Бат-Үүл баатар өдөр тутмын сониноор дамжуулж надад хаягласан захиа бичээд “хариуг яаралтай” гэж тулгажээ. Энэ захианд хариулах далимаар уншигчдад тодорхой ойлголт өгье гэж давхар бодоод хариуг бэлтгэлээ.

”Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн санаа нь иргэд газраа орон сууц болгон хувиргах боломжийг бий болгох юм. Тийм болохоор Э.Бат-Үүл гишүүн “иргэдийн газрыг авч, байшин бариад буцаагаад өөрт нь түрээслэх гээд байна” гэсэн нь ихэд ташаарчээ. Яарч бачимдалгүй, хөтөлбөрийг ахин нухацтай унших хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын зарим гишүүн маань биеэ тоох өвчинд нэрвэгдснээс дэвшүүлж байгаа асуудлыг тогтож унших, ухаж ойлгохыг хичээхээ больжээ. Сайндаа л шар сониноос өөртэй холбоотой мэдээ, зургийг шимтэн уншиж харагдах юм.

Гэр хороололд  амьдарч буй иргэд газраа орон сууцжуулах ажлыг гүйцэтгэхээр шалгарсан барилгын компаниудтай тохиролцох замаар байраар арилжина. Нэг зовлон нь газрын байршлаас хамаарч ижил хэмжээний газрын үнэлгээ хэзээ ч хот даяар нэгэн жигд үнэтэй байдаггүй. 100 айл дахь хашааны үнэ, Биокомбинатад байгаа хашаатай харьцуулшгүй байдгийг бүгд хэлүүлэлтгүй мэдэх байх. Тийм болохоор үнэлгээ багатай, байршил тааруу газарт байгаа иргэдийг орон сууцжуулахын тулд төр зохицуулалт хийх тухай заалт хөтөлбөрт бий. Яаж гэдгийг тогтож тайлбарлая.

Юуны өмнө зах зээлийн жамаар бизнес эрхлэгчдийн сонирхол татахгүй, үнэ хаяхгүй байршил байгаа газрыг хэрхэх вэ? гэдэг асуудал тулгарч байна. Байршил сайтай нь аль хэдийнээ борлогдчихсон. Алслагдсан гэр хорооллынхныг(Нисэх, Налайх, Яармаг, Улаанхуаран г.м) “өөрсдөө учраа олоод, орон сууц барь, газраа барьцаалаад зээл ав” гээд зөнд нь хаяж болно. Гэвч...

Хотын чанх төвд, гутлын 22-р байр гэдгийн урд байсан 2 давхар нийтийн байрны суугчидтай нэгэн барилгын компани аль 1995 онд маш амжилттай яриа хэлцэл явуулж нураагаад оронд шинэ байр бариад хуучин суугчдыг оруулж чаджээ. Ямар ч хэрүүл маргаан, хэл амгүйгээр.

Харин саяхан нурдаг Сонгинохайрхан дүүрэгт байсан ижилхэн нийтийн байрыг дүүргийн захиргаа зарлал гаргаад, оршин суугчид нь хүсэлт гаргаад ч нурааж шинэ байшин барих компани олдсонгүй. Зах зээлийн өөрийн зохицуулалт гэдэг энэ. Үүнд найдаж орхивол гэр хорооллын ихэнх айлууд үүрд газартайгаа хадагдана. Дагаад бүх зовлон бэрхшээл, хөрсний бохирдол, ажилгүйдэл, гэмт хэрэг, халдварт өвчин гэсэн асуудлууд байрандаа л үлдэнэ.

“Газрыг нь барьцаалах замаар зээл өгнө” гэдэг хоосон санаа. Ямар ч банк “газар л байвал болоо” гэсэн үндэслэлээр зээлийн барьцаа үүсгэдэггүй. Ашигтай, эрэлттэй, байрлал сайтай газрыг л барьцаанд авахыг зөвшөөрнө. Гэхдээ эрсдлээс сэргийлж, зах зээлийн үнийн талаас доош хувиар. Банкыг үүнд буруутгах аргагүй. Тэд бас иргэдийн хадгаламжийн мөнгийг өсгөх үүрэгтэй шүү дээ.

 Эсвэл 0,7 га газар Улаанбаатар даяар жигд үнэтэй байна гэж хуульчлах уу. Яармагийн  га газар, Дөчин мянгат дахь метр кв газраас хямд үнэлэгддэг юм. Бат-Үүл маань борлуулалт сайтай газар өсчихсөн болохоор газрын үнэлгээг бүрэн утгаар нь ойлгохгүй байх шиг байна. Гэр хороололд амьдарч үзээгүй, тэндээс алхаж яваагүй болохоор мэдрэхгүй байх шиг байна.

