“Рио Тинто” группээс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ХЗДХ-ийн сайд, Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатарт хаяглан Хөндлөнгийн шинжээчдийн багийн боловсруулсан тайлантай холбогдуулан хариу тайлбар бичиг хүргүүлсэн байдаг. Албан бичиг “Юуны түрүүнд төслийн зардал, хугацаанд өөрчлөлт орсон асуудал хамтрагч бүх талууд, тэр тусмаа Засгийн газарт нөлөөлснийг хүлээн зөвшөөрч байна”, “Төслийн хамтрагч та бидний хамтын ажиллагаа энэ хугацаанд доголдсоныг хүлээн зөвшөөрч хүлцэл өчье” хэмээн эхэлсэн хэдий ч гүний уурхайн хугацаа хэтэрч, зардал хэтэрсэн асуудалд олигтой тайлбар өгөлгүй харин ч “Монгол ажилтнуудаас болж хугацаа хойшилж зардал нэмэгдсэн” гэх утгыг оруулсан нь ноцтой “эсрэгцэл” мэт санагдав.

Тухайлбал, хөндлөнгийн шинжээчдийн тайланд хөндсөн зарим асуудалтай огт санал нийлэхгүй байна гэсэн хэсэгт анхаарал хандуулъя.

Тус компани нийт ажилчдынхаа 96 хувийг монгол ажилчид байдаг гэж мэдээлдэг боловч компанийн цалингийн зардлын 40 хувийг гадаад ажилтнуудын цалингийн зардал эзэлдэг. Тэд жилийн 400 мянган ам.долларын цалинтай байхад монгол ажилтны жилийн цалин үүнээс бараг 10 дахин бага байх юм. Энд цалингийн зардлыг дэлгэх нь хууль зөрчсөн хэрэг болох байх. Тэгэхээр “Оюу Толгой” компанийн нийт ажилчдын 96 хувийг эзэлж байгаа монголчуудын маань цалингийн жин 60 хувь, харин нийт ажилчдын4-хөн хувийг эзэлж буй гадаад ажилчдын цалин 40 хувь байгаа гэдэг дүр зураг харагдаж байна. Гэтэл үүнээс болж буюу “дотоодын ажилчдад суурилсан ажиллах хүчнийг бүрдүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь төслийн зардалд нөлөөллөө” гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд баримт нотолгоогүй байх юм.

Мөн “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр дотоодын болон улс хоорондын бараа материалын тээвэрлэлт, ажилчдын хөдөлгөөн, мэргэжшсэн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх, хяналт тавих “Оюутолгой”, “Рио Тинто”-ийн мэргэжилтнүүд, барилга угсралтад хамтран ажиллагч компаниудын хүн, хүч уурхайн талбарт ирж ажиллах боломж хязгаарлагдсан нь бүтээн байгуулалтын ажилд нөлөөлсөн гэнэ. "Ковид-19" мэдээж төслийн гүйцэтгэлд нөлөөлж болох ч гүний уурхайн төсөл цар тахлын нөлөө эхлэхээс өмнө ашиглалтад орох хуваарьтай байсныг Засгийн газрын Ажлын хэсэг "Рио Тинто"-д сануулсныг зарим эх сурвалж мэдээлжээ.

"Рио Тинто"-гоос зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудлыг геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж “Уурхайн загварыг өөрчилсөн” гэдгээр тайлбарлах гэж оролджээ. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн шинжээчид геотехикийн нөхцөл байдлаас болж хөрөнгө оруулалтын зардал 12-90 сая ам. доллараар нэмэгдэнэ, энэ нь төслийн хуваарьт нөлөөлөх учиргүй” гэснээр зардал хэтэрч, хугацаа хойшилсон үндсэн шалтгаан бол геотехникийн нөхцөл байгаагүй гэдэг дүгнэлтийг гаргаад байсан. Энэ нь Рио Тинто компанийн тайлбараас эрс зөрүүтэй болоод байгаад асуудлын гол нь байгаа бололтой.

"Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж олигтой тайлбар хэлж чадахгүй байгаа нь Засгийн газрын Ажлын хэсэг ажил хэрэгч, давшингуй, хатуу шаардлагатайгаар ажилдаа хандаж урд хожид байгаагүй ахиц гаргаж байна гэж хэлж болохоор байна.

“Рио Тинто” группийн зүгээс “Зардлын асуудлаар хөндлөнгийн аудит оруулах Засгийн газрын саналыг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ харгалзан үзэх хэрэгтэй гэх байр суурийг бид тэмдэглэж авсан. Төслөө урагшлуулах зорилгоор хөндлөнгийн аудит оруулах асуудлыг бид дэмжиж ажиллахад бэлэн” гэсэн нь Засгийн газрын Ажлын хэсгээс өмнө нь хүргүүлсэн хөндлөнгийн аудит оруулах шаардлагыг "Рио Тинто" хүлээн авсан гэж үзэхээр байгаа юм.

Сонирхолтой нь Рио Тинтогийн албан бичигт “Бидний ажилд хөндлөнгийн шинжээчдийн багийн тайлан гарснаас хойш тодорхой ахиц гарсан гэж үзэж байна. Энэ долоо хоногоос эхлэн яриа хэлэлцээг тогтмолжуулан хэвлэл мэдээллээр дамжуулан асуудлаа хэлэлцэхээс зайлсхийхээр тохиролцсон нь ахиц дэвшилтэй ажиллахын үндэс суурь юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэд олон нийтэд нээлттэй, хэвлэл мэдээлэлд ил тод ажиллахыг хүсэхгүй байгаа бололтой.

Энэ бүхнээс харахад тэд Засгийн газрын ажлын хэсгийнхэнд өнгөн дээрээ байн байн талархал илэрхийлж, хүлцэл өчиж буй ч хөндлөнгийн шинжээчдээс, хэвлэлийнхэнд ил тод байхдаа тийм ч тааламжтай биш байгаа уур амьсгал нь дээрх тайлбараас ил болж байна. Мөн мэдээллийг олон талаас нь харьцуулах, шүүн хэлэлцэхэд дургүй байгааг дээр дурдсанчлан дотоод гадаадын ажилчдын цалингийн зөрүүг зардалд битүү хатуу тусгаад, баримтаар нотлох шаардлага гарах үед “хаалгаа хааж хэлэлцье” гээд байна уу даа гэх хардлага төрж байна. Учир нь тэд хэзээ ч Монголын ард түмний нүдэн дээр болон Монголын төрийн байгууллагын хяналт дор ажлаа тайлагнаж, тайлбарлаж байгаагүй билээ.