Тансан ламаас ШХАБ хүртэл.


1989 оны 5 дугаар сарын 16-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачев БНХАУ-д айлчлахад Дэн Сояпин Хаант Оросын үеэс эхлэлтэй 1.5 сая км.кв газар нутгийн маргааны асуудал байгааг сануулсан бөгөөд Амар мөрний сав дагуух нутаг, Даманийн хойг, мөн хамгийн гол нь Балхаш нуурын дорнод этгээдийн томоохон газар нутгийн талаар дурдсан юм. Энэ бол Чин гүрний төгсгөл үед Оросууд Хятадаас хүчээр булаасан нутаг гэж үздэг ажээ. Өнөөдөр энэ нутаг Казахстаны нутаг болжээ. Хэрэв энэ нутгийн тодорхой үзмээр санагдвал сайтаар орж Чин гүрний газрын зургийг харахад болно. Харин сүүлийн үед Хятадын үндсэрхэг үзэлтнүүд энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутгийг “Гадаад Монгол” гэж ойлгуулахыг хичээж, “Дэн авгайн үхэшгүй гэрээслэл” гэх мэтээр сүржин нэрлэсэн өгүүлэл гаргаж байсан юм.


Хуучирдаггүй шинэ хязгаартай нь залгасан үндэсний цөөнхийн нь гал голомтыг сахисан улсууд бий болсонд Хятадууд түгшжээ. Казахстан, Киргиз, Тажикистан улс тусгаар тогтносон нь хятадуудыг болгоомжлоход хүргэж байсан юм. Үүний улмаас 1990-ээд оны дундаас Хятадын Тан гүрний түүхийн судалгаа ихэд эрчимжиж, хятадын баруун хязгаараа бэхлэх үзэл суртлын зэвсэг болсон билээ. Чухам ийм шалтгаанаар “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх хятадын үлгэр ихэд алдаршжээ. Тансан лам яагаад баруун этгээдээс Буддын шашин залж ирэв гэж гайхдаг, гэвч баруун этгээдэд Буддизм хүчирхэг байсны баталгаа нь хэдхэн жилийн өмнө Талибуудын дэлбэлж орхисон Афганистаны Бамиан дахь Бурхан багшийн хөшөө юм. Чухамдаа тун саяхан Тан гүрний үед л лалын шашин нүүдэлчдийн тал нутгийн хязгаарт нэвтэрсэн юм. Тан гүрний хил хязгаар одоогийн Шинжаанаар дайрч Казахстаны хуучин нийслэл Алма-Атагийн ойролцоох Таласын хөндийд хүрсэн байв. Таласын хөндий бол хятад ба дундад дорнын хил хязгаарыг тогтоох хоёр их тулаан болсон газар юм.

 

Түрэгийн хожуу үеийн хаант улс сэргэн мандсанаар Тан гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ.


Хүннүгийн модон цуураас ба Ли бай хүртэл…


Эхнийх нь Хан гүрний цэргүүд зүүн Хүннүгийн Жижиг шаньюйг энд бүрмөсөн бутцохисноор баруун Хүнчүүд өрнөд рүү нүүдэллэх эхлэлийг тавьсан байна. Хан гүрэн үүнээс цааш давшаагүй билээ. Эртний Хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн “Хүннүгийн модон цуур” 12 шад шүлгийн түүх Өмнөд Хүннү Хан гүрний мэдэлд орсон ч Алтай-Тарвагатайд  үлдсэн баруун Хүнчүүд Хөх нуурт бэхэжсэн Хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтолгооноор Хүннүгийн жижиг ноён олзолжээ. Тэр хүүхэн аав нь барьцаа төлж суллатал Хүнчүүдийн дунд 12 жил амьдарсан бөгөөд “Нам гүм шөнөөр идээлсэн арьсны эхүүн үнэртэй хөнжилдөө шурган, ил галын дэргэд цугласан Хүнчүүдийн модон цуур уйтай эгшиглэхийг сонсон өнгөрөөсөн 12 жилийнхээ тухай бичсэн байдаг. Тэр Хүннү ноёнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь ээжтэйгээ бус аавтайгаа үлджээ.


Хятадууд Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.


Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүнчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүнчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв. Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах ба морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв.


Энэ тактик бүр 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв. Хонь хариулах гэснээс Хүннүчүүдэд хууртан мөрдөн хөөсөөр усгүй цөлд бүслэгдсэн Хятадын По ну жанжин өөрөө ус хайж яваад Хүнчүүдэд олзлогдож, харин шаньюй түүнийг алсангүй, авъяас чадвартай жанжныг Хакасын захирагчаар томилсон байдаг. Харин түүний ах сул эр байжээ, Хүннүд олзлогдоод хонь хариулан ядарч явахдаа шувуу тэжээж дүүдээ захиа илгээхийг оролддог байсан ч Хүнчүүд тагнав хэмээн хардаж, захиаг нь олзлохын тулд шувуудыг нь харваад алчихдаг байсан гунигт түүхийг өгүүлсэн шүлэг мөн л Хятадын сонгодог зохиолд гардаг.


