Өнөөгийн ардчилсан намын удирдлага мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй яваа болохоос биш жирийн гишүүд дэмжигчид улс төр ажиглагч нарын дунд аль хэдийнээ ардчилсан намын удирдлагыг хүлээн зөвшөөрхөө больчихжээ. Гэхдээ энэ нь нийгэм ардчиллаас ухарлаа гэсэн үг биш юм. Бас ардчилсан намыг сонгохгүй МАХН-ыг сонгоно гэсэн үг бүүр ч биш. Хэвлэл мэдээллээр, сайтуудаар ардчилсан намын дараагийн удирдлага хэн бэ гэсэн санал асуулга  яваад байна. Ийм мэдээлэл цацагдаад ирэхээр зэрэг намын даргын сольж байж зогсохоос өөрөөр яаж ч болдоггүйг мэднэ. Эвслийн засгийн газарт ардчилсан намын удирдлагууд  орсноороо МАХН-тай эвтэй найртай  сайн ажиллаж байна. Оюу толгой, Таван толгойгоо ард түмэндээ ашигтай өглөө, нэг сая таван зуун мянган төгрөг өгнө, 70 мянгыг нь өгчихсөн, Уул уурхай, Төмөр зам, зэрэг агуу их бүтээн байгуулалт эхэлсэн энэ бол хамтарсан засгийн үр дүн гэж  мянга яриад ч иргэдийн чихэнд наалдацтай сонсогдож итгэл үнэмшил болдоггүй юм. Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид нь хүртэл “МАХН-ын хулгайч луйварчид, Манай хулгайчууд адилхандаа адилхан” таарсан таар шуудайнууд гэх боллоо. Улс төрийн байгууллага унасан нэр хүндээ аварч дараагийн сонгуульд амжилт үзүүлье гэж бодож байгаа бол нам нэр хүнд нь унасан намын удирдлагаа өөрчлөөд үзэх явдал юм. Энэ аргыг  С.Баяр яг цагаа олж хэрэглэн улс төрийн мэдрэмжээ харууллаа. С. Батболдод намын даргаа өгсөн нь хоёр жилийн дараа болох сонгуульд бэлтгэх гол ажлаа хийчихлээ гэсэн үг. Тодруулбал нэр цэвэр намын дарга ерөнхий сайд ирэх сонгуульд орох боллоо.С. Баярыг намын даргаа өгөхөөс өмнө МАХН-ын дотооддоо бужигнаад эхэлсэн_, бага хурлаа хуралдуулна. Их хурлаа зарла гэсэн шаардлага хүчтэй явж байв. С.Баяр мэдрэмжээрээ огцорч энэ бүгдийг нам дарсандаа. Одоо засгийн газрын муу бүгдийг ардчилсан нам үүрнэ. Сайны бүх оноог С.Батболдын засгийн газар авна. Намын дарга Ерөнхий сайд С.Батболд дараагийн сонгуульд намаа удирдаж орно.Ер нь туршлагатай зоригтой улс төрч хэрэгтэй цагт бусдын шахалт ирэхээс өмнө өөрөө огцорч чаддаг. Хэрэгтэй цагт огцорч чадах нь улс төрийн тавцангаас бүүр бууж байгаа биш эргэж ирэх цаг хугацааг ойртуулдаг юм. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэрэгтэй цагт УИХ-ыг орхиод гарч байсан. 2008 оны сонгуулийн дараа гэнэт намын даргаасаа огцрох мэдэглээ хийсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд  ялалт авчирхад эерэгээр нөлөөлсөн. С.Баяр намын даргаасаа огцрохдоо өөрийнхөө бодлогын залгамжлагчыг тавьж чадсан бол Ц.Элбэгдорж бодлогоо үргэлжлүүлэх хүнд намын жолоог өгөлгүй үндэсний зөвлөлдөх хороондоо найдаад хаячихснаараа алдаа гаргасан юм.   Одоогийн ардчилсан намын даргад энэ  мэдрэмж дутаад байна. Сайдын суудал хичнээн амттай сайхан ч гэсэн намын хамт олны тусын тулд татгалзаж чадах эр зориг байх л хэрэгтэй. Алтанхуяг намын даргаа өгчихөөд л өөрөө шадар сайдын албаа хашаад явах боломж ч байгаа ямар эрх баригч нам биш. Ардчилсан нам, намаа аваад явахаар  боловсон хүчин олонтой улс төрийн байгууллага. Алтанхуягийн дараагаар ардчилсан намыг аваад явахаар зоригтой, шудрага, бодлоготой, намын ажил амьдралыг сайн мэддэг хэн байна вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэд хэдэн хүний нэр яригдаж байна.
