөгөө талд мянгатын дэвсгэрт авсан хүний хариулт тэс өөр байх болно. Тэр "бусад хүн" ч бас мянгатын дэвсгэртийг эд зүйлс мэтээр хэрэглэхийг хүссэндээ бус "Ахиад цааш нь бусад хүн 1,000₮-ний үнэ цэнтэй мөнгө гэдгээр нь солилцоо хийнэ гэж бодсон учраас" л авсан гэж хариулна. Тэгээд тэр бусад хүний хувь дахь "бусад хүн"-ээс ч асууж үзье. Мөн л ижил хариулт ирнэ. "Бусад хүн"-ий "бусад хүн"-ий..., "бусад хүн"...

Мөнгөний хувьд хаа хүртэл нь хөөж мөшгөөд ч түүний үнэ цэн хүний "хүсэл шунал" дээр очихгүй. Хэнээс ч асуусан "Бусад хүн 1,000₮-ний үнэ цэнтэй мөнгө гэдгээр нь солилцоо хийнэ гэж бодсон" гэхээс өөр хариулт гарч ирэхгүй. Тэгвэл энэ хариултыг бага зэрэг тонгоруулбал "Мөнгө гэдэг бол хэн ч мөнгө гэдэг утгаар нь хүлээж авдаг учраас мөнгө байдаг" гэж хэлж болно. Ахиад жаахан эмхэтгэвэл "Мөнгө гэдэг бол хэний ч хувьд мөнгө болохоороо мөнгө байдаг". Бүр туйлд нь хүртэл товчилбал ерөөсөө л "Мөнгө бол мөнгө болохоороо мөнгө юм" болно.

Энэ бол "Өөрийгөө тойрсон логик (Self Circular Reasoning)"-т суурилсан мөнгөний үнэ цэнийн гаргалгаа. "Би эрэгтэй болохоороо эрэгтэй", "Ээж намайг төрүүлсэн болохоор би ээжээсээ төрсөн". Иймэрхүү логикт илэрхийллээ нотлох бодит аргумент байдаггүй. Тийм ч утгаараа үүнийг "Self Circular Reasoning буюу өөрийгөө тойрсон логик" гэдэг. Мөнгө бол мөнгө болохоороо л мөнгө. Мөнгөнд үнэ цэн оноодог бодит үндэслэл юу ч байдаггүй. Өөрөөр хэлбэл бидний анх тавьсан "Мөнгөний үнэ цэн хаанаас ирдэг вэ?" гэх асуултын хариулт бол "Мөнгөний үнэ цэн хаанаас ч ирдэггүй". Энэ бол ямар нэг метафизик оньсого таавар бус мөнгөний нууцын бодит тайлал тэр чигээрээ билээ.

Мөнгөнд өөрт нь ямар нэг үнэ цэн байхгүй буюу түрүүн баталсан "Мөнгөн утга > Хэрэглээний үнэ цэн" гэх энэ шинжийг бид сүүлийн үеийн мөнгөний цахимжилтаас бэлхнээ харж байна. Үнэндээ мөнгө өөрийн мөн чанарын хувьд заавал өөртөө ямар нэг биет шаарддаггүй. Кредит карт, цахим банк улам бүр хэрэглээнд түрж байгаа нь мөнгийг харин ч мөн чанартай нь ойртуулж буй жам ёсны өрнөл гэж хэлж болно. Түүхэнд анх төрөхдөө өөрийн гэсэн биетэй, хэрэглээний үнэ цэнтэй байсан бол тэндээсээ бага багаар шилжсээр өнөө үед ердөө л нэг хийсвэр тоо болох шатандаа ирээд байна. Урьд цагт мөнгөнд ядаж л нарийсган хуйлж байгаад шүдээ чигчилчих дайны хэрэглээний үнэ цэн байсан бол одоо үнэхээр юу ч үгүй болж.

Капитализм мөн чанарын хувьд тогтворгүй тогтолцоо

Мөнгөний мөн чанарыг бүрэн ойлгосон бол одоо бидэнд капитализмын мөн чанар ч бас ил гарч ирнэ. Учир нь капитализм гэдэг бол тэр чигээрээ мөнгөн дээр суурилсан тогтолцоо юм.

Өмнөх хэсэгт "спекуляци"-ийн талаар тайлбарласан. "Бараа гэдэг утгаар нь өөрөө хэрэглэхийн тулд бус ирээдүйд бусдад зарахын тулд ямар нэг юм авах" үйл ажиллагааг спекуляци гэдэг. Тэгээд спекуляциас хөөсрөл үүсч, хөөс хагарахаар эдийн засаг хямардаг. Тэгвэл жирийн иргэд бид өдөр тутамдаа спекуляци хийдэг үү? Хэрэглэхийн тулд бус зарахын тулд байнга ямар нэг юм авдаг уу?

Бид ажил хийгээд мөнгө авдаг. Гэтэл мөнгөнд хэрэглээний ямар ч үнэ цэн байхгүй. Бид түүгээр ядаж шүдээ ч чигчилж чадахаа байсан. Тиймээс бид мөнгийг зөвхөн цааш нь зарахын тулд л авдаг. Энэ бол хамгийн цэвэр спекуляци юм. Капиталист нийгэм дор хэн хүнгүй, дээр дооргүй, их бага гэлгүй спекуляци хийн амь зуудаг. Тиймээс мөнгөний ханш хэзээ ч тогтвортой байх боломжгүй. Мөнгөний ханш чангарахын хэрээр дефляци нүүрлэж, хэм нь хэтэрвэл эдийн засаг царцаж хямарна. Эсвэл мөнгөний ханш сулрахын хэрээр инфляци түрж, жолоогоо алдвал хайперинфляци болон хямарна. Капитализмд тэнцвэрт төлөв гэж огтхон ч байхгүйг анхлан анзаарсан Кейнс "Тэнцвэрт бус динамик онол"-ын урсгалыг тавьж, шинэ сонгодог эдийн засгийн урсгалтай сөргүүлсэн гэдэг билээ.

Одоо та яагаад Капитализм мөн чанарын хувьд тогтворгүй болохыг, яагаад зах зээлд хөндлөнгийн зохицуулалт байх ёстойг ойлгосон гэж найдъя.