Олон зууны тулаанд эцэстээ Хятадууд ялжээ, Пону Хүннүд үнэнч байж, зоригт Хакасуудаа дагуулан Хан гүрний эсрэг тулалдаад дахин ялагдсан юм. Хятадууд Гүши хаант улсын Чеши хэмээн нэрлэжээ. Үүний дараа Хятадууд стратегийн ашигтай байршил олж авчээ. Дорнын Геродот гэгддэг алдарт аялагч Сыма Цянь Хүн гүрний баруун этгээдэд байрладаг хүчирхэг гүрнийг хайх гэж гараад Хүнчүүдэд олзлогдон 12 жил болсон юм. Тэгээд оргож Ром хүртэл аялахдаа газрын зураг үйлдсэн нь орчин үеийн газрын зурагтай тун ойролцоо байдаг. Турфанд бэхэжсэн Хятадууд Хүнчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалжээ. Хятадууд 3000 жил оршин тогтнохдоо яагаад Европ хүрчихээгүй юм бэ? гэж залбирдаг.


МЭӨ I зуунд сульдсан Хүннүчүүд Ромын легионуудтай хамт Хятадуудыг баруун зүгт нэвтрэхээс аварсан бол VII Хятадууд лалынхны түрэлтийг зогсоожээ, гэхдээ хоёулаа ялагдсан атлаа шүү дээ. Хүннүгийн Жижиг шаньюйд туслуулахаар Парфянчууд баруун зүгт хийсэн дайныхаа явцад Крассын гурвын холбооноос олзолсон легионыг илгээсэн байдаг юм. Жижиг шаньюйн бэхлэлтийг хамгаалж байсан ромчууд том дөрвөлжин бамбайгаа өргөн, богино жадаа сунган довтолоход Хятадууд хатуу холховч нумаар нягт жагсаалыг нь сарниулаад морин цэргээр хядчихсан байдаг юм. Жижиг шаньюй бууж өгөлгүй тулалдсаар алуулжээ.


Хожим Тан гүрний үед гэнэт тэсрэн хүчирхэгжиж VII зуунд Персийг бутниргээд тэр эрчээрээ дорно зүгт зүтгэсэн лалынхан энд Хятадуудтай тулсан юм. Хятадын армийг Солонгос гаралтай Као Шичен командалж байжээ. Хоёр тал хүч тэнцэхэд хөндлөнгөөс ажиглаж байсан харлигууд /түрэг аймаг/ лалынхныг дэмжсэнээр лалынхан ялж, Хотан, Яркенд хүртэл лалын шашин дэлгэрчээ, гэхдээ лалын шашин цааш нэвтэрсэнгүй, цагаан хэрэм даваад Хятадын үүдний пингээс хэтрээгүй юм. XX зуунд Хятадууд Тансан ламын домгоор Тан гүрний хил хязгаарыг “баталгаажуулж” жижиг хөршүүдээ үзэл суртлаар дарамталсаар байна. Энэ дарамт хэр хүчтэйг Н.Назарбаев нийслэлээ хойд нутагтаа буюу Оросууд Казахыг эзлэхдээ анх барьсан цайз Астана руу нүүлгэснээс харж болно.


Манайд БНХАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Гао Шумао бол Тансан ламын зохиолын судалгаагаар Хятадын урдаа барьдаг судлаачдын нэг байсан гэж ярьдаг. ХХI зууны босго давмагцаа БНХАУ-ын Засгийн газраас “Go west” буюу баруун зүгт давших эдийн засгийн стратегийг  хэрэгжүүлж эхэлсэн юм. Стратегийг хэрэгжүүлэхийн тулд өндөр хөгжилтэй зүүн өмнөд бүсээс баруун, баруун хойд мужуудад хөрөнгө оруулалт татаж, тус бүс нутгийн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хөгжлийг нь түргэтгэж, эдийн засгийн бүтцүүдийг хөгжүүлэхийг чармайж байна. Улстөрийн бодлогын хувьд эдгээр мужууд үүрд хятадынх болох ба техникийн өндөр мэргэжлийн ажилтан болон ажиллах хүчин нэрээр Хан үндэстэнг олноор нь суурьшуулж байна.  


