Европын газрын зураг дээр хойд хэсэгт нь давхиж байгаа бар шиг хэлбэртэй хойг бий. Тэнд ор­ших дөрвөн орныг Скандинавын хойгийнхон гэцгээдэг. Нутаг дэвс­гэрээрээ илт бага (Манай Булган аймагтай ойролцоо хэмжээ бүхий) "барын аманд" байрлалтай энэ орныг Дани буюу Денмарк хэмээнэ. Тэнд ертөнцөөр нэг тарсан мон­голчууд харин ч тун цөөхөн ирж төвхнөсөн юм билээ. Харин нэлээн хэдэн дани айл Монголд ирж аж төрж байсан бөгөөд 37 оны хэл­мэгдүү­лэлт ид эхлэнгүүт амь насаа бодон буцсан гэдэг. Тэд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд байсан бөгөөд дорно зүгт тавьж байсан холбооны шугам хийх гэж анх Монголд орж ирээд үлдчихсэн гэдэг.

Өдгөө Дани улсын хатан хааны ордны маршал цолтой Хаслунд хэмээх эрхмийн өвөө нь Хөвсгөлд байгсдын нэг байжээ. Энэ тухай маш сонирхолтой уран зохиолын таван ч ном хэвлэгдсэн гэсэн. Даничууд ном зохиол, үлгэрт их дуртай ард түмэн. Нэрт хүүхдийн зохиолч Андерсны үлгэрүүдийг  дэлхийн хүүхдүүд болгон уншиж хүн болцгоодог билээ.

Эрхэм Хаслунд одоо Монголын өргөмжит консул бөгөөд хатан хаан дээр дуртай цагтаа ордог эрх бүхий хүн юм. Тэрээр хаан болон хун тайж нарт Монгол орны тухай дандаа ярьж өгдөг гэсэн. Хунтайж Хенрих урьд залуудаа Францад байхдаа Монголд суух Элчин сайдаар томилогдсон гэсэн. Тэгээд явдгийн даваан дээр хаа­ны охинтой суугаад Данид хүрээд иржээ. Одоо харин томилогдож байсан Монголоо очиж үзэх юмсан гэж хүсч явдгаа Ерөнхийлөгчид айлтгав.

Данийн Копенгаген хотын суу­рийг Тэмүжинг таван настай байх тэр үед анх тавьж, тэр цагаас хойш байшин барилга өргөжсөөр хот, улс, зарим зуунд хүчирхэг гүрэн ч болж байсан түүхтэй ажгуу. Одоо хотын төвд 800 гаран жилийн настай хоёр гурван давхар чулуун барилгууд зөндөө байх юм. Барил­гад нэмэгдсэн юм гэвэл XIX зуунд чийдэн асааж, халаагуур тавьжээ. Даничуудын дээд удам угсааг далай тэнгисээр дээрэм хийж явдаг байсан эртний Викингүүд гэдэг юм байна. Викингүүд хурдан морины хүчээр уулгалан довтолдог Хүннү лугаа маш хурдан суман завь хөлөглөн хот балгад руу дайрдаг байсан аж. Нэгэн үе хөрш Швед, Норвегийг эрхшээлдээ аван колон­чилж байсныг бодоход бас чиг цөс ихтэй ард түмэн аж. Харин 1941 онд өмнөд хил залгаа Германы Гитлерийн фашистууд итгэлийг эвдэн довтолж эзэлжээ. Тэр жил маш хүйтэн өвөл болж анх удаа далай тас хөлдсөн бөгөөд арал дээр оршдог Копенгаген хот руу германчууд мөсөн дээгүүр явган алхаад ороод ирсэн байна.

Энэ орон ердөө таван сая гаранхан хүн амтай, ганц том хоттой. Копенгагенд 800 мянга орчим хүн амьдардаг. Гэвч Дани оронд байсгээд л дэлхийн хэмжээ­ний том үйл явдлууд болж байд­гаараа алдаршсан. Түүнээс гадна энэ үндэстэн байнга нэг шинэ үйл хэрэг бүтээж байдаг тул аялал жуулчлалынхан дахин дахин ирж буцдаг ажээ. Саяхан болж өнгөр­сөн дэлхийн уур амьсгалын ду­лаарлын талаарх уулзалтад зо­риулж хотын төвөө дэлхийн бөм­бөрцгөөр чимсэн байв. Мөн ав­хаалжтай нэг нөхөр Голланд явж монгол гэр худалдаж авчраад хот дотроо барьчихсан байсан. Бэр­жээнх­гүй цагаан бүрээстэй уг гэр цас бороонд нэвтрээд чийгтэй эсгийний эвгүй үнэртэй боловч Монгол хүнд дотно харагдаж бай­лаа. Гэрийг барих гэж нэлээн тэвд­сэн бололтой. Ханыг нь эрэг боол­тоор боож гэрийн гадуурх гурван бүслүүрийг яах учиртайг нь ойлгож ядаад тойруулаад зүүсэн байдал­тайгаар хөвөрдөөд оёчихсон бай­сан. Бүслүүр чангалаагүй гэр бага зэрэг яайжгий боссон боловч энэ оронд үс хийсгэх салхи гардаггүй нь сайхан юм даа.     

