Өнөөдрийн миний ярилцлагын зочин бол орчин цагийн хуульчдын тэргүүн эгнээнд зогсож буй цөөн хэдийн нэг. УИХ-ын Тамгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хуульч Ц.Цолмон юм.

Цэдэвийн Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2016-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 



-Ажлаас чөлөөлөгдөж байх үед тань тантай ярилцахыг хүсч байлаа. Тэр үед мэдээж бүх сэтгүүлч ярилцах санал тавьсан байх. Гэвч та юу ч яриагүй. Тэгэхээр таны Төрд ажиллаж явсан он жилүүдээс өнгөрсөн дөрвөн жил өнгө төрх, дотоод агуулга, үймээн шуугианаараа онцгой үе болсон байх. Ер нь юу болоод өнгөрөв өө. Өнөөдөр хэн миний өмнө сууж байна вэ?

-Мэдээж Монгол Улсын иргэн Цолмон гэдэг хүн байх. Би хуульч мэргэжилтэй. МУИС төгссөн. Дараа нь Англи, АНУ-д сургууль төгссөн. Ажил амьдралынхаа гарааг МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшаар эхэлсэн. ХЗДХЯ-нд бараг 10 орчим жил Хууль зүйн бодлогын газрын даргаар ажилласан. Дараа нь өмгөөлөгчөөр хэсэг ажиллалаа. Тэгээд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. МУИС-д багшаар түүнчлэн гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийн хүрээнд нийт 22 орчим жил ажиллажээ. Одоохондоо хувиараа ажиллаж байна. Саяхан Нагояагийн их сургуулийн доктрантурт суралцахаар хандсан. Хариугаа хүлээзнээд байж байна. Долдугаар сард ярилцлагад орох байх. Аравдугаар сард хариу нь ирнэ. Багш байсан болохоор надад эрдэм шинжилгээний ажлийн туршлага байгаа. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлаасаа нэлээд хөндийрсөн байсан. Англи, АНУ-ын докторын хөтөлбөрийг судалсан, заавал очиж сурахаар нөхцөлтэй байгаагаас гадна төлбөр нь өндөр юм. Нагояагийн их сургуультай МУИС-ийн Хууль зүйн сургууль нэлээн сайн харилцаатай. Тэр хүрээнд байнга Японд байгаад байхгүйгээр хааяа очиж багшаасаа чиглэл аваад цахимаар сурдаг тийм докторын программд хандсан байгаа.

-Таныг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход “Ц.Нямдоржийн хүн гарч ирлээ” гэж ярьж, бичиж байсан. Таны өмнө нь ажиллаж байсан төрийн институциудаас их өөр улс төрийн халуун гал тогоо руу та орж ирсэн. Дээр нь улс төрийн нөхцөл байдал үнэхээр амаргүй байлаа. Эрх баригч намын дотор маш том хуваагдал, задрал явагдсан үе таарлаа.

- Хуулиа барьж ажиллах нь л миний зарчим. 1998 онд ХЗДХЯ-нд орсноос хойш олон сайдтай ажиллаж байсан. Эргээд бодоход олон ч Засгийн газар солигдсон байна. АН-ын сайд нар ч ирж л байсан. МАН-ын сайд нар ч ирж л байсан. ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга бол Засгийн газрын хуулийн бодлогыг хариуцаж байгаа учраас бүх сайдтай нам харгалзахгүй ажилладаг. Гэхдээ улс төрийн өнцгөөс асуудалд хандах ёсгүй. Хууль зүйн талаас нь өөрөөр хэлбэл хуулийн зарчим, агууллага, үзэл баримтлал нь чухам яг юу юм гэдэг байр сууринаас л асуудалд хандаж ирсэн.

- Ер нь гэхдээ уур амьсгалын хувьд хэцүү нөхцөлд ажилласан биз дээ ?

- Айхтар хэцүү нь ч юу байхав. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн хоёрт хуулийн дагуу адилхан шаардлага тавигддаг. Өөр ямар ч албан тушаалтанд тавигддаггүй шаардлага хуульд байдаг нь хууль зүйн болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх. Би тухайн үед төрийн албанд буцаж орно ч гэж бодоогүй, хувийн өмгөөллийн фирм ажиллуулж байсан. Төрийн албанд орох бодолгүй, хөөцөлдсөн юм ч байгаагүй.Тэгсэн долдугаар сарын 22-нд шиг санаж байна, Төв шуудангийн хажуугаар алхаж явтал гэнэт УИХ-ын дарга М.Энхболд дуудаад “За, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана аа хө” гэсэн. Тэр өдрөө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан бид хоёр томилогдсон. Бараг энэ парламентын анхны томилгоо байсан байх. Хууль зүйн бодлогын газрын дарга бол хуулиа яаж ойлгож хэрэглэх вэ, яаж бодлогын баримт бичгүүдийг боловсруулах вэ гээд цэвэр хуульч хүний хийх мэргэжлийн ажил, харин Ерөнхий нарийн бичгийн дарга бол хууль зүйн технологоос гадна хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, гадаад харилцаагаа мэддэг байх ёстой. За, тэгээд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийнхээ зовлонг ойлгодог, яаж харилцахаа мэддэг байх ёстой. Сэтгүүлчдийг дэмжинэ гэдэг нь парламентын ил тод байдлыг дэмжиж, олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэнэ гэсэн үг. Загнаад, дарамтлаад байж болохгүй. Ажиллах боломж бололцоогоор нь хангах ёстой. Ер нь тэгээд бүх юм руу л ордог. Өргөн хүрээг хамарч ажилладаг, ийм л ажил. 