Басхүү ШХАБ-ыг байгуулж, хил залгаа лал шажинтнуудыг шахан оруулснаар хил хязгаараа батжуулж авчээ. Ялангуяа ШХАБ-д орсноор Хятадын хямд бараа бүтээгдэхүүнд зах зээлээ алдсан Киргиз хамгийн түрүүнд номхорч, Америкийн цэргийн баазыг нутгаасаа гаргаж, оронд нь Оросуудаас дэмжлэг авах замаар хүчний тэнцвэрийг барих гэж оролдож байна. Гэвч тэд дотоодын зах зээлээ Хятадын үйлдвэрлэгчдэд алдсан ба хамгийн сүүлд дайрсан дайрлага нь алдарт “Манас” туулийг нь Хятадууд өөрийн нэр дээр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлчихжээ.


Их торгоны зам


Эрт дээр цагт энэ нутгаар их торгоны замын чиглэл дайран өнгөрдөг байлаа. Хятадын баруун этгээдийн захын боомт Ланжоугаас гараад өмнөх зам нь Шинжааны Хотан Яркендаар дайрч Тэнгэр уулын даваагаар дамжиж өрнө зүгт лалын худалдааны хотуудад хүрдэг. Хойд зам нь Ланжоугаас хойд зүгт эргэж Куньлуны хойд сугаар ороож Таримын саваар дайрч гардаг юм. Шинжаан Уйгарын өөртөө засах орны хойд хэсэгт нь Зүүнгарын тал, өмнөд хэсэгт нь Кашгарын тал, төв хэсэгт нь Такла-Макан элсэн цөл бий. Эдгээр тал газрыг 7000 метрийн өндөр Тянь-Шаний нуруу /Тэнгэр уул/ заагладаг. Мөн дээд Ил /Ил урсдаг ус гэсэн Монгол үг/, Иртыш /монголоор Эрчис мөрөн гэдэг/ гол урсдаг. Ил, Эрчис мөрний сав, Тарвагатайн тал нутгийн сахлаг өвст бэлчээр бол Ойрад, Зүүнгарын хаант улсын гол цөм билээ.


Өгөдэй хааны үеэс Монголчууд энэ нутгийг бусдад алдаагүй юм. Хубилайтай тэрсэлдсэн Өгөдэйн угсааны Хайду, Наян нар чухам энэ нутагт түшиглэн 70 гаруй жил тулалдсан юм. Өгэдэйн угсааныхан Толуйн угсааныхантай тэмцсэн 100 гаруй жилд энэ нутагт Ойрад хэмээх хүчирхэг Монгол аймгийн холбоо бий болж, яваандаа үндэстний шинжийг олсон юм.  Хожим Оросын түүхчдийн дэглэсэн Монголын түүхийг уншихад Ойрадууд, Монголчууд огт өөр улс болоод, хоорондоо дайтаж байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг ч үнэндээ Чингис хааны угсааныхны хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл байсан юм. тэр ч байтугай Тогоонтөмөрийг Бээжингээс зугтсаны дараа Хорчины заримыг Ойрадууд талдаа татаж, сайн дайчидтай болохыг зорьсноор Хошууд хэмээх аймаг бий болж байлаа.


Шинжаан Эв нуур, Лоб нуур, Баграшкүль гэсэн 3 том нууртай. Уур амьсгал нь эх газрын хуурай, эрс тэс юм. Газар зүйн бас нэгэн чухал хүчин зүйлийг байнга мартдаг нь Куньлуний нуруу юм. Энэ нь Хөндлөн уул гэсэн монгол үгийн хувирсан дуудлага. Хөх нуур ба Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой энэ нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд мужийн газар зүй, уур амьсгалд маш их нөлөөтэй. Хөх нуур, Хатан голын /шар мөрөн/ чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадгаас Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ. Шинжаан-Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ.


1970-аад оны сүүлчээр Хятадын архиелогичид дэлхий дахинд Турфаны соёл гэж алдаршсан соёлын асар үнэт олдвор, хэдэн зууны турш хурааж хуримтлуулсан номын санг Таримын саваас нээсэн билээ. Энд мөн дэлхийн хамгийн урт газар доорх суваг бий. Эртний ард түмнүүд зундаа +40С градусаас буудаггүй халуунд тариалан услахын тулд 5500 киломерт урт суваг газар дор байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг. Харин энэ чандмань эрдэнийг ууршуулж алдахгүйн тулд усыг газар доорх сувагт шургуулж авдаг байна. Тиймээс Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шинжаан-Уйгарт аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулжээ.


Хэн амьдарч байна, түүний нутаг.


2005 оны байдлаар Шинжаан-Уйгарт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хань, уйгар, казахууд эхний гуравт орно. Мөн энд дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, даур, татар, орос,  дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн бий. Энэ нутаг эртний мөхмөл соёл, бас саяхны мөхмөл үндэстний нутаг. Энд 50 гаруй мянган цэвэр манж үндэстэн байдаг ч өөрсдийгөө манж гэдгээ мэддэггүй юм билээ.


