Өвдсөн иргэдийн гадагш чиглэсэн цуваа хэвээр...

Өнөөдөр бид эмч, багш нарынхаа цалинг шийдэж чадахгүй аргаа бараад байж байна. Яг таг шийдээд, нэг мөр болсон юм алга. Хар үгээр хэлэхэд төсөв маань хүртэж цөхөж байгаа гэсэн үг. Эдийн засгийн нөөц бололцоогоо шавхаж, нэг хэсгээс нь танаж хасах болхи аргачлалаар багш нарын цалинг нэмсэн ч улам холион бантан болж орхисон байх жишээтэй. 

Эмнэлгүүдийн байдал бүр хүнд. Өвдсөн иргэдийн маань зарим хэсэг хамаг байдгаа шавхан гадагшаа зүтгэсэн хэвээрээ л байна. Статистик сөхөж харвал өнгөрсөн 2025 онд 13,000 гаруй иргэн гадаадад эмчилгээ хийлгэжээ. Тэдний дийлэнх нь Энэтхэг,Солонгос, Турк улсыг зорин эмчлүүлж байна. Арга буюу явахаас өөр гарцгүй болоод л явцгааж байгаа. Жишээ нь, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орохоор тодорхойлолт авсан иргэдийн 92.5 хувь нь Энэтхэг улсыг зорьцгоож байна. Өр шир тавьж, байр байшингаа зарцгаан амьд үлдэхийн төлөө тийн зүтгэж буй иргэдээ бид яалтай. 

Манайд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэд эмчилгээгээ хийлгэснээс хойш гурван сарын дотор материалаа бүрдүүлэн ЭМЯ-д хандаж, эмчилгээнд зарцуулсан зардлынхаа тодорхой хувийг буцаан авах боломж байдаг. Гэхдээ ийм иргэддээ зарцуулахаар төсөвлөдөг мөнгө одоо байхгүйтэй адил. Зарим сан нь тоногдсон. Өөр нэг газар байдаг нь ЭМЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Эрүүл мэндийн хөгжлийн төв” юм. Энэ байгууллагыг иргэд тэр бүр мэддэггүй. Өөрсдөө ч мэдүүлэхийг бараг хүсдэггүй байх.  Энэ төв дэргэдээ “Гадаадад эмчлүүлж байгаа иргэдийг зохицуулах алба”- ыг байгуулсан тухай гунигтай мэдээ цацагдаж байсныг санаж байна. Зорилго нь бол Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж буй иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан гадны эмнэлгүүддээ зуучилж өгч тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр өвчтөнүүдээ эмчлүүлэх гэж л тайлбарлах биз.

Нөгөө талаас энэ бол эмнэлгүүд өөрсдөө гадаад харилцааны мэргэжилтнүүдээрээ дамжуулаад хийчих зүйл. Энэ ч мэдээж тийм амархан ажил биш. Утас цохиж, бичиг шидээд л манайхныг хүлээж аваад эмчилчихдэг юм гэж байхгүй. Энд миний хөндөх гэсэн гол зүйл иргэдээ гадаадад эмчлүүлэх асуудлыг зохицуулдаг байгууллага байгуулсан өөр ямар улс орон байдаг бол...Энэ мэт үндэсний анагаах ухааныхаа хөгжилд ямар ч хэрэггүй атлаа улсын төсвөөр цалинждаг хэдэн нэгж газрууд энэ салбарт байгаа бол...

Үнэндээ энэ салбарт зүрх сэтгэлээ, эрдэм чадлаа зориулахаар сонголт хийсэн залуус итгэл үнэмшлээ алдах гээд байна. Энэ хамгийн ихээр түгших ёстой асуудал болсон. Гэвч салбарын сайд л солигдож холигдохоос өөр дорвитой шинэчлэлийн салхи сэвэлзэхгүй байна. Сүүлдээ нам доторх анагаах ухааны салбарынхан хоорондоо ил гарч ирээд эрх мэдлийн тулаан хийдэг болтол доошоо орлоо шүү дээ. 

Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сан дээр эрх баригч намынхны хэдэн ээлж дамнаж явагдсан хулгай, авлигын хэргүүд ард иргэдийн болон энэ салбарт ажиллаж яваа зуу зуун залуусын уур хилэнг бадрааж байна. Ийм эмзэг нөхцөл байдалд байгаа салбарт эмнэлгийн дарга нарын иддэг уудаг, тонодог, улс төртэй хөтлөлцөж байж ахиж дэвшдэг шударга бус байдалнэрмээс болж байна. Дээд үеийнхнийхээ хулгай луйврыг илчилсэн, хамтарч гар нийлж явахаас татгалзсан залуу дарга шууд л ажлаа өгөөд явах шахалттай нүүр тулдаг. Ийм жишээ хэдэн арваараа бий. 

Эрүүл мэндийн салбар тойрсон зарим статистикийн мэдээллүүдийн араас жаахан ухаж үзэхэд үнэндээ санаа сэтгэлээр навс унах юм.  Бид маргадаг. Манай эмнэлэг сайн, манай эмнэлэг муу гэж. 

