2009-12-15

Шинэхэн Ерөнхий сайд С.Батболд төрийн өмчит компани, үнэт цаас, даатгалын байгууллагын төлөөлөгчидтэй саяхан уулзахдаа эдийн засгийн маш чухал асуудлыг уг нь хөндсөн юм. “Хөрөнгийн зах зээл хөгжлийн түлхүүр” нэртэй уулзалт дээр “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож болоод байхад бид өөрсдөө яагаад хийж чадахгүй байгаа юм бэ” хэмээн тавьсан асуултад төрийн байгууллагын эрх мэдэлтнүүд түлхүүр, цоожийг нь бүү хэл хаалгыг нь ч олсонгүй. Тэд хамгийн гол нь төрийн институцид итгэл үзүүлэхгүй байгааг ярьсангүй.

Фрийдланд таван тэрбум, Хөшөөтийн ордын хятад гурван тэрбум, “Хаан ресорс”-ын канад 300 сая доллар гэх мэтээр 20 гаруй гадаадын компани Монголын газар дорх баялгаар хөрөнгө босгож чадаад байхад бид эзэд нь мөртлөө чадахгүй байгаа нь олон хүний цөсийг хөөргөж, Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд тулгарч байгаа гол бэрхшээл, зарим асуудлыг сөхөж тавихад хүргэж байна.

Эдогийн эриний төгсгөлд асар том, хар хөлөг онгоц Ёкохама боомтод ирэхийг хараад япончууд маш их айж, цочирдсон гэдэг. Хорвоогоос өөрсдийгөө тусгаарлан цонхоо цаасаар, завиа модоор хийж байсан ард түмэнд ийм том төмөр хөлгийг хүн хийж болно гэсэн төсөөлөл байгаагүй тул Америкийн тэрхүү хөлөг онгоцыг далайгаар “Хар чөтгөр” ирсэн гэж байжээ. Гэхдээ япончууд өөрийн болон дэлхийн бусад орны хөгжлийн шалтгаанд бодит дүгнэлт хийж, гайхамшигт өөрчлөлт хийж чадсан. Хүн төрөлхтний мэдлэгээс үндэстнээрээ хичээнгүйлэн, тасралтгүй суралцаж, үйлдвэрлэл болон менежментийн хамгийн сайн стандартыг бүрэн нэвтрүүлж чадсан япончууд 150 жилийн дараа хөлөг онгоц, машин болон бусад олон салбарт дэлхийд тэргүүлэх болсон билээ.

Шилдэг стандартыг нэвтрүүлэх монголчуудын түүхэн өөрчлөлт дэлхийн зах зээлтэй холбогдож байгаа ганц гүүр болох ашигт малтмалын салбараас эхэлж байна. Стандарт, дүрэм, журам, хуулийг бий болгоод, тэдгээрийг хэрэгжүүлж, мөрдүүлж чаддаг улс оронд институци (байгууламж) бүрддэг. Институци бүрдээгүй нийгэмд бүх асуудал хувь хүнээс хамаардаг. Хөгжиж байгаа орон нэг хүн, хэсэг бүлэг хүмүүсээс ихэнхдээ хамаардаг учир улс, төр, эдийн засаг, нийгэм нь тогтворгүй байдаг. Хөгжсөн орнуудад эсрэгээр буюу институци тогтсон байдаг учир удирдах улс төрийн хүчин солигдсон ч хувьсгал гардаггүй.Тэнд хувь хүмүүс төрийн институцдээ бүрэн итгэдэг.

Институци хөгжлийн төвшнийн хамгийн тод илрэлийн нэг нь тухайн орны хөрөнгийн зах зээл байдал бөлгөө. Хөрөнгийн зах зээл бол санхүүгийн илүүдэлтэй, түүнийг өсгөх сонирхолтой хэсэг нь санхүүгийн дутагдалтай, түүнийг зээлж авах сонирхолтой хэсэгтэй холбогдож, наймаалцдаг газар. Энэ худалдааг зохицуулж, тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжүүлдэг институциудийг бий болгож чадсан газар хөрөнгийг зах зээл ажилладаг. Хөрөнгийн зах зээлийн механизмыг ажиллуулдаг тос нь мэдээлэл бөгөөд түүний техникийн стандартыг тогтоочихсон зөвхөн тэр стандартаар мэдээлэл тардаг юм.

Тэгвэл Монголчууд бидэнд итгэж болох тийм төрийн институци хаана байна? Ганц Канадын биш,  дэлхийн уул уурхайтай холбоотой хүн бүр “NI 43-101 буюу National Instrument 43-101” гэдэг стандартыг мэддэг.

Энэ бол Канад улсад аливаа эрдсийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэхэд хэрэглэдэг “эрдэс баялагын нөөцийн ангиллын” журам.  Канадын үнэт цаасны захиргааны хяналтын дор хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа гаргахдаа бүх компаниуд мөрдөх ёстой, тухайн эрдсийн төслийн тухай шинжлэх ухаан, техникийн мэдээллийг зарлах аргачлал юм. Үнэт цаасны захиргаа энэ мэдээлэл үнэн зөв гэдгийг хариуцдаг учир энгийн иргэд ашиг олох зорилгоор тухайн хувьцааг авах буюу зардаг. Хөрөнгийн бирж дээр үргэлж ашиг олно гэдэгт мэдээж хэн ч баталгаа өгдөггүй.  Энэ мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгадаг систем бас байдаг.

Манайд энэ стандартыг тогтоож, холбогдох бусад институциудийг бий болгож ажиллуулахгүй бол харамсалтай нь та бидэнд хэн ч итгэж мөнгөө өгөхгүй. Тэд Фридландад гэхээсээ Канадын холбогдох инстутуцнд илүү итгэж, “Айвенхоу”-гийн хувьцааг авч байгаа хэрэг.

Монголын засаглалын институцэд гадаадын хүмүүсийг итгүүлэхийн тулд маш их ажил хийх шаардлагатай байна. Үүний тулд монголчууд бид өөрсдөө эхлээд тэр институциуддээ итгэх хэрэгтэй.

Өнөөдөр төрийн өмчтэй компаниудыг манай төрийн институциуд яаж удирдаж байна? Тэдний хэд нь ашигтай билээ? Хэн түүнийг удирдахаар томилогддог билээ? Түүний ТУЗ-ийг хэн яагаад төлөөлдөг билээ? гэх мэт олон асуулт байгаа. Түүхэндээ бид аль нэгийг нь өрсөлдүүлж, сонгож байсангүй. Авлигын үзүүлэлтээр бид улам бүр доошоо гулсаад байдаг. Ийм байхад аль нэг үндэсний компанид хандан “Хувьцаагаа Монголдоо гарга, ард түмэнтэйгээ хуваалц” гэж хөрөнгийн биржийн дарга хэлж байгаа бол наад зах нь хариуцлагагүй асуудал.

Монголд хөрөнгийн биржийг хөгжүүлэхийн тулд засаглал өөрөө институци болох шаардлагатай бөгөөд түүний шалгуур нь хүмүүсийн хөрөнгийн итгэл юм.