Хулгайч нар Хууль зүйн сайдад зүгээр л ялдам байхыг сануулж байна

Эдийн засаг чинь сүйрлээ шүү гэж нэгэн энхийн цагаан тагтаа хашгирчээ. Тэр тагтааны нэрийг банкны Чука хэмээнэ.  

Их хурлын гишүүн хүнийг ийнхүү энхийн цагаан тагтаагаар нь эрээ цээргүй дуудаж, ил тод эгдүүцэж буйг минь эрхэм уншигч авхай  болгоох буй заа.

Банк санхүүгийн системд бараг бүх насаараа хаан суудалд ханхалзсан энэ эрхэм баллаж хаясан салбар, баллуурдаж ханахгүй хэргүүдийнхээ талаар даанч нэг ичгүүр сонжуургүй мэдэгдэл хийж, Монгол улсыг төр засаг, хууль хүчний байгууллага юутай хээтэй нь хамт басамжлан доромжилсны учир ийнхүү үзэг шүүрэхэд хүрэв.

Монгол улс хууль завхруулагчдаа хууль тогтоох дээд байгууллагадаа илгээж „шийтгэдэг” болсноо энгийн иргэдийнхээ мэдрэмжинд тортол нь харуулж байна.

Сараалжин хашааны цаана хоригдох ёстой этгээдүүд саарал ордны индрээс басамжилж байдаг жишиг энэ улсад нэгэнт тогтжээ гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрлээ.

Хууль хүчний байгууллагад шинэчлэл хийнэ, шүүрдэж цэвэрлэнэ, шударга ёсыг тогтооно гэж гарч ирээд зах зухаас нь сэтэлж ядан зүтгэж буй Ерөнхийлөгч рүү өнөөдөр тэд дунд хуруугаа харуулж байна.    

Стандартгүй монголыг стандарттай монгол болгоно хэмээн тунхаглаж, салбар салбарт шинэ бодлого санал болгон ажиллаж буй Ерөнхий сайдад зориулан  „Стратеги чинь зөв ч үйлдлүүд чинь буруу яваад байна” гэсэн хэгжүүн зөвөлгөөг хэвлэлээр чулуудаж эхэлж байна.

Хууль зүйн сайдад хулгайч нар зүгээр л ялдам байхыг сануулж байна. Бүх юм ийнхүү учир замбараагаа алджээ.

Хүчнийхэн гэмт хэрэгт хутгалдсан төрийн түшээдийн мөрөөр мөшгиж, идэж уусан, ашиглаж шамшигдуулсныг нь илчилсэн ч  „халдашгүй бүрэн эрх” гэх төмөр ханыг духаараа тас мөргөөд л буцдаг болсоор удаж байгаа. Монгол төрийн сан хөмрөгнөөс хорин сая долларыг нь хулгайлчихсан гадны луйварчныг шүүхийн шатанд бултуулчихаж байна. Ийм үед хууль хүчнийхнээс шударга ёс нэхэх нь хэтэрхий ичгүүргүй явдал болон хувирчээ.