Гэр хороолол руу дэд бүтэц, инженерийн шугамыг нь татаж өгөөд буянаараа бол гээд орхиж бас болно. Ийм жишээ ч бий. Гэвч үр дүнд хүрсэн нь харамсалтай нь алга. Бохирын шугам, инженерийн байгууламжууд татаж өгсөн гээд Рио де Жанейрогийн ядуусын 600 хороололд орон сууц сүндэрлэсэнгүй. Харин ч тэндээ назгайраад, юу ч хийхгүй суугаад байх нөхцөл бүрдүүлж өгчээ. Залхуурч назгайрагсад хороололдоо Бурхдын хот гэх алдар хайрлачихаад муу муухайн үүр болгож орхижээ. Миний  бие 2007 онд Риод очиж байдалтай танилцаж байлаа. Төр нь тэндхийн оршин суугчдыг ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, хар тамхины наймаатай нь үүрд хадчихжээ.( Бразилийн найруулагч Fernando Meirelles-ийн City of God киног сана).

Эдийн засгийн хямрал бидэнд нэг зүйлийг сайн ойлгуулж өгсөн. Зах зээлийн өөрийгөө зохицуулах аугаа их  хүчийг номлогч Ж.Сорос хүртэл саяхан болсон Давосын уулзалтын үеэр “Зах зээл өөрийгөө зохицуулах чадваргүй юм байна. Төр нийтийн эрх ашгийн төлөө зохицуулалт хийхээс аргагүй юм байна” хэмээн дуу алджээ.

“Хашааны газар манай гэр хорооллынхонд үлдэж хоцорсон, үр хүүхдүүддээ гялайлгах цорын ганц өмч хөрөнгө нь” байхын тулд Бат-Үүлээ, байршил сайтай байх ёстой. “Тэдний, энэ эрхэм зүйлээ хадгалж үлдэх эрхийг нь хамгаалахын тулд трактортайгаа Сүхбаатарын талбайруу  орж ирэх” баатарлал хангалтгүй. Яагаад гэвэл зах зээл дээрх ашгийн төлөөх энэрэлгүй зарчмын өмнө та бид хүчгүй. Энд л төр зохицуулж, ашиг сонирхлыг тэнцвэржүүлж байж орон сууц баригдана.Газрын үнэ аль ч нийгэмд байрлалаасаа хамаардаг жамтай.

Тэгвэл нийтийн эрх ашиг гэж юмыг төрөөс хэрхэн зохицуулах вэ? гэдэг шийдэл дээр гарц хайж, маргахыг бол би дэмжинэ. Харин зах зээлийн зохицуулалтанд найдаад зөнд нь хаяхыг бол “хамгийн амархан , хамгийн муу шийдэл” гэж үзээд эсэргүүцнэ. Тэгэхээр зах зээлийнхээ жамаар хэзээ ч сонирхол татахгүй, борлогдохгүй газарт байрлаж байгаа гэр хорооллын иргэдийг яаж орон сууцжуулах вэ?

Чухамдаа газар нь ашиггүй байрлалтай, өөрсдөө тогтвортой орлогогүй, Бат Үүлийн тодорхойлсон шиг “төлбөрийн чадваргүй” иргэдээ орон сууцжуулахын тулд төр зохицуулалт хийхээс аргагүйд хүрч байгаа юм.

Ингэхдээ үнэгүй байр өгөхгүй, газрыг нь бас булаахгүй. Шууд л “1 хашааны газар 2 өрөө байртай тэнцэнэ” гэж тулгах боломжгүй. Зарим хашааны газар 4 өрөө байртай тэнцэх ч байх, зарим нь 1 өрөө байранд ч хүрэхгүй байх. Тийм учраас хашааны газар дээр барьсан, хямд өртөгтэй орон сууцны төлбөрийг газрынх нь үнэлгээтэй дүйцүүлж, зөрөөг урт хугацаанд төлөх боломжийг бий болгоё. Үүний тулд гэр хорооллын хашааны газрыг эзэмшигчдийг мэргэжлийн сургалтанд хамруулъя. Ажилтай болгоё. Цалингийнх нь тодорхой хувиар төлбөрийг цувуулж хийлгэсээр байртай болгоё гэж зорьж байна. Байрныхаа үнийг төлж дуусах хүртэлх зардлыг төр хариуцъя. Байрыг нь барьцаанд байлгаж байгаад түрээсийн журмаар төлүүлсээр дуусмагц өөрт нь шилжүүлье гэж байгаа юм. Төлбөргүй чадваргүй гэгдэж байгаа иргэдийг “төлбөрийн чадвартай болгох” ажлыг УИХ-ын гишүүд бид л ярих биш хийх учиртай.