-М.Энхболд дарга УИХ-ын дарга болсон нь улс төрийн утгаараа олон эргэлзээ дагуулсан. Өөрийнх нь хувийн шийдвэр байх. Намаа авч сонгуульд ороод үнэмлэхүй ялалт байгуулаад ирсэн. Ялалтын мастер Ерөнхий сайд болдог нь тогтсон зүйл. М.Энхболд бол тэр ойлголтоос зөрөөд явсан. Яагаад Ерөнхий сайдаа биш УИХ-ыг авч байна вэ. Ерөнхийлөгчид өрсөлдөх нь ойлгомжтой болжээ гээд л. Ингээд нам дотроос нь асуудлууд гарч ирсэн. Өнөөдөр ийм байдалтай хоёр талд сууж байгаа намын хагарал эндээс эхтэй гэж хардаг. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болсоны дараа ер нь хэцүүдэх юм байна даа гэсэн мэдрэмж танд төрж байсан уу?

- Яг үнэнийг хэлэхэд өмнө нь би улстөрч байгаагүй. Улс төрийн гал тогоо руу өнгийж, дотор нь хутгалдаж явсангүй. 2009 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт ороод төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээс түдгэлзсэн. Аливаа асуудалд мэргэжлийн үүднээс ханддаг байсан болохоос улс төрийн өнцгөөс асуудлыг харж байгаагүй. Яахав, хувийнхаа дүгнэлтийг мэдээж дотроо хийнэ. Хуульч хүний хувьд манай Үндсэн хуулийн тогтолцоо болохгүй байна даа л гэж бодож байсан. Улс төрийн намууд сонгуульд орно. Сонгуульд орохдоо улс төрийн нам гүйцэтгэх засаглалын хийх ажлыг л ард иргэдэд амлана шүү дээ. Манайх ялаад гарвал цалинг ингэж нэмнэ, ажилгүйдлийг бууруулна, ядуурлыг багасгана, малчдад ингэж дэмжлэг үзүүлнэ гэдэг чинь парламентын гэхээсээ илүү гүйцэтгэх эрх мэдлийн, Ерөнхий сайдын хийх ёстой ажил. Бусад улсад ч тийм байдаг. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийн төлөө л намууд өрсөлдөж байна гэсэн үг. Ерөнхий сайд болохын тулд, гүйцэтгэх эрх мэдлийг авахын тулд л улс төрийн намууд уралдаанд орж байна шүү дээ. Гадны туршлага харьцуулаад харвал парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчийг сонгуулиар сонгодоггүй. Ерөнхийлөгч илүү бэлгэ тэмдгийн шинжтэй байдаг. Харин манайд Ерөнхийлөгчөө бүх ард түмний сонгуулиар сонгодог. Тэгэхээр М.Энхболд даргад нам нь “Та намаа УИХ-ын сонгуульд ялуулсан учраас дараагийн шатны сонгуульдаа намаа төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд орох ёстой” гэсэн үүрэг, даалгаврыг өгч байна гэдэг нь тодорхой шүү дээ.

- Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг биш бичлэг задарсан. Таны удирдлагад байдаг аппаратаас задарсан гэж ойлгогдсон. Тэгэхээр энэ үйл явдлууд чинь “За, асуудал юу руу яваад орчихов оо” гэдэг дохиог өгнөө дөө. Аппаратаа солиогүй, зүгээр л орж ирээд ажиллаад явчихсан гэж таныг ойлгосон ?

- Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байгаа юм чинь ямар бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллавал хамгийн үр дүнтэй, сайн ажиллаж болох вэ гэдгийг судалсан. Тамгын газрын аппаратын бүтцийг хөдөлгөх, хүмүүсийг нь халах, солих, өөрчлөх ёсгүй юм байна гэж харсан. Тэгээд алдаа дутагдал байвал тэрийг нь сайжруулаад явах юм байна. Ажил хийж байна гээд бүтцийг нь өөрчлөөд, хүмүүсийг бужигнуулаад байх шаардлага байхгүй гэж үзсэн. Тэр бичлэгийг бол сошиал дээрээс амьдралдаа анх удаа харж байгаа юм. Яагаад тийм бичлэг хийсэн юм. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичлэг нам дээр л хийгдэх ёстой. Тэр бичлэгийг ордонд хийсэн гэдгийг би мэдээгүй. Тамгын газар албан ёсоор үүнд оролцоогүй. Үнэн ньл энэ. Задруулсан гээд байгаа залуу ажилдаа ахиж ирээгүй, тэр чигээрээ алга болсон. Би хүн ёсны хувьд уулзаад чухам юу болсон юм, яагаад камерт нь байсан бичлэг алдагдсан юм бэ гэдгийг асууя гэж бодсон. Гэтэл тэр залуу тэр чигээрээ алга болсон. 

