(Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №2)

2019 оны наадмаар Элчин сайд Уиллиам Браунтай уулзаж танилцан, Монголд 1973 онд Америкийн анхны элчин сайдаар суухаа шахсан хийгээд Онон Өргөнгөөд шавь орж, монгол хэл сурсан түүхийг нь яриулсан билээ. Тэр цагт Браун сайд суут монголч эрдэмтэн Франсис Вүүдмэн Кливезийн дотно шавь гэдгээ хэлж, түүний удирдлага доор Хятад судлалаар докторын зэрэг хамгаалснаа хуучилснаас гадна багшийнх нь номын сан хөдөөний нэгэн сүмд хадгалагдаж байдаг тухай цухас дурдаад өнгөрсөн юм. Үүнээс хойш бид хоёр захидал занаа шидэлцэн, утас шөрмөсөөр холбогдсоор, мөнөөх номын сангийн сургийг гаргаснаар барахгүй, Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурлын түлхүүр илтгэлийг Конгрессын Номын Санд хэлэлцэх үеэр Азийн тасгийн захиралтай тохирч, тус номын сангийн албан ёсны аяллаар очих, анхан шатны судалгаа хийх, боломжтой бол гар бичмэлээс нь хэвлүүлэх боломжийг судлах зэргийг тохирч, 3 сарын 21-ний өдөр явахаар шийдсэн юм. Гэтэл энэ зуур цар тахал дэлгэрч, бүх ажил нуран унав. Конгрессын Номын Сан эргээд хэзээ нээх нь одоо болтол тодорхойгүй хэвээр, Элчин сайд Уиллиам Браун маань ч энэ зуур даруй 90 насыг зооглов оо гэж. Тэгтэл энэ 2020 оны 10 сарын 2-ны өдөр Браун гуай залгаж, “Миний бие энэ цар тахлыг дуусгаж чадах эсэхээ мэдэхгүй байна, хэдүүлээ хувиараа очиж, номын санг үзэхээр оролдох уу?” хэмээн асуухад нь дуртайяа зөвшөөрч, ажлаас хоёр долоо хоногийн чөлөөг аваад бидний гурван хүн (Элчин сайд Браун, миний бие, Пэннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг) мухар тэргээр Нью-Хампшир хотыг зүглэсэн өдөр болбоос 10 сарын 8-ны Пүрэв гараг билээ. 

Таван цуврал нийтлэлээр та бүхэндээ их эрдэмтний амьдрал намтар, номын сан, цуглуулга, гар бичмэл сэлтийг танилцуулах болно. Энэ удаад номын сан руу явах зуураа болон очсон хойноо Элчин сайд Уиллиам Браунтай хөөрөлдсөн ярилцлагаа толилуулъя.

Елисеевийн Харвардад үндэслэсэн Зүүн Ази судлал

М. С: Харвардад Кливезийн багшлах болсон түүх, Ази судлалын талаар ярилцаж л явах уу? 

У. Б: За тэгье ээ. Кливез Дартмаут коллежийг төгсөөд Харвардад зэрэг цолын сургалтад ирж, хэл шинжлэлээр сурчээ. Тэгж байхдаа Елисеевийн нүдэнд өртсөн байгаа юм. Харвард-Енчиний Хүрээлэн тэргүүлэх зэргийн эрдэмтдийн цуглуулга болох ажлыг Елисеев хийсэн юм шүү дээ. 

М.С: Харвардын Ази Судлалын Сэтгүүлд (HJAS) Елисеевийн нэр олонтоо гардаг, тэр хүний тухай ярьж өгөөч.

У.Б: Сергей Елисеев гэж Оросын агуу нэгэн гэр бүлээс гаралтай, Оросоос зугтаан гарч ирсэн судлаач. Токиод, Эзэн хааны их сургуульд суралцсан анхны цагаан арьстан гэж байгаа. Төгсөхдөө ангидаа шилдэг хэдийн нэгд багтсан учраас Эзэн хааныг орж ирэхэд хамгийн урд эгнээнд зогсох хүндэтгэл хүлээж. 1900-аад оны эхэн үеийн юм би ярьж байна шүү дээ. Уламжлал бат бөх, ёс журам нарийн байсан үе. Бүх хүн тонгойн газар ширтэн хүндэтгэх ёстой. Харин эхний 10-д ч бил үү багтсан, Елисеев тэргүүтэй цөөхөн оюутан ганц мөчийн төдий өндийж, Эзэн хааныг хальт харах эрхээр шагнагдсан гэдэг. Бусад нь тэгж харвал толгойгоо авхуулна шүү дээ.Ингээд мань эр төгсөөд Оростоо ирээд байтал удалгүй хувьсгал гарч, большевикууд засгийн эрхийг авчээ. Елисеев Парис руу зугтан гараад, тэнд Япон судлалын олон чухал өгүүлэл, бүтээлээрээ алдаршсан юм. Японы соёл, уран баримал, утга зохиол, үсэг бичиг, урлаг, ерөөс бүх чиглэлээр бичдэг. Ингээд Елисеевийг Парисын эрдмийн ертөнцөд ид алдаршиж байхад Харвардад Ази судлалын тусгай хүрээлэн нээх нь зүйтэй гэсэн санал гарсан юм даг уу даа. Тэгээд Елисеевт маш сайн цалин, ажлын сайхан орчин зэргийг амлаж байж Парисаас урвуулан Америкад авчрав. 1930-аад оны эх. Харвард-Енчиний Хүрээлэн байгуулагдсан түүх энэ. 

