– Мөнгөгүйгээр амьдарч болох болов уу?

Нэгэн Герман эмэгтэй 14 жилийн өмнө, ийм нэгэн энгийн асуулт өөртөө тавьжээ. Түүнээсээ хойш өнөөдрийг хүртэл сохор зоос хэрэглэхгүйгээр амьдарч ирсэн гэнэ.

Түүнийг Heidimarie Schwermer гэдэг.
Уул нь тэрээр хангалуун айлын охин болж төрсөн ч, балчир насандаа Дэлхийн 2–р дайнаар хамаг юмаа алдсан гэдэг. Гэсэн ч эцэг эх нь уйгагүй хөдөлмөрлөсөөр хангалуун амьдралаа буцааж босгожээ.

Насанд хүрсэн Heidimarie хоёр ч охин төрүүлж, багшийн ажил хийнгээ энгийн сайхан амьдарсаар ирж. Тэгж байтал охид нь ч нас биенд хүрэн тусдаа гарч, Heidimarie–гийн ганц бие амьдрал эхлэв.

Тэрээр гэнэт байр сав, эд хогшилоо тараагаад, чемодан барин аялалд гарах нь тэр.
– Юу ч гүй болсон чинь тэр дороо бөөн хүлээснээс мултарсан юм шиг мэдрэмж төрөөд, баярласандаа нисчих шахсан шүү.

Тухайн үедээ ганц жил мөнгө хэрэглэхгүй амьдрах гээд үзье гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл идэх юм өгөх хүн, гэртээ хонуулах хүмүүс хойно хойноосоо гарч ирсээр, нэг л мэдэхэд 14 жилийн турш гэлгүй онцын хүндрэлгүйгээр амьдраад ирчихсэн юм гэнэ. Тооцоолж байсан шигээ хээр хонох явдал ганц ч удаа гарсангүй.

Тэр ч бүү хэл, энд тэндээс лекц тавих элдэв санал, телевизийн нэвтрүүлгийн урилга зэрэгт дарагдан, түүний өдрийн хуваарь үргэлж дүүрэн. Мэдээж тэрээр огтхон ч шан харамж авахгүй. Ердөө л тухайн өдөртөө шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээний зүйлсээ л авна.

Heidimarie анхнаасаа гэнэт ингэх болсон шалтгаанаа

– Энэ ертөнц хаанаа ч юм нэг л буруу юм шиг санагдсан учраас

гэж тайлбарлана.

Тэр алдааг олж илрүүлэхийн тулд, тэрээр мөнгөний ертөнцөөс сайн дураараа буусан аж.

Мэдээж түүнд тэр чигээрээ уруудсаар дуусч мэдэх тооцоо байсан нь лавтай. Гэтэл амьдрал нь урьдынхаасаа харин ч хангалуун болоод ирэх нь тэр. Гэхдээ санхүүгээр биш, сэтгэлээрээ. Хүмүүсийн хариу нэхэлгүй найрсаг харьцаа түүний амьдралыг улам өндөр түвшинд өргөн аваачжээ.

Түүнийг "Бусдын сайхан сэтгэлийг шимэгч ичгүүргүй амьтан" гэж үзэх хүмүүс ч тааралдана.

Гэвч үнэндээ Heidimarie бол хүнээс илүү эмзэг мэдрэг зантай нэгэн. Телевизээр гарах болгондоо бусдын доог тохуу болж, сэтгэлээр унаж орхино. Учир нь түүнд өөрийнхөө итгэл үнэмшлийг хамгаалахуйц онол философи гэхээр юу ч байхгүй. Байгаа нь гэвэл ердөө л түүний идеал ертөнц (төсөөллийн хийсвэр ертөнц). Heidimarie шиг хүмүүс л онолч, шүүмжлэгч, үгүйсгэгчдийн амтархан шавах идэш болдог хойно доо.

– Мөнгөнөөс хамааралгүй болсон байж магадгүй л юм. Гэхдээ бусдаас хэт хараат байгаа хэрэг биш үү?

гэж хүмүүс түүнийг шүүмжилнэ.

