Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албыг арван жил хашсан, хошууч генерал Д.Чимэд-Юндэн маш ноцтой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байх юм. Тэр бичгийн “хэдэн мөрийг” дахин дахин унших тусам нийтлэн бичиж олон нийтэд мэдээлэхгүй бол “хав дарчих” юм шиг санагдаад тэссэнгүй. Уншигч монгол хүн танд ч бас Цэцэд гаргасан гомдлын үг бүр нь зүрхэнд шивсэн зүү мэт санагдах биз ээ гэж бодоод хуваалцахаар шийдлээ.

Иргэн Д.Чимэд-Юндэн Цэцэд ямар гомдол гаргав?

Тэрбээр иргэний хувиар буюу оршин суугаа хаягаараа Үндсэн хуулийн Цэцэд хандаж “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж гомдол гаргасан байдаг.

Үүнд: “1. Хэлэлцээрийн 3.1-д “Хамтын ажиллагааны бүсийн Монголын талын хэсэг нь Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших Замын-Үүд чөлөөт бүсийн 9 км.кв газар нутаг бөгөөд координат нь зүүн талаараа Замын-Үүд боомт, баруун талаараа Борхойн тал, хойд талаараа хилийн зурвас, урд талаараа Монгол Улсын хилээс 800 метрийн зайд байрлана” гэжээ /Хамгийн ноцтой хэсэг нь/.

Мөн Хэлэлцээрийн 3.2-т ”Хамтын ажиллагааны бүсийн Хятадын талын хэсэг нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын нутаг дэвсгэрт байрлах 9.03 км.кв газар нутаг бөгөөд координат нь зүүн талаараа ачаа тээврийн замаас 70 м, баруун талаараа хилийн шалган нэвтрүүлэх байрнаас 600 м зайд, хойд талаараа хил хамгаалалтын кориулалт бүхий тусгай бүсийн өмнөд хэсэгтэй, урд талаараа хил хамгаалалтын зориулалт бүхий тусгай хашаатай залгаа байна гэж заасан байгаа нь, Хэлэлцээрийн 3.3-т ”Энэ зүйлийн 3.1 ба 3.2 дахь хэсэгт тодорхойлсон хоёр талын хамтын ажиллагааны бүсийн нутаг дэвсгэрийг хамруулан Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж нэрлэнэ гэж, Хэлэлцээрийн 3.4-т “Хамтын ажиллагааны бүсийг хооронд нь хил дамнасан байгууламжаар холбох бөгөөд улсын хилийн шугамын явалтыг тодорхой байлгах зорилгоор улсын хилийг огтлон гарах цэгийн байршлыг Талуудын эрх бүхий байгууллага харилцан хэлэлцэн тохиролцож газар дээр нь тогтоон протокол үйлддэж дипломат шугамаар харилцан баталгаажуулна. Аль нэг тал хилийн шугам дээр дангаараа тэмдэглэгээ хийхийг хориглоно. Талууд хамтын ажиллагааны бүсийн Монгол, Хятадын хэсгийг холбох хил дамнасан байгууламжийн асуудлаар харилцан хэлэлцэж тохиролцоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ.

2. Хэлэлцээрээр хил дамнасан байгууламж барихаар тохирсон нь хилийн халдашгүй, дархан байдалд халдаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулж Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад “улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах” гэж заасныг зөрчиж, Үндсэн хуулиар Монгол Улсын Засгийн газарт олгосон бүрэн эрхэд халдаж байна.

3. 2015онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөт бүсийн удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гааль шалган нэвтрүүлэх, хуулийн болон иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг маш тодорхойгоор тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын ямар ч хуульд байдаггүй “эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэдэг шинэ бүсийг Засгийн газрын хэлэлцээрээр байгуулж, улмаар хуульд зааснаас өөр зохицуулал, журам тогтоохоор тохиролцсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчиж байна.

Монгол Улсын Засгийн газар нь хууль зөрчсөн заалт бүхий “Хэлэлцээр” байгуулсан алдаагаа залруулахаар уг “Хэлэлцээр”-ийг байгуулсны дараа Чөлөөт бүсийн тухай хуульд “хамтын ажиллагааны бүс” гэдэг нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Засгийн газар хууль зөрчсөн үйлдлээ залруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг нотлох баримт болно.