М. С: Енчин гэдэг нь юу гэсэн үг билээ? Яагаад энэ үгийг нэмэв?

У. Б: Енчин гэж Бээжинд байдаг нэг их сургуулийн нэр. Хятадын Енчин их сургуультай албан ёсоор хамтран ажиллахаар тохирсон юм болов уу даа. Үгийнх нь утга гэвэл Бээжингийн хуучин нэр шүү дээ. 

М. С: За тэгээд Елисеев багаа хэрхэн бүрдүүлэв?

У. Б: Елисеев Европын сонгодог маягийн хүн, тэр хэв маягаа ч Харвардад авчирч, гоц гойд, шилдэг залуусыг биеэр сурвалжлан, онилсон байгаа юм. Тэгээд сонгосон залуусаа солонгос, япон, хятад гэх мэт хэлийг нарийвчлан судал гэж даалгаснаас гадна тэгж сурах боломжийг нь ч гаргаж өгч. Тэр гарамгай ухаалаг залуусын нэг нь Франсис байжээ. Елисеев Франсис Кливезийг “За чи бол монгол хэл сурч, Монгол судлал руу орно. Парис явж Пол Пеллиод шавь ор” гээд сайн тэтгэлэг олгон илгээж. Парист сураад дуусахад нь тэтгэлгээ үргэлжлүүлэн өгч, Америкад ирүүлэлгүйгээр шууд цааш нь Бээжин рүү явуулсан байгаа юм. Бээжинд байхдаа Кливез Бельгийн хар лам Мостарттай танилцаж, сайн холбоо тогтоож авсан байна. Пеллиогийн шавиар Парист 3 жил сууж Баруун Европын судалгааны арга барилыг сайтар эзэмшсэн, дараа нь ахиад Бээжинд сууж, Мостарттай шавь-найзын харьцаатай байж, дорнын судалгааны нарийн нандин зүйлийг ч мэдээд авсан байгаа биз. 

Бээжинд байхдаа Кливез Австрийн Элчин сайдын яамны байран дахь Энэтхэг судлалын хүрээлэн гэдэг бичил судалгааны төвд суудаг байж. Тэгж байтал Хитлер 1938-1939 онд Австрийг эзлээдхэв. Кливез Елисеевт “Одоо яах вэ, эндээс гарах уу?” гэж бичсэн захиа нь бий. Елисеев ч тэр даруй “Бушуухан наанаасаа гар. Намайг төлөөлөн, миний тэтгэлгээр ажиллаж сурч буй хэн ч Хитлерийн хас тэмдэг, Нацизмын тугийн дор ажиллаж хэрхэвч болохгүй” хэмээн бичиж, үтэр гаргуулсан билээ.

М. С: Ингэж ийш тийш явуулсан улс нь эргэж ирээд ажиллаж эхэлснээр Харвардын Ази судлал дэлхийд алдаршив уу?

У. Б: Тийм, гэхдээ эхлээд зэргээ хамгаалах ёстой. Кливез ирээд Монгол судлалаар доктороо хамгаалсан, яг ямар сэдвээр билээ, би мартаж. 90 хүрэхээр юм мартаад байна. Мянга гурван зуун хэдэн оны билээ дээ, Хятад-Монгол бичээс гэсэн сэдвээр хамгаалсан юм. Тэгээд Харвард-Енчиний Хүрээлэнгийн профессор болсон хэрэг. 

Элчин сайд Уиллиам Браунтай Кливезийн номын санд ярилцав.