МАХН О.Чулуунбатыг байх ёсгүй газар нь барьж байна уу

Монгол банк О.Чулуунбатын үед төгс төгөлдөр ажиллаж байжээ. Товчхоноор бүх юм түүний үед  „ок” байсан байна. Харин ч хар үсээ цайтал Монгол банкны төлөө зүтгэсэн гавъяаг нь үнэлээгүйгээр барахгүй, их хурлын гишүүн гэх сонирхолгүй албанд „тохоож” дургүйг нь хүргэсэн болж таарлаа. Монгол банкыг дэндүү ашигтай ажиллуулж, дэлхийн зах зээл дээр мандуулсан гавъяатай Чукаг 10 сая доллар гадагшаа алдаж, улсыг хохироосон хэмээн аймшиггүйгээр чичилж, сэнтийгээс нь буулгасан бид яваандаа буруудах тийшээ орчих шиг боллоо. Энгийн үгээр тайлбарлавал энэ хүн уг нь монголын 10 сая долларыг гадагш нь дур мэдэн гаргаж, баригдангуутаа алдсан, хууртагдсан хүний дүрд хувиран чамгүй хэдэн жил торгоож тоглож чадсан, хүссэнээрээ хөрвүүлж эргүүлж амжсан, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт гаршсан эрвээхэй зангиатай луйварчин баймаар. Гэвч тийм биш гэнээ. Тэр мөнгөөр чинь би яадаг юм. Монголчууд тэгж л их санаа нь зовоод байгаа юм бол очоод аваач, тэгээд нэрийг минь цэвэрлэж өгөөч гэж хээв нэг хэлж байх юм аа. Ийм авирыг монголчууд элэг барих л гэж томёолдог байх. Энгийн  иргэд  арван сая доллар гувчуулах нь байтугай, айлын агт унасан хэргээр шоронд хатаж байдаг. Эрх мэдэлтнүүд нь болохоор арав хорин сая доллароор нь хулгайлчихаад их хуралд нэр дэвшин гангарч байдаг. Ийм оронд тэгш эрх, шударга ёсны тухай ярих утга байна уу.   

О.Чулуунбатын ярьснаар Монгол банк гэдэг айл мань хүнийг явсан өдрөөс эхлэн салам уруудаж, сампин нь гацаж, одоо бол сүйрлийн ирмэгт тулж ирээд байгаа юм байна. Ингэхэд түүнийг ямар гээчийн салхи тэндээс туугаад гаргачихсан билээ. Уг нь АТГ-аас шалгаад эхлэнгүүт Ганц худагт залархаас айсандаа хар гүйхээрээ Их хуралд явж орсон баймаар. Тэгсэн хэрнээ одоо парламент  огт таалагдахгүй байдаг. Банк санхүүгийн салбартай холбоотой асуудлууд дээр банкир Чукагийн үгийг сонсохгүй пээдийгээд байхаар бүр дургүй нь хүрдэг гэнэ. Дээр нь Пүрэвдорж гэж нэг юм төв банкинд байршуулсан бүх нөхдүүдийг нь буруу зөвгүй хөдөлгөж, хөөж туухыг нь туугаад янзалчихсан. Ингэхээр дотор нь шатаад байж суухын аргагүй болохоос яахав.

Халсан сольсон бүх хүмүүсийн талаарх мэдээлэл эрхэм гишүүний чихэнд гэрлийн хурдаар илтгэгддэг болох нь түүний ярилцлагаас илхэн харагдаж байна. Манайхны хуучин эрх мэдлээ ямар нэг аргаар хадгалж үлдээд, төрийн байгууллагыг далдаас давхар удирдах гэдэг арчаагүй хүсэл шунал мөн дөө. О.Чулуунбатын хэлснээр бол ингэж буруу тоглоомоор тоглож суухын оронд  Пүрэвдорж Москва руу нисч 10 сая доллараа даруй олж ирэх ёстой юм байна. Бэлдээд тавьчихсан байгаа авлагаа очоод аваад ирж чадахгүй байгаа бол манай төв банк ийм ерөнхийлөгчтэй байх шаардлагагүй.

10 сая долларын хэрэг явсаар О.Чулуунбат алдаагүй, мөнгө нь байгаа, монгол улс очиж авч чадахгүй л байгаа юм байна. Одоо тэгвэл түүний зувчуулсан 20 сая долларыг яах вэ.

