Өнөөдөр, Монголын ардчилал тал бүрээсээ гэтэх дайснуудынхаа отоонд орчихоод байна. Энэ отооноос гарахын тулд дайснуудтайгаа нэг бүрчлэн үзэлцэж ялаад үлдэн хөөх ёстой билээ. Ардчиллаа ард түмэн дэмжинэ, нөгөөтэйгүүр ардчиллын дайснууд бие биеийнхээ эсрэг “сэлэм далайн” тулалдаж буй зэргийг тооцож бодоход энэ стратеги мэдээжийн агаад амархан санагдана.

Гэхдээ амьдрал дээр хэрэгжүүлэхийн цагт бод­соноос төвөгтэй байх бололтой. Олигархуудтай тулалдлаа гэхэд, эрх мэдэлд хүрмэгцээ ардчиллыг нэг мөр устгах ажлыг эхлүүлэх хэтийн зорилгоо одоо­хондоо нууж яваа необоль­шевикууд, чааваас­чууд, авторитари үзэлтнүүд зэрэг экстремист хүчинтэй хол­боотон болж түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчийн үлгэр болно. Ийм холбоо нь алсдаа ардчиллыг гар­цаагүй сүйрэлд хүргэж байсан түүхтэй юм. Гэтэл, гудамжнаас дайрах баруун зүүний экстремистүүдтэй үзэлцэхэд олигархуудад завшаантай хэрэг болно. Олигарх дэглэмийг түлхэн унагах нэг зорилготой атлаа хоорондоо үзэлцэх хувьс­галчид нэг л мэдэхэд, олигар­хуудын нэг бүлэг нь нөгөө бүлгээ зодох гар хөл боло­хоос хэтрэхгүй хөөрхийс болсон байна. Хувьсгалчид хэрэг зоригоо гүйцэлдүүлж эс чадвал тэртээ тэргүй, олигархууд ардчиллыг зугуухан мөхөөх болно.

 Тэгэхээр, бид ардчиллаа аврахын тулд ямар стра­тегитай байх ёстой юм бэ? Олигарх төрийн бай­гууламжийг ардчилсан төрийн байгууламж руу шилжүүлэх хувьсгалыг тайван замаар хийх стра­теги хамгийн оновчтой болов уу гэж бодож байна. Ингэж чадвал олигархуудыг ч унагаж чадах бөгөөд үүний зэрэгцээ  хүчирхийллийн донтой необольшевикууд, чааваасчууд, автори­таричуудад улс төрийн орон зай гаргаж өгөхгүй байх боломжтой.

Өнөөдөр, коммунист дарангуйллын дэглэмээс ардчилсэн нийгэмд тайван замаар шилжсэн 90 оны ардчилсан хувьсгалын үеийн нөхцөл байдлыг бодвол тайван замаар хувьсгал хийх боломж хэд дахин илүү байгаа. Хэ­дийгээр төр олигархжиж байгаа нь үнэн боловч социа­лизмын үетэйгээ зүйрлэшгүйгээр, нийгэм маань, энэ цаг үед нээлттэй  байгаа нь бас үнэн юм. Нийгэм нээлттэй байна гэдэг нь өөрч­лөлтийг тайван замаар хийх эрх нээлттэй гэсэн үг. Өөрчлөлт хийх энэ эрхийг Үндсэн хуульд батал­гаажуулсан буй. Ард түмний санал асуулгаар, эсвэл Үндсэн хуулийн Цэцийн зөв­шөөрснөөр Улсын Их Хурал төрийн тогтолцоог өөрчлөх бо­ломж­той. Бүр болохгүй бол ард түмэнд өөрчлөлт хэрэгтэй болохыг сайтар ойлгуулан сонгуульд оролцож засгийн эрх авснаар улс төрийн зорилгодоо хүрэх боломжтой.

