-Танай намын дотоод асуудлаар яриагаа эхэлье. АН-ын ҮЗХ-ны хурлын өмнө улиг болсон удирдлагаараа оролддог синдром эхэлчихээд байна. Танд намын даргаа огцруулахаас ёстой гэх үндэслэл харагдаж байна уу?

-Намын даргын асуудлыг ярихдаа намынхаа дүрмийг зайлшгүй барьж ярих ёстой. АН-ын дүрэмд намын даргын ажлыг дүгнэхдээ УИХ-ын сонгуулийн дүнг үндэс болгох гэсэн санаа тов тодорхой буй. УИХ-ын 2008 оны сонгуульд намаа ялалтад хүргэж чадаагүй учраас намын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Дэлхийн ардчилсан намуудын жишгээр ингэж л дүгнэхийг намын дүрэмдээ бид оруулж баталсан. Тиймээс Н.Алтанхуягийн  ажлыг дүгнэе гэвэл УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг харж байж л ярихаас өөр аргагүй. Түүний ажил алдаатай бол сонгуульд ялагдах нь ойлгомжтой. Тэр үед Н.Алтанхуяг огцрох нь гарцаагүй. Харин ялчих юм бол түүний бодлого зөв байжээ гэдэг нь тодорхой болно. Чөлөөт сонгууль хэвшин тогтсон ардчилсан нийгэмд намын удирдлагын ажлыг дүгнэдэг ганц арга нь л энэ. Сонгуулиас өөр хэмжүүрээр дүгнэж болдоггүй. Социализмын үед бол өөр. Субботник сайн хийсэн зэрэг сонин ажлуудаар дүгнэдэг үетэй адилгүй.

-Яагаад тэгвэл ийм яриа гараад байгаа юм бэ. Намын даргын суудалд шунасан үйл ажиллагаа гэж үзэж болох уу?

-Ер нь намын удирдлагыг гартаа авъя гэж бодож буй тэр хүмүүс үнэндээ намын үндсэн дүрмийн үзэл санааг ойлгохгүй байгаа юм биш. Маш сайн мэдэж байгаа. Зориуд, санаатайгаар ийм ажиллагаа явуулж байгаа юм. Ерөөсөө албан тушаал гэдэг, зүйлгүйгээр нэг өдөр ч амьдарч чадахгүй болсон гунигтай хүмүүс олширч байна. Тэд нийлээд “Гомдогсдын форум” байгуулдаг. Наанаа их гоё үг ярьдаг. Яг үнэндээ зөвхөн албан тушаалын л сонирхол байдаг. Албан тушаал сонирхож болно. Зүтгэлгүй яах вэ. Гэхдээ тоглоомын дүрмийнхээ хүрээнд зүтгэ л дээ.

-Фракц хоорондын зөрчилдөөн намын дотоод хямралд гүнзгий нөлөөлж байна. Тухайлбал, “Алтан гадас” фракц өнөөдөр яасан олон дайсантай болчихов. Зөвхөн хамтарсан Засгийн газарт орсноос үүдэн ийм зөрчил үүсэн гэж үзэж болохгүй байх?

-Фракц хоорондын зөрчлийн цаана эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл л явж байна. Бодлогын түвшинд ярьж байгаа юм огт байхгүй.  Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болчихлоо, түүний бүлэглэл Засгийн газарт байна. Одоо үүнийг болиулъя, бид оронд нь оръё л гэж байна шүү дээ. Би удаа дараа энэ талаар асуудал тавьж байсан.

-Хэнд, ямар асуудал тавьсан гэж?