Эрхэм дээдсээ та эхлээд түнш Чалмерс ноёнтноо олж ирнэ үү

О.Чулуунбатын хамсаатан Жорж Чайлмерс монголоос оргон зайлсан гэх хэрэг мандаад даруй хэд хонож байна. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг хаа нэгтэйгээс чандлан барихаар оролдож байна. Маргаашнаас эхлээд миний хувьд ч энэ сэдэв хаагдах магадлалтай. Бид яагаад ийм том гэмт хэрэг гарчихаад байхад эздийнхээ ар хударгаар, хулгайн замаар шахуу эрэн сурвалжилж, чадан ядан араас нь явган нүцгэн нэхэж, баримт мэдээллээр хомсдож, хаалттай шахам орчинд ажиллах ёстой юм бэ. Жорж Чалмерсын монголыг барилгажуулах мөрөөдлийн шавны ёслолд эгэл жирийн сэтгүүлчид бид тууз хайчлаагүй шүү дээ. Пиар сурталчилгааг нь хийх нэрээр сая долларыг нь аваагүй. Хар мөнгөнийх нь бохир  урсгалд хавчуулагдаагүй. Тэгсэн атал яагаад энэ хэргийн араас эрэн сурвалжлах эрхээ гишгүүлчихээд байгааг ойлгох аргагүй.

Монгол банкны ерөнхийлөгчийг нь „мэхэлж”, улсынх нь хөрөнгөнөөс 20 сая ам долларыг нь хусчихсан гадны хэсүүлч өвгөн ингэхэд хэн гэгч вэ. Яагаад түүнийг хорьж шалгахын оронд хил давуулаад алдчихсан гэх итгэхэд хэцүү, байхад бас хэцүү шуугиан дэгдчихсэн  байж байгаа юм бэ. Энэ хачирхалтай хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон уу. Бүхэл бүтэн гэмт хэрэгтэн хилээр давсан ямар ч мэдээлэл үлдээлгүйгээр усанд хаясан чулуу шиг алга болчихоод байхад хүчнийхэн яагаад мэдээлэл хийхгүй нууцлаад байна вэ. Түүнийг монголд хөтөлж авчирсан, үлгэрийн төсөл үзүүлж байгаад хамтарч 200 сая ам долларын аккредитив нээх гэрээ байгуулсан О.Чулуунбат бас ямар учраас гэнэт өөр сэдвээр дуугарав  гэх мэт олон асуултууд ар араасаа гарч ирж байна. Энэ хэргийн гол холбогдогч О.Чулуунбат гэдэг нь хэтэрхий тодорхой байхад гэмт этгээдийг оргон зайлахад тусласан хүмүүсийг хайж ядаад, хүрч ядаад байгааг яаж хүлээж авах ёстой юм бэ.  Ядаж түүнд „Эрхэм дээдсээ та эхлээд түнш Чалмерс ноёнтныг олж ирнэ үү” гэж найрсагаар хэлж чадахгүй байна гэж үү.

Жорж Чалмерс гэж хэн бэ

АНУ-ын иргэн Жорж Чалмерс нь 1948 оны наймдугаар сарын 27 өдөр төрсөн, эдүгээ 62 настай хүн юм байна. Ам бүл хоёулаа. Албан ёсны эхнэр нь одоо Малайзад амьдарч байгаа. Мэргэжил нь банкны эдийн засагч. Харвард төгссөн хуурамч диплом эзэмшдэг, байнгын оршин суух улс орон нь тодорхойгүй, гадаад паспортыг хоёр гурваар нь авчихсан, монголд анх 2006 онд орж ирсэн нөхөр юм байна. Тэрбээр манай хотын А зэрэглэлийн бүсэд тодруулбал Улсын их дэлгүүрийн хойно байрлах „Авзага трейд” компанийн барьсан 17 дугаар байшингийн 44 тоотод цэл залуухан монгол охинтой айл гэр болон тоглож байжээ. Ноён Чалмерсийн хамтран амьдрагч бүсгүйг Нандинцэцэг гэдэг. Хөршүүдийнх нь ярьж байгаагаар Чалмерс харагдахаа байгаад 10 –аад хонож байгаа. Харин цагдаагийнхан түүнийг хил давсан гэж таамаглан, эрэн сурвалжлах ажиллагааг явуулаад эхэлсэн байна. Хэвлэлээр түүнийг барин тавин Чингис хаан нисэх онгоцны буудлаар хил давсан, одоо Малайзад хүрсэн байх магадлалтай гэх мэдээллийг нэлээн системтэй түгээж байгаа. Энэ мэдээлэлд ч бид хартай хандах ёстой. Хилийн шалган нэвтрүүлэхийнхэн түүнийг монголоос гараагүй хэмээн баттай мэдэгдэж байхад хаа нэгтэй пиар баг ажиллан халтар хултар дүрстэй, яг тэр гэж танихад хэцүү зураг хөрөг, он сар, цаг минут бүхий дүрс гаргаж тавиад байна. Шууд итгэхэд үнэхээр бэрх. Анхаарлыг хилийнхэн, шалган нэвтрүүлэх боомтынхон, хүчнийхэн рүү тавиулж байгаад ар хударгаар нь жинхэнэ ажиллагаа явагдах магадлал өндөр. Хэрэв үнэхээр зүсээ ч хувиргалгүйгээр хил даваад оргочихсон нь үнэн юм бол холбогдох нөхдийг даруй тодруулах ёстой. Үзүүр ёзоор нь бэлхэн ил хэвтэж байхад барьж аваад л шалгах хэрэгтэй шүү дээ.

