Өнөөдөр “Малчид хотоо хар­луулжээ” гэх хэллэг оновчгүй ха­рагдаж байна. Хөдөөгүүр хар бор дулаахан хоттой, мал сүрэг налай­сан амьдрал бараг алга болжээ. Энэ тухай замын тэмдэглэл­дээ өгүүлсүү.

Алдаа гаргах нь хүний л явдал. Өмнө нь мал, малчин хоёрын талаар ихэд шүүмжилж байлаа. Энэ бас нэг төрлийн алдаа байж ч магадгүй. Яг одоо бол хөдөө цайрч, гадаа чичирч амьдарч буй олон мянган монгол хүний хувь заяа үнэн аймшигтай байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж тун саяхан баг бүр­дүүлж нисдэг тэрэг хөлөг­лөн цас зудтай нутгуу­даар яваад ирсэн юм. Очсон ихэнх га­зарт машин үл хүрэх хунгар тогтсон учир өөр унааны сонголт байсан­гүй. Зав­хан аймгийн Отгон сумыг зориход сумын төвийг сонгосонгүй. Шууд Буянт голын эх дээр буулаа. Хангайн нурууны ноён оргил От­гонтэнгэр хайр­ханы өвөр, Завхан голын эх Буянт голын тэртээ мухарт хэдэн айл өвөл­жиж байна.  Зуны сайхан цагаар хол ойрын аянчин жуулчин хөлхөж, бөмбө­гөр цагаан оройтой От­гонтэнгэр хайрханы ба­рааг зурж, дарж, Бадар­хундага нуурнаа мөнгөн аяга хадгаа өргөн барьдаг тэр газарт өнөөдөр хэдэн туранхай төлөг, урвагар малчин хоёроос өөр амьд амьтан алга. Араа­тан хийгээд шавьж хүртэл аргаа олоод ичих нь ичиж, шувууд дулаан ор­ныг зориод дайжсан. Амьд бодгалиуд “үйл ажил­лагаа”-гаа зогсоож, ургамал хагдран цас төдийгүй хөлдүү хөрсний гүнд нуугдан дулаан ца­гийг хүлээнэ. Энд малч­даас өөр байгаа юм гэвэл Очирваань бурхны сэрэг дүр, мэлтийсэн цагаан цас. Ерөнхий­лөгч ирэх сургаар аймгийн онцгой байдлынхан өдөржин шөнөжин цас ухаж байж нэг муухан зам гаргаж авч эхний айлын гадаа хүр­чээ. Тэгээд хоёр талаас уулзал­дан амар мэндээ мэдэлцэн сая л золгуутаа хийсэн юм. Буянт багийн төв дээрх жижиг амбаар саванд айлууд эд хогш­лоо орхин хэдэн малаа аван улам цааш уулын хэц өндөрлөг рүү отор­лосон гэнэ. Тэнд чухам юу болж буйг мэдэх хүн алга. Энэ их цас, тасралтгүй хүйтрэх өдрүүдтэй “дасан зохицох” биш сөрөн тэмцэхээр явцгаажээ.

Хорвоо дээрх амьдын там руу жаргал хайж, олз олох гэж яваагүй нь тодорхой. Зөвхөн амьд мэнд онд орохын төлөөх тэмцэл юм. Ерөнхийлөгч "Монголчууд үеийн үед бусдаас илүү байгаль дэлхийгээ аргадаж хайрласаар ирсэн уламжлалтай. Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны хэт хөгжлөөс хамаарч таагүй болсон хүрээлэн буй орчинд хамгийн их нэрвэгддэг боллоо. Энэ гамшгийг даван туулах хүчин мөхөсдөж байна. Намираа шиврээ гээд найман янзын борооноос ганцхан аадрын үер л цутгадаг болж байна. Ес дуусаад л хүйтний ам цаашаа, хөхүүрийн ам наашаа болдог байсан бол одоо тачигнасан хэвээрээ болжээ. Мон гол хүний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж буй зудны аюулыг бага гарзтайгаар даван туулж, дараа нь яахаа одооноос шийдэцгээе" гэсэн юм.

