“АН-ын ханиад гаднаа, МАН-ын хавдар дотроо”...гэж. Хөнжилдөө хөлөө жийлцээд байгаа мэт харагдсан ч Ардчилсан намын дотоод сонгууль амжилттай болж дууслаа. Мэдээж сонгууль л болсон хойно зарим дүүргийн гишүүд гомдолтой л байгаа бололтой. “Хайран сайхан М.Тулгат, Д.Батцогт”... гэхээс эхлээд хашгирцгааж л байна. Гэхдээ гэрэл гэгээтэй тал чамлахааргүй байгааг олж харцгаах хэрэгтэй.

Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон 378 гишүүн дээр анализ хийж үзэхэд 18-39 насныхан 59 хувийг эзэлж байна. Тэдний хамгийн залуу нь 21 настай, хамгийн ахмад нь 68 настай. Бүр сонирхолтой нь нэг хорооноос багаараа санал аваад сонгогдчихсон оюутан найзууд ч байх жишээний. Энэ бол шинэчлэл, агаар салхи.
Зөвхөн шинэ залуу гишүүд гэж бас туйлширч болохгүй. С.Баярцогт, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын туршлагатай улстөрчид, сайдаар ажиллаж олон нийтийн талархлыг хүлээсэн ч улс төрийн “хонгилоор” чирэгдээд цагаадсан улстөрчдөдөө итгэл хүлээлгэж, дунд шатны намын байгууллагын даргаар сонгож ажиллуулах эрмэлзэл анзаарагдав. Энэ нь ирэх сонгуульд АН, МАН-ын дунд, ахмад үеийнхэн “ана, мана” үзэлцэх, сонгогчдын хүсдэгчлэн ойролцоо хувиар эрх барихыг ч үгүйсгэх аргагүйг харууллаа. Тэгж чадвал хүсэмжит сонгууль гэж олон нийт үздэг шүү дээ.


Үүний нөгөө талд бууриа сэлгэн өрсөлдөөд ялалт байгуулсан А.Ганбаатар, П.Батчимэг О.Амгаланбаатар, Б.Түвшин, Х.Болормаа, Ц.Баатархүү, П.Галиндэв нарыг сонгосон хэрнээ Ч.Лодойсамбуу, С.Одонтуяа нар яагаад ялагдав гэдгээс харахад Ардчилсан намынхан УИХ-ын гишүүнээ ч унагааж чаддаг, чимээгүйхэн давшигчдаа ч олж харж тодруулж чаддагийг харуулж байна.

Эндээс харахад АН-ын дарга О.Цогтгэрэл эрх баригч намтай харилцахдаа тэнцвэрийг хадгалдаг, сөрөг хүчний ажлыг хийхдээ чимээгүйхэн урагшилдаг, тооцоолсныхоо дагуу зүтгэж сөрөг хүчний нэр хүндийг ахиулахын тулд олон үйлдлийг зэрэг хийж чадаж байгаа зэрэг нь улстөрчийн ур чадварыг нь харууллаа.

АН-ыг нээлттэй болгож чадсан шигээ бөхөөр бол давхар тонгороод МАН-ыг ч нээлттэй болгочихлоо шүү дээ. “Засгийн газрыг огцруулъя” гэх улигт, “утопи” шаардлага тавихын оронд “Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой” гэх, эсвэл УИХ-ын даргыг олонхийн намын дарга удирдах нь буруу” гэдэг шаардлага тавих нь эсэргүүцэхийн аргагүй зөв үндэслэлтэй төдийгүй эрх баригч намын дотоод зодооноос ашигтай талыг нь өөртөө татан хүч нэмж зорьсондоо хүрэх тактик байжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын албаныхан болон шадар дотны хүмүүс хүртэл "Удирдах зөвлөлийнхөн дотор эсрэг талаас зүү ч орох зайгүй болсон учраас Засгийн газрыг огцруулна гэдэг мөрдөөлөө орхи. Бид зөвхөн хаанаас, хэдэн удаа огцруулах бичгийг тоолоод л инээгээд сууж байя” гэж бардамнасан нь саяхан билээ. Гэтэл Г.Занданшатар нам дотроо минатай талбайд туучиж явааг нь анзаараагүй гэж үү? Ийм л зөвлөхүүдээс болж “бүдүүн өвсөнд бүдэрдэг”. Ямартай ч АН-ын даргын гуйвашгүй “бойкот” энэ удаад амжилтад хүрлээ. Олон удаа даа, МАН-ынхан ялагдахаараа “АН-ынхнаас боллоо” гэдэг, харин АН-ынхан ялагдлаа “МАН-ынхнаас боллоо” гэж инээд хүргэдэг. Энэ удаад юу ч болсон бай, эв зүйндээ орж, байх ёстой байрандаа орцгоолоо.

Аа тийм, Н.Учралын Засгийн газарт Ардчилсан намынхан орох уу? Мэдээж, нээлттэй намын хувьд хэдхэн хүн биш намаараа яриад шийдэх байх. Ороод ажиллавал, хоёр жилийн дараа сонгогчдод хэлэх хийсэн ажилтай. Орохгүй байлаа гэхэд сонгогчдод эрх баригчдыг муулж ховлох нүүртэй. Аль нь ч байсан алдах юмгүй юм чинь. Ингээд Ардчилсан намынханд баяр хүргэе. Зогсолтгүй давшаарай, өчүүхэн зуурын эрх ашигт саатвал олсон жаахан амжилтаа алдана. Холын зайн тоглолт хийх аваас 2028 оны сонгууль та нарынх шүү гэж ташуурдъя.