Үлгэрийн Гандирс хороолол хийгээд энэ хэрэг хэрхэн яаж үүссэн бэ

2006 оны 03 сарын 09 –ний өдөр тухайн үеийн Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат Жорж Чалмерс гэгчтэй  ярьж тохиролцон  200 сая ам долларын аккредитив нээх гэрээ байгуулжээ. Энэхүү луйврын гэрээгээ тэд 4ОООО айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил гэж тэр тайлбарласан. Төр засгийн тэргүүнүүд оролцсон тууз хайчлах ёслол болж, телевизээр лаа барьсан Монсоник Ц.Баярхүүгийн реклам үдэш бүхэн цацагдаж, хэвлэлээр үлгэрийн сайхан Гандирсын тухай нийтлэлүүд дурайж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Зөвхөн хэвлэл мэдээллийн сурталчилгаанд гэхэд сая доллар зарцуулсан гэх яриа явдаг нь үнэний өндөр хувьтай. Нэгэнт Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат 200 сая долларын аккредитив нээгээд өгчихсөн болохоор луйврын ажиллагаа цаашаа асар ахицтай өрнөсөн. Жорж Чалмерс нь байгуулсан цагаасаа хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, татварын баланс гаргаж, улсад татвар төлөөгүй, „Стоунлей Интернешнл”  ХХК-ийнхаа нэрээр монголд орон сууцны санхүүжилт хийнэ гэсэн хулхи гэрээг ийнхүү монгол түнштэйгээ хамтран байгуулж, 200 сая долларын аккредитив Швейцар улсын „Рос” банкинд нээлгэж, уг нээлгэсэн аккредитиваас 21 сая ам долларын хөрөнгө босгосон. Гэвч нэг ч орон сууц бариагүй. „Рос” банкинд нээлгэсэн аккредитиваас 21 сая ам долларын баталгаа ашиглагдсан нь илэрч, Монгол банкинд энэ хэмжээний хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн учир  2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 –т зааснаар шалгаж эхэлжээ. Гэвч О.Чулуунбат УИХ-д нэр дэвшчихсэн. Эрүүгийн ноцтой хэрэгт шалгах шаардлагатай байгаагаа тухайн үеийн МАХН-ын удирдах зөвлөлд, мөн Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан ч цаадуул нь О.Чулуунбатыг сонсоод тусгай байгууллагуудынхаа үгийг авч хэлэлцээгүй. Харин сүүлд 2010 оны нэгдүгээр сарын 15 –ны өдөр О.Чулуунбатын хэргээс Жорж Чалмерсийн хэргийг тусгаарлан УМБГ-ын дөрөвдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна.

