Саяхныг хүртэл улсын ч, улстөрчдийн ч “саалийн ганц үнээ” нь “Эрдэнэт” үйлдвэр байлаа. Тус үйлдвэр улсын төсвийн ихэнхийг дангаараа бүрдүүлдэг. Энэ нь эдийн засагт буй албан ёсны тооцоо. Харин албан бусаар, далд эдийн засагт бол улстөрчдийн, эдийн засгийн бүлэглэлүүдийн орлогоо зуун хувь олдог газар нь мөн л “Эрдэнэт” үйлдвэр. Улстөрчид, бүлэглэлүүд өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийг ногоон доллар, шахааны бизнесийн түшиц газар, сааж амьдардаг халаас болгон харж ашиглаж ирэв. Тийм учраас л “Эрдэнэт”-ийг аваагүй бол засгийг аваагүй гэдэг хэллэг улстөрчдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэг. “Эрдэнэт-ээс болж унасан хэд хэдэн Засгийн газрын огцролт үүнийг нотолно. Улстөрийн сонгууль болгоны дараа, Засгийн газар шинээр байгуулагдах бүрт улстөрийн албан тушаал мэт “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг сольдог нь жишиг болж тогтсон билээ. Улстөрчдийн гавьяагаа үнэлүүлдэг газар нь “Эрдэнэт” үйлдвэр, намын төлөө байгуулсан гавьяаг нь үнэлдэг амыг нь үддэг шагнал нь ч тус үйлдвэрийн ямар нэгэн албан тушаал болсон билээ.   
“Эрдэнэт”-ийг ингэж овоо хараандаа, гар дороо мөнхөд байлгаж ирсэн бүлэглэлүүд Тавантолгойг ашиглах Засгийн газрын бодлогын  дараа “Эрдэнэс МГЛ”-ийг онилж эхэллээ. Учир нь Ерөнхий сайдын мэдэгдэл, Тавантолгойн төслөөр бол уг ордыг зуун хувь төрийн мэдэлд байлгана. Төрийг “Эрдэнэс МГЛ” компани төлөөлнө. Уг ордод хийх ханган нийлүүлэлтийг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сонгох болзол тулгана, ордыг дагаж байгуулах 30 гаруй бүтээн байгуулалтад Монголын компаниуд адил тэгш эрхтэй оролцуулна гэж байгаа. Энэ бүгдийг шийдэх толгой компани нь төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” байх бололтой. Дээр нь “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд гаднынхны гарт очоогүй стратегийн 15 ордын лиценз бий. Тэгэхээр “Эрдэнэс МГЛ” бол “Эрдэнэт”-ээс хэд дахин их мөнгөтэй, шахаа хийх олон салбар, том талбайтай болж байна.  “Эрдэнэс МГЛ” удахгүй хэдэн “Эрдэнэт”-тэй тэнцэх Монголын хамгийн том “саалийн үнээ” төдийгүй “сүүний ферм” болж томорно. Тэр цагт “Эрдэнэт”-ийн шахааны бизнесээр баяжсан, тэгж баяжихыг хөндлөнгөөс харсан, өөрт нь хүрд эргүүлэх боломж олдоогүйд бухимдаж явсан бүхэн “Эрдэнэс МГЛ”-ийг олзолно. Төрийн нэрээр, төсвийн мөнгөөр бизнес хийж хөлжсөн бүхэн “Эрдэнэт” дээр хуримтлуулсан туршлагаа “Эрдэнэс МГЛ” дээр хэрэгжүүлэх гэж улайрна. Улсаасаа түрүүлж, бусдаасаа тасарч баяжих гэсэн бүхэн Тавантолгойн, бас стратегийн 15 ордын лицензийг эзэмшсэн “Эрдэнэс МГЛ”-д эрх мэдэл нөлөөгөө тогтоох гэж, төлөөллөө томилуулах гэж зүтгэнэ.  Магадгүй  2012 оны сонгууль, түүний дараахь бүлэглэлүүдийн тохиролцоо “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагыг авахад чиглэнэ. Тавантолгойн ордоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн. Энэ нь  нүүрсний ордыг эзэмшдэг толгой компанийн хувьцааг эзэмшүүлж таарах байх. Хэрвээ “Эрдэнэс МГЛ” цаашид өнөөдрийн төрийн өмчийн бусад компани шиг улстөрөөс хамааралтай, улстөрийн томилгоотой,  улстөрчдийн сааж амьдардаг түрийвч мэт ажиллавал монголчууд Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшиж түүгээрээ ашиг хүртэнэ гэдэг юу л бол. Магадгүй 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбарын үлгэрийг давтана. Тавантолгойн ханган нийлүүлтэд, бас 30 гаруй төрлийн бүтээн байгуулалтад Монголын бүх аж ахуйн нэгж адил тэгш эрхтэй оролцоно гэжээ. Хэрвээ “Эрдэнэс МГЛ” улстөрөөс хамааралтай байвал Монголын бүх компани адил тэгш эрхтэй гэдэг лөөлөө болно. Тухайн үеийн эрх баригчдын, эдийн засгийн хүчирхэг бүлэглэлийн халаасны цөөн хэдэн компани л тендерийн давуу эрх эдэлж таарна. Нөгөө гааль дээр “ногоон гэрэл”-ийн компаниуд гэж байсан шиг.   
Иймд “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагыг улстөрөөс үл хамааралтай, орчин цагийн цоо шинэ менежментээр ажиллах боломж, эрхзүйн орчныг Тавантолгойн гэрээний төсөлтэйгөө хамт шийдэхийг  Ерөнхий сайдаас хүсье. Тавантолгойн гэрээг монголчууддаа ашигтай, сайн болсон гэж байгаа бол энэ нь зөвхөн цаасан дээр л буусан төсөл. Харин уг гэрээг хэрэгжүүлэх төрийн өмчийн толгой компани нь улстөрөөс хамааралгүй, тогтвортой шударга ажиллаж байж л тэрхүү өнөөдрийн сайн гэдэг үнэлэлтийг маргааш амьдрал дээр бодитой болгоно шүү, Ерөнхий сайд аа. Хэрвээ “Эрдэнэс МГЛ” улстөрчдөөс, улстөрөөс хамааралтай, бүлэглэлүүдийн гар дүрээстэй явбал Тавантолгой юуных нь ард түмний өмч байх билээ. Бас нэгэн  “Эрдэнэт” л болно. Улстөрчдийн атганд, эдийн засгийн бүлэглэлүүдийн халаасанд орсон төрийн өмчийн том компаниуд хэзээ ч ашигтай ажилладаггүй. Бүр ёс юм шиг байнга алдагдалтай ажилладаг. Үүний сонгодог жишээнд Улаанбаатар төмөр зам, IY цахилгаан станц гээд төрийн өмчийн олон компанийг дурдаж болно. Хэрвээ “Эрдэнэс МГЛ” тэдний нэг болбол Тавантолгой юуных нь нийт монголчуудад өгөөжөө өгөх билээ. Эрх мэдэлтэй, намд ойрхон улстөрчид, тэднийг тойрсон хүрээлэл, эдийн засгийн хүчирхэг бүлэглэлүүдийн цөөн хэдэн хүн л энэ ордын баялгийг хүртэнэ.
Өөрөөр хэлбэл, Тавантолгой болон стратегийн 15 ордын лицензийг эзэмшдэг “Эрдэнэс МГЛ”-ийг тогтвортой, ашигтай ажиллуулах “гал хамгаалагч” нь улстөрийн сонгууль, улстөрийн нам, улстөрчид, эдийн засгийн бүлэглэлүүд л байж болохгүй юм.