Онцгой байдлын үеийн оюуны ертөнц

“Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа уламжлал ёсоор өнгөрсөн онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Цар тахлаас шалтгаалан оюуны бизнес эрхлэгчид, ялангуяа ном, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хоёр дахь жилээ үдэж байна. Гэхдээ агуулга бүтээгчид гар хумхин суусангүй. Ер нь зөвхөн ном, хэвлэл биш агуулга бүтээх бүхий л салбарт гарч буй дэвшил, уран бүтээлчдийн тэмүүллийг төр засаг онцгойлон анхаарч, ганц нэгхэн бүтээл, студид онцгойлсон ивээл хүртээлгүй, салбараар нь хөл дээр нь босгох дорвитой эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлага тулгарчээ. 

Бид үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ. 


Уран зохиолын бус орчуулга

Хандлага

2020 онд сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн номууд уран зохиолын бус номын орчуулгад давамгайлж байсан нь 2021 онд ч мөн хэвээр үргэлжиллээ. Мөн эдийн засаг, улс төр, сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа явуулдаг бичил хэвлэлийн газрууд олноор бий болж байна. Монсудар хэвлэлийн газраас гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралыг энэ төрөлд онцолж байна.


Райн Холидэй “Эго таны дайсан”(Орчуулагч Г.Лхагвадулам)

Хэвлэлийн газар: Арвис

Номын тухай:

Эготой хүмүүс жижигхэн бүтэлгүйтэлтэй учирвал бусдыг буруутгаж үзэн ядаж эхэлдэг. Гэтэл тэрхүү үзэн ядалт нь тухайн хүний сэтгэл зүйд маш их дарамт учруулдаг аж.Хүн бүр эрсдэлд орж эрсдэлтэй зүйлүүд амьдралд нь тохиолдож байдаг. Хамгийн гол нь түүнийхээ хариуцлагыг үүрч, алдаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал.Өөрийнхөө гаргасан алдааг бусдын өмнө хүлээн зөвшөөрч байж аливаа зүйлийг бодитоор харж, өөрийгөө цааш хөгжүүлэх боломжийг олгодог байна.Түүнчлэн эгогийн эсрэг хамгийн том арга хэмжээ бол бусдыг хайрлах явдал гэдгийг номд онцолжээ.

UNLOCK подкаст #31

Жон Стюарт Милл “Эрх чөлөөний тухай” (Орчуулагч С.Лхагважав)

Хэвлэлийн газар: Монсудар

Номын тухай:

Ардчиллын хамгийн чухал шинж бол түүнийг бүрдүүлэгч бие хүмүүсийн онцгой чанар юм. Эдгээр хүмүүс нь өндөр боловсролтой идэвхтэй, сэтгэлгээний өргөн хүрээтэй байх шаардлагатай. Миллийн ойлгож байснаар олон түмэн улс төрийн тэмцэл, зөвшилцөлд оролцож, сонгож шилэхдээ улам боловсорч хөгжинө. Энэ нөхцөлд төрийн гол зорилго эдгээр хүмүүсийн оюуны сэтгэлгээг цаашид ахиулж хөгжүүлэхэд чиглэх ёстой байна. Энэ ойлголтоор хүн бол хэнээс ч үл шалтгаалах, бүтээх чадвартай төлөөлөгч бөгөөд цаашдын хөгжилд дэм үзүүлэх бололцоотой юм. 

Судлаач Д.Энхбат

Майкл Жонстон “Авлигын синдром”

Хэвлэлийн газар: Засаглал Судлалын Хүрээлэн

Номын тухай:

 Авлигын харьцуулсан судалгааны анхдагчийн нэг Майкл Жонстон нь тоон болон чанарын индикаторуудад түшиглэн авлигын дөрвөн синдромыг тодорхойлж, АНУ, Япон, Герман (Нөлөөллийн зах зээл), Итали, Солонгос, Ботсвана (Элит картель), Орос, Филиппин, Мексик (Олигархи ба бүлэглэл) болон Хятад, Кени, Индонез (Эрх мэдэлтэн албан тушаалтан)-ны жишээгээр нарийн тодорхой харуулсан.
Энэ номоос та авлигын талаарх өнгөрсөн 30 жилийн өрнөл, ирээдүйн 30 жилийн олон замыг харж, мөн манай улсын өрнөл хөгжил, алдаа дутагдлын олон сэжим, давхцалуудыг тольдох буй за. 

Эрхлэн гаргагчид

Иоахим-Эрнст Берендт, Гюнтер Хюсманн "АГУУ ЖАЗЗ: Нью-Орлеансаас XXI зуун хүртэл" (Орчуулагч А.Лувсан,Б.Отгондулам)

Хэвлэлийн газар: Монсудар

Номын тухай:

Жазз хөгжмийн бүрэн, цогц түүх багтсан эл зохиол хэвлэгдэхэд Гёте институт дэмжлэг үзүүлжээ. Жазз хөгжмийг сонирхон судална гэдэг бол эргэн тойрон дахь дуу хөгжмийн чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг билээ. Дуу, хөгжмийн чанарыг ялгаж, таних сэжим гэж байдаг бол тэр нь хүмүүний сэтгэл зүрх, оюун санаа болоод ухамсрын түвшинд орших ажээ.

Reader.mn

Кэтрин Бэлтон “Путиний гар хөлүүд” (Орчуулагч Т.Ариунсанаа)

Хэвлэлийн газар: Nepko

Номын сэтгэгдэл:

Кэтрин Бэлтон бол Ройтерс агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч юм. Түүний бүтээл, “Путины гар хөлүүд” гэх энэ ном өнгөрсөн тавдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн. НЭПКО дэлхийн хамгийн анхны гадаад хэлний орчуулгыг хэвлэж гаргав. Гадаад хэл гэдэг нв монгол шүү. Путинийг Оросын ард түмэн бий болгосон. Оросын ард түмэн чанга гар хүссэн, түүнийг нь Путинчүүд өгсөн. Гэвч тэд "чанга гар чанга унагадаг" гэдгийг ойлгоогүй. Монголчууд бид ямар аюулын дэргэд амьдарч буйг ухаарахад үнэхээр тустай бүтээл болжээ. 

Номын редактор Б.Батбаяр

Дурдууштай бүтээлүүд:

Кишими Ичиро, Кога Фүмитакэ “Жаргалтай болох зориг” (Garuna), Жордан Питерсон  "ДЭГ ЖУРМЫН ЦААНА: Амьдралын нэмэлт 12 дүрэм" (Монсудар), DK “Йогийн шинжлэх ухаан” (Nepko),