-Засгийн газраас гаръя гэж яриад байгаа хүмүүст. Зүйтэй, үнэхээр бид Засгийн газраас гарч сөрөг хүчний үүргээ биелүүлэх цаг болсон. МАХН-ын хөнжилд алийн болгон хэвтэх юм бэ? Ичгэвтэр байна. Улс төрийн нэр хүндээ ч барж дууслаа. Гэтэл нэг хэсэг нь МАХН-ын хөнжлөөс сугарч гарахад нөгөө фракц нь зөрөөд орохоор яах юм бэ? Орохгүй гэсэн баталгаа өг л дөө. Тэгэхээр баталгаа өгч чадахгүй байгаа юм. Жишээ нь ийм гунигт түүх бий.  АН-ын “62-ын бүлэг” дөнгөж тарангуут М.Энхсайхан, Л.Гүндалай нар бүгд давхиад орчихсон биз дээ. Энэ ичгэвтэр явдал 2008 оны сонгуульд ялагдахад нөлөөлсөн шүү дээ. Ард иргэд хүний хөнжилд гүйж ордог шалиг хүмүүст дургүй. Яг үнэндээ хөнжилдөө оруулсан МАХН-ыг буруушаахаас илүү АН-ын шалиг явдалд илүү дургүйцсэн. Би анхнаасаа Засгийн газарт АН орох хэрэггүй. Нэгэнт МАХН ялсан бол эрх мэдлийг нь булаалдах хэрэггүй. Сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. Хяналтын үүргээ биелүүлье гэж олон удаа хэлсэн. Олонх нь эрхээ барьж, цөөнх болсон нь хяналтаа тогтоох ёстой. Ардчиллын амин сүнс болсон энэ зарчмаас татгалзсан нь алдаа болсон.

-Тэгэхээр хамтарч байж Оюутолгойн гэрээг баталлаа, Тавантолгойн гэрээг байгуулах ажил шуударлаа гэж байна, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах гэж байна гэсэн хариу хэлдэг.

-Би хариуг нь хэлсэн. “Oк, хамтарлаа. Олон асуудлыг улстөржилгүйгээр шийдэж чадлаа. Энэ бол ялалт мөн. Харин одоо хамтарч хийх том асуудлууд хэчнээн хамтарсан ч цаашаа явж чадахаа байлаа. Яг үнэндээ Тавантолгойн асуудал ч гацлаа шүү дээ. Хамтарч хийсэн том ажлууд маань сүүлдээ хэн нь нөлөөгөө тогтоох вэ гэдэг хэрүүлийн алим болж хувирлаа. Гэнэт мэдэн будилж хоорондоо хэрэлдэж эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа дөхөөд эрэхээр бүр ч “хонь хургаа” ялгаж чадахаа болих төлөвтэй. 

-Хамтарсан Засгийн газрын өнөөгийн ажил байдлыг тэгвэл юу гэж дүгнэдэг вэ. Тухайлбал, аль салбар нь ямар ажил дээр доголдоод байна?

-Би энэ удаа салбарын хүрээнд яримааргүй байна. Хамгийн хэцүү, сэтгэл зовоож буй асуудлыг л хэлье. Төр бизнесийн ажилд маш их хутгалдаж байна. Бизнес эрхлэгчид, хувийн эрхлэгчид үгээ барж байна. “Бидний бизнесийн эрх баталгаагүй болчихлоо. Төр хэзээ ч орж ирээд булааж мэдэхээр байна. Сүүлийн үед энэ байдал улам гаарлаа” гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдонгуут өөрийнхөө үгэнд ороогүй бизнесмэнүүдийг шоронд хийгээд улыг нь долоох шахаж байгааг нь тунгааж авч үлдсэн. В.Путины найзууд бизнес хийж болдог, бусад нь шоронд ордог, эсвэл зугтахаас аргагүй болдог ийм муухай дэг журам тогтоосон. Энэ байдал сүүлийн хоёр гурван жилд Монголд халдварлаж байна. Улстөрчдийн санаанд таарахгүй бизнесмэнийг  нэг мэдэхэд л цагдаагийн байгууллага дуудагдаж, хавтаст хэрэг нээлдэг, эсвэл татварынхан “оролддог” болжээ. Би эхлээд уул уурхайн бизнест л ийм байдаг байх. Аргагүй, тэнд том “зодоон” болж байгаа хойно гэж бодож байсан. Гэтэл хөдөө аж ахуйн бизнест хүртэл ийм байдалтай болчихож. Ерөөсөө төр бизнест хутгалдаж, төрийн эрх мэдэл авсан бизнесмэнүүд нь эрх мэдэлд хүрээгүйгээ дарладаг, дарамталдаг явдал газар авч байна. Энэ л хамгийн аюултай зүйл. Ардчиллын нүдний цөцгий мэт хайрлах цөөн хэдэн зүйлийн нэг нь өмчийн эрх байдаг. Хууль бусаар хэний ч өмчид халдаж болохгүй. Бусдын өмчийг улс төр, үзэл суртлын зорилгоор булаадаг, хураадаг гайг 70 жил амсчихаад, “одоо больё” гээд Үндсэн хуульдаа бичиж тунхагласан. Энэ адал балмад аюулыг Засгийн газар зайлуулж чадахгүй бол би асуудлыг өөрөөр тавина гэж бодож байгаа.