Яриа байхгүй үнэн. Герман гэдэг элбэг хангалуун орны иргэн тулдаа л тэр өдий дайтай ингэж яваа байж ч болох.

Түүнтэй учирсан хүмүүс "дэмжигч", "үгүйсгэгч" гэсэн хоёр хэсэгт тов тодорхой хуваагдана. Сониучлан ойртож элдвээр туслах хүмүүс байхад, байж боломгүй зүйл мэтээр үгүйсгэн дайрах хүмүүс ч гарч ирнэ.

Энэ бол мөнгө гээч зүйл нийгмийн сэтгэлзүйд төдий чинээ гүн хийгээд бат бөх суусны илрэл биз. "Мөнгөгүй ч гэсэн амьдарч болно" гэх нь "Идэхгүй ч гэсэн амьдарч болно" гэж байгаатай агаар нэг болсоны шинж. Мөнгийг үл хэрэгсэх нь, ертөнцийг үндсээр нь хөмрүүлж мэдэхүйц аюултай алтернатив үзэл болжээ гэсэн үг.

Гэхдээ тэр үзлээс айх онцын шаардлагагүй биз ээ. Heidimarie шиг хэт цөөнх үзэлтнүүд, ертөнц үнэхээр хөмөрчихдөггүй л юм бол цаашид ч хэт цөөнхөөрөө л байх болов уу.

Харин түүний нэгэнт тулгасан "зарчмын шинжтэй асуултад" ээрэгдсэн хүмүүс эвгүйрхсэн сэтгэлээ нууж ядна.

Уул нь Heidimarie өндөр дуугаар эрхэмсэг төрх гарган бусдыг мэтгэлцээнд дуудах зорилго огтхон ч агуулаагүй. Тэрээр ердөө л, нийгэмтэй харьцах харилцааны хэрэглүүрээ мөнгөнөөс өөр зүйл рүү сольсон төдий юм.

Ердийн хүмүүсийн хувьд бол, гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц гүүр нь мөнгө байдаг. Энэ гүүрээ л өргөсгөхгүй бол нийгмээс бүрэн тусгаарлагдана гэж бодон шанална.

Харин Heidimarie тэрхүү цорын ганц гэгдэх гүүрээ өөрийн гараар нураачхажээ. Тэгсээр атал яг л ид шид шиг хүссэн болгоноо өөрийн болгосоор. Яг л ид шид шиг. Өнөө цагийн нийгэмд үүнийг л ид шид гэлтэй.

– Бүх хүн ингэж амьдрах гэвэл ямар ч боломжгүй шүү дээ?

гэж муйхарлан сөргүүлсний хэрэггүй. Учир нь Heidimarie зөвхөн асуудал дэвшүүлсэн болохоос, асуудлын шийдлийг дэвшүүлсэн хэрэг биш.

– Мөнгөгүйгээр амьдарч болдог юм байна уу?

гэж түүнээс бүү асуу. Тэр таны эргэлзээг гаргахгүй ээ. Таны эргэлзээг зөвхөн та өөрөө л гаргах боломжтой. Эргэлзэж байгаа бол өөрөө л түүнийхээ хойноос яв. Яг л түүн шиг.

Ямар ч байсан Heidimarie өөрийнхөө тавьсан асуултанд өөрийн гэсэн хариултаа олжээ.

– Мөнгөгүйгээр амьдарч болдог юм байна.

Бид бүхний хамаг найдварыг тээгч тэрхүү мөнгө гэдэг этгээд, үнэн хэрэгтээ аалзны шүлс шиг эмзэгхэн утас ч юм билүү.

Өнөөгийн чөлөөт өрсөлдөөний нийгэмд тэрхүү найдварын утсаа тасдуулсан хүмүүс тоймгүй олноороо бий. Эдийн засгийн их гүрэн Америк хүртэл ажилгүй шаналсан хүмүүсээр дүүрээд байна. Орлогогүй хүн гэдэг, усгүй загаснаас өөрцгүй, тэнд цөхрөлөөс өөр ямар ч ирээдүй харагдахгүй. Ийм итгэл үнэмшилтэй хүмүүсийн хувьд, Heidimarie бол тээртэй садаанаас өөр юу ч биш. Яг л өөрийнх нь эмзэг цэгээр оролдон тохуурхах зовиуртай оршихуй.

