Сэтгэлийн зул

 

Хүний амьдралын энгийн л нэг ажлын өдрүүд дуусч байв.  Баасан гаригийн үдэш гэсэн үг л дээ. Хэдэн нөхөдтэйгөө уулзаж, санаа сэтгэлээ уудлалцаж, дарс хундагалж , хотоос зайдуухан хүүрнэлдэж суулаа. Маргааш амралтын өдөр болохоор санаа зовох юм байхгүй. Эндээ хоноод өглөө хот орцгооно. Хэний ч амьдралд иймэрхүү зай завсар гарч, уулзаагүй удсан нөхөдтэйгөө цагийг өнгөрөөдөг биз. Гэвч утсанд минь итгэхийн аргагүй  аймшигт мэдээ иржээ. Дарханд дөнгөж Техникийн их сургууль төгсөн хонхны баяраа хийж байсан 21 хэн настай дүү минь ослын улмаас нас барсан тухай мэдээ дуут шууданд үлдсэн байв. Өөрийн эрхгүй машинаа асаагаад давхилаа. Сэтгэл цочирдсоноос болоод дугуйгаа хагарсныг нэлээн явж байж мэдэв. Харанхуй шөнө цааш  явах аргагүй болох нь тэр. Ашгүй нэг машин ирлээ. Таван мянган төгрөг өгчихвөл дугуй солиод өгье гэж байна. Ингээд хоёулаа дугуйгаа сольлоо.  Нэг залуухан хос унааны мөнгөгүй гээд алхаж явахтай таарав. Ганцаараа айж байсан болохоор тэднийг дөхүүлж өгөхөөр ханьсав. Хөдлөөд л гай таарч цагдаа зогсоолоо. Учраа хэлж, үнэнээ ярьж удтал гуйсан ч хүлээж авсангүй. Бүх юм миний буруу. Гэхдээ зарим нь намайг ойлгосонд баярлалаа. Адал явдлаас арай гэж салсан ч санаа сэтгэл минь даахын аргагүй хүндэрч байна. Ийм хүнд сэтгэлтэй хаачих, яахаа мэддэг ч болоосой би.

Нулимс минь урсаад зогсохгүй . Хорвоо ч уйлаад л, би ч уйлаад л...Яахаараа ийм юм болдог байнаа. Яагаад заавал миний дүү гэж. Хэн ч хаанаас ч хариу үл өгнө. Саяхан инээж, ууж, дуулж суусан амьдралын нэг өдөр ингээд орвонгоороо эргэчих гэж.

Булган аймгийн төвийн хамгийн хойд талын хороололд аавын маань хүүхэд шуугисан даруухан хашаа байдаг байлаа. Хөөцөлдөн гүйлдэж байсан дүү нар аавын яадаг мондинууд вэ, наад чимээгээ аяд гэх командаар хэсэгтээ нам болно. Тэдний маань дундаас хамгийн сэргэлэн, хамгийн хөөрхөн нь Сүхээ маань. Хөөрхөн Сүхээ, хөмсөг Сүхээ гэж бид түүнийг өхөөрдөнө. Одоо харин хөөрхөн Сүхээ маань бидний дунд байхгүй болов. Дөнгөж 21 хэн насандаа өдрийн од шиг харваад буцчихлаа. Дүү маань Дарханд ШУТИС-д сурдаг байлаа. Уул уурхайн мэргэжил эзэмшиж, хонхны баяраа тэмдэглэж яваад ийм юм болов. Уг нь хонхны баяр урд өдөр дууссан байж. Гэвч Хөтөлд ангийхан нь цуглараад дуудаад суулгасангүй. Хашаа янзалж байсан дүү маань утастайгаа ноцолдоод санаа сэтгэл нь нэг л тогтож өгөхгүйг мэдрээд “яв даа” гэсэн зөвшөөрлийг олгочихож. Машинд нь ангийнх нь хүү охин хоёр сууж явжээ. Замдаа малаа тавьж маллуулдаг малчин ахынхаар ороод, гарахдаа яагаад ч юм за, ганц аяга сүү уучихъя гэж хэлсэн гэнэ. Сүхээгийн маань бидэнд үлдээсэн сүүлчийн үг “Сүү уучихъя” гэсэн сонин үг байжээ.

Хамт явсан хоёр шалбархай ч үгүй үлдээд дүү маань тархины хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт ирээд 20 минутын дараа амьсгал хурааж. Ийм ч юм болох гэж. Хорвоо үнэхээр хатуу юм. Ядаж ажил хөдөлмөрийн зах зухаас атгуулж, амьдрал, хайр дурлалын жаргалаас амтлуулж, анхны цалинг нь авахуулчихгүй дээ. Ингэж бодохоос гуутай зурагны цаанаас инээмсэглэн ширтэх царайлаг, залуухан дүүгийнхээ өмнөөс гол тасарчих гээд хэцүү...