Хувьсгалт өөрчлөлтийг хийхийг хүсэгчид ардчилсан сонгуулиар засгийн эрх авна гэхтэй зэрэг доогтойгоор инээх хүн хажуунаас минь авахуулаад тал нутгаар дүүрэн байгаа гэдгийг би мэдэж байна л даа. Гэхдээ би, яагаа ч үгүй байж санаагаар уначихсан тэдгээр хувьсгалчдаас нэг нь ч баг сумаар явж хэрэг зоригоо ухуулан таниулах ажил хийгээгүй гэдгийг баттай хэлж чадна. Харин 90 оны хувьсгалчид замын машинд гар өргөн дайгдаад таарсан айл болгондоо очиж ухуулга хийдэг байсан билээ. Энэ цагийн хувьсгалчид сайндаа л Сүхбаатарын талбай дээр цуглаан зохион байгуулах, телевизээр нуль ухаантай юм ярих зэргээр сэтгэл ханах юм. Хувьсгалыг алсын зайн сургалтаар хийдэггүй л дээ. Үнэндээ хүмүүс өөрчлөлтийг хүсч байна. Тэдэнтэй  улаан нүүрээрээ тулж уулзаад ярих юм бол дуртай дуугаа сонсч байгаа юм шиг л сонсохоор байна.

Хувьсгалыг тайван замаар хийх боломж олгож байгаа бас нэг хүчин зүйл бий. Төр олигархжаж байгаад дүргүйцэх Улсын Их Хурлын гишүүд цөөнгүй байна. Тэд хувьсгалыг дэмжихэд бэлэн. 90 оны ардчилсан хувьсгалын үеэр эрх баригч элитүүдийн дотор ардчиллыг дэмжигчид цөөнгүй байсан нь уг хувьсгалыг тайван замаар хийхэд шууд нөлөөлсөн билээ.

Ер нь тэгээд хувьсгалыг тайван замаар хийж байж л ард түмнээс дэмжлэг авна. Үүнийг би өөрийн биеэр үзсэн. 90 оны үед, бидний удирдсан тэмцэл олон түмнийг хүчирхийлэлд хөтлөх хандлагатай болмогц л  дэмжигчдээ алдаад эхэлдэг байлаа. 92 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлчийн агшинд миний хэлсэн үгийг хүчирхийлэлд уриалсан үг гэж ойлгосон сонгогчид ардчилсан хүчний эсрэг санал өгч, бид УИХ-д долоохон хувийн санал авч байсан юм. Саяхны жишээ гэхэд нэгэн хувьсгалч эрхэм, хүч хэрэглэх хүртэл бүхий л аргаар хувьсгал хийнэ гэсэн ярилцлага өгөхөд, угаасаа дэмжлэг муутай байсан дээрээ бүр ч муудаж түүнийг элдвээр дайрч давшлагчдын тоо эрс нэмэгдсэн аж.

Аливаа ард түмний дунд сэтгэл мэдрэлийн эмгэгтэйгээс нь авахуу­лаад зориудын санаатай экстер­мистууд тодорхой хувь хэмжээтэй байдаг. Гэвч, нийгмийн дийлэнхи нь ямар ч тохиолдолд амгалан тайван байдлаа бүхнээс илүү эрхэмлэдэг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Гэтэл манай зарим улстөрчид, адгаж бачим­дахдаа амнаасаа  гал үлээх нь холгүй байгаа хөөрсөн цөөнхийг харж омогшоод нийгэм нийтээрээ ийм байгаа мэт эндүүрч түрэг­дэхдээ хүмүүсийн дийлэнхийг өөрөөсөө үргээн зайлуулдаг билээ. Экстремистууд болоод хөөрсөн цөөнх ухамсартай хувьс­галчид биш. Тэд бол зүгээр л бухимдлын улаан тоос төдий л юм. Хувьсгалчид ард түмний дийлэн­хийн биш гэхэд олонхийн дэмж­лэгийг авах хэрэгтэй. Тийм учраас ард түмэндээ, хувьсгалаар тэдний хүсч байгаа өөрчлөлт хийгдэнэ, тэгэхдээ энэ хувьсгал тайван явагдах болно гэдгийг л итгүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр ардчиллыг эргүүлэн олж авах хувьсгалыг тайван замаар хийх боломж хангалттай байна. Ард түмнээс хүлээгдэж байгаа тайван хувьсгал ялалтад хүрэх нь гарцаагүй. Хувьсгалын ялалтын үр дүнд ардчилал авраг­даад зогсохгүй засгийн ордноос гэтэх олигарх, гудамжнаас дайрах экстремистуудын аль алийг нь булшлах болно. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг!