Африк тивийн хамгийн хөгжилтэй улс болох ӨАБНУ-ын боомт Кэйптаунд (Африкийн хамгийн том боомт хот)  2009 оны 12 сарын 4-ны өдөр нэг сарын турш ертөнцийн чихийг дэлдийлгэдэг Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын сугалаа орон нутгийн цагаар 19:00 цагт эхэллээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилын хэсэгт, эрхээ авсан 32 багаас хамгийн муу буюу чансаагаараа 91-т бичигдэж буй БНАСАУ баг орж ирэв. Гуравдахь потны багуудаас, бүгдийн жийрхэж байгаа бидний нэрлэж заншсанаар “Зааны Ясан Эрэг” болох Кот Д’Ивуарын баг орж ирлээ. Мэдээж Португал дараа нь нэмэгдсэн. Анхаарал G хэсэгт чиглэж байсан нь ойлгомжтой байж, үхлийн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ үхлийн гэдэг үгийг бий болгосон баг бол яах аргагүй Кот Д’Ивуар юм. Тэд дөрөв дэх удаагаа хатуухан сугалаа татсан нь энэ. Өмнө нь 2006 оны Дэлхийн, 2008 оны Олимп, 2010 оны Тивийн аварга дээр үхлийн хэсэгт орж байсан. “Энгийн” хэсэгт орох хувь энэ удаа ч байсангүй бүр чангарсан.

     Эхлээд тэдний нэрнээс эхлэе. Кот Д’Ивуар гэдэг нь Францаар Зааны Ясан Эрэг гэсэн утгатай бөгөөд Англиар Ivory Coast, Монголоор Зааны Ясан Эрэг гээд шууд орчуулаад байгаа юм. Мэдээж энэ бол буруу. Манай улсын нийслэлийг Red Hero гэвэл сайхан сонсогдохгүй л байх.1985 онд Кот Д’Ивуарын засгийн газраас манай улсын нэрийг битгий орчуулаач ээ гэсэн хүсэлтийг тавьсан ч зарим улс үндэстэн орчуулсан хэвээр л байна. Тиймээс бид юуны өмнө хэлэхэд амарч Зааны Ясан Эрэг гэдэг нэрнээс татгалзах хэрэгтэй.

    2006 онд хүчирхэг бүрэлдхүүнтэй байсан ч олон улсын тэмцээний туршлага дутуу Аргентинаас харьцангуй илүү байсан ч хожигдсон. Яг үүнтэй адил явдал 2 жилийн дараа Олимпын наадамд мөн л Аргентинаас тоглолтоор хамаагүй илүү байсан Жэрвиньо, Калу, Н’Госсан тэргүүтэй залуу “Заанууд” мөн л 2-1-ээр хожигдсон түүхтэй. Харин одоогийн Кот Д’Ивуарын шигшээ багийн талаар сонирхъё.

   Багийн бүрэлдэхүүний хувьд хаалгачаас бусад байрлалд зарим топ багуудыг ичээмээр. Одооны хүчирхэг бүрэлдэхүүн 2000 оны эхэн үеэс л гарч ирсэн. Кристиан Манфрэдини (Кот Д’Ивуарт төрж Итали гэр бүлд үрчлүүлсэн хүү) хэмээх зүүн жигүүрийн хагас хамгаалагч Лацио клубт тоглох болж улмаар Дрогба, Коло Турэ, Бонавэнтурэ Калу, Аруна Диндан гэсэн нэрс үе үе сонсогдох болжээ. Жил ирэх тусам нэрнүүд “чанаржиж” тоо нь ч олон болж ирэв. Дэлхийн аваргын өмнө хэн ч танихгүй Африкууд цахиур хагалах хэмжээнд очдог байсан бол Кот Д’Ивуар бол өөр. Хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй 1998 онд Францад тоглож байсан Нигерийн шигшээ багаас илүү байна.

  Хэдхэн хоногийн өмнө шинэ дасгалжуулагчтай болсон Кот Д’Ивуарт анх удаагаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, танил нэгэн ирж байгаа нь Свэн Горан Эрикссон. Сайн дасгалжуулагч, сайн шигшээ сул тал багатай болж, том багуудад тоглодог тамирчид тактикын тал дээр толгой ажиллахгүй, техник хүрэхгүй, орон зай, талбайн мэдрэмж, тоглолт уншилт, тактикын уян хатан солбилцол дээр үл ойлголцол гарах нь бага болно. Сайн довтлогч, жигүүр, найруулагч, хамгаалагч, цэвэрлэгч, жигүүрийн хамгаалагчид, багийн ахлагч байна. Сул тал хаалгач. Бубакар Барри хэмээх Бельгийн лигт тоглодог тоглогч хаалга манах нь тодорхой бөгөөд 2006 оны Дэлхийн аваргад Жан Жак Тизьегийн сэлгээнд байсан. Баруун жигүүрийн хамгаалалтанд нэг номерийн сонголт Арсэналын Эммануэл Эбүэ байгаа ч, Хамбургын Ги Дэмэлийг тоглуулаад Эбүэ баруун хагас хамгаалагч хийх хувилбар ч байж болно. Төвийн хамгаалалтанд Коло Турэтэй, Вэст Бромвичийн Абдулае Мэйтэ, Валэнсиеннийн (Франц) Бэнжамин Ангуа хоёрын нэг тоглож, зүүн хамгаалагчаар Робэрто Карлосын Африк хувилбар Артур Бока тоглох магадлалтай.

   Дөрвөн хагас хамгаалагчтай тоглохоор бол төвд Сэвильягийн Зокора, Барсэлонагийн Яя Турэ. Баруунд Францын лигийг бужигнуулж байсан Кадэр Кэйта эсвэл Эбүэ. Арсэналын тоглогч тоглохоор болвол хамгаалалт эрс сайжирна. Зүүнд Саломон Калу, Канга Акалэ нарын нэг тоглож болох юм. Довтолгоонд Дрогба болон зуны цонхоор том багууд авахаар хөөцөлдөж буй Жэрвиньо гэсэн хувилбарыг дасгалжуулагч сонгож болох юм. Эсвэл төвдөө ганц Дрогбаг тоглуулаад 2 талд нь Кэйта, Калу тоглож төвийн хагас хамгаалалтан дээрээ Бонавэнтурэ Калу, Кафумба Кулибали болон Английн экс Стив МакЛарэний удирлагад Нидерландын Твэнтэд (лигээ тэргүүлж байгаа) тун сайн тоглож байгаа Чэйк Тиотэг гаргаж болох юм.

 Ур чадвар өндөртэй гол тоглогчид дээрээ тулгуурлан тактик зохиох нь ойлгомжтой биз. Мөн 2006 оны үндсэн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гараагүйгээр барахгүй харин туршлага, ур чадвар, сэлгээний тамирчид нь илт сайжирсан.

  Шинэ дасгалжуулагчаар Свэн Горан Эрикссон томилогдсон учир тактик, бүрэлдэхүүний талаар ямар байх нь тодорхойгүй байна. Дэлхийн аваргын өмнө хэд хэдэн нөхөрсөг тоглолт хийх ч, нууцлаг байдалд орсон нь өрсөлдөгчдийн санааг зовоож (нууцлаг байх нь тэдний давуу тал болж байгаа), эхний Португалтай хийх тоглолтонд сюрпризээр бэлэг барьж болох юм. Бараг барих биз дээ. Харин яаж?