Жорж Чалмерс нь Монгол банктай хууль бусаар гэрээ байгуулсны улмаас Швейцар улсын „I and G- банкинд Монгол банк нь 3.028.000 ам долларын төлбөр төлсөн үйлдэлд эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар ял сонсгон, 2010 оны гуравдугаар сарын 25 нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн Прокурорын газар шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл цагдаа хүч хүрэх хэргээ салгаж аван шалгаж нотлоод, Прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн үг. Хүч хүрээгүй О.Чулуунбатыг хэн ч халдаж эцэслэн шийдээгүй. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Базаррагчаа хэрэг материалыг хянаж 20947214 тоот хэргийн яллах дүгнэлт үйлдэн 2010 оэы дөрөвдүгээр сарын 05-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Прокурорын байгууллага энэ шатандаа хийх ажлаа хийсэн гэсэн үг. Харин хэрэгтэн шүүхийн шатнаас алга болчихов. Чингэлтэй дүүргийн шүүх Жорж Чалмерсийн хэргийг тувдугаар сарын 14-ний өдөр хийж, прокурорын яллах дүгнэлтийг буруу орчуулсан байна гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойш 12 хоногоор хойшлуулжээ. Эндээс л Чалмерсийг бултуулах ажиллагаа эхэлсэн байна. Шүүх хурлыг хойшлуулж байгаа шалтгаан, сунгасан хугацаа гээд хачирхалтай биш байна гэж үү. Чалмерс алга болсныг тавдугаар сарын 24 –ний өдөр Нийслэлийн прокурорын газраас мэдэгджээ. Үүний дагуу цагдаагийнхан ХХЕГ-т хилээр гарсан эсэхийг тодруулах албан хүсэлт явуулсан ч тус газраас ирсэн албан ёсны хариу одоогоор нууц байна. Алга болсон Чалмерсийн шүүх хурал 2010 оны зургадугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшилсон гэх мэдээ л бидэнд олдлоо. Үндсэндээ хамтран амьдарч байсан Нандинцэцэг бүсгүй дээр очоод л түүний ул мөр зогсчихоод байгаа харагдана.        

Түүнийг оргуулахад тусласан байх магадлалтай эрхмүүдийг  анхааралдаа авчээ

Мэдээж нэгт, О.Чулуунбат, хоёрт О.Чулуунбат, гуравт мөн О.Чулуунбат. Гэвч Монсоник группын ерөнхийлөгч Ц.Баярхүү, бас нэгэн пиар ассациоцийн тэргүүн эр, хүчнийхэн дотроос ганц нэг хүний тухай хардлага яригдаж байна. Энэ хэргийн дуулианаар эрхэм гишүүн О.Чулуунбатын эрт дээр үеийн хэргүүд ч сөхөгдөн шалгагдаж болзошгүй болоод байна. Анх түүнд 2002 онд эрүү үүсгэн шалгасан баримт байдаг юм байна. Ахиад хөөвөл тэрнээс ч эртний баримтууд яригддаг юм байна. ХОТШ банкны дэд ерөнхийлөгч байхдаа 10 машин нааш нь ачуулж, дундаас нь хоёрыг нь зувчуулсан л гэнэ. Тэндээс олсон ашгаараа герман хаус барьсан л гэнэ. Дархны тоосгон заводын шугамын шинэчлэлд нэг сая доллар төсвөөс хийлгээд, дараа нь тус заводоо хувьчлуулалгүйгээр авчихсан байсан л гэнэ. 1973 онд баригдсан тус үйлдвэрт шугамын шинэтгэл хийхээр улсаас сая доллар гаргасан ч нэг мэдэхэд завод тэр чигээрээ О.Чулуунбатын эхнэрийн нэр дээр шилчихсэн байсан эрүүгийн хэрэг одоо ч хадгалаастай байдаг юм байна. Мэдээж цагдаагийнхан мөрөөр нь мөшгиж буйг мэдэнгүүт махны зээллэг гэж гаргаад тэрнээсээ заводын үнийг төлчихсөн байсан болохоор энэ хэргээс мултарчихсан. Түүнийг хамгаалдаг нөхдүүд цагдаад, прокурорын толгойд, шүүхэд, бас улс төрд бий. Одоо тэгээд яах вэ. Ядаж Чалмерс өвгөнийг нь олуулах ёстой биш гэж үү....