Шинжаан маш эртний түүхтэй нутаг. Нутгийн уугуул иргэд нь гарал үүслээрээ эртний хүннү гүрнээс гаралтай гэсэн байдгийн учрыг эхний бүлэгт өгүүлсэн. Манай тооллын I зууны үед тэд түрэг, хиргис угсааныхантай холилджээ.


Манай эриний VII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд төрт улсаа байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол Уйгурууд гайхалтай номхон, соёлыг шүтэгч, суурин амьдрах эрмэлзэлтэй үндэстэн байсан юм. Хэрлэн барс хотын туурь, монголын нутаг дахь Уйгурын үеийн соёлын олдворууд нь үүнийг батална. Хянганаас Каспийн тэнгис хүрсэн нүүдэлчийн хоёр дахь гүрэн Түрэгийн омгорхлын дараа нүүдэлчид эрч хүчээ шавхсан мэт байлаа. Энэ соёлжингуй байдал нь Уйгуруудад урт бөгөөд зовиуртай амьдрал авчирчээ. Гэтэл бусад нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөж байв. IX зууны үес Уйгур улс байгалийн гамшиг, дотоодын зөрчилдөөн, бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 онд Уйгурыг Енисейн Хиргисүүд довтолж хөөжээ. Уламжлал ёсоор баруун зүгт нүүх учиртай байлаа, гэвч Хиргисүүд баруунаас довтолсон тул Уйгурын ихэнх баруун өмнөд зүг рүү дүрвэсэн байна. Төрөлх нутгаасаа дайжсан Уйгаруудад тэнгэр муу хувь оноожээ. Баруун урагш нүүснээр Уйгурууд Шинжааны баян бүрдүүдэд тархан олон зуун жил нуугдах тавилан оноожээ.


Нүүдэллэн зугтсан Уйгурууд өнөөгийн Ганьсу мужийн нутагт Уйгурын Кянсу улсыг байгуулжээ. Харин баруун тийш нүүсэн цөөнх Уйгурууд нь Буддын Идикут улсыг байгуулжээ. Энэ улс урт настай байж, ойролцоогоор хагас мянган жил оршин тогтносон юм. Хожим Уйгурууд түрэгийн овог аймгуудтай хамтран Кашгарт нийслэлтэй Хараханид улсыг байгуулжээ. Лалыхан Түрэгүүдийн дэмжлэгтэй Шинжаанд нэвтэрснээр Уйгурууд лалын шашинд оржээ.


Ийнхүү IX зуунд эхлэн Уйгурын гурван улс байгуулагджээ. Хараханид улс лалын шашинтай төв азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж,  Хорезм, мөн Хиргисүүдийн дараа Монгол нутагт хүчирхэгжээд өмнөх нүүдэлчдийн адил зарим нь Хятадын соёлыг шохоорхоод хятадчилагдаж, Ляо улсыг байгуулахад баруун зүгт нүүдэллэсэнээр үүссэн хар Кидантай өрсөлдөж байв. Харин Уйгурын Буддын Идикут улс Чингис хааны үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар оржээ. Үүний өмнөхөн Уйгурын Кянсуй улс нь XI зуунд Тангудад /Си Ся/ эзлэгдсэн байна.


XIII зуунд Монголын эзэнт гүрэн задрахад Хараханид Чингис хааны хоёр дахь хүү Цагаадайн улсын бүрэлдэхүүнд оржээ. Харин энэ улсын зүүн хэсэг Турфан, Кумул нь Чингис хааны гутгаар хүү Өгөдэй хааны эзэмшилд ирсэн байна. Согдоос дам авсан уйгар бичгийг Монголын эзэнт гүрэн төрийн бичгээ болгожээ. Цагаадайн улсын талаар илүү тодруулахад тус улсын газар нутаг нь өнөөгийн Узбекистан бүхэлдээ, Казахстаны өмнөд хэсэг, Афганистаны хойд ба өмнөд хэсэг, өнөөгийн Тажикстан, Кыргызстан бүхэлдээ багтаж байлаа. Нийтэд нь Туркестан гэж бас нэрлэдэг.


XIV зууны үед Цагаадайн улсаас Могул улс тусгаарлаж гарсан байна. Могул гэдэг үг нь “монгол үндэстэн” гэдэг утга санааг илэрхийлдэггүй. Харин эзэнт гүрний нэр юм. Могулистан улсын хүн амын ихэнх нь түрэг хэлээр ярьдаг уйгарчууд байлаа. Хожим Энэтхэгийг эрхшээж, Англичуудтай тулсан Их Могулыг үндэслэгч Бабур өөрийгөө Чингис ханы удам гэж байсан юм. Өөрөөр хэлбэл хаад нь Монгол, ард түмэн нь Уйгур голдуу байжээ. Энэ улсын нийслэл нь Бешбалык хот байлаа. Бешбалык хот нь өмнө нь Уйгурын Идикут улсын нийслэл байсан билээ. XV зуунд Уйгарууд газар нутгаа алдаж, тархан суугчид нь шинэ улсад үлдээд төр улс нь Шинжааны баянбүрдүүд рүү шахагджээ.


