Жич: Анх үзэж байвал эхлээд тэргүүн бүлгийг   уншина уу 

...Жаапных нь урдуур ч нэг юм сүүтгэнээд ардуур ч хэсэг өвс арвалзаад дээрээс дууудаад ч байгаа мэт, дэргэдээс нудраад ч байгаа мэт хачин санагдах ахуйд Ардчилсан фёодалууд оньсон хүлгээ түр амрааж найман зовхис лугаа хараа бэлчээцгээв. “Хүний бараа харагднуу, сүнс чөтгөр байвал гарыг нь цайлгах зоос бэлд” хэмээн Ховордож баатар бусаддаа анхааруулах.

Тэнд, тэнд сая нэг юм цухуйсансан, алив Үүлэнбат минь биднийг хорлох атаатан байна уу тус гуйсан амьтан байна уу үзэж ир хэмээн хошгоруулав. Үүлэнбат үүр цайтал мөр хайгаад үнэртэх эрхтэн нь чилээд юу ч олсонгүй. Хайран цагаа үрж хамарны мэдрэмжээ цуцаасандаа бухимдангуу, бас нөхрийн үүргийг үл гүйцэлдүүлэв хэмээн нэрэлхэнгүй бодолтой жаапан дээр эргэн ирэхэд нь юу вэ харин үлдсэн фёодалууд нэгэн үл таних адгуустай эс мэдэх сархадыг хүртэн огт ойлгох үгийг хэлцэн буйг хараад Үүлэнбатын цагаан үс нь улам цайж уцаар нь чинээндээ тулваа.Өө Үүлэнбат минь энэ эрхэм андтай танилцаж алтан сархад атиллаг зоогло. Буруу зүг явуулж хий дэмий тамирыг барсанд хүлцэгтүн, алив Гүнээ түрүүний маниуст барьсан юмаа энэ андад хүртээ, гэж Ховордож баатар хэлэв.

Голын загаснуудтай мэтгэлцэж ойлголцдог, жаран эртэй зэрэг хэрэлдэхэд зургаан уулын буга үргэж зуун шулмын хов болдог, дөчин эмтэй хавсран маргахад хэл нь хатдаггүй шүлс нь зуурдаггүй, хөдөлсөн болгоныг хоргоож оролддог хүн бүхнийг сөргөж өддөг гөлийсөн нэгэн эр Үүлэнбатад айхтар амттай сархад гардуулсан нь Гүндалчаак ажээ. Гүндалчаак,

- Одоо ингээд энэ машинтайгаа та нар сайхан явна гэж боджийнуу тэгдгүй байхгүй юу. Өөдөөс чинь аймар хоёр амьтан ирж та нөхдийг элдэвийн хорлонд унагах гэж буй. Би бол чинхүү шударгыг л хэлдэг бөлгөө, нэг фёодалаа жийгээд оронд нь намайг жаапандаа суулгавал түмэн үгээр дэмжсүү. Ховордож,

- Нөхөн тулаанд үл дайтвал хамт жаргана гээд хулхидсан нэгэн өс, гучин ёсөн модон хүүхэлдэйнд оньслож хийсэн утсаар гарыг нь татаж өргүүлээд хүзүүг минь хуулийн дагуу харуулдсан бас нэгэн өсийг санаж тэр Ми гомбоо ЭнхиБалдог нүүрээр нь газар чирж нүглийг нь саванд дүүргэж арьсаар нь дугуйны нөхөөс хийж махаар нь Үүлэнбат андыг хооллох үнэхүү сэтгэл надад төрөв. За ингье, та бүхэн минь хөлийн хурдаар уралдан гүйгээд тэээээр тэнд харагдаж буй саглагар мөчирнөөс нэг нэг навчийг авчирцгаа. Хамгийн сүүлд хоцорч ирсэнийгээ үлдээж бусад нь одюу гэж хошгоруулахын завдалгүй нэг фёодал Ховордожийн үгэн авианаас түрүүлж навчинд хүрэхэд нь, за бусад нь хурдан жаапандаа суу гээд эргүү амьтныг ирэхээс өмнө дуунаас хурдан оньсон хүлгээ асааж гэнэн хүмүүнийг өнчин мөчир зулгаасан навчтай нь үлдээгээд тоосоор хучин шунгинаваа.

Энэ хооронд Намбарвааний баруун зүүн ханцуйнаас дуудагдсан хоёр амьтас фёодалуудыг хэрхэн цохихоо хэлцэн гэлдрэнэ. Буянт жагаа,

- Алив чи явж авилгалд өгсөн газраасаа буман ямаануудыг тууж ир. Би тэднээс ноолуур самнаж голем буулгана. ЭнхиБалдо хариу өгүүлрүүн,

- Энэ удаад чиний эрдмийг үзье. Эс бүтвээс миний үгийн дагуу гар хөл халдаганы үзүүрт зарагдаж, далласан газарт ил гарч далайсан газарт гулжигнаж явагтун, хэмээгээд газар ухан одов. Мэргэн ард өргөөнийхөө гадаа нарлаж хажуугаар өнгөрөх эмс охидтой маазрангаа ирэх мянган жилийн Монхоолын үйл учирт зовнин суух дор газраас гар цухуйж бэлчээртэй ямаанаас чирч гулдрах харагдав. Тэр юун муухай мутар эргэн тойрны хүүхдийг цочоож хүүхнийг үргээв гээд Мэргэн ард хулгайн сарвууг барьж авсанд ЭнхбиБалдо,

- Ай өршөө намайг, буруу хүний ямааг буруу аргаар авах гэсэн байна. Өгөрийн муу Ховордож Үүлэнбат нарын фёодалуудаас гэгээн Намбарваанийгаа хамгаалах гэсэндээ л айлын ямааг бэлчээртэй нь ухаж амьтан бүхнийг авилгадаж явна би. Гэсэнд Мэргэн ард,

- Чи манай их балгадын өнгөтэй бүхнийг хужаагийн зогсоол болгоод нүгэл бүхэндээ хахууль авч гэдэс чинь дийлэхгүй зовхи чинь унжсан зөв сэтгэлгүй муу хүн байна. Хорыг хороор гэж та муусайн амьтасын нэгнийгээ даран сөнөөхийг би бахдалтайяа харж суух болно, үтэр зайлан од. Энэ мэт ардтай олон тааралдаж явсаар нар сарыг мянгантаа мандсаны эцэст есөн түм есөн мянга есөн зуун ерэн есөн ямааг арай ядан тууж авчрахад Буянт жагаа “Нэг ямаа дутав” хэмээн ихэд хилэгнээд,

- Ховордожийг даран сөнөөхийн тулд ноолууран Голем буулгах гэсэн санаа агуулсансан. Ширхэг ямаа дутах учир миний Голем сахал үгүй болохоос гарцаагүй. Цусар урс нөжөөр гоож толгой нь тасраг гэж, сахалгүй голем хэрхэн Ховордожтой тэмцэх билээ. Гэхэд ЭнхиБалдо,

- Чи миний их зүтгэлийг талаар болгох аваас гишгэх газар үлдээлгүй хээрээр нэг сэгийг чинь тараана шүү. Хурдан ондоо мэх сэтгэ, гэж өвчигнөв. Буянт жагаа ямаа бүхнээс атга ноолуур самнаж том бөмбөрцөг урлан үлдсэнийг халаасандаа агуулаад ийн хүүрнэв,

- Эдгээр ямаанууд энгийн малнууд биш эвэртэн дайчид боллоо. Миний бүтээсэн энэ том шааригны зүг очиж амьд адгуус амьгүй эд бүхнийг хурц эврээр сүлбэх учиртай. Хэмээн дөвчигнөөд нөгөө том шааригандаа хэдэн үгс шившэн Ховордожийн зүг тэвэгдэн нисгэвээ. Ноолууран бөмбөрцөг өнхрөн ойсоор фёодалуудын жаапны дохиог хангинуулан мөргөлөө. Аймшигт есөн түм есөн мянга есөн зуун ерэн найман (хамгийн царайлаг нь буянттай хамт үлдсэн) эврээ гялтгануулан айсуй. “Би тэднийг аргалах уу нөхдөө” гэж Үүлэнбатыг хэлэхэд Гүндалчаак, ямаанууд бөмбөрцбөгийг дагалдан ир хурц

- Хээхх чиний цагаан үсийг ширхэгийн дагуу зүсэх хурц эвэртэн амьтас ирэхэд араа шүд чинь нэгийг нь зуувч бусдад бүлэгдэнэ. Би гарч далдаганъя нөхөд минь. Гэхэд Ховордож,

- Та баатрууд минь уужуухан сууж уухаан үргэлжлүүл. Бараа нь хэдий сүр их авч атгын чинээ тархитай арганд автах амьтас юм. Би очиж хошгоруулъя. Ховордож ийн өгүүлсэний дараа жаапнаас гарч том ноолууран бөмбөрцөгийг цээжиндээ тэврээд эвэр туурайтнуудын өөдөөс очоод ийн чарлав. - Ээ сайхан янгирнууд минээ амар явцгаана уу. Түр намжиж миний хэдэн үгийг сонс. Одоо нэгэн рүүгээ ингэж муухай дайрдгаасаа татгалзяаа, татгалзъя. Сая Үүлэнбат надад “Энэ ямаанууд манай жаапыг мөргөж сийчинэ дээ” гэж хэлсэн. Харин би түүнийг буруутгаад “үгүй эд нар чинь ямаа биш янгир байна” гэж зэмлэсэн. Ямаан омгоосоо салж чадвал та нар Янгир болж чаднаа чадна.

Өнөөдөр, зуун тэрбумыг залгилаа гээд Далан зургаан модон тархит амьтдыг яах ч үгүй атал зуун грам ноолуур дутаасны төлөө та нөхдийг өвлийн идшэнд явуулж байнаа.

Өнөөдөр зуун газрыг цөлжүүлсэн гээд алт зэс олборлогч савдагнуудыг гэсгээхгүй атал зуун алхам илүү гишгэсний төлөө та нөхдийг бэлчээр талхлав хэмээн өвлийн идшэнд явуулж байнаа.

Энэ үнэхээр шударга бишээ. Тэгэхээр Монхоолын сайхан ямаанууд та нар эвэр шигээ хурц ухаан гаргаж тэр авилга, тэр шударга бус явдал, тэр муу бүхэнтэй тэмцэж гэмээнэ янгирийн дүрд юмаа тийн. Та нар одоо ч гэсэн уг ноолууран бөмбөрцөгийг хараад эмзэглэж л яваа байх. Үнэндээ энэ их баялгийг Ховордожийг даруулахын тулд дэмий бөөрөнхийлж үрснээс мянган өнчин ишгэнд нэмнээ хийж өгвөл шударга шүү дээ. Ингэж хийдэг байхгүй юу эд нар, шударга бай л даа шударга бай хахахахаха.

Ховордожийн энэ айхтар туулсийг сонссон ямаануудын нүднээс аяга нулимс бөмбөрхөд зүлэг ногоо нахиалан ургасан төдийгүй сарын чанадаас чагнаж зогссон Мэргэн ард хүртэл уярч хайлваа.
Гутгаар бүлэг http://aanxaa.niitlelch.mn/content/1188.shtml?returnFromCas=true