Эрхэм нийтлэлч андууд, уншигчид, “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб. Баабар.мн”-ын хамт олон та бүхний амар амгаланг айлтан алс холын Лондон хотоос мэндчилж байна.

Нэр хүндтэй ийм клуб байдгийг бол хэзээнээсээ мэднэ л дээ. Бараг анхны уншигчдынх нь нэг байх. Манай нэрт сэтгүүлчид болон төрөл бүрийн мэргэжилтэй шилдэг сэхээтнүүдийн оюун санааны талбар тул энэхүү клуб-платформыг өчүүхэн би ихэд эрхэмлэн хүндэтгэдэг билээ. Харин хэзээ нэгэн цагт гишүүн нь болно гэж зүүдлээ ч үгүй явсан сан. 

Би бээр өнгөрч буй оны дунд үеэс нийтлэл бичиж эхэлсэн. Миний 2024 онд бичсэн “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024” ном болон фэйс, твиттерт бичдэг зарим пост, сэтгэгдлүүдийг уншсан нэгэн эрхэм намайг анхны нийтлэлээ геополитикийн сэдвээр бичихийг хүссэн юм.

Хүн болгонд нэг хобби байдаг байх. Политик, геополитик-олон улсын байдлыг ажиглах, сонирхох нь миний хар бага залуугийн хобби. Түүнийг тэр эрхэм ажиглаж л дээ.

Оросын арми Украин улс руу түрэмгийлэн халдсан явдалд бүр би эхний өдрөөс нь эсэргүүцсэн хүн. Тэр талаар л фэйст сэтгэгдлээ бичээд байсан хэрэг. 

Тэгээд тэр эрхэмийн шууд дэмжлэгээр миний бичсэн “Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?” гэдэг анхны хоёр нийтлэл “Сонин.мн” сайт дээр 2025 оны 5-р сарын 26 болон 28-нд нийтлэгдснээс хойш, өнөөдрийн байдлаар тус сайт бүгд 44 нийтлэл гаргасан. Үүнээс нилээн хэд нь зурагт хуудас-нийтлэл юм. 

Би, Польшид Уран зургийн сургуульд график-зурагт хуудасны чиглэлээр суралцаж байсан. Гадаад дотоодын үзэсгэлэн, уралдаанд оролцож байсан туршлагатай. Зурагт хуудасны урлаг нь асуудлыг дүрслэл-текстээр дамжуулан ямар ч насны хүнд ойлгомжтой, товч бөгөөд тодорхой илэрхийлдэг онцлогтой. Ийм нийтлэлийг гадаад орнуудад зөвхөн улс төрийн сэдвээр төдйгүй урлаг соёл, боловсрол, эрүүл мэнд, ер нь бүх салбарт өргөнөөр хэрэглэдэг. 

“Икон.мн” 16, “Гого.мн” 16, мөн “Ньюс.мн”, “Арслан.мн” тус бүр 1, бүгд 78 нийтлэлийг минь уншигч олон түгээсэн. Дээрхи сайтуудад болон онцгойлон “Сонин.мн”,“Икон.мн”,“Гого.мн” сайтуудад талархаж байгаагаа илэрхийье. 

Зарим нийтлэлийг маань хааяа “Дэнс.мн” “Шуурхай.мн”, “Horiotoi.мн”, "Тас.мн” шэйрлэсэн.Мөн, би өөрөө “Х” буюу твиттерт, мөн “Цэргийн түүх”, “Орос-Украины дайны мэдээлэл”, “Орчин үеийн дэлхийн улс төр”,“Улс төр сонирхогчдын групп”,“Геополитик”зэрэг арваад группэд, түүнчлэн фэйсбуктээ давхар шэйрлэдэг. Тэндээсээ бас цөөхөн ч гэсэн цаашаа шэйрлэгдэж байгаа харагддаг. Фэйсээр уншигддаг хэдий ч хүмүүс бараг лайк дардаггүй, сэтгэгдэл бичдэггүй, шэйрлэдэггүй. Гэхдээ зарим нь уншдаг, дэмждэг гэдгээ хэлж байдаг. Сэтгэгдлээ илэрхийлэхгүй байх нэг учир байдаг юм шиг байна билээ. Би учрыг нь асууж тэднийг зовоогоод яахав гэж боддог. 

Зарим сайн санасан нөхөд намайг хэтэрхий хурц бичиж байна. Ялангуяа Оросын талаар ширүүн бичиж байгаа чинь Монголд байгаа ар өврийнхөн чинь хэцүү байдалд орж болзошгүй гэж анхааруулдаг.Нийтлэл бичсэн цагаасаа эхлээд сайтууд дээр бол хараал зүхэл, доромжлолыг бишгүй л нэг сонслоо, уншлаа. Эхлээд эмзэглэдэг байсан, сүүлдээ тоохоо байсан. Тэр ч байтугай “ална, хядна” гэсэн заналхийлэл сайтууд дээр цөөнгүй харагддаг.

Энд хоёрхон жишээ л оруулъя. 

Миний бичиж “Гого.мн” дээр 2026.03.30-нд нийтлэгдсэн “Унгар: Дэлхийн геополитикийн “тэнхлэг”-ийг эргүүлчих юм биш биз?” гэдэг нийтлэлийн доор нэгэн уншигч 66.181.176.186-гаас  "Ш..а чи муу новш, хулгайч Зеленкскийгийнхээ ...выг хөхөөд тэр чигээрээ зайлаарай, чамайг Монголд ирдэг л юм бол ална!" гэж бичжээ ! 

Бас нэг уншигч “Ираны лалын тамыг устгаж байна!” (“Сонин.мн”,2026.03.30) нийтлэлийн доор 103.57.95.22 хаягаас "Энэ муу зураач п....ааг Монголд ирвэл алах цаг болжээ. Америкийн алуурчдыг магтаж дуулах эрх энэ муу цагаач зураачид байхгүй. Энэ х..рийн ах дүү нар гэж ямар юм байна вэ. Мэдрэл х..ртээ хэлж элдэв а....рчдын магтаал бичдэг байдлыг таслан зогсоохыг ах дүү нар нь хэлбэл яасан юм бэ. Муу цагаачийн Авгай хүүхдийг нь олж мэдээд дарамтлах хэрэгтэй". (Үг үсгийн алдааг нь зассангүй. Харин зохисгүй үгнүүдийг зохих хууль дүрмийн дагуу хураангуйлав.) 

Үүнээс болсон уу, эсхүл сонсогдож байгаагаар бол манайд суугаа Унгарын Элчин сайдын яамнаас “шаардлага” гэгчээс болсон уу миний Унгарын сонгуулийн тухай нийтлэлийг хаачихсан. Британид ингэх юм бол "Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх... энэ тэр гээд ёстой бут авахуулна шүү дээ. 

Түүнчлэн, “Энэ мэдрэл юмны бичмэр болсон юмыг юу гэж нийтлээд байна аа, танай сайт болиоч ээ” гэсэн утгатай шаардлагууд нилээн харагддаг. Эдгээр нь нөлөөлдөг үү, яадаг ч юм бүү мэд,  “Икон.мн” бас миний нийтлэлүүдийг авахаасаа татгалзсан юм шиг байна. Харин "Сонин.мн" тууштай дэмжиж байсанд их баярладаг.

“Гого.мн”,“Икон.мн”-ийн залуусыг дээрхи заналхийлэл бичсэн хүмүүс элдвээр дарамталсан юм биш байгаа гэж санаа зовж сууна. Түүнээс биш тэд маань хэвийн харьцаатай хамтран ажиллаж байснаа  гэнэт л юу юугүй намайг хаагаад хавчаад эхлэв гэж. 

Доромжлол, заналхийллээр сүрдүүлэгчид голдуу л нэр, нүүрээ нуусан, ихээхэн алдаатай бичдэг, нөгөө Ояа, Мояа хочтой болсон хүмүүс юм шиг байна билээ. 

“Миний хараалчид” гэж гурван төрлийн хүмүүс байх шиг. Эх орноо хамгаалах шударга дайн, эзлэн түрэмгийлэх шударга бус дайны ялгааг олж хардаггүй нэг хэсэг байхад нөгөөх нь Монгол-Зөвлөлтийн найрамдлын мананд эргэлтгүй төөрч түүнийгээ хараал зүхлээрээ гадагшлуулдаг нэг хэсэг байна. Энэ хоёроос гадна, тэднийгээ бодвол илүү боловсролтой, хэлтэй “хөлтөй”, гурав дахь хэсгийг нь Оросоос, тухайлбал РЦНК-аас мөнгө, даалгавар авчихаад зориудаар гүтгэж үгүйсгэж хараадаг гэж би харддаг юм. Авилга, хээл хахуульд нэвт автсан, манай харалган улс төрчдийн хуншгүй авирлалаас болж жирийн хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, тэд маань уур бухимдлаа хаа хамаагүй гаргаж явдаг нэг талбар нь мэдээллийн платформууд юм байна гэж би боддог. 

Иймэрхүү дайралтуудад нь манай эхнэр хүүхдүүд их эмзэглэж намайг нийтлэл бичихээ боливол яасан юм бэ гэцгээсэн. Гэхдээ би гайгүй байх гэж боддог, Ардчилсан улсын иргэн санаа бодлоо илэрхийлэхдээ нуугдах ёсгүй гэж үздэг жоохон муйхардуу хүн л дээ, би. Нуугдаад байх шаардлага надад байхгүй байх. Би сайтууд дээр нэр, нүүрээ нууж байгаагүй. “Тодын Отгонбаяр” гэдэг өөрийн нэрнээс гадна “Лондон зураач” гэдэг давхар нэрийг тодотгол болгон хэрэглэдэг. Адил нэртнүүдээсээ ондоогоор нэрлэж байгаа ухаантай. Түүнийгээ сайтууд дээр профайл зурагтайгаар давхар баталгаажуулдаг. 

Нийтдээ энэ жил шахамын хугацаанд геополитикийн сэдвээр, голчлон Орос-Украины дайны талаар 40 гаруй, мөн Америк, Европ, Унгар, Иран, Венесуэл, Куба, Польш, Гринланд, Арктик, Антарктидийн тухай 20-иод, урлаг соёл, улстөр, нийгмийн амьдралын сэдвээр 10 гаруй нийтлэл бичсэн байх юм. Зарим нийтлэл нь овоо явна аа. Хэдэн зуун лайк, сэтгэгдэл авч тухайн долоо хоногтоо, тухайн сайтынхаа хамгийн их хандалт авсан нийтлэл болдог. Сүүлд бичсэн “Унгарт ширүүн “зодоон” боллоо” (“Сонин.мн”2026.04.16) нийтлэлийн лайк 600, сэтгэгдэл нь 400, шэйр нь 150 давчихаж байгаа нь “шинэ цэрэг” наддаа л том амжилт. Гэхдээ зарим нийтлэл нь явдаггүй тал бас бий, бий. 

За ингээд “Отгон” нийтлэлч нь нэг иймэрхүү л паянтай та бүхэнтэйгээ нэгдэж байна даа. Хүлээн авна уу.

Анхны нийтлэлдээ баахан гоншигночих шиг боллоо. Уучлаарай. Гэхдээ түүнийгээ цайруулж нэгэн наргианаар өндөрлөе хэмээгээд одоогоос нэг сарын өмнө Цэргийн баяраар бичиж фэйстээ постолсон нэгэн наргиантай бичвэр нэмчихлээ. Тэнд ингэж бичжээ. 

“Баабар.мн”-ийн “Шилдэг нийтлэлчдийн клуб”-ийн гишүүн 78 нийтлэлч байдаг юм байна. Энд их сонирхолтой. Зарим нь ганц ч нийтлэлгүй сууж байхад зарим нь 1000 дөхчихсөн тууж явна. Гэсэн мөртлөө "Нийтлэлч" гэдэг нэг "овогтой". Хэн нь идэвхи зүтгэлтэй, хэн нь хойрго нь тодорхойгүй. Ингээд нийтлэл бичдэг нөхдөө сонжиж сонирхлоо.

Цэргийн цолны эрэмбэ хэн хүнд ойлгомжтой байдаг болохоор тэднийгээ ингэж тоон утгаар нь дараалалд оруулж эрэмбэлвэл хөгжилтөй бөгөөд сонирхолтой байх гэж бодоод наргиан маягаар бичлээ. Цэргийн баяр дуусаагүй, ид дундаа явж байна. Оройтоогүй байх. 

Цэргийн андууд минь битгий уурлаарай, наргиан шүү. Уучлаарай. 

Баабар хамгийн олон - 919 нийтлэл бичжээ. Түүнийг удаалаад Дашдоржийн Баярхүү 801, дараа нь Оргилмаа 616 нийтлэл тус тус бичиж тэргүүн ба тэргүүн дэд, мөн дэд байранд заларч бусад нийтлэлчдээс тасархай шалгарч байна. Ингээд нийтлэлчиддээ "цэргийн цол" олгож гэмээ нь нэг ийм дүр зураг харагдаж байна. Нийтлэлчид та нар маань цолоо мэдэж аваарай. Ккк. Наргиан шүү. 

900-гаас дээш нийтлэл бичсэн 1 хүн - Маршал 

800-гаас дээш нийтлэл бичсэн 1 хүн - Генерал (Хурандаа Генерал)

600-гаас дээш нийтлэл бичсэн 1 хүн - Дэслэгч генерал

550-600нийтлэл бичсэн 2 хүн - Хошууч генерал

500-549 нийтлэл бичсэн 1хүн - Бригадын генерал

450-500 нийтлэл бичсэн 0 хүн - Хурандаа

400-449 нийтлэл бичсэн 1 хүн - дэд хурандаа

350-400 нийтлэл бичсэн 0 хүн - Хошууч

300-349 нийтлэл бичсэн 3 хүн - Ахмад

250-300 нийтлэл бичсэн 1хүн - Ахлах дэслэгч

200-249 нийтлэл бичсэн 7хүн - Дэслэгч

150-200 нийтлэл бичсэн 4хүн - Бага дэслэгч

100-149 нийтлэл бичсэн 11 хүн - Ахлагч

50-100 нийтлэл бичсэн 11 хүн - Ахлах түрүүч

25-49 нийтлэл бичсэн 15 хүн - Түрүүч

10-24 нийтлэл бичсэн 7 хүн - Дэд түрүүч

5-9 нийтлэл бичсэн 5 хүн -    Ахлах байлдагч

1-4 нийтлэл бичсэн 5 хүн -   Байлдагч

0 - огт бичээгүй 2 хүн байна. Цолгүй 

Наргисан, хааяа нийтлэл бичдэг Тодын Отгонбаяр. (Лондон зураач). 2026.03.19”  гэж бичжээ.

Төгсгөлд нь, дээр бичсэнчлэн элдэв сүрдүүлэг, шаардлага хавчсан таагүй цаг үед намайг хамгаалан, санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэх боломж олгож буй “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб. Баабар.мн”, эрхэм Баабар (Б.Батбаяр), Г.Буянбаатар, Г.Баярмагнай болон хамт олонд  талархалаа илэрхийлье. 

Гүнээ хүндэтгэсэн:  

Тодын Отгонбаяр. (Лондон зураач).                                                             2026.04.21. Мягмар гараг. Лондон хот