Ойрадууд Зүүнгарын хаант улсыг байгуулаад, эдийн засгийн сонирхлоор Уйгурыг түшмэг болгохыг эрмэлзэж байв. Төвдтэй харилцах замд байдаг Уйгарууд Зүүнгарыг сөрөх чадалгүй тул ая эвийг хичээж байлаа. Дотоодын зөрчилдөөнөө шийдвэрлэхийн тулд Далай ламаар уламжлуулан Галдан хаанаас дэмжлэг авснаар түшмэг улс болжээ. XVI зуунд Уйгарчууд Мамлакат ба Могулия (Моголия улс) гэдэг нэртэй Яркенд хотод нийслэлтэй улс байгуулжээ. XVII зуунд Уйгарчууд Манжид эзлэгджээ. 1755 онд Ойрадын Амарсанаагийн бослогыг дарж, 1758 оныг хүртэл Ойрадуудыг хядан устгаад  нутгийг нь нийлүүлж, 1760 онд дорнод Туркестаныг Манж Чин гүрний засаг захиргааны нэгж Шинжаан гэдэг нэртэй болгожээ. Шинжаан гэдэг нь шинэ  хязгаар нутаг гэсэн утгатай юм.


Уйгарууд тусгаар тогтнолоо алдсантайгаа хэзээ ч эвлэрч байсангүй. Манжийн эсрэг томоохон бослого 1760 онд Кашгарт, 1765 онд Уч-Турфанд тус бүр гарчээ. XVIII-XX зууны хооронд Уйгарууд манж, хятадуудын эсрэг 400 удаа босчээ. 1866 онд дотоодын тэмцэлээс болж Уйгар дотроо тав хуваагдсан байна. Кучарын ханлиг, Кашгарын ханлиг, Хотаны ханлиг, Өрөмчийн султанат, Илийн султанатууд бий болжээ. Уйгарчууд нэгдэх хэрэгтэй гэдгээ ойлгож байсан ч бие биенээсээ илүү гарах гэсэн явцуу санаархлаасаа болоод нэгдэж чаддаггүй байв.


1865 онд Кашгарын ханлигийн цэргийн жанжин Якуб-бек хуваагдсан Уйгарын ханлигуудыг нэгтгэж Йеттишар буюу долоон хотын улсыг байгуулж 13 жилийн турш тусгаар тогтнолоо хадгалж чаджээ. Йеттишар улс Орос, Англитай холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэхийг хичээсэн ч амжилтанд хүрсэнгүй байна. Манж Чин гүрэн 1877 онд Уйгарын Йеттишар улсын эсрэг цэрэг хөдөлгөсөн байна. Эзэн хаан Якуб бекийг хорлож алжээ.


Уйгарын эсрэг дайныг удирдсан Чингийн цэргийн жанжин Зо Зун Тан түүхэнд “Уйгарын эрлэг” нэрээр мөнхөрч үлджээ. Тэрээр эртний По ну жанжны алдаг давтсангүй, яаралгүй давшиж, замдаа цэргийн тариалан байгуулж, хүнс нөөцийг сайтар бэлтгээд харгис хатуу дайралт хийжээ. Уйгарууд нүүдэлчид биш тул зугтан байлдаж чадсангүй, хотууд нь дараалан унажээ. 1884 онд Манжууд Уйгарт дахин хяналтаа тогтоов. Шинжаан гэдэг нэрийг дахин хэрэглэх болж засаг захиргааны төв нь Өрөмч болов.


ХХ зуун, Дорнод Түрэгстаны БНУ.


ХХ зууны эхээр Манж Чин гүрэн задрахад Уйгарт ч бослого дэгджээ. Кагарлык, Яркенд, Хотаны уйгарууд зэвсэглэн боссон байна. 1912-1913 онд Кумулд томоохон үймээн гарчээ. Гэвч энэ бүх бослого хөдөлгөөн амжилтанд хүрсэнгүй. 1931 онд Уйгарууд хятадын эсрэг дахин бослого гаргажээ. Энэ удаа тэдний бослогыг Алтайн казахууд, Харшаарын монголчууд, дунган, киргизүүд дэмжсэн байна. 1933 он гэхэд босогчид уйгарын газар нутгийн 90 хувийг хяналтандаа аваад байлаа. 1933 онд Уйгарын эрх баригч Сабит Дамулла, Мухаммад Имин Бугра нар Дорнод Туркестан улс байгуулагдсаныг зарласан байна. Тэд анх Лалын Бүгд Найрамдах Уйгар улс гэж нэрийг сонгосон боловч энд амьдарч байгаа бусад үндэстний  саналыг харгалзан үзэж Дорнод Туркестан гэж нэрлэсэн байна. Энэ үед ЗХУ тэдэнд хүчтэй нөлөөлж, дэмжиж байсан ба Оросын улстөрийнхөн Уйгар, Түрэгийг ялгадаггүй байлаа. Тиймээс “зүүн түрэг улс” гэж нэрлэжээ.