Тэр өдөр байгаль дэлхийн бах нь ханасан уу, эсвэл хөөрхий монголчуудыг өрөвдөж уярсан ч юм уу. Гэнэт тэнгэр тогтож, нар ээж, өвөлжин хөмсгөө зангидан, үүлээр нүүрээ бүтээж дүнсийсэн Отгонтэнгэр хайрхан хех тэнгэрийн дор мэлтийтэл цэлмэж билээ. Хүмүүс "Очирваань хайрхан маань харагдаж байна. Ар Монголыгдааж явдаг их тахилга шүтээн минь биднийгээ орхихгүй биз ээ" хэмээлдэх нь найдвар тасрах тусам горьдлого улам нэмэгддэг тухай онолддог Мөрфийн хуулийг санагдуулна. Дэлхийн дулааралд Монголын оруулсан нүгэл нимгэн бол, уул ус минь биднийгээ орхихгүй биз ээ.

Ховд, Говь-Алтайг дамнасан Дарвийн нуруу гэх тэнгэр тийш зангидсан гар шиг их уулс хөглөрнө. Алтайн хөх байцыг ороон мянган чоно улих лугаа салхи ёнгинож, гэрийн яндангаас гарах утааг газарт савтал нь алгадсан, хүйтнээс хүйтэн, хоосноос хоосон хорвоо өөдөөс угтлаа. Нөгөө муу нисдэг тэргийг чихрийн цаас шиг ийш тийш нь хийсгэчих гээд мөн аймаар газар юм. Төвөөс "Тийшээ битгий очоорой. Шуурга шуурч байна. Хэрэв явахаар бол машин уна" хэмээн сануулсаар л байв. Энэ байтугай юм үзсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тоож байгаа, айж байгаа янз алга. Дарвийн "Гүүтийн ам"-наас арай доохно нисдэг тэр-гээ буулгаад Ш.Батмагнайгийнх руу "Жаран ес"-нд суугаад тавиад хүрлээ. Гэрийн гадаа ирээд зов­лонд зоолсон нохдыг уяхыг хүлээх зуур их нөөлгийн салхи хөв хийн шумбан үлээж зочдын малгайг шүүрэн авч одов. Хэдэн залуус араас нь гүйлдэн тэртээх жалган дотроос арай гэж олж ирцгээв. Энэ хавьд харин цас алга. Гэлээ гээд баярлах юм байхгүй. Гурван зун дараалан тэнгэр хураа хайрлаагүй байж өвөл нь тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг цасаар дарж, хүйтнээр хачирлаж хорвоо хойт эхийн царай гаргажээ. Өвөл биш зун нь өвс нэгжиж амьдарсан байна. Өвөл бол бүр ойлгомжтой. Хамаг малаа Тонхил руу тууж оторлуулсан гэнэ. Тэнд арай гайгүй юм даг уу даа. "Үгүй ээ ер юу гээчийн гэцүү өвөл вэ? Хэдэн муусайн мал маань бэлчээртээ явж байгаад л осгочихлоо, Ерөнхийлегч минь" хэмээн нутгийн самгачуул галын хайчаараа зуухаа гудчуулангаа илэн далангүй өгүүлэх нь төвөөс ирсэн хүүтэйгээ ярьж суугаа мэт