Мөнгөний шаналлаас чөлөөлөгдсөн тэрээр хэн бүхнээс илүү эрх чөлөөт нэгэн болжээ. Мөнгөтэй болохын хэрээр бий болдог эрх чөлөө гэж байдаг бол, огт мөнгөгүйн учраас бий болдог эрх чөлөө гэж бас байдаг бололтой.

Ингэхэд Heidimarie–ийн амьдрал мөнгө санхүүгийн онолтой үнэхээр зөрчилдөж байна гэж үү?

Мөнгөний үнэ цэн бол мөн чанартаа "итгэлцэл" дээр л бий болдог шүү дээ. Итгэлцэл байдаг учраас л хүмүүс арилжаа наймаа хийж, банканд мөнгөө хадгалуулдаг. Итгэлцэл байдаг учраас л банк хүмүүст мөнгө зээлж, нийгэм түүгээр цус сэлбэдэг.

Тэгвэл Heidimarie ч бас тэр хуулийн дагуу амьдарч яваа бус уу? Ялгаатай нь гэвэл, тэрээр ердөө л итгэлийн дансаа банканд биш, хүмүүсийн сэтгэлд нээлгэсэн юм.

Гэтэл нөгөө талаар мөнгөн дээр тогтох итгэлцэл гэдэг өнөөгийн нийгэмд хоосон нэрнээс цаашгүй болсоор байна. Хэлбэр төдий болсон мөнгөний итгэлцэл, хямралт үе ирэхээр харин ч нэг ясаа харуулна. Найдваргүй хэврэг мөнгөний итгэлцэл л урьдын Азийн санхүүгийн хямрал, саяханы Lehman Shock-ийн суурь шалтгаан байсан. Харин яг одоо бол Европ түүнд найдвартайгаар ороогдсоор бий.

Ерөөс итгэлцэл гэдэг зовох цагт л хэргээ гаргадаг биш билүү? Дайсан ирэхэд нэгдэн нягтарч, аюулыг даван туулахын баталгаа тэнд л байх учиртай. Тэгтэл "Дайсан ирж магадгүй" гэсэн сураг төдийгөөр хаданд гардаг мөнгөний итгэлцлийг "итгэлцэл" гэж хэлнэ гэж үү?

Итгэлцлээс үүссэн эрхэм money замаасаа нэлээн далийсан шинжтэй. Гэсэн ч бид мөнгөнөөс өөр юундаа ч итгэлээ дайх билээ. Итгэлт мөнгөөр дамжуулж л бусдыг хэмжинэ, бас сонжино. Мөнгөтэй л бол итгэл дүүрэн, сэтгэл тайван. Мөнгөөр тасрах тэр мөчид аз минь бас даган харина. Чухамдаа мөнгө л биднийг "үл итгэлцэх нийгэм" тийш хөтөлж энд иржээ. Бидний хамаг итгэлийг мөнгө нуруундаа үүрээд уул давчхаж...

...Нэг анзаарах нь ээ тэнд Heidimarie, итгэлээс мөнгө мэндлэхийн өмнөх тэр эхлэл цэг дээр буцаж очсон харагдана. Юугаар ч дамжуулалгүй харилцдаг байсан тэр төлөв. Хөрштэйгээ мэндэлж, бусадтай нүүр тулан танилцдаг байсан үе. Танихгүй холын хүмүүстэй ч танилцаж харьцах гэсэндээ мөнгө тэндээс төрсөн сөн. Харин одоо бид мөнгөнөөс өөр юу ч танихгүй үлдэж дээ.

Мөнгөнөөс итгэл арилж, зөвхөн тоо л үлдэж. Харин Heidimarie өөрөө ч мэдэлгүй тоог нь орхиод итгэлийг нь хайхаар гарсан бололтой.

(2013 оны 11 сар)