Хэрвээ “байрныхаа үнийг төлж байж л ор” гэвэл хэзээ, хэдэн хүн орон сууцтай болох вэ? Эсвэл “за тэгээд хашаагаа өндөр үнээр зарчихаад байртай болоорой. Эсвэл барьцаалаад зээд авна биз” гэж хөөргөөд орхивол орон сууцжуулалт эрчимтэй явагдах уу?  

Сото гуай юу ч гэж айлдсан газрын үнэ ашигт шинж чанараараа л тодорхойлогдохоос бус бүртгүүлчихээр л үнэтэй болчихдог шидэт газар одоогоор дэлхий дээр байхгүй байна. Түүний эх орон Перуд иргэд нь орон сууцанд хамрагдаж чадахгүй л яваа. Уг нь бол нутгийн хүүгийн онолоор газраа гялс бүртгүүлчихсэн байх л даа. Бүртгэл чухал гэлээ ч үнэ өсгөх хүчин зүйл биш. Зээлийн батлагаа бол бүр ч биш.

Бүх дэлхийн туршлага байна, Үүлээ. Төрөөс төлөвлөлт хийж, зохицуулж өгсөн нөхцөлд л нийгмийн шинж чанартай орон сууцжуулалт өрнөнө. Үгүй бол зөвхөн өндөр ашигтай байрлалд арилжааны сууцууд л баригдна. Бидний төлөвлөж байгаа орон сууцжуулалт бол нийгмийн шинж чанартай төслүүд. Бага, дунд орлоготой иргэдээ ажлын байртай, амьдрах сууцтай болгох зорилт юм. Арилжааны орон сууцжуулалт төрийн оролцоогүйгээр, ёстой л зах зээлийнхээ зохицуулалтаар шийдэгдээд бараг дуусчих шиг боллоо.

“Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд өмчлөлийн газраа бүртгүүлсэн иргэдэд хашааны газраар нь барьцаалж зээл олгоод өөрсдийнх нь сонголтоор орон сууц бариулна. Харин төрийн хөрөнгө оруулалтаар баригдсан тухайн орон сууцыг цахилгаан, дулаан, бохирын шугам, цэвэр ус гэх мэтээр хангах суурь дэд бүтцийг тавьж өгнө” гэх таны санааг хувиа хичээж, довоо шарлуулах айлуудын ашиг сонирхлын зөрөө, төсөл хэрэгжүүлэх чадварын харилцан адилгүй байдал, эрх ашгийн нэгдмэл бус чанар, газрын ашигт шинж чанарын зөрөө зэрэг олон хүчин зүйлс нураагаад хаячих тул төр зохицуулж өгөхөөс аргагүйд хүрдэг юм байна.

“Газар байхаар л зээл олддог” гэх туйлын гэнэн ойлголт дээр таны санаа тулгуурлаж байгаа учраас хэрэгжиж чадахгүй. Амины сууцны төсөл хэрэгжүүлэх боломж манайд нэгэн цагт ирэх байх. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ Чилийн төвшинд очиж, эдийн засаг тогтвортой хөгжлийн зам дээр баттай зогссон үед л. Чили ийм хөгжилд хүрэхийн тулд их зовлон, багагүй хугацааг туулжээ. Лавтай 30 жил өлхөн зарцуулсан. Бид дөнгөж эхлэж байна. 1-р ангийн хүүхдийг дээд тооны бодлого бодохыг шаардаж болохгүй. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай.

Бид юуны өмнө иргэдээ тохилог сууцтай л болгомоор байна. Цаг цагаараа байхгүй. Дараа нь иргэд биднээс асуухгүйгээр амьдрах сууцаа босгоод, бий болгоод явчих байхаа. Тэр цагийг наашлуулахын төлөө чадах бүхнээ хийх нь бидний үүрэг болж байна.

“Орон сууц барина гэдэг зөвхөн байшин барьж байгаа асуудал төдий бус нийгмийн харилцааг тодорхойлж буй хэрэг” гэж Х.Наранхүү гишүүн хэлсэн гэлээ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг яг энэ өнцгөөс нь харахдаа та хоёр “хашааны газар бүхэн үнэтэй, эрэлттэй байдаггүй” хатуу жамыг давхар бодчихоорой.