Төв Ази тоглоомын дүрмээ өөрчлөв

- Геополитикийн өнцгөөс

- Төв Ази сүүдрээс эгнэгт гарав

- Орос арбитрын үүргээ алдаж эхлэв

2025 оны гадаад бодлогын нэг гол ололт. Монгол Улс нь Төв Азийн (хуучнаар Зөвлөлтийн Дундад Ази) улсуудтай харилцааны түвшингээ ахиулснаар манай улсын гадаад бодлогод Төв Ази бүрэн бүтэн болж чадсан. “Оны онцлох” тоймд манай судлаачид нэгэн дуугаар энэ тухай ярьцгааж байна. 

Ингэхэд Түрэг угсааны улсуудын байгууллагын гишүүн 4улстай (Турк, Казахстан–стратегийн; Узбекистан, Киргизстан–иж бүрэн) түншлэлийн харилцаатай, мөн Азербайжан, Туркменистантэй хоёр талын харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Хэтдээ түншлэлийн харилцаа төлөвшнө. Тажикистины Ерөнхийлөгч 2026 онд хариу Төрийн айлчлалаар морилох үед түншлэлийн харилцаанд хүрнэ гэсэн итгэлтэй байна. Хуучин Зөвлөлтийн энэ 6 улстай тогтоосон харилцаа нь бүхэлдээ ах дүүсэг, харилцан ашигтай, хоёр талдаа ээлтэй хөгжиж байна. Энэ тухай нарийвчлан өгүүлэхгүйгээр “Геополитикийн өнцөг” гэдгээр дор сонирхуулъя. 

Төв Азийн бүс нутгийн олон талын ач холбогдол дэлхийн глобал геополитикийн их хувиралт, хувьсал, сорилтыг дагалдан шал өмнөө дүр зурагтай болсон нь олон улсын харилцааны өнөө цагийн нэг онцлог юм. Иймд тус бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг авч үзэхдээ хэд хэдэн хүчин зүйл, олон талт үйл явцын өнцгийг орхигдуулж үл болно. 

Төв Ази өнөөдөр хэн бэ гэдгээсээ илүүтэй дэлхийн бодлого тодорхойлдог их гүрнүүд тийшээ яагаад зэрэг зэрэг хандаад,ач холбогдол өгөөд байна вэ гэдгээс хариулт хайя. Зарим мэдээллээр бол ширүүхэн өрсөлдөөн тэмцэл эхэлсэн мэт. “Төв Азийн төлөөх тулалдаан” гээд азербайжаны ТВ мэдээллийн тусгай нэвтрүүлэг явуулж байна билээ! Энэ бүснутагт уламжлалт түнш–холбоотон нь болох Оросоос гадна, АНУ, Турк, Европын Холбоо, Хятад, Энэтхэгийн ашигсонирхлууд шууд төвлөрөх хандлагатай болсныг бид бүхэн ажиглаж байна. Итали, Япон ч энэ жагсаалтыг баяжуулж байна. 

 Төв Ази хэмээх энэ бүс нутаг бол ШХАБ-ын гурван том гигант–Орос, Хятад, Энэтхэгийн нөлөөний хүрээний, ашиг сонирхлын үндсэн талбар мөн бишийн тухай би өгүүлэх гээгүй. Орос бэхжсэн байснаа байр сууриа Хятадад эдийн засгийн хувьд алдах эхлэл тавигдсан. Гэхдээ энэ гурван улсын хэн нь ч нөгөө аль нэгийгээ Төв Азид хэт давамгайлахыг зөвшөөрөхгүй. Иймд Төв Азид хэн нь хэнийгээ вэ гэх далд зөрчил тэмцэл ШХАБ-ын гурван том гүрний дунд битүү бугшиж байна. Үүн дээр Пакистан, Иран хоёр ч ШХАБ дотроо томхон тоглогч болоод гараад ирсэнийг үгүйсгэж болохгүй.   

 “Төв Ази ба Нэг” (“C5+1”) гэсэн дээд хэмжээний уулзалт-саммитын формат энэ цаг үед тун идэвхтэй төлөвшин байна. Эхлээд ийм үйл явцыг Турк эхлүүлсэн. Тэр ойлгомжтой. Туркийг энд тайлбарлан бичихгүй. Нөгөө “Пан-Түрэг” гэдэг үзэл санаагаар нь ойлгочих.