4. Монгол Улсын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн19 дүгээр зүйлийн 19.1дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг хориглоно”, Олон улсын гэрээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Олон улсын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, тухайн гэрээний үндэслэл,олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн байгуулна” гэж заасныг тус тус зөрчиж уг хэлэлцээрийг байгуулжээ.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ноцтой нь юунд байна?

Энэ хэлэлцээр ерөнхийдөө бол зөв сайн хэлэлцээр, буруутгах юмгүй. Үүнээс дээр миний “ноцтой” хэмээн онцолсон Хэлэлцээрийн 3.1-д “Хамтын ажиллагааны бүсийн Монголын талын хэсэг нь Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт орших Замын-Үүд чөлөөт бүсийн 9 км.кв газар нутаг бөгөөд координат нь зүүн талаараа Замын-Үүд боомт, баруун талаараа Борхойн тал, хойд талаараа хилийн зурвас, урд талаараа Монгол Улсын хилээс 800 метрийн зайд байрлана” гэсэн хэсэг анхаарал татав. Өөрөөр хэлбэл, хойд талаар хилийн зурвас Наушки хүрээд, урд талаараа 800 метрийн зайд гэхээр манай нутгийн гүнд орж таараад байна, тийм үү? Энд техникийн алдаа гарч андуурсан байх. Хэрэв андуурлыг залруулж урд зүгт хилийн зурвас, хойд талаараа хилээс 800 метрийн зайд гэсэн бол Монголын талд хохиролгүй, аюулгүй, газар нутгийнхаа гүн рүү нэвтрүүлж, “тус бүсэд” дураараа тонгочих эрх олгохгүй, мөн Тагнуулын дэд дарга асан хошууч генерал Д.Чимэд-Юндэн сэтгэл түгшин “сандарч” Үндсэн хуулийн Цэцэд хандахгүй байх байсан. Ингээд хошууч генерал иргэний үүргээ нэр төртэй биелүүлээд таг болсон.

Шадар сайд С.Амарсайхан яагаад Цэцэд гомдол гаргав?

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Чимэд-Юндэнгийн мэдээлэлд дурдсан асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай 162 дугаар тогтоолыг гаргажээ. Ингээд уг “хэлэлцээр”-ийг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж эхэлсэн байдаг.

Энэхүү хэлэлцээр нь англи, хятад монгол гурван хэл дээр бичигдсэн. Хэрэв маргаан гарвал англи хэл дээрх эхийг баримтлах ёстой. Ингээд хяналт шалгалтын явцад ГХЯ-аас лавлагаа авч, англи эх дээрх албан ёсны орчуулга үг,  үсгийн зөрүүгүй давтагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Гэтэл маргагч тал болох Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 162 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, Үндсэн хуулийн Цэцэд гомдол ирүүлжээ. Агуулгын хувьд “Холбогдох тайлбар мэдээллийг бэлтгэн Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн тухайн асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодорхой тайлбарыг ирүүлээгүй тухай дурьдаж, 2020 оны 162 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлийн хувьд эргэлзээтэй байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 162  дугаар тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах саналыг хүргүүлж байна” гэсэн байгаа юм.

Үндсэн хуулийн Цэц ямар хариу өгөв?

Хуулиараа Цэцийн нэг гишүүн маргаан үүсгэх санал гаргасан бол гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаад шийдвэр гаргадаг. Үүний дагуу Цэцийн гурван гишүүн хуралдаад уг маргааныг хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Цэцийн гишүүн Д.Одбаяр, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй хуралдаад эцэст нь “Үндсэн хуулийн Цэцийн гишүүний 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх тухай” 162 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай”, “Иргэн Д.Чимэд-Юндэнгийн мэдээллийн дагуу үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн магадлал гаргажээ. Үүнийхээ гол үндэслэлийг “Монгол Улсын Их Хурлаас соёрхон батлаагүй байна” гэдэгтэй холбож үндэслэл болгосон байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын шийдвэрийг ч бас хянадаг шүү дээ. Тиймээс гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгосон Засгийн газрын шийдвэрийг ч хянах эрхтэй. Ялангуяа энэ хэлэлцээрийн хувьд УИХ соёрхсон тохиолдолд бүр ч “алдаагаа засах” аргагүй болоод зогсохгүй Хятадын талд найр тавин 800 метр газрыг “илүүчилж”, газар нутагтаа дураараа дургих эрхийг хууль бусаар олгох болчихоод байна. Өөрөөр хэлбэл УИХ энэ хэлэлцээрийг соёрхон баталчихвал Хууль болсон. Гадны улс орны өмнө энэ хуулиар үүрэг хүлээнэ. Манай тал “алдаагаа ухаараад” засаж өөрчилье гэсэн ч Хятадын тал “Уучлаарай, манайх өөрчлөхгүй” гэх болно.