- Хууль зүйн бодлогын газрын даргаар та олон жил ажилласан. Олон Хууль зүйн сайдтай ажилласан байж таарна. Яагаад тэдэн дотроос сугалаад Ц.Нямдоржийн хүн гэж таныг онцлоод байсан юм бол. Та хоёр бол нутаг орон, удам гарал, үе гээд бүх юмаараа тэс хол хүмүүс ?

- Ц.Нямдорж гуай чуулганы танхимд нэг ярьсан даа. “Би нэг удаа Их Сургуулийн элсэлтийн шалгалт дээр нэг гайгүй хүүхэдтэй таарсан” гээд. Анх удаа бид хоёр нүүр тулж уулзаж байгаа нь тэр.

- Их Сургууль дээр?

- Тийм. Гэхдээ элсэлтийн биш төгсөлтийн шалгалт юм. 1998 он шүү дээ. 22 жилийн өмнө гэсэн үг. Тэр үед Их Сургуулийн төгсөлтийн шалгалт чинь сүртэй юм болдог байлаа. Комисс нь дандаа том эрдэмтэд ирнэ. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга Г.Совд багш өөрөө ахална. Тухайн үед Ц.Нямдорж гуай УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан байх. Мөн С.Нарангэрэл багш, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Прокурор, хичээл заасан багш нар бүгд сууж байна. Тэгэхэд би залуу ч байж. Билетээ автал Эрүүгийн хуулийн “Хууль бусаар ан агнах гэмт хэрэг” гээд л асуулт орж ирж байна. Би ч босоод ярьж өглөө. Залуу хүн зоригтой л ярина шүү дээ. Тухайн үед унших ном ховор. Г.Совд багшийн Эрүүгийн хуулийн тайлбар гээд том зузаан ном байлаа, орос хэл дээр номнуудыг нэлээд уншсан амьтан. Тэгээд л амандаа орсоныг л ярилаа. Туурайтан амьтныг голын мөс рүү оруулж болохгүй, хунгар цас руу оруулж сүргээр нь хядаж болохгүй гээд баахан юм ярьсан санаж байна. Тэгсэн Ц.Нямдорж гуай “Чи юу гээд хууль зохиож яриад байгаа юм” гэж байна. Тэгэхээр нь би ч зөрөөд уншсан номноосоо баахан юм ярилаа. Ц.Нямдорж сайд ч ширүүхэн шиг загнаж байна. Тэгээд Их Сургуулийг улаан дипломтой, онц төгсөж байсан. Г.Совд багш дараа нь “Маш сайн хариулсан шүү” гэж хэлж байсан. Миний ах олон жил УИХ-ын Тамгын газарт ажилласан. Одоо өөр ажилтай. Тэр ахтай маань Ц.Нямдорж гишүүн ордонд таарчихаад “Тэр Цолмон гэж нөхөр чиний дүү юм уу. Хуулийн юм жаахан сурвал явахаар хүүхэд байна билээ. Прокурор, хуулийн байгууллагад ажиллах бол надтай уулзаад, зөвлөгөө аваад гар гэж хэлээрэй” гэж хэлсэн юм билээ. 

- Тэр чинь бүр 1998 онд байх нь байна шүү дээ.

- Тийм. Тэр үед би очоогүй л дээ. Эрүүгийн эрх зүйгээр ч яваагүй. МУИС-д иргэний эрх зүйн тэнхимд багшаар үлдсэн. Иргэний, гэрээний, бизнесийн эрх зүй гол төлөв заасан. Багшилж байгаад Англи улсад суралцахаар явсан. Гурван жил сурчихаад ирсэн. Хууль боловсруулах чиглэлээр ажилламаар санагдаад ХЗДХЯ-нд анкет өгсөн. Ц.Нямдорж сайд их гярхай хүн. Их Сургууль дээр уулзсан анхны тэр уулзалтаас хойш зургаан жилийн дараа намайг таньж байсан. Тэгээд яаманд мэргэжилтэнээр ажилд орж, нэг их удалгүй Хууль зүйн бодлогын газрын даргаар томилогдоод ажилласан. Харин сүүлд нь намайг Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг өгөхөд 22 жилийн дараа, чуулганы хуралдаан дээр элсэлтийн шалгалт дээр таарсан тэр хүүхдийг хайж байж олж авсан гэж Ц. Нямдорж гуай хэлж байна лээ. 

- Хууль зүйн бодлогын газар үнэхээр чухал газар шиг санагддаг.

- Хуульч хүний хувьд Бодлогын газар ажиллана гэдэг нэр төрийн хэрэг гэж боддог. Нэгдүгээрт, Засгийн газраас боловсруулаад орж байгаа бүх хуулийн үзэл баримтлалаас эхлээд хянана. Ажлын хэсэгт ажиллана. Санал бодлоо хэлнэ. Засна. Сайжруулна. ХЗДХЯ-наас боловсруулсан бүх хууль дээр ажиллана. Ихэнх ажлын хэсгийг нь ахлана. Бодлогын газраар дамждаггүй хууль гэж байхгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачилбал төсөлд нь хууль зүйн бодлоготой нийцэж байна уу, үгүй юү гэдэг санал, дүгнэлт өгнө. Засгийн газрын бүх шийдвэрийг хянана. Хууль зүйн үндэслэлийг нь хянана. Ер нь бол Засгийн газрын хууль зүйн төв гал тогоонд байна гэсэн үг л дээ.