дотно. Өвгөд нь хаа ч тааралдаагүй уужим сэтгэлтэй юм. "За яахав дээ. Сай­хан л байна ш дээ. Төрөөс мөнгө тусламж үзүүлээд л. Сая далан мянгаа өглөө. Моби гэдэг утсаар хаа л бол хаа ярьчих юм. Гэртээ зурагт үзчих юм. Ирж яваа цаг болохоор болох л байлгүй дээ" хэмээн хээвнэг налайж суусан. Дарвийнхан хуучин нэгдэл байсан орон суурин дээрээ Хоршоо гэдэг зохион байгуулалтад орж ноос ноолуур түүхий эдээ аваачиж тушаадаг гэнэ. Тэрнийг нь бөөгнүүлж аваад хот руу зарж замын ченжүүдэд монжуулахаа больсон аж. Ингээд бүр хэвшчихсэн болохоор ийшээ элдэв дээдийн ашиг хожоо хайгчид ирэхээ больжээ. Улсын тэргүүний хоёр ч хоршоотой гэж сумын дарга бахархаж байна лээ. Дундын шат дамжлагуудыг товчлоод шууд төвтэй харьцахаар арван сая хүртэлх цэвэр ашиг унаж байна гэсэн. Тэгэхээр малчдыг сүйхээтэй наймаачид мөн баллаж өгдөг юм байна. Газрын гарц муу, ган зудтай ч гэсэн энэ мэтээр амьдрах аргаа олоод. Алтай нутагтай амьдран сууж болоод байгаа аж. Өөр нэг амьжиргаатай нутаг бол салхины дагуу сунаж тогтсон Бумбат хайрхан, Баатар хайрханы нуруу хоёрын дундах их хоолойд төвхнөсөн Ховдын Зэрэг сум байв. Үргэлж баруун хойноос салхилсан Алтан Тээл нутгийн захчин зон олон чадлынхаа хэрээр өвс тэжээл бэлтгэн шавраар хашаа хороо босгож энэ их зуднаар ядаж даарч хөрөхийн зовлонгүй сууцгааж байна лээ. Нэгэнт баруун аймгаар явж байгаа болохоор Ерөнхийлөгч нутгаараа буугаад мордох нь мэдээж. Тэгээд ч энд ирээгүй их удсан юм билээ. Өнгөрсөн зун л уул овоо тахилгаар хальт нутгийн захдаа ирээд ганц нэг хүнтэй уулзсан төдий юм уу даа. Сумын төвийнхөн онгоцны чимээнээр бүгд гэрээсээ гарч тосоцгоосон байв. Сум зочид буудалгүй тул сургуулийнхаа цэцэрлэгийг зайчилж нэг голоос төрсөн Ерөнхийлөгчөө байрлуулж, гэр гэрээсээ халуун савтай цай барин яаж хүндэтгэх учраа ч олохгүй дэмий л уймарцгаана. Аргагүй нэг хөдөө нутаг, малчин ардын дундаас үзсээр яваад төрийн тэргүүн болсон хүн шал өөр юм. "Зүгээрээ зүгээр. Юундаа сандралдаад байгаа юм. Алив тэр манай ангийнхан бөөгнөрөлдөөд байл­гүй хүрээд ир. Хөөе Бямбахүү хажууд дагаад явж бай..." гэхчилэнгээр энгийн яриа хөөрөө өрнүүлж бусдаас ялгарахаа болив.