-Ардчилсан нам гэнэт нэг өдөр хуралдаад Засгийн газраас гарах шийдвэр гаргалаа гэж бодъё. Ямар саад байна?


-Ямар нэг саад тотгор байхгүй шүү дээ. МАХН-д хэзээнээсээ нэг онцгүй зан байдаг юм. Энэ намынхан шүүмжлүүлэх дургүй, хяналтад бүр дургүй.  Өнөөдөр АН-ынхантай хамтраад хийж байгаа зүйлийн цаана ч энэ шалтгаан нуугдаад л байдаг юм. МАХН-ын цаад бодлого нь том проектуудыг хамтарч хийе гэж байгаагаас гадна ердөө л аль болох шүүмжлэлгүй, хяналтгүй байя гэсэн эрмэлзэл байна. Өөрөөр хэлбэл бид тэдэнтэй хамтарч байгаагаараа тэр хүсэл зорилгод нь үйлчлээд байгаа хэрэг. Би намынхандаа хэлдэг. Оюутолгойн гэрээг байгууллаа. Тавантолгойн гэрээг байгуулах, төмөр замын бодлогын асуудлын гол үндэслэлүүдийг нь УИХ шийдээд өгчихлөө. Одоо хамтрах юу байгаа юм бэ? Байхгүй шүү дээ. Стратегийн бусад ордыг дээрх жишгийн дагуу явуулчихаж болно. Зөвхөн ордуудын гэрээ байгуулахын тулд хамтарна  гэж юу байх вэ дээ. Хамтраад байгаагийн цаана албан тушаалын  сонирхол л байна шүү дээ. Бид ард түмнээс яаж ч нуугаад, ухаалаг царайлаад хэрэггүй. Явж явж хувийн бэртэгчин сонирхлоор л нэгдэж байгааг бүгд мэдэж байгаа.

-Ардчилсан намын зарим гишүүн Ардчилсан хүчний холбоог байгуулсан. Ингэхдээ бид фракц биш шүү гэсээр гарч ирсэн. Гэтэл Ардчилсан намтай зэрэгцээд, тэгсэн мөртлөө тусдаа чуулга уулзалт зохион байгуулаад, ухуулга сурталчилгаа хийгээд эхэллээ. Энэ чинь танай намаас шинээр ургасан фракц л юм биш үү. АН хоёр хуваагдчихлаа л гэж харагдаад байна шүү дээ?

-Би харин тэр Ардчилсан хүчний холбоо гэгч манай намын дүрмээс гадуур тоглолт хийгээд байгааг харчихаад “Явж, явж эд чинь харин МАХН-тай далдуур нийлээд 2012 оны сонгуулиар АН-ыг сүйд хийх гэж байгаа юм биш үү” гэж бодсон. Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү гэж бодож байна. Жишээ нь би Н.Алтанхуягийн тухайд Засгийн газарт хамтарч байгаа, зарим бодлого шийдвэр, намын ажлын талаар дэмждэггүй, бүр хатуу шүүмжилдэг олон зүйл  байдаг. Анх хамтарсан Засгийн газар байгуулъя гэхэд нь “үгүй,болохгүй” гэсэн цорын ганц хүн би шүү дээ. Одоо аягүй бол сонгууль дөхөөд ирэхээр “Би эсэргүүцэж байсан” гэж хүмүүс худлаа “гөвнө” дөө. Мэдээж түүний ажилд шүүмжилмээр юм маш олон байна. Гэхдээ, уучлаарай. Өнөөдөр Н.Алтанхуяг яг дүрмийнхээ дагуу манай намын дарга. Энэ даргын ажлыг сонгуулийн дүнгээр л үнэлнэ. Сонгуульд ялна гэдэг нь түүний бодлого зөв байж, хамтарсан Засгийн газарт орсон нь ард түмний талархлыг хүлээжээ гэсэн үг. Тэр тохиолдолд бид үг дуугүй Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгохоос өөр аргагүй. Дүрэм ийм л байдаг. Тиймээс Э.Бат-Үүл намын дүрмээ дагана. Хувь хүнийхээ санаа бодлоо л хэлэхээс өөрөөр Н.Алтанхуягийг яаж ч чадахгүй. Өнгөрсөн хавар хийсэн социалогийн судалгаагаар АН-ын рейтинг МАХН-аас таван хувь дээгүүр яваа гэсэн дүн гарсан байна билээ. Хэрэв олон нийт тэгж үзсэн бол Н.Алтанхуяг ажлаа сайн л хийж байгаа гэсэн үг. Болоод байна гэж үзсэн байна. Өөр яаж дүгнүүлэх гээд байгаа юм бэ.