- Парламентад ажиллалаа. Улс төр нь хурцадмал үйл явдлууд ихтэй байсан. УИХ-ын дарга огцорсон. Энэ бүхнийг мэдээж хуульч хүн өөрийн зарчмаар даван гарсан байх. Та ч, тухайн үеийн Спикер ч энэ талаар юу ч яриагүй.Өнөөдрийн гаргаад явж байгаа шийдвэр тань ч гэсэн холбоотой гэж харж байгаа. Сөрөг хүчин биш өөрийн намынхны идэвхтэй зохион байгуулалт, шахалтаар огцорсон шүү дээ?

- Би их л олон улстөрчтэй, сайдтай ажиллаж байсан. М.Энхболд дарга хар багаасаа л төрийн алба хашиж ирсэн, төрийн хүн. Илүү дутуу юм яриад байдаггүй. Ажлаа зөв зохион байгуулж, цэгтэй явуулдаг. Асуудалд чамбай хандана. Ер нь ажиллахад их амар. Илүү дутуу хууль бус шаардлага тавьдаггүй, хачин хачин юм яриад байхгүй. Өөдөөс нь тайлбар тавихад ойлгож, сонсож хүлээж авна. “Хууль зүйн талаасаа ийм юм байна шүү дээ” гээд улстөрчдөд их тайлбарлана. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр гал маналзуулсан зөндөө асуудал гарна. Хууль зүйн талаасаа, улс төрийн талаасаа ч гарна. Хууль зүйн талаасаа тайлбарлах үүрэг нь миний ажил юм чинь хүний ам дагаад болно болно гээд байж болохгүй. Болохгүй юмыг заавал тайлбарлаж, хууль нь ийм байдаг юмаа, ингэж дураараа хийж болохгүй, ер нь бол зөв гарц нь ийм байх ёстой гэж арга замыг нь хэлэх үүрэгтэй. Харин улс төрийн харилцаа гэдэг бол шал ондоо юм билээ. Хуульчдын дэс дараатай, хайрцаглаж ажилладгаас тэс ондоо. Хүмүүсийн хүчний хуваарилалтын талаасаа ч мөн шийдвэр нь яаж яваад, яаж гардаг юм. Ямар зарчмаар, ямар үе шаттай, яаж гардаг юм гэдгийг л маш сайн ойлгож, мэдэрч ажиллах ёстой юм билээ.

- Гадаа хүмүүс жагсаад л, дотор ч олон үйл явдал болж байсан. Сэтгүүлчид ямар сонин жижиг, сажиг зүйл сонирхдог юм бэ гэж хүмүүс шүүмжлээд байдаг. Уг нь тэр олон жижиг, сажиг чинь бүгдээрээ фактууд байдаг байхгүй юу. УИХ-ын даргын өрөөнд иргэний нийгмийн зарим төлөөлөл, УИХ-ын гишүүд орж уулзсан. Энэ үеэр биед нь халдлаа. Хутга шөвөг барилаа гээд нэг асуудал гарсан. Тэр яг юу болсон юм бэ?

- Түрүүчийн асуудалтай холбоод хэлэхэд тэрний хүн, энэний хүн, ийм байх ёстой, тийм байх ёстой гэж төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст нэр хоч өгөх гээд байдаг. Энэ бол маш буруу жишиг. Төрийн албан хаагчид төрд л зүтгэх ёстой. Хуульд захирагдаж ажиллах ёстой. Улс гэж байгаа бол Төр гэж байх ёстой. Төр гэж байгаа бол хууль гэж байх ёстой. Хууль нь хэрэгждэг байх ёстой. Ямар ч зохицуулалтгүй эрх чөлөө гэдэг бол эмх замбараагүй байдал гэсэн үг. Эрх чөлөөг зохицуулж дэс дараалалд нь оруулдаг юм нь хууль. Хуулийг бид хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлж тайлбарлаж болохгүй. Хуульч нар гарч ирээд л илт буруу юмыг зөвтгөөд тайлбарлаад эхлэхээр өөрийнхөө үнэ цэнийг, хуулийнхаа нэр хүндийг унагааж байгаа юм. Ер нь зөв юмыг буруу болгож тайлбарлаж, буруу юмыг зөв болгож тайлбарладаг байж болохгүй гэж боддог.

- М.Энхболд даргын өрөөнд нь үнэхээр зодоон болсон юм уу. Биед нь халдсан юм уу. Та хариулсангүй?