1933 оны 11 сарын 12-нд Кашгар хотод улсынхаа үндсэн хуулийг баталжээ. Анхны Ерөнхийлөгч нь Хожа Нияз Хажи, харин Ерөнхий сайд нь Сабит Дамулла болов. Цайвар цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаан өнгийн одтой хавирган сарны дүр бүхий төрийн далбаатай болжээ. 1934 оноос Дорнод Туркестаны удирдагчид Москвад очиж Зөвлөлтөөс дэмжлэг авах болжээ. Гэвч 1936 онд Дорнод Туркестан Улс Чан Кайшийн хяналтанд оржээ. 1937 онд Уйгарууд дахин бослого гаргав. Хэдийгээр Дорнод Туркестан нь Хятадын мэдэлд дахин орсон ч өөрийн мөнгөн тэмдэгттэй, ЗХУ-ын төв банкнаас дэмжлэг авч байлаа. Учир нь Шинжаанд уран, вольфрам, сурьма, никель, тантал гээд ашигт малтмалын орд газар илэрсэн байв. Шинжааны амбан захирагчаар томилогдон ирсэн Хятадын генерал Шэн Шицай эхэндээ Оросуудад сайн хандаж байснаа хожим Хятадын гоминданы намд элэгтэй болсонд дургүйцсэн ЗХУ Уйгарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих болов. 1941 онд Хятадын эсрэг Казахуудын бослого гарав.


Бослогыг Оспан Ислам-улы удирджээ. Генерал Шэн Шицай алдаагаа засаж Шинжааныг ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болгох хүсэлт гаргасан захиаг И.В.Сталинд явуулжээ. Гэвч Сталин татгалзав. Москва өөр хүнийг-Оспан баатарыг дэмжиж байлаа. Түүнийг зэр зэвсэгээр хангах ажлыг монголчууд хариуцаж байсан юм. Маршал Х.Чойбалсан Оспан баатартай Ховд аймгийн Булган суманд биечлэн уулзсан нэг л дудаагийн уулзалтаар 395 винтов, 200 мянган сум, 30 хөнгөн пулемёт, 6 хүнд пулемёт, 45 автомат, 2000 гранат өгчээ. Мөн цэргийн зөвлөх, тагнуулчдаар туслаж байв. Х.Чойбалсан давхар Шинжаан дахь Монголчуудын дотор хяналтаа тогтоохыг хүсэж байв. Тэрээр панмонголист санаархалаа Зөвлөлтийн далбаан дор хэрэгжүүлж, бүх Монголчуудыг нэгтгэхэд ЗХУ туслана гэж итгэж байсан юм.


1943 онд Зөвлөлтийн тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр Дорнод Туркестаныг чөлөөлөх «Азат Ташкилаты» гэдэг байгууллага бий болжээ. 1944 оны 11 сарын 8-нд “Цэргийн хувьсгалт хороо” Кульжа хотод хуралдаж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр тогтжээ. Бериягийн тушаалаар “Шинжааны мусульманчуудад туслах хороо” байгуулсан байна. Урдаас сайтар зохион байгуулсан бослого өргөн хүрээг хамарч хятад биш бүх үндэстнүүд оролцжээ. Маш богино хугацаанд тэд хятадын цэргийг бут цохиж чадсан байна. 1944 оны 11 сарын 12-нд Кульжа хотод Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсыг тунхаглав.


Улсын Ерөнхийлөгчөөр Узбек үндэстэн Алихан Тура томилогджээ. Харин орлогчоор нь Уйгарын тайж Хакимбек Хожа ажиллажээ. 1945 оны 4 сард Дорнод Туркестаны үндэсний арми байгуулж командлагчаар нь Зөвлөлтийн генерал Иван Полинов томилогдов. Дивизийн даргаар нь монголоос гаралтай казах Далелхан Сугарбаев ажиллаж байлаа. Уйгарууд зонхилсон олон үндэстнийг багтаасан Дорнод Туркестан нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болох бүрэн боломжтой болжээ.

 

Гэвч энэ улсын ирээдүй 1945 оны наймдугаар сард ЗХУ, Хятадын хооронд байгуулсан хамтын ажиллагаа, найрамдлын гэрээгээр шийдэгдсэн байна. В.М.Молотов, Хятадын гадаад хэргийн сайд Ван Шизе нарын гарын үсэг зурсан гэрээнд Уйгарын асуудлыг тусгажээ. ЗХУ-ын удирдагчид Дорнод Туркестаны эрх баригчдийг Хятадын Гоминданы намынхантай хэлэлцээрийн ширээний ард хүчлэн суулгав.