-Танай нам дотор фракцийн зөрчлөөс гадна ахмадууд, залуу үеийнхний хоорондоо шөргөөцөлдөх болжээ. Алтан хараацайнуудын нэгд зүй ёсоор тооцогддог танд энэ байдал мэдрэгддэг үү. Тухайлбал, та “харьж яваа байж ирж яваа үеийнхний дууг дуулах” гээд оролдоод байгаа юм биш биз?

-Би Х.Тэмүүжин шиг залууд бол шүүмжлүүлэх дуртай. Мэтгэлцэхэд ямар урамтай гээч. Түүний “Таны цаг үе өнгөрч байна, биднийх шинэ байна” гэж ярьж байгаа нь маш үндэслэлтэй сонсогддог. Яагаад гэвэл тэрбээр зөвхөн насны ялгаа яриагүй. Бодлогын түвшинд шинэ цагийн төлөөлөл мөн гэдгээ илэрхийлж чаддаг. Түүн шиг залуу надад “Та одоо пенсиндээ гар” гэвэл би “Өө, тэгэлгүй яах вэ” гээд л яваад өгнө. Хорин жил явлаа, амармаар байна. Хувийнхаа амьдралын бодмоор байна шүү дээ. Харамсалтай нь Х.Тэмүүжин шиг залуу өдрийн од шиг ховор юм даа. Үнэндээ ихэнх нь намайг халах байтугай өөрийнхөө яриад, зориод байгаа юмны учрыг олохгүй, мэдлэггүй байна. Албан тушаал авахын тулд фракциудын хооронд урваж шарвахаас өөр чадвар алга. Тийм хүн “та нарын үе өнгөрсөн” гэхээр шал дургүй хүрдэг. Улс төрд “А, Б”-тэй болчихоод тийм юм ярь гэж хэлдэг.

-Танай намд тийм байдаг байж. МАХН-д тантай найзалдаг, тоогддог залуус байна уу?

-Бий. Гэхдээ би  нэрийг нь хэлэхгүй. МАХН тэр хүнийг “сүйд хийчихнэ” биз.

- МАХН, АН хоёулаа шинэчлэл ярьж байна. Та улс төрд хоёулантай нь хамт 20 жилийг үдлээ. Аль нь илүү шинэчлэгдээд байгааг шударгаар хэлээч?

-Хоёулаа л албан тушаал горилогчдын нам болчихоод байна. Оюун ухааны түвшинд ажиллах чадвараар аль аль нь хомстсон. Албан тушаал олж авъя гэсэн аль арга мэхтэй, хүмүүс энэ хоёр намд л хуваагдаж орж байна шүү дээ.

-Үүнийг цэгцлэх арга зам алга уу?

-Арга бий. Намынхаа хүрээнд би хэлж байсан. Гайхаад, шоолоод байна билээ. Аргагүй л дээ. Албан тушаалаас өөр юм бодохоо байсан хүмүүс миний яриад байгааг ойлгохгүй байгаа юм. Англи болон бусад ардчилсан оронд намаасаа төрийн өндөр албанд нэр дэвших хүмүүсээ элсэлтийн шалгалтад оруулдаг. Түүнээс биш мөнгө бариад ирэхээр нь нэр дэвшүүлдэггүй юм. Жишээ нь Английн Ерөнхий сайд Маргарет Тетчер хоёр үе шаттай шалгалтад 406 хүнтэй өрсөлдөж байж энэ албан тушаалдаа очсон байдаг. Тэгж байж үнэхээр мэдлэгтэй, улс орны хувь заяаны талаар тов тодорхой зүйлийг хэлж хийж чаддаг хүн нь  улс орноо удирддаг. 