- Би энэ талаар нэг их яриад байдаггүй. Би товчхон ярья. Уулзалт болохоос өмнө над руу Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын даргатай уулзмаар байна гэж залгасан. УИХ-ын гишүүд тантай уулзъяа гэж байна гээд би М.Энхболд даргад хэлсэн. М.Энхболд дарга ч “Өө, тэгье тэгье” гэсэн. Тэгээд Би Т.Аюурсайхан гишүүн рүү залгаад гишүүдтэй уулзъя гэж байна гээд хэлсэн чинь гаднаас жагсагчдын төлөөллийг заавал авч орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Болохгүй ээ. Энэ хүн төрийн тусгай хамгаалалтад байдаг гуравхан хүний нэг. Нөхцөл байдал ямар байгааг ойлгож байгаа биз дээ. Хувь хүмүүсийн хоорондын асуудал биш. Янз бүрийн асуудал гарвал хэн хариуцах вэ” гэхэд “Би мэдэж байна. Би хариуцна” гэсэн. Би ч ажлаа хийж байгаагаа хэлээд, түр тар хийцгээлээ. УИХ-ын дарга надаас юу болж байгааг асуухад нь “Гаднаас заавал өөр хүмүүстэй орж ирнэ гээд байна” гэхэд “Орж ирээд ярилцана биз дээ. Гадаа олон хүмүүс хүйтэнд зогсоод байна. Уулзах ёстой” гэсэн. Би Т.Аюурсайхан гишүүнд “Та хүмүүсээ өөрөөхариуцаарай” гэсэн. Төрийн ордонд нэвтрэхэд гурван давхар хамгаалалтаар нэвтэрч орно. Гадаа нэг, ордны үүдэнд, УИХ-ын даргын үүдэнд гээд гурван шатны хамгаалалт нэвтэрч ирсэн. Харин УИХ-ын даргын өрөөний үүдэнд хамгаалалтынхан хутгыг илрүүлж хураасан. Тэгээд УИХ-ын даргын өрөө рүү орсон. Тэд УИХ-ын даргыг ерөөсөө сонсоогүй. Эр хүний жудагаа ч бодсон, ах захаа бодсон ч УИХ-ын гишүүд маш муухай ааш авир гаргаж байсан. Тэр хутгаа хураалгасан гээд байгаа залуу гэнэт босоод УИХ-ын дарга руу дайрсан. Заналхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой, ойрхон зайнд тулан ирсэн. Тэгээд хамгаалалтын албаныхан түүнийг дараад унагасан. Гаднаас орж ирсэн хүмүүсийг нь хамгаалалтынхан чирч гаргасан. Гишүүдэд бол хүрээгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө гараад явсан. Тэд нар ч дотроо айсан байх. Гараад л шууд мэдэгдэл хийгээд эхэлсэн. Ичсэн хүн юу яана билээ, тийм л юм болсон. Би энэ асуудлыг хувь хүний асуудал биш, Монголын төрийн дархлаатай холбоотой гэж ойлгодог. Хэзээ нэгэн цагт үүнийг хуулийн дагуу шалгаж, тодорхой болгоно биз дээ.

- Биед нь хүрсэн гэж би сонссон?

- Биед нь хүрээгүй ээ. Маш ойрхон, алхамын зайд ирсэн.

- М.Энхболд дарга тэгээд суугаад л байсан хэрэг үү?

- Уулзалт дуусаад босоод зогсож байсан. Уулзалт гэж дээ, уулзалт гэж нэрлэх боломжгүй зүйл болсон. 

- Таныг ажлаас чөлөөлөхөд парламентын хамгийн сонин хуралдаан болсон. Гишүүд бүгд л харамсаж байгаагаа илэрхийлж байсан. “Ийм сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээ Төр явууллаа. Ийм байвал Төрд хэн зүтгэх юм бэ” гээд бүгд л үгээ хэлсэн. Эд нар бүгд энэ институцийн ажлыг ойлгодог юм байна. Улс төржихгүй юм байна гээд харж байтал “чөлөөллөө” гээд дарцгаачихсан. Хамгийнхошин хуралдаан тэр өдөр болсон. Нэг хүн дээр ирж байгаа эерэг дүгнэлт гэхэд гайхмаар өндөр хувийн сайн гэх дүгнэлт танд очсон шүү. Гэхдээ шийдвэр тэгж гарахыг та мэдэж байсан байх?

- Ер нь бол мэдэж байсан. Тэр үед өөрөө өргөдлөө өгчихсөн, Г.Занданшатар даргатай ч хэд хэдэн удаа уулзсан. Ер нь бол хамтарч ажиллахгүй гэсэн ойлголт надад өгсөн л дөө.

- Гэхдээ алдаа гаргасан, ёс суртахууны хувьд эргэлзээ төрүүлсэн, хууль зөрчсөн факт байх ёстой.Ажлаас чөлөөлөх үндэслэлээ Г.Занданшатар дарга юу гэж тайлбарласан бол ?

- Надад бол тэр хүн хамтарч ажиллахгүй юм байна гэдэг ойлголтыг хангалттай, тодорхой өгсөн юм. Тэгээд би бодож байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга хоёр ойлголцож ажиллах ёстой. Нэгэнтээ УИХ дарга нь хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд би албан тушаалтай зууралдаад байх нь утгагүй. Хүн ажиллахгүй гээд байхад ажиллана аа гээд чичрээд байх нь дэмий. Ард нь төрийн ажил, парламентын нэр хүнд байгаа учраас хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн ажлыг авсан нэг өдөр байхад өгөх нэг өдөр ирнэ. Тийм учраас нэр төртэй өгөөд явах нь зөв гэж шийдээд өргөдлөө өгөөд гарсан.