1.З.Энхболд
2.Лу.Гантөмөр
3.Д.Эрдэнэбат
4.Э.Бат-Үүл
Ардчилсан намын шинэ дарга хэн байх бол гэхээс илүүгээр Ардчилсан нам өнөөгийн удирдлагаа сольж сонгуульд орохгүй бол амжилт гаргахгүй гэсэн олны анхааралд өртөөд байна. Дээрх яригдаж эхэлсэн хүмүүсээс
1.Э.Бат-Үүл. Бат-Үүлийг  мэдэхгүй хүн гэж байхгүй. Тас хар үстэй ид залуудаа шинэ тутам байгуулагдсан Ардчилсан намын анхны дарга байсан тэрээр хорин жилийн дараа намынхаа буурал дарга болж яагаад болохгүй гэж. Лав л МАХН-тай хөнжил хуваахгүй,  энд тэнд эх орноо худалдчихгүйд найдаж болно. Зоригтой шийдвэрч гаргаж чадна.    “Би ерөхий сайд болохыг улам их хүсдэг боллоо” гэсэн нь намын даргын төлөө үзэлцэнэ гэсэн үг. Намын их хурал дээр бол намын даргаар гарч болох юм. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас бол өөрийн гэсэн баг фракц байхгүй түүнд намын дарга болно гэдэг хэцүү даваадаа.
2.З.Энхболд.Ардчилсан намын даргад хамгийн ойрхон яваа өндөр боломжтой. Түүний хариуцлагатай, зарчимч хатуу гарт ардчилсан намынхныг атгуулж шүүсийг нь шахах цаг болсон. Ц.Элбэгдоржийн дараагаар намын даргад Н.Алтанхуягтай өрсөлдөөд цөөхөн саналаар унаж байсан. Хэрвээ Н.Алтанхуяг биш З.Энхболд намын дарга болж чадсан бол стандарт бус улс төрд орохгүй эрх баригч нь эрх баригчаараа сөрөг хүчин нь сөрөг хүчнээрээ Монголын улс төр байр байрандаа байшин сууриндаа явах байж дээ. З.Энхболдын хувьд шударга зарчимч тэгээд ч үндэсний зөвлөлдөх хорооноос дэмжлэг авч чадах өндөр магадлалтай улс төрч.
Лу. Гантөмөр. Хэдийгээр залуу хүн боловч бодлогоороо, буйр сууриараа хэний ч дор орохгүй. Ардчилсан намын гишүүд  залуучуудын дунд хүчтэй дэмжлэгтэй. Харин том фракцуудад одоогоор орж чадаагүй болхоороо үндэсний зөвлөлдөх хорооноос санал авна гэдэг хэцүү. Хэрэв засгийн газарт орох юм бол ямар ч том албан тушаалд бэлтгэгдсэн гэж болно.
Д.Эрдэнэбат. Ардчилсан намын гал тогооны бүх ажлыг  амжуулж яваа. Орон нутагаас намын удирдах байгууллагад дэвшин ирсэн цорын ганц боловсон хүчин. Улс төрийн намын   бусад албан байгууллагаас ялгарах онцлог нь  намын анхан шатны байгууллагыг удирдаж зовлон үзсэн  хүн намын сайн дарга болдог болхоос дээгүүрээ “шууд гишүүн” болсон хүн хэзээ ч улс төрийн намын сайн удирдагч болсон түүх байдаггүй юм. Д.Эрдэнэбат намын анхан шатны байгууллагын гишүүд төдийгүй үндэсний зөвлөлдөх хороонд дэмжлэг сайтай.
Болдогсон бол Бат-Үүл шиг туршлагатай,зоригтой,З.Энхболд шиг зарчим барьж чаддаг Лу Гантөмөр шиг бодлоготой, Д.Эрдэнэбат шиг орон нутгийнхандаа танигдсан мундаг даргатай болох цаг ардчилсан намд  тулсан байна. Нэг бол “МАХН, АН-ын “Ардчилсан хувьсгалт нам”   нэртэй нэг эвсэл болж 2012 оны сонгуульд орох л үлдэх шивдээ.