Судалгаа нь шахагдаж, сургуульдаа гомдсон үе

М. С: Кливез багш Елисеевийн үед мандан бадарч, HJAS сэтгүүлийн эрхлэгчээр ажиллан, өгүүлэл ном нь хэвлэгдээд их л үр бүтээлтэй аз жаргалтай байсан нь тодорхой байна. Гэтэл Елисеевээс хойш гундан гутарч, гадуурхагдах тал руу хэлбийсэн юм уу даа. Тэр юу болсон юм бол?

У.Б: За тэр ийм учиртай. Бүр эхнээс нь ярьж өгье. Елисеев гарамгай залуусыг цуглуулж, Кливезийг Монгол судлалаар мэргэшүүлсэн гэж би ярьсан даа. Тэгж байхдаа Японоор мэргэшүүлнэ гэж Райшауэрыг сонгож. Райшауэр бол Японд ажиллаж байсан Америк номлогчийн хүү, Японд төрсөн, япон хэлэндээ ус цас. Тэр мундаг залууг Елисеев “За чи япон хэлтэй чинь их сайн. Одоо харин ахиж Япон яваад хуучны утга зохиолыг нь сайн судал. Хажуугаар нь бас Япон-Солонгосын болон Япон-Хятадын харилцаа гэсэн давхар сэдвүүдийг ч сайн үз. Тийм учраас үе үе бас чамайг Солонгос, Хятадад явуулж байна” гэж. Елисеев өөрөө Япон судлаач гэдгийг санаж байгаа биз. За тэгээд Райшауэр ч багшийнхаа хэлснийг сайн биелүүлж, мундаг Япон судлаач болсноор “Хятад дахь Буддизмын эсрэг хөдөлгөөн” гэж сэдвээр доктороо хамгаалсан юм. 

Елисеев бас нэг залуу хятад хүнийг сонгож, Хятадын буддизмаар мэргэших даалгавар өгсөн. Чен гэж судлаач бий. За ингээд энэ сайхан залуус ид бужигнуулж, Харвардын Ази судлал ч улам бүр өргөжсөөр байж. Кливез Райшауэр хоёр бол эхэндээ маш сайн харьцаатай байсан юм. 

Намайг Харвардад эргэж ирэх үе буюу 1954-1955 оны үед байдал ямар байсан бэ гэвэл Елисеев нас өндөр болоод тэтгэвэртээ гарахад бэлдэж байсан үе. Тийм ч учраас толь бичгийн хэдэн төсөлдөө намайг ажилд авч ажиллуулсан юм. Елисеевийн дараах захирлаар Райшауэр томилогдох нь тодорхой болсон байлаа. Райшауэр болбоос хурц ухаантай ч гэж ухаантай, алдартай ч гэж алдартай, амбицтай ч гэж амбицтай, ид гялалзаж явсан залуу судлаач байлаа. Елисеевийн үүтгэсэн тэр том орон зайг Райшауэр л үргэлжлүүлнэ гэхэд хэн ч эргэлзэхээргүй байв. 

Гэхдээ мань эрд өөрийн гэсэн санаа оноо, шинэчлэн хувиргах бодол төлөвлөгөө байжээ. Түүнд Кливезийн судалгаа тийм чухал санагдсангүй. Хэн ч ярьдаггүй, эртний монгол хэлээр бичсэн захидал занаа, хад чулууны бичээс, сүм хийдийн бичиг, тэдгээрийн хэл зүй, үгийн сан... Райшауэр Кливезийг өөрийг нь хийгээд судалгааг нь үеэ өнгөрөөсөн үлэг гүрвэлийн аятай л харж байв. Өөрийнх нь санаа бол судалгааны гол анхаарлыг яг өнөөгийн буюу тэр үеийн олон улсын ид халуухан цэг, шинээр түрэн гарч ирж буй супер-хүч болох орчин цагийн Япон, Хятад, Солонгосын асуудалд чиглүүлэх. Ингээд тэрбээр аажмаар Кливезийн албан тушаалуудыг хумьж эхэлсэн юм. HJAS сэтгүүлийн эрхлэгчийнх нь ажлыг ч авлаа. Энэ бүхэн Кливезэд хүндхэн цохилт болсон доо.

Райшауэрын хамтран ажиллаж байсан бас нэг гарамгай судлаач бол Файрбанкс. Тэр хоёр нийлж олон ч ном бүтээл гаргасан, олон ч хичээл заасан. Зүүн Азийн соёл иргэншил гэж хичээлд нь би ч сууж байлаа. За тэгж байтал Америкийн хэт барууны талынхан Висконсины сэнатч МкКарти-гаар толгойлуулан гарч ирснээр их юм өөрчлөгдсөн юм. МкКарти “Америк даяар коммунизм тархлаа, тагнуулууд дүүрлээ, Төрийн Департаментад л гэхэд 200 коммунист тагнуул байна, миний халаасанд бүгдийнх нь нэр бий” гэж ирээд л хашгирдаг, түүгээрээ алдаршсан улс төрч байв. Түүний нэг довтолгоо Файрбанксыг чиглэв. Энэ бүхэн намайг яг Харвардад зэрэг цолын сургалтад байхад болж, Ази судлалын ертөнцийг нэг мөсөн хөрвүүлж орхисон билээ. 