- Маш олон залуучууд хуулийн үндэслэлгүй, гарт баригдах бодит фактгүйгээр ажлаас чөлөөлөгддөг. Нам төвтэй төрийг тойрсон эсэргүүцэл, шүүмжлэл эндээс үүсээд байгаа юм. Та бол яахав гараад яваад өгч байна. Гэтэл нэг хэсэг залуус шүүхдэж байгаа. Шүүхэд хандах ёстой юу ёстой. Шударга ёсны үүднээс өөртөө хүн хариутай байх ёстой. Түүнийхээ төлөө шүүхээр явахад бүрэн эрхийнхээ хугацааг дуустал дөрвөн жил шүүхээр гүйлгэчихдэг.

- Төрийн захиргааны алба тогтвортой ажиллах ёстой. Харамсалтай нь төрийн албанд шинэ дарга нь ирээд доошоо бужигнуулах ажилд ханцуй шамлаад ордог нь төрийн ажлыг хийж үзээгүй, зовлон жаргалыг нь мэдэхгүй хүмүүсийн л хандлага. Одоо манай төрийн албаны залуучууд их сайжирсан. Төрийн албанд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай залуучууд олон ажиллаж байна. Тэднийг зүгээр л ажлыг нь хийлгэх ёстой. 

- Таныг Х.Тэмүүжинтэй холбож хардаад байдаг. Сайн найз гэнэ. Нэг ангийн хоёр гэнэ гээд л. Ажил хийхэд нам дагасан хуваагдал бас их гай болдог. Та бол дуулиан шуугиан болгон дээр гарч ирээд, энэ тэнд мэдэгдэл хийгээдбайдаг хүн биш. Гэвч нэр дэвшиж, бодлого боловсруулдаг газар нь орж ажиллахгүй бол болохгүй нь гэдэг шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг гаргахад хамгийн том түлхэц өгсөн зүйл юу вэ?

- Бас Х.Тэмүүжингийн хүн болчихсон уу. (инээв) Төрийн албыг авдаг, өгдөг гэж түрүүнд хэлсэн. Х.Тэмүүжин бид нэг төгсөлтийнх. Би чинь МАН-ын үед ажиллаж байсан хүн. Хууль зүйн бодлогын газрын даргын ажлыг өгдөг чинь Х.Тэмүүжин сайдаар ирээд ажлаа өгсөн юм шүү дээ. Тэр хүний нөхцөл байдлыг чойлгож болох талтай. “Засаг төр солигдлоо шүү дээ, Цолмоон. Хууль зүйн газрын дарга бол Засгийн газрын гал тогоо. Чи юу гэж бодож байна” л гэсэн. Би бас л нөгөө зарчмаараа бодоод ажлаа өгсөн. 10 жил ч ажиллачихсан байсан. Явж сурахаар шийдсэн. Тэгээд Англид мастер хамгаалснаасаа арван жилийн дараа АНУ-ын Нью-Йоркийн Колубмын их сургуульд мастер хамгаалахаар сургуулийнх нь тэтгэлгээр явсан. Нью Иоркийн сургуулийг сонгодог нь сургуулиа төгсөөд тэнд хуульчийн шалгалт өгөөд хэсэг хугацаанд Нью Иоркд ажиллах бодолтой явсан. Залуучуудад хандаж хэлэхэд уг нь энэ нь боломжгүй тийм хэцүү зүйл биш. Харин миний хувьд хувийн шалтгаанаар сургуулиа төгсмөгц буцах шаардлага гарсан.

Миний улс төрд орж байгаа нь намайг шахсан гэх ч юм уу, улс төрийн ажил, албан тушаалтай огт холбоогүй. Улс төрд оръё гэсэн шийдвэр бол миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэрүүдийн л нэг болж байна. Ер нь би улс төрд орно гэж бодож байгаагүй. Яагаад ийм шийдвэр гарсан бэ гэж та асуух байх. Сүүлийн ажлаа өгснөөс хойш зав чөлөөтэй болоод бид юун дээр алдаад байна, яагаад болохгүй байна. Ард түмний өмнө тулгамдсан ямар асуудал байна. Яагаад шийдэж чадахгүй байна гэдэг хэд хэдэн асуултад хариулт олохыг хичээсэн. Магадгүй Р.Амаржаргал гуайн хэлээд байгаа шиг энэ сонгууль хамгийн сүүлийн ардчилсан сонгууль болж ч мэдэх юм. Улс төр бидний хүсээд байгаа шийдвэрийг гаргаж чадахаа больжээ. Тэгш бус байдал газар авсан байна. Монголд цөөхөн хэсэг нь баяжиж, ихэнхи нь хэт ядуурч байна. Монгол Улсын нийт хүний гуравны нэг нь ядуу амьдарч байна. Энийг би хэлээд байгаа юм биш. 3 хүний 1 нь ядуу амьдарч байгааг ҮСХ-ноос албан ёсоор хэлээд байна. 

- Хоёр туйл руу шидчихлээ л дээ?

- Баян ядуугийн ялгаа ихсээд мөнгөтэй хүмүүс их болж байна. Мөнгөтэй хүмүүс их болж байгаа нь нэг талдаа зөв л байх. Гэхдээ үнэхээр бизнес хийж байгаа хүмүүс ньмөнгөтэй болж байна уу. Нэг ч өдөр бизнес хийж үзээгүй хүмүүс л хөрөнгөжөөд байх шиг. Та онгоцонд суугаад ажиглаарай. Хувийн хэвшлийнхэн экономи суудалд суучихсан, улстөрчид бизнес ангиллаар нисдэг болжээ. Саяхан найзуудтайгаа уулзаад сууж байтал “Монгол Улс нэг л болохоо больчихлоо. Би яахав, энэ хэдэн хүүхдээ л бодмоор байна. Би хар ажил хийгээд ч гэсэн гадаадад гараад амьдарна. Хэдэн хүүхдээ боловсролтой хүн болгомоор байна. Би Монголоос ингээд удаан хугацаагаар явж байна” гээд найз нар маань ярих юм. Үлдсэн хэсэг нь дэмжээд байх юм. 