Буцах болоход нутгийн хөгшчүүл "Хонинхүү гуайд мэнд дамжуулаарай. Бие тэнхээ нь гайгүй биз дээ" хэмээн хурганы элдсэн арьс, гүзээний булан шар тос, ааруул хурууд боон "Заавал аваа­чиж өгөөрэй" гэж дайлгаж явуулж. Зуд турхан болоод хэцүү байна шүү. Хэлж захих юм байна уу гэхэд "Бид яахав болно биз дээ. Та бол одоо Монголын хүн болсон боло­хоор бидэнд санаа зовоод хэрэггүй. Харин нутаг усныхан чинь аль болохоор муу юм дуулгахгүй байхыг л хичээцгээе" хэмээн хөөрцгөөж олигтой санал хүсэлт ч тавьж чадсангүй.

Эндээс урагш хөдөлж далайн түвшнээс дээш 4000 метрт цоролзох Монгол Алтайн их сарьдагуудыг мацан Ховдын Булган сумыг зорив. Онгоцонд агаар сийрэгшиж, дотор давчдан, даралт ихэсч, хажууд цасан оргилууд дүнхийн ертөнцийн хязгаар руу одох мэт аймшигтай. Алтайн өвөр говьд Ховдын гурван сум оршдог. Алтайг давмагц хар тарлан байсан газар нэлийсэн цагаан болж хувирлаа. Энд өвөлжингөө цас унажээ. Бүр нэвсийтэл дарж. Алтайгаас цааш Шинжаан Уйгар хүртэлх бүх нутаг цасан дунд умбасан нь хачирхалтай. Торгууд ястны өлгий нутаг Булган голын хөндийд буухад мөн л гэнэт дулаарч салхи тогтоод явчихав. Ёстой нэг өвлийн олимпийн наадам хийж баймаар цас хургасан газар юм. Тэндээсээ Алтай сумыг зорьж машинаар явсаар малчны гадаа ирцгээв. Гэрийнхээ хойд энгэрт хунгар дунд нутгийн уран сайханчид хөгжим тоглож, бие биелгээ хийн хүндэтгэл үзүүллээ. Бүсэлхийгээр татсан цасан дунд суугаа босоогийн завераар түрүүлгээ харан хэвтэцгээж концерт үзән, цэвэр агаараар амьегалах нь басчиг сонин содон байв. Ойр орчмын хүмүүс тэмээ унаж ирцгээжээ. Зуданд шийр заан үлдэх ганц амьтан бол тэмээ юм байна. Өвс идэлгүй жар, уе амсапгүй гуч хонох тэнхээтэй энә амьтан үхэр жилийн зуднаар бурантагаа хэмлэн онд орчихжээ. Алтайн цаадах гурван сумын нийт малын тэмээнээс бусад нь тал нь мажийгаад байна. Тэнд Монголын хорь гаран мянган ард түмэн аж төрдөг, Булган сум гэхэд л 10000 орчим хүнтэй сум гэхээсээ хот гэсэн ч болохоор олны газар. Булган голын хөндий хэзээнээс өвс ургамал халиурсан сайхан нутаг боловч арай хэтэрхий их цас орсноос болоод энгэр газар ч цооролгүй өнөөг хүрчээ. Хүмүүс өвөлд бэлдэж чамгүй сайн хадлан авсан хэдий ч мөн л байгаль эхэд тахимаа өгчихсөн, дараагийн аюулаа хүлээж сууна. Удахгүй их цас хайлан шар усны үер бууна. Хангай газрын судаг жалга хөрөөний ир шиг мурилзан тахиралдсан байдаг бол Аптайн цаадах говийн гуу ховил шулуун чигээрээ нь нисдэг тэрэгнээс харагдана. Ийм эрч сааруулах боломжгүй урт хоолойнуудаар үерийн ус бууны сум шиг шуугин орж ирж замдаа тааралдсан бүхнийг хуу хаман Хяадын нутаг руу арилж өгдөг биз ээ. Өвөр Алтайн өөдтэй өнгөтэй болгоныг сорж аваад гадаад орон руу арилж өгдөг Булган голыг саахалт тутамд боож далан босгож, түмэн салаа суваг урсан тариа ногоо тарьж байгууштай санагдсан. Одоо хэзээ мөдгүй их ус палхийн ойчиж ямар их гамшиг тарих бол. Тэгээд шавхруу ч үлдэлгүй урсан одоод цооног халуун үргэлжилж зудны амнаас гангийн аманд зуулгаж тарчлаана. Хорвоо чи хүний зовлонд ханах болоогүй юу гэгчээр л юм болж байна.