Өнгөрсөн долоо хоногт Европ даяар их цас орж модны мөчрүүд нойтон цасаа даахгүй тасхийн хугарч байв. Цас будран будран орохоос бус ер шуурга тавихгүй яасан  буян заяатай орон юм бэ дээ. Хааяа тэнгэр онгойхоор ясанд тулж янхийтэл нойтон жавар жиндүүл­нэ. Далайн чийглэг агаар хүйтрэ­хээрээ Монголын хацар хайрдаг жавраас долоон дор, уушги царц­тал амьсгалуулна. Дандаа цас ордог болохоор хүмүүс машинаа арчихаа бүр больчихсон бөмбий­сөн цагаан юмнууд л явна. Ер нь дани хүмүүс хээ шаагүй, энгийн даруу байх сонирхолтой. Том компанийн эзэн, тэрбумтан энэ тэр байх дургүй. Байсан ч ажил гэрийн хооронд унадаг дугуй унаж, таа­руухан хувцас өмсөж олны хар цагаан хэл амнаас өөрийгөө хол­дуулдаг. Нийтээрээ дунд зэргийн чинээлэг амьдралтай, ихэнх нь хөдөө хэдэн мал, жижиг тариалан, багавтар эдлэн газартай нам гүм­хэн аж төрдөг. Хөгшин Европын бусад орныг бодвол хүүхэд их харагдах юм. Байнга бүрхэг байдаг болоод ч тэр юмуу, нар буцаж хамгийн богино өдрүүдэд очсон ч юм байгаа. Өдөр хоёр цаг өнгөрөөд харуй бүрий болж гурав өнгөрөөд л тас харанхуй шөнө болчихно. Дани нь умард туйлд ойрхон бай­даг орнуудын нэг болохоор тийм байдаг байх. Харин зун үдшийн цагаан гэгээ тасрахгүй байсаар байгаад үүр залгадаг. Тийм боло­хоор цонхоо хааж гэрлээ унтрааж унтахгүй бол нойр хүрдэггүй гэсэн. Одоо тэгээд хийх ажил багатай эртээ орондоо ордог болохоор "хүүхэд үйлдвэрлэл" эрчимтэй явагд­даг байхыг үгүйсгэхгүй. Айл болгон гэрт гадаагүй том, том лаа­нууд барьж асаах нь энэ орны бас нэг онцлог. Манайхан дуурайх юм бол гэрээ шатааж орхих байх даа гэж бодогдож байлаа. Хүмүүс нь үлгэр домог, хий үзэгдэл, сүнс чөтгөр ярих их дуртай. Тэр ч бай­шин гүйдэлтэй, энэ байшин юмтай гэцгээгээд нөгөө 800 настай харш­наасаа зугтаачихдаг шиг бо­лолтой. Орой хотын төвийн хуучин байшингууд ихэвчлэн харанхуй харагдсан. Харин яг манай Улаанбаатар шиг энд тэнд­гүй орон сууцны барилгууд барьж байгаа юм билээ. Бүрсгэр саарал Копенгаген үдэш болмогц гудамж талбайд өнгө өнгийн гэрэл сацарч дуу хуур болоод явчихна. Тав дахийн орой залуус "Баасан ах"-ын өдрийг тэмдэглэн шөнөжин ууж, дуулж, орилон нойргүй хоноцгооно. Тэ­гээд хагас сайны өглөө нам унтац­гаан гудамж талбай эв эзгүй. Дугуйг хятадуудаас илүү их унацгаадаг. Гэхдээ бүр гоё уралдааны араа соёотой сайн дугуйгаар гангарц­гаана. Дээхнэ үед хулгай зэлгий байхгүй сайхан байсан гэсэн. Гэтэл ерээд оны ардчиллын үеэс эхлэн Польш, Чех гэсэн социалист орнуу­дын хорио тавигдаж Шенгений нэг визтэй болсноор хуруу хумс урттай хүмүүс их явдаг болжээ. Тэндхийн хар бор ажлуудад польшууд их зарагддаг юм билээ. "Гаднаас хоёр польш олж ирээд наадхаа ачуул­чих" гэх жишээтэй. Биднийг социализмын мате­риал техникийн баазаа базааж, коммунизм байгуулахаар зорьж байх үед капиталист Дани манай мөрөөдлийг аль хэдийнэ хийчихсэн байсан гэсэн. Тухайн үеийн социа­лист лагерийн орнуудын удирд­лага үүнийг мэдээд ичиж ард түм­нээсээ их нуудаг байжээ. Одоо хүмүүс нь маш өндөр цалинтай, гэхдээ цалингийнхаа далан хувийг татварт төлдөг, сургууль, эмнэлэг үнэ төлбөргүй улсаас даадаг. 67 хүрээд тэтгэвэртээ суудаг. Тэтгэвэр сайн. Ажилгүй хүн байхгүй. Үнээ нь сүү сайтай, будаа нь будлиангүй. Таван сая хүнтэй атлаа тавин сая хүний хоол бэлддэг. Сүү бяслаг цагаан идээгээр хойд Европыг бүрэн хангадаг. Цэвэр агаар, эрүүл хоол хүнсийг ихэд эрхэмлэдэг. Час улаан алим аваад хазахад гойд чихэр амттай. Эрээний яавлаг бол ёстой дуураймал л юм билээ.