Өнөөдөр нэг өрхийн орлого дунджаар 1.1 сая төгрөг гэж бодвол зардал нь 1.3 сая болчихоод байна. Залуучууд ямар ч хуримтлал бий болгож чадахгүй байна. Залуус хүүхдүүдээ сайн сургуульд сургах юмсан, гайгүй аятайхан байранд амьдарчих юмсан, бага ч гэсэн хуримтлалтай болох юмсан гэсэн хүсэл л байна. Энэ бол шудрага хүсэл, их зүйл биш. Харин улс төрийн намууд бидний өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Намууд гэхээр намын мянга мянган жирийн гишүүдийг яриад байгаа юм биш. Намын удирдлагад байгаа л хүмүүсийн асуудал. Ямар ч нам сонгуульд яллаа гэсэн нэг их ялгаа байхгүй. Ялсан нам нь улсын төсвийг шимэгчилж байдаг том сүлжээ бий болгочихсон, тэгээд сүлжээний эзэн хэн болох вэ гэдэгтэмцэл намуудын хооронд өрнөж байна. Нам гэснээс намын жирийн мянга мянган гишүүдийг нь хэлээд байгаа юм биш шүү. Удирдлагад нь байгаа тэрбумтан болчихсон хэдхэн хүнийг л хэлээд байгаа юм. Ийм учраас хуульч хүний хувьд хэтэрхий амиа бодоод, шүүмжлээд, ухаантай царайлаад суух биш өөрөө болохгүй юмыг нь засч залруулахын төлөө зүтгэх нь зөв юм байна гэж бодсон.

- Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөөр шийджээ. Таны нийгмийн гарал, өссөн гэр бүл, өнөөдрийн Цолмон ер нь хаанаас ургасан ургамал юм бэ гэдэг талаас нь уншигчдад бас таниулмаар байна.

- Манай аав Говь-Алтай аймгийн хүн. Та танина. Монгол хэл, Уран зохиолын багш. Ээж маань насаараа намын ажил хийсэн хүн. Сүхбаатарын районы намын хороонд ажиллаж байсан. Одоо хоёулаа өндөр насны тэтгэвэртээ гарсан. Нас нь явж байна аа, бас. Аав хуучнаар 15 дугаарь сургууль, одоогийн АПУ-гийн өөдөөс харсан 75 дугаар сургуульд багшилдаг байсан. Ээжийг хивсний үйдвэрт нэхмэлчин байх үед тэр хоёр танилцаад гэрлэсэн юм билээ. Манайх 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүргийн айл л даа. Биднийг төрөхөөс өмнө нь л аав, ээж маань тэнд хамтынамьдралаа зохиож байсан. Хамгийн анх амьдарч байсан байр нь Хан-Уулын нэхмэлийн шар байр. Одоо газарт ороод өндөр барилга барьсан байна лээ. Дараа 19 хорооллын 9 байранд орсон. Одоо манай ахынх тэнд байдаг юм. 50 гаруй жил л тэндээ амьдарцгааж байна. Эгч, ах бид гурав гурвуулаа52 дугаар сургууль төгссөн. Бидний хүүхэд нас аз жаргалтай л өнгөрсөн. 

- Танайх тийм ч олон хүүхэдтэй айл биш биз дээ?

- Гурван хүүхэдтэй. 19 хороолол чинь нэг тийм арал шиг. Гүүр даваад л ордог. Хүүхдүүд нь тэндээ л эргэлдэж байдаг. 75, 52, 18, 15 гээд дөрвөн сургуультай. Хүүхдүүд нь нэг нэгнээ их сайн танина. Тэр хавиар наашаа цаашаа их явна. Бидний үед гудманд их тоглодог байлаа. Хоккей тоглоно. Одоо эргээд бодоход цас их ордог байсан юм байна. Машин тэрэг гэж юм байх биш. Машины зогсоолыг нь бид нар сагсны шийд болгочихсон. Зун нь өдөржингөө сагсны шийдэн дээр өнжинө. Бидний бага нас үнэхээр жаргалтай өнгөрсөн гэж боддог. Зундаа Зайсангийн хавьцаа гүйгээд л, Туул гол, Дунд гол хоёрын хооронд л миний амьдрал өнгөрсөн. 

- Таны аав Цэдэв гуай их нухацтай хардаг, бас шооч, их нээлттэй хүн шиг харагддаг байсан. Та болохоор их цэх, шугамны хажуугаар ч алхдаггүйхүн шиг санагддаг ?