Дорнод Туркестаны төлөөлөгчдийг Ахметжан Касим гэдэг уйгар хүн тэргүүлэв. Дорнод Туркестаны ерөнхийлөгч Алихан Тураг ЗХУ-д авч ирээд байлаа. ХКН Гоминданы намыг ялсны дараа Дорнод Туркестаны төлөөлөгчид Алма-Ата, Иркутскээр дамжин Бээжин хүрэхээр явжээ. Гэвч Алихан Тура ирсэнгүй. Түүний онгоц Иркутскээс ниссэн ч Чита хотын орчимд сүйрчээ. Өөр нэг хувилбараар бол Чита орчимд Дорнод Туркестаны дарга нарыг хороогоод онгоцны ослоор үхсэн жүжиг тавьсан гэдэг таамаглал байдаг. Нас барсан Дорнод Туркестаны төлөөлөгчдийн цогцсыг Кульжа хотод оршуулсан байна. Маршал Чойбалсан Өвөр Монголыг чөлөөлснийхөө дараа нэгдмэл Монголыг байгуулахад нь Оросууд туслахгүйг түрүүлж мэджээ. Тэгээд зальтай хөгшин чоно Шинжаанаас Монголчуудаа татаж авахыг оролджээ. 1944 онд Пагмын удирдлагаар Ховог сайрт нутаглаж байсан торгуудууд хил даван ирж, Монголын нутаг, Булган голын савд ирэв. Казахууд ч Монгол руу нүүж эхэлжээ.


1949 оноос Өрөмч дэх Дорнод Туркестаны засгийн газрыг татарын большевик Бурхан Шахиди тэргүүлжээ. Тэр хятадын коммунистуудад аядуу хандаж байлаа. Өөр арга байсангүй, ЗХУ тэднийг гаргуунд нь хаяжээ. ХКН-ын Улс төрийн товчоо Шинжаанд 250 мянган хань үндэстэн суурьшуулах шийдвэр гаргажээ. 1955 оны сүүлээр Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгуулжээ. Уйгарчууд үүнийг нь хагас зуун жил эсэргүүцсээр байна. 1950 оноос эхлээд Бээжин Шинжаан-Уйгарыг хятадчлах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх болж, хань үндэстнүүдийг бөөнөөр нь Шинжаан руу илгээсээр байна.


Өнөөгийн байдал.


Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд Дорнод Туркестан улсыг сэргээн байгуулах хөдөлгөөн нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна. Хятадын эрх баригчид энэ байгууллагыг алан хядагч бүлэглэл гэж зарласан байна. 9 дүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ терроризмын эсрэг дайн зарлахад Хятадууд “Статусыг нь олон улсын хэм хэмжээнд тохируулан” салан тусгаарлагчдыг алан хядагч болгож, “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой гэж 2009 онд мэдэгдэв.


2009 оны 7 сарын 5-нд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотод эмх замбараагүй байдал үүслээ. Уйгарууд Хятадын эсрэг цуглаан хийж, Хятад эзэнтэй дэлгүүр хоршоог тонож, машин, автобусыг галдан шатаажээ. Хятадын Гуандун мужийн тоглоомын үйлдвэрт ажилладаг хоёр уйгар хүн хятадуудтай зодолдож амиа алдсанаас энэ эмх замбараагүй байдал эхтэй. Энэ хэргийг шударгаар шийдэхийг Уйгарууд шаардаж байлаа. Энэ үймээн самууныг АНУ-д байдаг Ребие Кадер гэдэг уйгар эмэгтэйн тэргүүдэг “Бүх Уйгарын конгресс” байгуулага санхүүжүүлсэн гэж Хятадын эрх баригчид зарлав. 1999 онд хятадын аюулаас хамгаалахынханд саатуулагдаж байсан Ребие Кадер 2005 онд АНУ-д цагаачилжээ. 2004 онд Мюнхен хотод “”Бүх Уйгарын дэлхийн конгресс” байгуулагдсан юм.


Шинжааны эргэн тойронд.


Шинжаан-Уйгурын өөртөө засах орон БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрладаг. Нийт газар нутгийн хэмжээ нь 1,66 сая хавтгай дөрвөлжин километр буюу БНХАУ-ын газар нутгийн зургааны нэг юм. Шинжаан-Уйгурын өөртөө засах орон зүүн талаараа Монгол улс, хойд баруун хойд талаараа ОХУ, Казахстан, Киргиз, Тажикистан, баруун өмнөд хэсгээрээ Афганистан, Пакистан, Энэтхэг улстай хиллэдэг. Харин Хятад дотроо Циньхай, Ганьсу, Түвдийн өөртөө засах оронтой залгаа нутагтай.