Увс аймгийн Зүүнговь сум руу зорилоо. Хөдөө "Тэмээний буйр" гэдэг газар намаржаан дээрээ ирж хаваржиж байгаа Начин гэдэг залуугийнд очив. Саявтар айл гэр болсон залуу, хүүхэн хоёр нялх хүүхдээ аван аав ээжээсээ өрх тусгаарлан хэдэн малаа туугаад энд иржээ. Хаа ч ялгаагүй бэлчээр байхгүй болохоор аргаа ядаад хэдэн бударгана бараадаад ирчихсэн юм байна. Зунжин намаржин шап болтол нь идсэн энэ газар арай л дөнгүүр санагдсан юм байлгүй. Ирэнгүүтээ цасаар хороо барьж дээгүүр нь бараа бүтээдэг эрээн гялгар бүтээлэг хучиж дулаалжээ. Мөн гэрийнхээ талд нь хэдэн хонь хашиж хургалуулж байгаа санаатай. Долоо найман хонь гэрт нь хургалж хоёр ч хурга мажийгаад өтгөн дунд гулдайсан харагдана. Хагас мянгаад хоньтой ирсэн энэ айлын одоо үлдээд байгаа нь зуу гаран нь өдөржин хотондоо хашаастай. Муужраад ирэхээр нь хашаанаасаа гаргаад хаячих юм. Гадаа гарсан хонь ямааны хоёр нүд нь эхлээд тэс хөлдөж дөрвөн хөл нь аажим аажмаар сарвалзсаар байгаад хараатай чигээрээ амьсгал хураана. Идэх юм юу ч байхгүй. Өдөржин шөнөжин элсәнә. Өвөл­жингөө өлсч, осгож тарчилна. Дахиад дор хаяж хоёр cap ингэж тамаа эдэлнэ. Хааяа нэг сумын төвөөс тусламж гээд ганц нэг боодол өвс ирвэл дээд заяа. Эцсийн ганц найдвар төрөөс өгөх дэмжлэг, сайн санаат хүмүүсийн хандив. Тэр нь ирээ ч үү үгүй юу. Ямар аймаар их нүгэл вэ. Турж үхэж байгаа мал эзнээ үзэн ядсаар нөгөө ертөнц рүү одож байгаа даа гэхээс эвгүй санагдана. Манай малчид мянган хүнтэй дивиз аваад фронт дээр байлдаж байгаа мэт амьдарч байна. Ийм олон амьтны амь насыг өөрийн биеэр хариуцан даана гэчихээд дараа нь зөнд нь хаячихсан ч юм шиг.

Малын тоо хэтэрснээс бэлчээр-гүй болчихлоо гэж очсон газар болгон ярьж байна. Зүүнговиос жаахан хойшоо яваад Тувагийн нутаг гэхэд халиурсан өвстэй гэнэ. Энд орсон цас тэнд яг адилхан орсон. Болдогсон бол одоо ч очоод цасан дундаас цухуйсан өтгөн өвсийг нь хадаад авчихмаар байгаа. Хилийн зооны бүс гээд 15 километр өргән шугамд малын хөл хүрээгүй хэвээрээ байгаа даа гэхийг Ерөнхийлөгч өлгөж аваад "Тэнд яваад очих боломж болол-цоог одоохон судлаатах. Бүх л шугамаар даруй ярь..." хэмээн шавдуулав. Цаад талд нь байнга хөл дуулиан тарьдаг хил дамнасан малын хулгай одоодоо бараг зоссон гэнэ. Ядарсан адуу хөөгөөд ч нэмэр байхгүй болоо биз ээ. Гэлээ ч байнгын хариулгатайгаар хи­лийн зурвас газраар дахиад отор хийхээр тогтож байх шиг байна лээ. Хотоо харлуулах гэж ярьдаг. Одоо зарим малчин айлын хотон дахь хонь ямаа нь үхэж үрэгдээд цас дүүрсэн цагаан дэвсгэр бол­жээ. Элэг нэгтэн ах дүү нар маань үнэхээр ядарч байна. Амьдралд цөхөрч сууна. Байгалийн давагдашгүй хүчний өмнө хэдэн мал байтугай хүн төрөлхтөн яаж ч чаддаггүй юм байна. Ногоо идэх, нохойн хоол болох хоёрыг нь ялгаж буй энэ цагаар мал аж ахуйд маш том бодлого хийх ёстойг төрийн тэргүүн очсон газар болгондоо зөвлөлдөж бай­сан. Нэн тэргүүнд тусламж, хариу нэхээгүй сэтгэлийн дэм одоо ч багадахгүй үгүйлэгдсээр байна.

Үргэлжлэл бий