Муугаа эхлээд ярьцгаая. Манай улсын эмнэлгүүдэд үзүүлэхэд ирдэг хамгийн эхний дарамт үзлэгийн дараалал нь байдаг. Дугаарлалд зогсон тулалдаж байж цаг аваад хоёр сарын дараа үзүүлэх тохиолдол олон. Арай гэж эмчдээ үзүүлээд амсдаг дараагийн том дарамт нь шинжилгээний орчинд явагддаг. Бүгдийг нь нэг дор шинжилдэг эмнэлэг байхгүйтэй адил. Заавал зарим шинжилгээг хувийн эмнэлгийн лабораторид өгөх болдог. Өвчтөний цаг ахиад л сунана гэсэн үг. За, тэгээд зарим эмч нар нь өөрийнхөө зааж явуулсан лабораторид шинжилгээгээ өгөөгүй, өөр газар өгсөн байвал хүчингүй гээд ахиад явуулна. Энэ бидний амьдралд үнэхээр байдаг баримтууд шүү. 

Муугаа эхлээд ярья гэж тохирсон болохоор дараагийн нэг бурангуй явдлыг хэлэхгүй бол болохгүй нь. 

Улсын эмнэлэгийн зарим эмч нар маань ажлын байран дээрээ үдээс өмнө үзэгдээд, үдээс хойш өөрийн хувийн эмнэлэг дээрээ ажилладаг жишигтэй. Энэ жишиг тогтоод удсан. Айх ичих ч юм байхгүй. Улс даяар нэр алдар нь түгэсэн эмэгтэйчүүдийн эмч алдарт хоёр хатагтайгаас эхлээд нэрс нь хөвөрнө. Эмнэлгийнхээ хажууханд хувийн эмнэлгээ байгуулчихсан. Арай л давруу амьдарсан ийм эмч нар манайд олон доо.Өвчтөнөө зовж шаналсан хүн гэж хардаггүй, мөнгө гэж хардаг болтол ёс суртахууны хувьд дампуурсан эл байдал гучин жил амь бөхтэй явлаа.  

Яагаад үндэсний анагаах ухаан маань ингэтэлдоройтож, сайжралыг эс олов оо. Нэгдүгээрт, эмч нарын маань цалин муу. Сувилагч нарынх нь бүр муу. Ийм урвуу тогтолцоотой юм чинь яаж сайжрах юм гэж бүгд дуу нэгтэй хэлдэг. Гэхдээ манай эмнэлэг яагаад муу байгаагийн шалтгааныг бүгд ийнхүү мэддэг ч гол асуудлууд руу нь орж ярьдаггүй. Магадгүй энэ хамгийн том шалтгаан нь байх. Нэртэй төртэй, том эмч нар нь бүгд хувийн эмнэлэг байгуулцгаасан. Тэрийгээ улаан цайм өөрийн ажилладаг улсын эмнэлгийг дагуулан байгуулдаг. Жишээ нь, өөрөө улсын эмнэлэгт бөөрний эмч хийдэг бол хувьдаа бөөрний эмчилгээ оношилгоо дагнасан эмнэлэгтэй байдаг. Бүх төрлийн эм тариа, зүү тариурыг өөрийн хувийн эмнэлэг рүү хулгайлан зөөдөг. Улсын эмнэлэгт юу дутуу байгааг гярхай ажиглаж, өвчтөнүүдийн юу хүсэж байгааг нарийн олж харж, өөрийн хувийн эмнэлэгээ тэд хөгжүүлж явдаг. Харин улсын эмнэлэгтээ юу ч хийдэггүй. Тэгээд зогсохгүйөөрийн эмнэлэг рүүгээ хөнгөн өвчтөнүүдээ татдаг. Хүнд өвчтөнүүдийг бол хэзээ ч хувийн эмнэлгүүд авдаггүй. Хамгийн гашуун үнэн нь энд л юм юмтайгаа харагддагдаа. Жишээ нь, “Интер мед” гэх манай хамгийн том баячуудын хамтарч байгуулсан эмнэлэг гэхэд  хүндэрсэн хүүхдээ тэврээд очиход шууд л хаалган дээрээсээ буцаадаг шүү дээ. Аргаа бараад ачаалалдаа сөхрөх шахсан, ард түмний хүүхдүүдийн ганц эмнэлэг болох ЭХЭМҮТ буюу Эх нялхас руугаа давхиж очдог. 

Ийм байхад манай анагаах ухаан яаж босох юм. Эндээс гарах том хөшүүрэг бол улсын эмнэлгийн эмч, ажилтнуудаа хувийн эмнэлэг шиг цалинтай болгох. Бүх шинжилгээнүүдийг зохих хэмжээний төлбөртэй болгох. Хувийн эмнэлэгт эмч 30-100 мянган төгрөгөөр үздэг бол улсын эмнэлгийн эмч 20 мянган төгрөгөөр үздэг байж яагаад болдоггүй юм. Эдгээрээс орж ирэх орлогуудын 10-20 хувь урамшуулал хэлбэрээр цалин дээр нь нэмэгддэг болчихвол эмч нарт маань ямар их урам, бас нэмэр болох бол...Манайх аливаа өөрчлөлтийн тухай бодлого ярихаараа хэт хөөрсөн, бодит хөрстэйгөө авцалдахгүй юм их ярьж цаг авдаг. Зохицуулалтын оновчтой шийдлүүдийг олж хийж огт чаддаггүй. Одоо өрхийн эмнэлгийн асуудал гэхэд олон асуулт, анхаарлын тэмдэг дагуулан зогсож байна. Хүнийх ч биш, өөрийнх ч биш, хувийн ч юм шиг, улсынх ч юм шиг... Тэгсэн атал улсаас бөөн мөнгө авдаг нэгжийн энэ системд асуудал маш их хуралдсан. Өрхийн эмнэлэг дээр хийсэн бодлогоо эргэж харах цаг болсныг амьдрал мөн л өдөр тутам харуулсаар л байна. 

Энэ их хуралдсан асуудлуудаа шийдмээр байна. Гэхдээ хурдан...