Туркээс гадна анхлан хоёроос гурван том тоглогч байснаа одоо 5-6 глобал тоглогч ийм форматаар тодрон гарч ирээд өрсөлдөн байна. Төв Ази дахь их гүрнүүдийн өрсөлдөөн Орос-Украины дайны өнгөн дээр бүр ч илэрхий болж байна. 

1. Манлайлах тоглогч нь мэдээж АНУ мөн. Анх 2015 онд Самаркандад “С5+1” форматын уулзалтаас эхлэн АНУ ба Төв Азийн 5 улсын хамтын ажиллагаа АНУ-аас санаачилсан энэхүү “С5+1” гэх геополитикийн шинэ төслийн хүрээнд идэвхжсэн. Хамгийн сүүлд Д.Трамп нь Төв Азийн 5 Ерөнхийлөгчийг Цагаан ордондоо урьж аваачин стратегийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүллээ. Дэлхийн улс орнуудын дээд лидер нь АНУ ба Трамп хэмээн тэднээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь хамгийн том алхам боллоо, Вашингтоны хувьд. Төв Азийг нөлөөний хүрээнийхээ  уламжлалт бүс нутаг хэмээн үздэг ОХУ нь тухайн үед ч, одоо ч түүнд нь таатай хандахгүй байна. 

2. АНУ-аас юугаар дутах билээ гэсэн шиг БНХАУ нь 2020 онд санаачлан виртуал дээд хэмжээний уулзалт “Хятад-Төв Ази” буюу бас нэг “С5+1” гэдгийг эхлүүлсэн. Бас л  Төв Азийн 5 Ерөнхийлөгчийг Хятадад урьж аваачсан. Хятад нь Төв Азид АНУ шиг биш юм гэхэд Туркийн хэмжээний нэр нөлөөтэй, улс төрийн ашиг сонирхолтойн нотолгоо хэмээн энэ форматыг үздэг. 

3. Түүний дараа Хятадын араас Европын Холбооэнэхүү бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг улам өндөрсгөж “C5+1” (Европын холбоо-Төв Ази) уулзалт зохион байгуулсан. 2022 оны 10 дугаар сард Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Астана хотнооТөв Азийн 5 удирдагчийн хамт анхдугаар уулзалтаахийсэн.

4. Үйл явцаас хоцорсон ОХУ шоок нээнтэгэнд байснаа Мишелийн айлчлалыг дагалдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрөө санаачлан Астанад яаравчлан очин “ОХУ-Төв Азийн анхдугаар чуулга уулзалт” 2022 ондоо амжиж зохион байгуулсан баримт энд нэгийг хэлэх байх.

5. Төв Ази-Италийн хамтын ажиллагааны шинэ платформ2024 оноос төлөвшсөн. “Төв Ази-Итали” форматын Гадаад хэргийн сайд нарын бага хурлын механизм ажиллаж байна. Нийтлэг зорилтоо шийдвэрлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх стратегиа хамтран боловсруулж байна. Төв Азид Европын Холбоог Итали төлөөлж эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, усны аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт Итали тийшээ орж ирж байна. 

6. 2025 оны сүүлчээр Японы Ерөнхий сайд хатагтай Төв Азийн 5 Ерөнхийлөгчийг Токиод урьж аваачин “С5+1”стратегийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүллээ.Япон Азидаа, тэр дундаа “Төв Азид эргэж ирлээ” гэж олзуурхаж байна.

“Геополитикийн өнцөг” гэдэгт бүс нутгаас аажмаар шахагдаж байгаа биш юм аа гэхэд давамгайлах байр сууриа алдаж буй нэгэн гүрэн–Оросын тухай өгүүлэх нь бидэнд хамаатай ба сургамжтай. Арбитрын үүргээ Кавказад гэнэт АНУ-д булаалгасан бол одоо Төв Азид бүхэлдээ булаалгахын наана байна.

Тавын тавуулаа Сиань, Вашингтон, Токиод айлчилж, олон улсын харилцаанд хоёр талын, олон талын дипломат жинтэй алхам хийж болдог жишиг тогтоосон Төв Азийн 5 удирдагч “Бид 5-ын эв нэгдлийг хэн ч саатуулж үл чадна” гэсэн мэссэж өгөөд байх шиг. Саяхан Токио хотноо Японы Ерөнхий сайд хатагтай Такачитай өндөр түвшний, үр дүнтэй уулзалт хийсэн Төв Азийн 5 улсын удирдагчдыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халуун мөрөөр нь Санкт-Петербург хотноо урьж, бүр Эрмитаждаа хүлээн авч уулзан ярилцахдаа Эрмитажийн зарим үзмэрийг хэргээр үзүүлж Оросын эзэнт улсын эрт цагийн түүхээс тэдэнд хуучилж, эртний түүх эргэж сануулахыг зорьсон байж магадгүй. Цаадуул нь хэр тоож хүлээн авсныг мэдэхгүй. Ганц л зүйл тодорхой байна. Үйл явдлаас Орос хоцрохгүй, Оросын эрх ашиг Төв Азид бий, байх ч болно гэдгийг өөрсдөд нь ба дэлхий дахинд мэдрүүлэх чин санааны хүсэл оргилж байгаа нь харагдана. 