-Өчигдрийн хэвлэлээс нэгэн чимэгтэй мэдээ харлаа. БНСУ-ын Гадаад хэргийн сайд охиноо ажилд авах гэж буй сургаар иргэд нь шүүмжлээд, улмаар өөрийн хүсэлтээр огцорсон байна. Адилхан Азийн орон, ардчиллаараа илүүрхэх дуртай улсын хувьд ядаж ийм болохсон?


-Боловсролтой, ёс суртахуунтай хүмүүс улсаа удирдах эрх олж авсан цагт таны хэлдэг шиг шударга зүйлийг ярих боломжтой болно.

-Энэ мөрөөдөлд хүрэх тийм хол гэж үү?

-Нэг их удахгүй байх аа. Х.Тэмүүжин шиг залуучууд олон гарч ирвэл тийм цаг үед  илүү хурдан очно.

- Ирэх сонгуулиас өмнө хуулиа өөрчлөх буюу ямар нэг юм хийхгүй бол дахиад л таны, миний хуучин нөхөд байдлыг хэвээр үргэлжлүүлж он цагийг үдэх байх даа. Айсуй сонгуулийн талаар та ямар прогнозтой байна?

-Би ингэж харж байна. МАХН, АН энэ хэвээрээ байвал ирэх сонгуульд улс төрийн гуравдагч хүчин олон нийтийн хүчтэй дэмжлэгийг авна.

-МАХН, АН л биш бол хэн ч яах вэ гэж саналаа өгнө гэж үү. Аль эсвэл гуравдагч хүчнүүд нэгдэх нь зөв үү?

-МАХН, АН-аас бусад бүх хүчин эвсэл болоод ч юм уу, ямар нэг байдлаар нэгдсэн зохион байгуулалтад орвол одоогийн эрх баригч хоёр намд тун сүрхий цохилт өгнө.

-Та арай намаа ялагдаасай гэж бодоод байгаа юм биш биз?


-Хэрэв эрх баригчид  нь эрхээ барьж, сөрөг хүчин үүргээ биелүүлье гээд үлдсэн хугацаанд зарчмын дагуу ажиллаж чадвал Ардчилсан намд маш том боломж бий. Энэ тохиолдолд манай нам мадаггүй ялна.

-АТГ-ын удирдлагуудын асуудлыг шийдэхэд УИХ дэндүү хойрго хандаад байгаа юм биш үү. Үүнд ямар учир шалтгаан байна гэж та үзэж байна вэ?

- Авлигын эсрэг хуулийг  санаачлагч, АТГ-ыг үндэслэн байгуулагчдын нэг нь би мөн. АТГ-ын дарга Ч.Сангарагчааг томилогдож байхад би тэр даргад хандаж “Энэ албанд оччихоод албан тушаалаа хууль бусаар, бусдын эсрэг ашиглаж болохгүй шүү” хэмээн хэлж байсан. Яагаад тэгж хэлсэн бэ гэвэл цагдаагийн байгууллагын хүн болохоор ёр шиг анхааруулсан хэрэг. Одоо хэвлэл мэдээллээс болон УЕПГ-аас УИХ-д ирүүлсэн бичиг зэргээс харахад хууль бусаар асуудалд хандсан байгаа нь маш ноцтой хэрэг. Хууль бусаар тагнах, чагнах, түүний гай, хэлмэгдлийг бид үзэхээрээ нэг болсон. Ардчилсан нийгэмд ийм явдлыг таслан зогсоох ёстой. Миний ойлгож байгаагаар Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй байгаа гэсэн.  Зун хуралдахад амаргүй л дээ. Бусад таамаглал, хардлагын үг хэлмээргүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.



“Улс төрийн тойм” сонин У.Оргилмаа