- Аав маань багш хүн. Хүүхдүүдтэй ажиллаж байсан. Одоо ангийнх нь хүүхдүүд гээд өвгөн, эмгэнүүд аав дээр ирээд л байдаг юм. Зарим нь бараг ааваас ч хөгшин юм шиг харагддаг. (инээв) Манай аав сонин их уншина, залуудаа хүүхдүүдтэйгээ их тоглодог. Сүүлд нь хэвлэлийн байгууллагад ороод насаараа хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. Хүмүүс намайг аавтайгаа их адилхан байна аа л гэдэг. 

- Сурлага гялалзсан хүүхэд байв уу?

- Нэг их гялалзах нь ч юу байхав онц сайн холиод л авдаг хүүхэд байсан. Харин МУИС-ийг улаан дипломтой төгссөн.

- Их Сургуулийн хуулийн ангид л орно гэж боддог байсан уу?

- Орно л гэж бодож орсон. Ер нь хуульч болох юм байна, яагаад ч юм хуульч болчих юм шиг санагдаад л орж байсан. 

- Та МАН-ын хэдэн оны гишүүн бэ?

- Би 2003 онд МАХН-д элсэж байлаа.

- МАН таны шийдвэрийг яаж хүлээж авах бол?

- Бие даагч нарт нам дургүй. Ойлгомжтой. Санал хуваадаг. Яг энэ цаг үед бол бие даагч нар олон гарч ирээсэй гэж хүсэж байгаа. Парламентад олон өнгөтэй, олон дуу хоолойтой хүмүүс гарч ирэх ёстой юм болов уу. Тэгж байж энэ парламент илүү сонирхолтой, ил тод, хараат бус, нээлттэй байна. Европын улсуудад жишээ нь намуудад залуучууд их дургүй. Морь унасан толгойгүй хүмүүсийн арми. Дарга нь юу хэлнэ тэрийг хийгээд сууж байдаг хүмүүс гэж хэлдэг. Тийм биш байгаасай гэж хүсэж байна. Ер нь улс төрийн намууд нь бодлогоо зөв тодорхойлдог байгаасай. Яг энд дутагдаад байгаа юмыг нь бие даагч нар хангах ёстой байх. Ер нь бие даагчдыг хараад байхад дэлхий дээр гурван төрлийн бие даагч байна. Нэг хэсэг нь ихэвчлэн онцгой өвөрмөц хүмүүс байдаг бололтой юм билээ. Монголын жишээг яриад байгаа юм биш. Дэлхийн жишгээс ярьж байгаа юм. Бараг парламентын хуралдаа ч суудаггүй бие даагч нар байна. Нөгөө хэсэг нь ороод ирсэн бүх юмыг шүүмжлээд л сууж байдаг. Бүх юмыг шүүмжлээд энэ болохгүй, бүтэхгүй гээд сууж байдаг. Гурав дахь хэсэг нь бол Засгийн газартай зүй зохистой харьцаж, болохгүй байгааг нь хэлдэг, асуудлыг нь ил гаргана. Парламентад асуудлыг ил тод болгоно. Намын гишүүд бол даргадаа үдүүлчихээд дугарч чадахгүй байгаа. Улс төрийн намын сул тал нь ийм шүү дээ. Улс төрийн шийдэл гаргалаа гэхэд зөрөөд, сөрөг юм ярих гишүүн ховор. Ер нь бол манай парламентад бие даагч гишүүд орж ирж байж л илүү өнгөтэй, будагтай, илүү амьд, илүү ажил хэрэгч байна. Манай сэтгүүлчид сүүлийн 12 жилийн турш л нэг нэгнийхээ кнопыг дараад байна, гишүүд хуралдаа суухгүй байна гэж тэмцэл хийж байгаа. Энэ бол буруу. Та сайн анзаарч хараарай нэг намын бүлгийн гишүүд л бие биенийхээ кнопыг дардаг. Улс төрийн талаас нь хараад үзвэл улс төрийн шийдэл гаргачихсан асуудал дээр хэн очиж зөрж дугарах юм бэ. Буруу гээд хэлчихвэл намынхаа эсрэг ярьсан болчихно. Тийм учраас олон янзын бие даагч байна гэдэг нь юмыг ил тод болгох, илүү өнгөтэй болгох, илүү ардчилсан, нээлттэй болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа.

- Та бол чимээгүй л ажлаа хийж явдаг төрийн хүн. Одоо нийгэм юу руу их хошуурч байна вэ гэхээр илүү их шуугиулдаг хүмүүс рүү хошуурч байна. Тэр нь амьдралынх нь хэв маяг болчихсон нөхдүүд дүүрэн байна. Тийм “чанга яригч” нараас таны дүр яаж ялгарч гарч ирэх бол?

- Ёстой хэцүү юм чинь тэр юм билээ. Би бол тэгж худлаа шуугиан таригч байж чадахгүй. Учир утгыг нь ч олохгүй хүн рүү дайраад байж чадахгүй. Ер нь бол төрийн ажлын дадлага, туршлага байна. Надад бол асуудал хаана үүсдэг вэ, тэрийг яаж шийддэг вэ, хаанаа алддаг вэ, хаанаа очоод юм нь дуусдаг вэ гэх мэт бодит зүйлс л чухал. Ямартаа ч байсан УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Бидний өмнө тулгамдаад байгаа асуудлын шинж тэмдэгтэй нь тэмцэх биш учир шалтгааныг нь арилгахын төлөө л явна гэж бодож байна.