Ер нь СССР-ийн хуучин Дундад Ази руу хандсан 3-4 чиглэлийн бодлого ОХУ-аас явуулж байх шиг санагддаг. 1)АНУ-тай яачих бол, АНУ хэнийг нь очоод элсүүлчих бол гэсэн ямагтын хардлага нэгдүгээрт; 2) Лалын терроризм, экстремизмийн байнгын аюулын эсрэг сөрөн зогсох нь хоёрт байснаа одоо түр азнасан; 3) Өөр нэг асуудал бол Оросын хувьд бодлогынх нь гуравдахь чиглэл болох “Русский мир” гэдгээ ямагт хамгаалах; 4) Сүүлчийн чиглэл нь Орос-Украины дайндаа хань хамсаатан хайх, дэмжүүлэх, адаглаад зэвсэг авах гэхчлэн. 

Эхний бодлого Кремлийн сэтгэлийн угт байдаг ба АНУ-тай тогтоосон хоёр талын харилцааг нь байнга хянах, анах, хариу үйлдэл үзүүлэх, анхааруулах, сэрэмжлүүлэх, хатуурхах гэх мэт олон хэлбэрээр илрэлээ олдог. Үндсэндээ энэ талаар олон жил гибрид дайны хэмжээнд ажиллаж байна. Харин одоо “АНУ-тай яачих бол” нь даамжирч олон салбарлаад Оросын дайсан, өрсөлдөгчидтэй яачих бол гэдэгтээ тулжээ. 

Америкийн бодит аюул Төв Азид алга, харин лалын их аюул оршиж байна гэдгийг «Валдай» клуб, «Гадаад бодлого» гэх агентлагаас толилуулсан  «Олон улсын аюул занал-2016» баримт бичигт анхааруулж байсныг одоо Кремль эдүгээ түр азнуулахаар шийдсэн. Эдийн засгийн салбарт Төв Азийг “гаднаас” аажмаар эрхшээж байгаа тухай олон янзын хардлага Кремльд явсаар байна. Эдийн засаг төдийгүй нийгэм-соёл, шинжлэх ухаан-технологи, цэрэг-батлан хамгаалах гээд явж өгнө. 

“Русский мир” гэх үзэл суртал нь Украин дахь дайнаар суларсан ба нэр хүнд нь унасан. Гэвч Төв Азид “Русский мир”-ээр шантаажлах зэвсгээ Орос нэг хэсэгтээ орхихгүй.Дайсан улсын хүрээллийн сонгодог жишээ нь орос хэл ба орос хэлтнүүдийн энэхүү эмгэнэл яалт ч үгүй мөн. Орос иргэдийн (орос хэл бас орно) асуудал миний очиж үзсэнээр Азербайжан, Тажикистанд лав Кремлийн эсрэгшийдэгдчихсэн. Ор мөргүй нүүгээд алга болсон уу, эсвэл угаасаа тэнд оршин сууж байгаагүй юу гэлтэй сураггүй болчихсон байхыг хоёр нүдээрээ харсан болоод би бичээд байна. Оростой харилцаагаа хурцатгахгүй байж байгаад аажмаар хөөж явуулаад улс орноо Оросын соёлын нөлөөнөөс гаргачихсан. Туркменистаныг бас тэгж ойлгодог. Узбекистан, Киргизэд орос хэлт хүн ам гэж Казахстан шиг их бөөгнөрөөд үлдчихсэн биш. Өөрөөр хэлбэл Оросын хувьд Төв Ази, Азербайжан нь Оросын зөөлөн хүчний бодлогод эргэж автахааргүй цааш харсан шиг байгаа юм.