Шинжаан-Уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдэгээс нэрийн нь утгыг ойлгохоо больсон байна.


Тус өөртөө засах мужийн хилийг тогтоосон бодлого илүү сонирхол татдаг. Хуучин ЗХУ задарсны дараа БНХАУ баруун, баруун хойд талаараа ОХУ-тай биш Казахстантай хиллэх болжээ. Гэвч БНХАУ, ОХУ Монголыг тойруулан атгалцсан гараа тавихыг хүсээгүй юм. Тиймээс Монгол улс ба манай “жинхэнэ гуравдагч хөрш” байх ёстой Казахстаны хооронд 55 километр зурвас авч үлджээ. Ингэснээр Монголчууд үүрд хоёр хөрштэй байх хувь заяатайгаа эвлэрэхээс өөр хувьгүй болж, лалын соёл иргэншлийн дорнод хязгаартай хиллэхгүй болжээ. Үүнээс эртний болгоомжлол бол Шинжаан Уйгарын автономит улс ба Өвөр Монголын автономит улсыг хооронд нь 60 километр зурвасаар  тусгаарлаж, Ганьсу мужийг хавчуулсан юм. Монгол улсын өмнөд хилийн дагуу Монгол үндэстнүүд нутагладаг ба Хятадын  эртний бэхлэлт Ланжоуд төвлөсөн Ганьсу мужийг байгуулснаар баруун Монгол, Хөх нуур, Шинжааны Монголчуудыг тусгаарласан юм.


Энэ нимгэн жийргэвч Монголд зарим талаар ашигтай тусчээ. 1990 оны дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт, хүйтэн дайны ялагдлын дараа коммунист систем, улмаар ЗХУ задрахад Казахууд олон зуны мөрөөдөл болсон туурга тусгаар төр улсаа байгуулсан юм. Мэдээж энэ нь хүйтэн дайнд ялагдсан талд байсан Монголд нөлөөлсөн. Тусгаар Казахстан улс байгуулагдсан нь Монголд нөлөөлж олон мянган казах иргэн Монголоос гарсан юм. Гэвч тэд энэ 55 километр зурвасаас болж шууд Казахстаны хил давж чадахгүй болжээ. Тиймээс ОХУ-аар дамжин очихоос өөр аргагүй болсон ба ингэхийн тулд ОХУ-ын виз авах, ОХУ-ын төмөр замаар дамжин нүүхээс өөр аргагүй болсон билээ.


Сэтгэл хөөрөл намжсаны дараа тэдний олонх нь эх нутагтаа буцаж ирсэн билээ. Монгол-Казахстаны харилцаанд “Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монгол иргэдийн асуудал” бий болов. Хэрэв шууд хиллэсэн бол Монголоос илүү олон казах гарч явах байсанд эргэлздэггүй юм. Одоо ч зарим нэг асуудал бий, жишээлбэл Монголоос иргэний хуурамч бичиг баримтыг Казахстан руу олноор нь авч гарахыг оролддог болжээ. Учир нь Казахстаны Засгийн газар өөр улсад төрөөд Казах улсын иргэн болсон хүмүүст өндөр хэмжээний “хишиг” хүртээдэг тул тэр хишгээс нь авах болзлоо хангахын тулд “ориг” казахууд нь ч харь гаралтай болохыг хүсдэгээс ийм хэрэг гарах болжээ.


“Назарбаевын сионизм” БНХАУ-д ч халдсан бөгөөд Шинжаанд амьдардаг саяар тоологддог казахуудаас Казахстанд олон иргэн нүүж очиход БНХАУ-ын Засгийн газар хязгаарлалт тавьсан юм. Шинэ тулгар Казахын “сионист бодлогын” улмаас БНХАУ Шинжаан дахь цэргийнхээ тоог 150 000 болгож нэмэгдүүлэв. Асуудал үүгээр дуусаагүй бөгөөд Казахын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нийслэлээ хойш татаж, Алма-Атагаас Астанад шилжүүлжээ.   


Харин Шинжаан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил эрхэлж зам гүүр тавьж, олон зуун мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефьтийн хоолой татаж, өндөр  байшингуудыг барьж байна. Бүр мексикийн зах зээлд ихээхэн нэрд гарч, хятадын төрийн өндөрлөгүүд хүртэх дуртай болсон “Sunshine” хэмээх сайхан дарс нэрж экспортлоод эхэлсэн ба Хятадын цэргийнхэн дарсны компаниа иргэний компани болгон хөрөнгийн биржид бүртгүүлсэнд хувьцаа их өсөж байсан түүхтэй.


                                А.Баатархуяг, З.Мэндхүү 2010.02.01