Цагаан сараас өмнө, цагаан олимпийн тухай манай сонин бичиж бай­сан. Энэ наадамд орол­цоод яах юм бэ гэж. Үүнд их олон хүн дургүйцсэн байна лээ. Өөрсдөө бор зүрхээрээ явж байгаа юм хөөрхий. Энэ байтугай л юм болоод байхад хэдэн муусайн тамирчдыг дээ­рэлхээд юун сүртэй юм гэж ирээд л.

Уг нь ч тийм л дээ. Хэдэн хүн гадаад яваад ирээ л биз. Очсон газраа хэрэг төвөг тариад, мөнгө төгрөг идэж уугаад, хохи­роосон юм байхгүй. Мон­гол­чууд өөр янз бүрийн шугамаар алба, амины хэргээр тасралтгүй га­дагш явж байгаа. Тухайл­бал Бээжин рүү хэн дур­тай нь хэзээ ч оччихдог. Харин Бээжинд болсон зуны олимпод оролцоно гэдэг Цагаан хэрэм өөд авирахаас хэцүү байсан. Бээжингийн олимпийн эрхээ аваад дараа нь амжилт гаргана гэдэг хамгийн чухал нь байв.

Энд тэнд болдог то­моохон хурал цуглаан, урлагийн наадам зэрэг нь тодорхой хүрээний хү­мүүст хамаатай хэрэг юм. Мөн түүнчлэн аль нэг спор­тын тив дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээнүүд ч ялгаагүй хөл­бөмбөгийг эс тооцвол сонирхогчдын хязгаар­лагдмал хүрээнд зо­хиогд­дог асуудал.

Харин олимпийн наадам гээд явчихаараа дэлхий дээр дөрвөн жил тутамд зохиогддог бүх нийтийн үйл хэрэг болж, бүгдийн анхаарлыг нэг дор төвлөрүүлчихдэг. Улс орон болгоны хаанаасаа харц нь хүртэл энэ өд­рүүдэд олимпийн зүг ан­хаарлаа хандуулж “Ма­най­хан аль хавьд нь явж байна” гэцгээдэг. Спортод сонирхолгүй хэс­гийг хүртэл энэ олимп уруу татаж чаддаг бол­чихсон. Тэр хэдэн тэрбум хүний нүдэн дээр энэ ертөнцийн есөн шидийн хүмүүс очиж байна. Чадалтай орнууд өөрсдийгөө гайхуулж бай­­гаа бол ядарсан бусад нь булайгаа чирц­гээхийг зөвхөн эндээс л үнэ төлбөргүй харцгаана.

Олимпод спортын бүх төрөл зүйл нэг дор явагд­даг болохоор улс үндэст­нүүдийн бяр тэнхээ, тэс­вэр, гоо үзэмж, цаад ор­ных нь хөгжил дэвш­лийн  бодит ойлголттой болж авцгаадаг. Спорт өөрөө их хатуу, шударга зар­чимтай болохоор нийг­мийн бүх давхар­гынханд шууд утгаар ойл­гогддог. Олон жил урал­даж бай­гаа юм хөөрхий. Одоо нэг “Болор цом” өгчихье байз гэж шүүгч нар нь хэзээ ч өрөвдөхгүй.

Ийм ийм учир жан­цантай байдаг болохоор олимпод хэрхэн оролцох тухай асуудал нь улс тө­рийн маш том бодлогын хэмжээнд яригддаг юм. Үзэл сурталжсан нийг­мийн үед хадуураад нэмэр хач­раар дүүрэн байсан ч монгол­чууд чад­лаараа л хатуу босго тавьж оролц­дог байлаа. Реклам, сур­талчилгаан дээр тог­тож байгаа манай гари­гийн хувьд олимпийн наа­дам бол дөрвөн жи­лийн турш тэсэн ядсан хүлээлт билээ.

Ийм чухал юм руу ма­най Засгийн газар, спор­тын хорооныхон ямар тамирчнаа явуулчихваа. Энд буй хүмүүс ч манай тамир­чин хэзээ уралдах юм бэ? Ямар медаль авсан бэ гээд байх юм. Тэр дагаж яваа теле­визийн сур­валж­лагч нь хүртэл “Медальд хүрэх боломж байсан уу?” ч гэх шиг. Нөгөө тамирчин гээд бай­гаа хүүхэд нь боло­хоор “Хоёр ч олимпод оролц­лоо, одоо ер нь зодог тайлдаг юм билүү” гэчих­жээ. Тэгээд бас бо­лоо­гүй “Энд ирснийх жаа­хан бэлтгэл хийж бай­гаад буц­наа. Тэгэхгүй бол очоод улсынхаа авар­­гаар хүн гүйцэхгүй шараа болж магадгүй…” хэмээн хээвнэг ярьж суух юм.

Ванкуверийн өвлийн XXI олимпийн наадамд оролцсон манай хоёр тамирчны амжилтыг хэ­лэхээс үнэхээр ичиж бай­на. Ичдэггүйгээрээ “ТВ-5”-ынхан болон мань хоёр хэлэхдээ “Непал, Бер­муд… зэрэг орны тамирч­дыг ардаа орхиж бахдам амжилт гаргалаа. Бас хувийнхаа амжилтыг ч ахиулсан” гэв. Эндээс явахдаа төр засгийг хуурах мө­рөө­рөө хуурах­гүй бас хажуугаар нь баа­хан ху­вийн пүүс ком­па­ниудаас мөнгө босгосон юм аа даа янз нь. Олимп ч үзүүлээд байсан юм байх­­гүй тэд­нийхээ рекла­мыг залх­тал нь гаргаж харин ч сөрөг сурталчил­гаа бол­гох шив.