Нэрт Япон судлаач, дипломатч Эдвин Райшауэр, гэргийн хамт. Кливезэд дурсгасан зураг. Эхнэр Хару нь Японы Ерөнхий сайд асан, төрийн нэрт зүтгэлтэн Мацуката Масаёши-гийн ач охин.

М.С: Ингэхэд та зэрэг цолоос өмнө, бакалаврт байхдаа Кливезийн хичээлд сууж байсан юм уу?

У.Б: Сурч байсаан. 1950 онд би Кливез багшийн хятад хэлний хичээлийг сонгон суралцсан юм. Багш хятад хэлийг хариуцсан эрхлэгчийн хувьд яг өөрөө нэг их хичээл заагаад байхгүй, харин Биен гээд нэг залуухан эмэгтэй багшаар ярианы хэл заалгадаг байлаа. Биен багш өөрөө тэгэхэд Харвардад зэрэг цолын сургалтад сурч байж. Биен бол Чао гэж гайхамшигтай хэл шинжээчийн охин, тэр аав нь Бэллийн телефонд ажилладаг, Дэлхийн хоёрдугаар дайны үед хятад хэлээрх коод, дохиог нь хийж явсан хүн. 

Бид хэд өдөр бүр хоёр цаг сурдаг, Биен ч бас л айхтар хатуу багш байж билээ. Хөөрхөн ч гэж жигтэйхэн, чанга ч гэж жигтэйхэн, аюултай багш байлаа. Тас няс л гээд байна. Кливез багш өөрөө хааяахан орж ирнэ. Тэр ангид би ганцаараа бакалаврын оюутан, бусад маань бүгд зэрэг цолын оюутнууд байв. Тэр үеэс л Кливез багш намайг харсан юм бол уу? 1952 онд намайг төгсөхөд “Чамайг эргээд ирвэл би тэтгэлэг олж өгч чадна шүү” хэмээн амласан юм. Бакалавртаа би АНУ-ын Марин хэмээх цэргийн тэтгэлгээр сурсан тул төгсөөд дэслэгч цолтой Марин офицер болоод байв. Тэгээд Солонгост явж ажиллалаа. Тэр үед гэр бүлтэй ч болоод байсан, ирээдүйн амьдралаа төлөвлөх хэрэгтэй болж, ерөөс судлаач болъё хэмээн Кливез багшийн амласныг санаж эргээд Харвардад зэрэг цол хамгаалахаар ирсэн юм аа...

гэх мэтээр хуучилсаар явтал зам ихэд хорж, бид Нью Хампшир мужид нэгэнтээ иржээ. Кливезийн номын санг хариуцагч Эрнэст Болдук ирж, үүд хаалгыг нь нээж өгөв. Ингээд Уиллиам Браун Хятад судлал, Наранцэцэг бид хоёр Монгол судлалын материал руу “шумбан” орлоо. Номын сангийн эрдэнэсийн талаар дараагийн дугаарт өгүүлнэ. Энэ удаад Элчин сайд Браунтай Кливезийн номын санд үргэлжлүүлэн ярьснаасаа багаахаан нэмж, ярилцлагаа өндөрлөе.

Кливез анч гарз нохой олонтой, малаа хариулахад хэдэн нохой нь их тусалдаг байсан аж.

Өвгөний захиас

Монгол, хятад, перс, араб судлал, толь бичиг, орчуулга, түүх, хэл шинжлэл, уран зохиолын асар их өв дотор орсон маань тодорхой байв. Үе үе Кливез яаж ийм их бүтээл туурвиж чадсан байна аа гэж миний бие уулга алдана. Тэгтэл Уиллиам Браун гуай өлгөж аваад үргэлжлүүлэн ярив. 

У.Б: Аргагүй ээ. Франсис гэрлэж байгаагүй. Эхнэр хүүхэд, гэр бүл гэж байхгүй болохоор бүх амьдралаа судалгаанд зориулсан, өдөр болоод шөнийн цагаа хүртэл шүү дээ. 

М. С: Шөнө өө?