Хонхны баяр бол хүний амьдралын хамгийн сайхан баяруудын нэг. Бүгдийн л сэтгэлд хонхны баярын тухай цэл залууухан дурсамж хадгалагдан үлдсэн байдаг. Гэвч гай газар дороос гэдэгчлэн сүүлийн үед энэхүү баярт өдрийн тухай мэдээллүүдийг элдэв гэмт хэргүүдийн талаарх сэтгэл шишрүүлсэн зүйлс дагалдах болжээ. Эцэг эхчүүд болон багш нар нь хүүхдүүдийнхээ энэ баярт өдрийг өөрсдийн хяналтан дор зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлж байхгүй бол бидний амьдралд тохиолдсон шиг гай зовлон ирэхийг үгүйсгэх арга алга. Тийм ч учраас эх хүний хувьд энэ талаар зүрхээ зүсэн бичиж сууна. Хэдэн жилийн өмнө манай нутагт хүүхдүүдийнхээ хонхны баяраар тааралдацгааж далимаар нь наргисан эцэг эхчүүд харьж явахдаа осолдож хэд хэдэн хүний амийг авч одсон аймшигт хэрэг гарсан.  Амьдрал бол санамсаргүйгээр дүүрэн. Гэхдээ сэргийлж болох санамсаргүйгээс бид зугтаж баймаар байна. Зовлон дунд ч би сэтгүүлч хүн учраас бусдад сэрэмж өгөх гэсэндээ ийнхүү үүргээ биелүүлж байна. Хүүхдүүдээ битгий хонхны баярт явуулаарай гэж гуймаар, захимаар болоод үзэг хөшиж сууна даа.

Хорвоо дэлхий уйлах мэт шөнөжин асгарав. Хонгор жаахан дүү минь буцаж байгаа өдөр газар дэлхий нулимсандаа хуу дэвтэн бидний шаналал гунигийг нэрмэж байна.  Даанч нялхаараа биднийгээ орхисон хөөрхөн Сүхээ, хөмсөг Сүхээ аав дээр минь очихоор цагаан морио унан цахилан оджээ.  Аав минь тэнд яажшуухан угтах бол. Амьдрал бол диваажин биш. Та нар хайнга, наазгай, хянуур биш байна хэмээн амьд ахуйд нь мөн ч их шүүмжлүүлж явсан бид одоо ч тэр хэвээрээ байгаад аавын минь урам дэндүү их хугарч, эр ховор нулимсаа унагах байх даа.  Хүний чанаргүй новш биш хүн шиг хүн яваа болохоор аавыгаа сэтгэл амар байгаа гэж итгэдэг байлаа. Аав аа, гэнэн тэнэг хэвээрээ яваа биднийгээ өршөөгөөрэй...гэж өөртөө би шивнэнэ. Амьдрал үнэхээр диваажин биш юм аа. Аанай л би алдаж онохоос сийхгүй гэнэн, тэнэг хэвээрээ явна. Ааваас минь өөр үнэнг амьдралд хэн ч бүтээгээгүй санагдана.  Харин тэр үнэний нь дэргэд дандаа бид мөхөсдсөөр явах гэж үү.

Дүүгээ сургууль төгсөхөөр уул уурхайн компанид ажилд оруулна. Мөрөөдлөө биелүүлж, хоолонд нь хүрэхэд туслана гэж эгчийн сэтгэлээр бодож явсан ч түүний минь богинохон амьдрал ингээд дуусчихлаа. Дүү минь өдрийн од байж. Дүү минь үүлэн чөлөөний нар байж.

Хашааны хаалга салхинд савлан аймшигтайгаар дуугарна. Арван жил нэг ангид явсан нөхөд нь хот хөдөөнөөс бүгд ирцгээжээ. Дүү минь хорьхон наслахдаа олонтой, нөхөдтэй, ах дүүстээ гэрэл гэгээтэй хүн явжээ. Энгэртээ хос хонх зүүсэн, инээмсэглэж буй цэл залуухан хүүгийн зургийг тэд нулимстай ширтэнэ. Тэдний дунд нэг хөөрхөн охин асгартал уйлан зогсоно. Ангийхан нь мөрийг нь тэврэн аргадавч тэр уйлсаар...Найз охинтой болсон. Удахгүй танилцуулнаа...гэж байсан гэнэ. Уг нь энэ айлын хаалгаар асгаран уйлсан энэ охин ганцаараа биш, асч гэрэлтсэн дүүгийн  минь гараас хөтөлсөөр орж ирэх байж дээ...Дүүд минь ядаж тэр өдрийг нь үзүүлчихгүй дээ...

Давхар солонго дахиад манай хашаанд татахгүй. Довжоон дээр тамхилж суугаа аавын минь дуу ахиад нэг сонсогдохгүй.  Хөөрхөн Сүхээ цагирган дугуй эргүүлэн гүйхгүй. Хөх эрээн даашинзтай 17 нас минь тэдэнтэй хөөцөлдөж  эргэхгүй. Амьдралын тэр зун ингээд баяртай. Ахиад элгийг минь битгий эмтлээрэй хорвоо... 2010 он 5.16