Олимпод оролцох гэж байгаа тамирчнаас Зас­гийн газрын дурын ги­шүүн “Та хэдэн тамирч­наас ямар амжилт гаргах вэ?” гээд л асуучихад бүх юм ойлгомжтой байх байлаа. Дараа нь тийм амжилт гаргаснаар ма­най улсын нэр хүндэд ямар ач холбогдолтой юм бэ гэхэд л мад шүү дээ. Энэний оронд “Та нар цанын спортод үнэхээр сонирхолтой байж бол­но. Яахав яв. Харин бит­гий тэмцээнд өөрсдөө оролцож шараа болоо­рой. Өөр шүүгч мүүгч ч юм уу зохион байгуулах бу­сад ажилд нь идэвхтэй оролцоод, чадвал тэр талын спортынхоо мате­риаллаг бааз, тусламж энэ тэр салгаад ирвэл бүр сайн байна” гэчихэд л болоод явчихаж байгаа юм. Олимпод оролцож байгаа тэр олон арван хүний цана нь хугараад л, шөрмөс цорой нь татаад л… Тэгэхдээ бүр бөөн бөөнөөрөө. Ганцхан ма­най хүн зүв зүгээр байсан тохиолдолд эхний тавьд орох байж. Гэвч ийм юм хор­воо дээр даанч байхгүй.

Зэвүү хүргээд байгаа юм нь эд нар хойноо хайрлах харамлах эх оронгүй юм шиг зан гаргадаг. Цас мөсний эх орон Монголыг төлөөлж байгаа гэдгээ ойлгохыг ч хүсдэггүй. Ихэнх тамир­чин хүний зөн билэгт хүн хэлээгүй байхад эх оронч зан нэг мэдэхэд төлөвш­сөн байдаг. Орон бүхний тамирчин ялгаагүй. Чухам эх орныхоо төрийн дуул­лыг эгшиглүүлэх, төрийн далбаагаа мандуулах гэж л харийн нутаг руу дайлаар морддог. Яг уралдааны үед муруй бай, хоёр өрөө байраар шагнуулах зэрэг асуудал ой тойнд огт орж ирдэг­гүй. Хэрэв тэгэх шаанс байхгүй бол улсаа байг гэхэд өөрийнхөө нэрийг хичээгээд больчихдог. Эд нар болохоор ерөөс тийм бодол байхгүйгээр барахгүй мэдсээр байж уралдах гээд байгааг нь ерөөс ойлгохгүй юм.

Олимпод муу тамир­чин битгий явуулж бай­гаач ээ. Өөр юманд бол хамаа алга. Том гүрнүүд аль болох олон орны хүмүүсийг хамруулах со­нир­холтой. Уралдахдаа биш оролцох нь гол гэх мэтээр сайхан панаалд­даг. Тийм юм бол өөрс­дөө бидэн шиг хошного долоож байгаа нь хаана вэ? Худлаа л байхгүй юу. Их олон өрсөлдөгч дот­роос манай орон л хам­гийн мундаг нь гэж харуу­лах ганц  зорилготой. Олимпоос олимпод улам цөөхөн орон оруулах санаа гаргаад байвал энэ их спорт чинь харин өнгөн хөрсөн дээрээ буугаад ирж магадгүй.

Эрхэм спортын удирд­­­лагууд минь хэзээ ч ам­жилт гаргаж байгаагүй цана, тэшүүр гэж байхын оронд уран гулгалтаар яваад үзвэл яасан юм бэ? Баар саваар дүүрэн бү­жиг­­­лэж байгаа хөөрхөн охид хөвгүүд байна. Хөлд нь тэшүүр углаад хэдэн эргэлт заагаад өгчих юм бол тэднээс илүү гар­даг­гүй юм гэхэд дутаад сүйд болох нь юу байна. Хоёр сайхан хос гаргаад гоё хувцас өмсгөөд, сонгодог аянд эргэлдүүлчихэд гад­ныхан “Монгол гэж ямар сайхан хүмүүс вэ?” хэмээн ядахдаа л нүд баясгах юм даа. Өөр бас нэг мөсөн дээр бөө­рөн­хий юм түрж гулсаад бас нэг бөө­рөн­хийг онодог наргиантай наадам ши­нээр нэмэгдэж. Нэр нь юу билээ.

Төр засгийн удирдла­гууд түр дөрвөн жил ажил­ладаг ч  нэг иймэр­хүү юман дээр учрыг нь сайн ойлгоод “үгүй” гээд хэлчих сэтгэл зүрхтэй баймаар байгаа юм.  “На­майг ин­гээд хэл­чих­вэл дараа сонгохоо боль­чих юм биш байгаа” гэж ганцхан өнц­­­гөөс хор­воог харсаар нэгэн амьд­ра­лаа барах нь юутай харамсалтай.