У.Б: Тийм ээ. Ганц жишээ хэлье. Би доктороо хамгаалахаар АНУ-ын Гадаад харилцааны албанаас чөлөө аваад Кливез дээр эргэж ирсэн юм. Тэгэхэд манай ээж энэ Нью-Хампшир мужийн нэг жижиг хотод амьдардаг байв. Ээжийндээ эхнэр хүүхдүүдээ орхичоод шөнө 3 цагаас би гардаг байлаа. Тэгээд Массачуссетс мужийн Нийдхам хот дахь Кливезийн гэрт үүрээр 4 цагт очно. Багшийн их эрдмийг хүртэж, докторын ажлаа олигтойхон биччих гэж л тэр шүү дээ. Тэгээд бид хоёр миний машинд хамтдаа суугаад Харвард руу явдаг байсан юм. Тэнд 6 өнгөрөөж хүрнэ. Замдаа хамаг юмаа асууж авна, багш ч очоод хичээлээ зааж авна. Унтдаггүй хүн үү л гэж бодохоор...

Үүнээс хойш хоёр хоногийн дараа Номын санд ажиллаж суухдаа ийн ярив:

У.Б: За би энэ номын санд анхны болоод сүүлчийн удаа ирж байгаа байх шүү. Учир нь би одоо 90 настай шүү дээ. Тэгэхээр одоо үүнээс цааш яах вэ гэдэг бүх хариуцлага та хоёр дээр бууж байна. Энэ сүм бол жирийн нэг католик сүм биш, маш консерватив сүм. Латин хэлээр ном сургаалаа айлддаг. Бусад католик сүмүүд бүгд улс улсынхаа хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг болчихсон шүү дээ. Ийм сүмийн энэ хүн тэгтэл сүмтэйгээ хүртэл зөрчилдөн зөрчилдөн Франсисын гэрээслэлийг биелүүлэхээр номын санг нь хадгалаад явж байна. Бүх ном материалыг хамтад нь хадгална, юуг ч гадагш гаргахгүй гэсэн нарийн гэрээслэл байгаа юм байна. Тэгэхээр их багшийн гэрээслэлийг хүндэтгэн эндээс юуг ч гаргахгүйн хамтаар энэ олон чухал зүйлийг яаж хүмүүст хүргэх вэ гэдэг та хоёрт хүндхэн асуудал болох нь. Үүнээс гадна өөр нэг зүйл захья.

Хувийн захидал харилцаа маш чухал. Харвардын их сургуульд япон, монгол, солонгос, хятад, зүүн Азийн бусад хэлийг үзэж байсан, Кливезийн ажиллаж байсан Харвард-Енчиний Хүрээлэн гэдгээс гадна Алс Дорнодын Хэлнүүдийн Тэнхим гэж бас нэг салбар байсан юм. Тэрний дарга Фрай (Frye) гэж том эрдэмтэн байлаа. Тэр салбарын зарим судлаач бас Монголтой холбоотой. Жишээ нь Давид Фаркухар байна. Нэг Монгол судлалын ном зүй хийж байсан санагдана.

М.С: Өө тийм тийм, Фаркухар чинь манай Конгрессын Номын Сан дахь ховор хуучин монгол номын каталогийг бүр тавиад онд хийсэн шүү дээ. 

У.Б: За тийм байх шүү. Тэнд нэг файл байна. Ф үсэг дээр Фрай, Фаркухар нартай холбогдсон захидлууд нь байна. Тэр их чухал. Жишээ нь Фрай-гийн Тэхэранаас бичсэн нэг захидал байна. Фрай тэндээс нэг чухал бичиг олтол Монголтой холбоотой юм гарч ирээд, уншиж чадалгүй Кливезээс асуусан байх жишээтэй. Энэ захидал харилцаанаас Монгол судлалын сонин зүйл гарна шүү. Сонин сайхан ном, орчуулгаас гадна захидлуудыг бүү мартаарай...

гэх мэтээр ярилцсаар бид гурав хэд хоног үүрээс шөнө хүртэл ажиллав. 90 настай өвгөн эрдэмтэн, ахмад дипломат түүртэх нь байтугай бүр хөхин баяссан шинжтэй суусаар шөнө дүл хүргэх нь гайхамшигтай. Номын санд юу юу байгааг дараагийн дугаартаа танилцуулах болно. 

Жич: Элчин сайд Браун АНУ-Монголын хооронд дипломат харилцаа тогтоохоор идэвхтэй ажиллаж байсан боловч гадаад улсын нөлөөгөөр энэ оролдлого нуран унасан тухай сонирхолтой ярилцлага энд гарч байсныг хуучин дугаараас уншиж болно.