Энэ утгаар авч үзвэл бараг 70 сая хүн ам бүхий Төв Азихэрэг дээрээ Москваг сөрөх томхон тоглогчид болцгоож байна. Оросын хувьд хуучин СССР-ийн орон зайд “ТУХН-2” гэх форматаар тоглоомын, хүлээн зөвшөөрөгддөггүй хэд хэдэн улсыг буй болгочихсон. Түрүүчээсээ 33 жилийн нүүр үзэж байна. Кремлиэс үйлдсэнэдгээр “төсөл”-өөс Төв Азийн орнууд анх удаа санал нэгтэйгээр 2008 онд татгалзсан. Тэр нь Гүржээс Абхаз, Өмнөд Осетыг салган тусгаарлуулсан явдалд өгсөн хариу байв. Дараа нь 2014 онд Крым, Донбасс энэ жагсаалтад нэмэгдсэн ба 2022 онд Украин руу өргөн хүрээтэй халдлага үйлдсэнээрээ Төв Азийн орнуудыг улам цочроосон, Орост Украины 4 мужийг хавсарган нэгтгэсэн үйл явдлыг Төв Азийнхан “Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орны бүрэн эрхт байдал, энх тайвнаар зэрэгцэн орших” тухай нэр хаяггүй нэгэн дуугаар мэдэгддэг болсноор Оросын байр суурийг нэг ёсондоо няцааж байна гэсэн үг.


Эцэст нь гурван эшлэл авъя.

 1. 2022 онд Украин дээр “денацификац”, “демилитаризац” гэсэн шалтгаанаар ОХУ  интервэнц хийсэн бол Төв Ази дээр “дезападнизац” гэсэн нэр томъёо бодоод гаргаад иржээ. Өрнөджил, баруунчлалаас нь чөлөөлөх тухай утга агуулж байна. Москвагийн өнцгөөс бол Дундад Ази нь хэт баруунжаад, Өрнөдийн талд далдуур ороод, төвийг сахисан нэр зүүгээд чимээгүй сууж байгаа. Дундад Ази бол Евразийн тивийн хартлэнд. Оросын тивийн зүрхэнд байдаг газар. Гэтэл тивийн гаднаас колонийн бодлого явуулах санаатай, Орос нь Украины төлөө Өрнөдтэй тулалдаж байна, тиймээс Дундад Азийг Орос өөрийн хүчээр дезападнизац хийх хувилбар сонгох ёстой хэмээн оросын нэгэн профессор бичсэнийг Кремлийн албан  ёсны байр суурийн илэрхийлэл гэж үзэх хэрэгтэй байх.  

2. ОХУКН-аас Москва хотын Думд сонгогдсон Сергей Савостьянов хатуу байр сууриа индрээс илэрхийлжээ. Казахстаныг Украины нэгэн адилаар “денацификац”, “демилитаризац” болгох хэрэгтэй. Украины“денацификац”, “демилитаризац” нь Украин, Орос, нийт Европын ард түмнүүдийн аюулгүй байдлын төлөө хийгдэж байгаа ба ОХУ-ын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд Украинаас гадна денацификац, демилитаризац хийх тойрогтоо Прибалтик (Литва, Латви, Эстон), Польш, Молдова, мөн Казахстаныг оруулах хэрэгтэй–Савостьяновын мэдэгдэл.

3. Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Төв Ази-Орос” форматын Төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад Астанад хэлсэн үгс. “Биднийг хуучин СССР-ийн БНУ гэж үзэхээ болих хэрэгтэй. Бидэнд, Төв Азийнханд хүндэтгэлтэй хандаач. Биднийг хэн ч биш гэж бүү бодооч. Хэрэв тийм ойрын түнш холбоотон чинь юм бол Африкийн орнуудтай Төв Азийн биднийг нэг байранд бүү тавиач” хэмээн Путиныг авгайлж байгаад, нүүр рүү нь харж байгаад ширүүхэн хэлжээ. Төв Азийнхны нийтлэг гомдлыг хэлээд тавьчихсан юм биш байгаа?

Энд бичигдсэнийг ноцтой эмзэг хүлээн авахгүй байхыг зохиогчийн хувьд хүсэх байна. Гэхдээ алхам тутам, цаг минут тутам өөрчлөгдөн хувирч буй олон улсын харилцааны өрнөлт Төв Ази руу давалгаалан орж ирсэн нь гарцаагүй бодит үнэн юм. “Төв Ази ба Нэг” (“C5+1”) гэсэн хамтын ажиллагааны формат руу цаашдаа хэн ч нэмэгдэх нигуртай. Тэр үйл явц Монголд ямар ашигтай, ямар нөлөөтэй, хэтдээ бид бас тийм зам сонгон авбал хэрхэх вэ гэдэгт л бид ухаанаа уралдуулахад гэмгүй.