2000 оноос Дани улс засаг захиргааныхаа нэгжийг цомхотгож томруулсан. Хүн ам өсөөд шинээр хороо хорин байгуулдаг байхад эднийх харин эсрэгээр цөөрүүлсэн байгаа юм. Хуучин 13 аймаг, 271 сумаа таван аймаг, 98 сумтай болгожээ. Энэ орны мэдэлд Хойд Аме­рикт байдаг дэлхийн хамгийн том арал Гренланд бий. Уг мөсөн арал дэлхийн дулаарлаас болж хайлж эхэлж байгаа бөгөөд дороос нь манай Оюу толгой шиг олон арван уурхайнууд нээгдэх сурагтай байгаа. Тэнд хэд хэдэн загасчны гацаа суурин бий. Нутгийн цөөнх үндэстнүүдийг испаниуд шиг очин­гуутаа хүйс тэмтрээгүй. Дундад зууны үед хөлөг онгоцоор Грен­ландад очиж барьсан загаснуудаа хөлдөөж хадгалуулдаг байжээ. Одоо их хуралд нутгийн чукча нараас хоёр гишүүнийг шууд сон­годог гэсэн. Копенгаген нь орчин үеийн техник, технологийн анхдагч газ­руудын нэг болохоор анхны метро, машин, байшин доторх цахилгаан шат гэх мэт зүйлийн дурсгал ихтэй. Хотын төвд дундад зууны үеэс эхлэн үйл ажил­лагаа­гаа явуулж одоо хэр нь хаагдаагүй нэгэн бааранд орж үзсэн юм. Бүх юм хуучнаараа. Ханандаа эртний гар зурагнуудтай, тэр нь тамхины утаанд шарлаад бүүдийсэн. Тоо­цоо хийгээд талон өгдөг дээр үеийн гараар манвилддэг машин нь одоо хүртэл ажиллаж байх жишээтэй. Жижигхэн умгар уушийн газар хүмүүс  суух нь сууж, сандалгүй нь босоогоороо автобусанд явж бай­гаа юм шиг шахцалдан пиво ууж суух юм. Манайхан бол "Өө зай алга" гээд гараад явчихдаг. Эдний­хэн болохоор бүр тийм байх тус­маа дуртай байдаг гэнэ. Хүмүүс нь ч эртний төрх бүхий хувцаслаж, залуухан хүүхэн охид буриад сөө­хий гутал өмчихсөн ч байх шиг. Пивийг бол харин ч цөлөх шиг болох юм. Уугаад л стаканаа ха­жуу­даа ярайтал эгнүүлээд хэр их ууснаа гайхуулан дуу нь чан­гарц­гаана. Энэ нэг хурал хурдан дуусаа­сай. Дуу чимээнээс нь бүр залхаж гүйцлээ. Хүүхдүүд гэрт тогтохгүй гарч ууж идээд ирэхгүй юм гэж дани авгай ихэд төвөгшөөж байсан. Обама, Саркози, Медведев тэргүүт­нүүдийг ирэх буцах тоолонд тэн­гэрт царцаа шиг олон нисдэг тэ­рэгнүүд зогсож нүргэлсэн их чимээ гарч, гудамжаар аваарын дохио хангинуулсан цуваанууд зам га­цаан бас чиг төвөгтэй байсан биз ээ. Бас дээр нь байгаль хамгаалах болон өөр янз бүрийн чиглэлийн хөдөлгөөн холбоонууд энд тэндээс ирж уриа лоозон болон орилж чарлан эсэргүүцлийн жагсаал тасраагүй. Хотоос нэлээн зайтай газар хүртэл баахан негр хүмүүс орилолдон байхыг хараад учрыг асуувал "Манай Этиофийн Ерөн­хийлөгч энд ирчихсэн байна. Энэ нөхөр сөрөг хүчний нэг удирдаг­чийг маань барьж аваад шоронд хийчихсэн юм. Тэрнийг даруй чө­лөөл" гэж жагсаал хийж явна гэв. Тиймэрхүү маягийн эсэргүүцлийн жагсаал зөндөө болж бүр хэтрээд давраад ирэхлээр нь шкаф шиг том цагдаа нар бариад авна. Тэгээд саатуулах газар зургаан цаг суул­гаж уур хилэнг нь тайтгаруулж өгөөд гаргана. Дотор дэлхийн дулаарлын ту­хай гал асам халуун мэтгэлцээн өрнөж байхад гадаа Скандинавын хойгт намуухан цас чимээ­гүйхэн нэвсийтлээ дарж, далайн чийг үе үе сэвэлзэн хүйт даасан өдрүүд болж байлаа.

Ж.ГАНГАА Копенгаген хот.