Нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх дээр нэгэн анхаарал татсан шийдвэр энэ сарын 20-ны өдөр гарлаа. Их хэмжээний “хар мөнгө”-тэй холбоотой энэхүү ноцтой асуудлыг шүүхэд авлигын нөлөө орсон юм биш биз гэж үзэх сэжүүр ч бас байгаа нь “Ёс зүйн ДЕЛО”-д өгүүлэхээс аргагүйд хүргэв.

Хэргийн тухайд, Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Podlesnijs Igors нь Монголд “АБА Плюс” гэдэг нэртэй компани байгуулаад компанийнхаа дансаар эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг Монголын арилжааны банкуудаар дамжуулан угаасан байж болзошгүй үйлдлүүд тогтоогджээ. Энэ хэрэгт тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн аж.
Мөрдөн байцаалтын явцад ноцтой байдлууд баримтаар тогтоогдсон хэдий ч шүүх дээр тэдгээр этгээдийг гэм буруугүйд тооцож хэрэгсэхгүй болгох шийдвэр гарах, үүний улмаас цагдаа, прокурорын байгууллагынхны олж тогтоон, битүүмжилчихээд байгаа  Монгол Улсад “мөнгө угаах” гэмт үйлдлийн үр дүнд олсон 17 тэрбум төгрөгийг нь гэмт хэрэгтнүүдийн гарт олгох нөхцөл байдал үүсчихээд байна. Мөн үүний зэрэгцээ баттай эх сурвалжийн мэдээлснээр “мөнгө угаасан” этгээдүүд нэр бүхий шүүгчдэд 6 тэрбум төгрөгийн авлигыг өгөхөөр тохиролцсон гэх баримт мэдээлэл олдоод байгаа нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн гаргасан шийдвэрийн эсрэг холбогдох Прокурорын байгууллагаас өнөөдөр гомдол гаргах байх гэсэн мэдээлэл байна.
Харин одоо тухайн хэрэг явдал чухам юу болсон тухай товч өгүүлье.

Гадаадын 13 орноос авсан мөнгөө тэр даруй 12 орон руу гаргаж мөнгө угаах үйлдлээ Монголд хийжээ


 Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Podlesnijs Igors нь өөрийн үүсгэн байгуулсан ”АБА плюс” ХХК-ийн  ХХБ, Кредит банкин дахь дансанд 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд ОХУ, Казахстан, Узбекстан, Болгар, Польш, Арабын нэгдсэн Эмират улс, Швед, Португали зэрэг 13 улсаас 3.9 сая ам.доллар, 4.6 сая евро хүлээн авч, тэр даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.долларыг Монгол Улсын арилжааны банкуудаар дамжуулан БНХАУ, Филиппин, Латви, Турк, Эстони, БНСУ зэрэг нийт 12 улс руу “нэхэмжлэлийн төлбөр, гэрээний дагуу” гэсэн утгаар шилжүүлсэн байгаа юм. Энэ бол маш ноцтой, Монгол Улсыг мөнгө угаах бааз болгосон гэмт үйлдэл. “АБА Плюс” компани нь Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгогүй, огт явуулж байгаагүй нь тогтоогдсон. Мөн тус компанийг үүсгэн байгуулагч Podlesnijs Igors нь зөвхөн эдгээр мөнгө Монголын арилжааны банкны данс руу орох, гарах урсгалын үед 1-5 хоногийн хугацаатайгаар 5 удаа Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд  2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Кредит банкнаас 2.4 сая еврог бэлнээр авах оролдлого хийж, тэр өдөртөө хилээр гарчихсаныг Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. 

Мөн “АБА Плюс” ХХК нь ААНОАТ-ын 3.7 тэрбум, НӨАТ-ын 2.4 тэрбум, нийт 6.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийснийг Татварын байгууллага болон ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн хяналт шалгалтуудаар тогтоосон байдаг. Мөн Нийслэлийн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр “АБА плюс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнгөншагайгийн оффис болон гэрт нэгжлэг хийж ховор амьтны жагсаалтад багтсан баавгай, шилүүс зэрэг амьтны түүхий эд хадгалж байсныг нь хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авсан байдаг. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хүсэлт хүргүүлсэн бөгөөд Казахстан, Польш, Арабын нэгдсэн Эмират улсаас хариу ирүүлээгүй, ОХУ, Украин, Узбекстан, Болгар улсуудаас хариу ирүүлснийг орчуулахад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй, харин гадаад улсын иргэд “АБА плюс” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдүүлэг өгч, санхүүгийн эх үүсвэрийг бусад нотлох баримтаар баталгаажуулж ирүүлжээ. 

Уг хэрэгт ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний болон Биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан өнгөрсөн оны 2 дугаар сард Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд хэргийг шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болоход Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Алтанцэцэг хянан хэлэлцэж “АБА плюс” ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэм буруугүйд тооцож хэрэгсэхгүй болгосон. Харин ховор амьтны жагсаалатд багтсан амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэх үндэслэлээр 6 сая 615 мянган төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэжээ. Тэгвэл хамгийн ноцтой, Монгол Улсын газар нутаг дээр мөнгө угаасан гэмт хэргийг нь яах вэ? Тэд 6 сая төгрөгийн торгууль төлчихөөд, татвараас зайлсхийсэн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгуулсны цаана цагдаагийн байгууллагын илрүүлж, прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр битүүмжилсэн 17 тэрбум төгрөгийг нь “суллаж” гэмт этгээдүүдэд олгох боломжийг нээж өгснийхөө цаана 6 тэрбум төгрөгийн авлига авахаар үгсэн тохиролцсон гэх мэдээлэл батлагдах бүрэн боломжтойг анхаарч үзэхгүй гэж үү? Битүүмжлэгдсэн хөрөнгөө аваад Монгол Улсаас оргон зайлахад нь ямар ч саадгүй нөхцөл байдлыг шүүхээр олгочихоод байгаа учраас энэ талаар холбогдох хуулийн байгууллагууд яаралтай ажиллах шаардлагатай байгааг энэхүү мэдээллээрээ анхааруулж байна.