“Алдааг” засах уу, “Алдаа” биш үү?

Энэхүү хэлэлцээр ямар шат дамжлагаар явсан бэ гэхээр Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Засгийн газар хэлэлцээрийн төслөө гадаад талтайгаа тохиолцоод УИХ-д, УИХ-ын Аюулгүй байдал, гадаа бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодод хүргэгдсэн. Тэдгээр Байнгын хороод 2019 оны 4 дүгээр сард хуралдаад гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосны дагуу 2019 оны 6 дугаар сард Бээжинд гарын үсэг зурагдсан гэрээ. Гэтэл Хятадын хилд тулгаж биш хилээс дотогш 800 метрийн зайд “хамтрагчаа” байрлуулахыг зөвшөөрсөн “аймаар том, дураараа” шийдвэрийг гаргачихсан байдаг. Техникийн алдаа юу? Санаатай үйлдэл гэж үзэх үү? Цэцийн гурван гишүүн гаргасан магадлалдаа цагаан дээр хараар тэрхүү “техникийн алдаа”-г бүтнээр нь бичиж иргэн Д.Чимэд-Юндэнгийн мэдээллийн дагуу үүсгэсэн Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухайгаа дурдсанаас харвал “тэгэхээс тэгэх гэж дээрэлхээд байгаа мэт” сэтгэгдэл төрж байна.

Хэрэв техникийн алдаа биш бол “Санаатай үйлдэл” болж таарна. Энэ тохиолдолд Монголын эрх ашигт үл нийцэх, газар нутагаа “санаатайгаар алдах” агуулгатай заалтаар хэлэлцээр хийсэн нь Монгол Улс 21дүгээр зуунд “Шанзав Бадамдоржтой” болсон юм уу. Тэр нь хэн бэ гэдэгт анхаарал хандуулахгүй байх аргагүй.

Харин техникийн алдаа бол “Яагаад өдий олон шат дамжлагаар, төрөөс татвар төлөгчдөөс цалин авдаг төрийн албан хаагчдын гарыг дамжсан байтал иргэн Д.Чимэд-Юндэнгээс бусад хүн, албан хаагчид, байгууллага нэгжүүд тэрхүү улс орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хор хохирол дагуулж мэдэхээр техникийн алдааг олж хараагүй вэ?

Сайнаар, зөвөөр, зөөлнөөр хардаад “техникийн алдаа” гэж бичээд байна л даа. Энэхүү “техникийн алдаа” нь хариуцлагагүйн зуд нүүрлэсний нэг жишээ төдий байгаасай. Тодорхой бодлого, үр дагавар дагуулаагүй байгаасай.

Тагнуулын байгууллагыг арваад жил удирдалцсан, хошууч генерал Д.Чимэд-Юндэн дээрх ноцтой алдааг олж хараад УИХ соёрхож, олон улсын өмнө хууль болчихоос нь өмнө алдаагаа засъя гээд иргэний хувиар Үндсэн хуулийн Цэцэд хандахад нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Шадар сайд С.Амарсайхан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Баясгалан, Д.Одбаяр, Ж.Эрдэнэбулган нар яагаад “хаалт хийж”, маргаан үүсгэх ажиллагааг таслан зогсоов? Таслан зогсоохдоо Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг юуны учир зориуд мушгин гуйвуулав? Хэрэв санаатайгаар ийм хэлэлцээр хийсэн бол төрийн тэр олон шат дамжлагыг хэнд ч анзаарагдахгүй давж чадтал хэлэлцээр хийсэн 21-р зууны “Шанзав Бадамдорж” нь хэн бэ? 

Үүний хариултыг монгол хүн бүр заавал мэдэх ёстой. Тийм эрхтэй. Мөн энэ дашрамд иргэний үүргээ биелүүлж, улсын эрх ашигт харшлах хэлэлцээрийн Үндсэн хууль ба бусад холбогдох хуулиудыг зөрчсөнийг илрүүлэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан Монгол Улсын хошууч генерал Д.Чимэд-Юндэн Танд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!“Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үгийг бүү мартаарай!