“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан халдун уулнаа нутаглаж Батачи хан нэртэй нэгэн хүү төрүүлэв” хэмээн алдарт “Монголын нууц товчоо” маань эхэлдэг. Мэдээж чоно бидний аав биш, буга бидний ээж биш. Бидний өвөг дээдэс эртний хүний тэрхүү төсөөллөөрөө өөрсдийн уг гарлаа тэднээс үүсэлтэй хэмээн домоглодог байсны ул мөр нь харин энэ. Гэхдээ л монголчууд бидний хувьд эдгээр амьтад шүтээн минь юм. Хятадууд лууг, оросууд баавгайг, япончууд тогорууг, австраличууд имжийг дээдэлдэг шиг.
    Зөвлөлтөөр тэтгүүлж байсан “хиймэл эдийн засаг” маань тэжээгчээ алдсан 1990 оноос монголчуудын амьдрал тун хүнд байдалд орж билээ. Идэх хоол, өмсөх хувцас ховордсон хэцүү цаг үе тулгарахад хүн гэдэг амьтан байгалийн хуулийнхаа дагуу хөрөөгөө бариад мод руу, буугаа бариад ан амьтан руугаа дайрдаг гэдгийг тэгэхэд бид харсан. Хотынхоо ойролцоох бүх л уулын модыг тожийлгож, Улаанбаатар хотын төв гудамжинд хүртэл амар тайван бэлчиж явсан бугаа хүртэл хядсаар Богд уулаа бугагүй болгож байж л санаа амарцгаасан даа. Нэгэн цагт биднийг турж үхэх гэж байхад аварсан энэ бүгдээ харин одоо буцаан бий болгоход хэдэн арван жил ч багадахаар болжээ.
    Монголчууд бид нүүдэлч удмын ард түмэн. Гол амин зуулга нь мал аж ахуй. Хүн төрөлхтөний анхны амин зуулгуудын нэг нь ан гөрөө юм. Ан гөрөөгөөр дагнан амь зуудаг үндэстэн ястан ч хүртэл байсан билээ. Одоо харин бараг мэргэжлийн ажил болсон эд л дээ. Амьд тэсч үлдэх байгалийн хуулиар нэг нь нөгөөгөө, том нь жижгийгээ барьж идэхээс аргагүй болдог зүй тогтол байдаг бололтой. Тэгэхээр амьд үлдэхийн тулд идэхээс өөр аргагүй, энэ бол хууль.

    Манай бизнесийн томчуудын зарим нэгийн хөлжих эхлэл нь болсон буганы чив ба ясан, цусан эвэр, хүдрийн заар, тарвага, үнэг, туулай, шилүүс, зээр, булганы арьс, аргал янгирын эвэр, баавгайн доньд, сарвуу гээд өчнөөн олон зүйлс бий. Эдгээрийг урагшаа хойшоо зөөж л монголчууд маань хүн шиг амьдрах амьдралынхаа эхийг тавьсан түүхтэй. Үүнийг амь зуухын эрхэнд л үйлджээ хэмээн одоо тэднийг өмөөрч бодъё.
    Манай монголчууд ардын уламжлалт эм эмнэлэг, үүнийгээ дагасан судар номонд бичсэнээс авахуулаад ард түмний аман яриагаар дэлгэрсэн өвчнийг эмчлэх олон янзын жор, арга чарга байх ажээ. Яг л нөгөө хэл идвэл хэлгүй болчихно, нүд идвэл нүдгүй болчихно гээд хүүхэддээ хонины толгой харамлаад өгдөггүй хошин шог шиг. Чалх муудвал гөрөөсний цус (гэхдээ алангуутаа халуунаар нь), нарийнтвал доргоны халуун цус, тарваганы цөс, хүн мах, туулайны зүрхийг халуунаар нь залгих, хойлог шувууны махыг буцалгаж шарханд уух гэх мэт, за тэгээд ялангуяа чононы ходоод нь ходоодонд, зүрх нь зүрхэнд, тархи нь тархинд, бөөр нь бөөрөнд, уушги нь уушгинд гээд явж өгнө дөө. Өвчин гэдэг хэцүү зүйл, энэ хүнд хэцүү цагтаа хүн гэдэг хөөрхий амьдрахын төлөөнөө юу ч хийхээс буцахгүй болдог ажээ. Юу л ид, уу гэнэ тэр бүхнийг л хэрэглэнэ, буруутгах ч аргагүй юм шиг. Дээрх жорууд аргагүй байгалийн юм гэсэндээ хүнд хор болдоггүй бололтой байдаг, яахав зарим нэг хүнийх нь сүжигтэй нийлээд эмчилдэг ч байж болох юм. Үүнийг амьд байхын төлөөнөө л үйлджээ хэмээн өмөөрч бодохоос.
    Сүүлийн үед манай соёлтой, боловсролтой, мундаг гэгддэг хотын ба хөдөөний залуучууд буу үүрэн анд явж зугаагаа гаргадаг нэгэн заншилтай болжээ. Үүнээс маш их таашаал авдаг гэсэн. Манай улс төрчид, бөхчүүд, урлаг соёлын хүрээний өвгөдөөсөө авахуулаад банди нараа хүртэл ан гөрөөнд дуртай хэмээх энэ өвөрмөц сонирхлоо сонин, хэвлэлийн ярилцлагаас авахуулаад үйлдлээрээ зарлан тунхагладаг юм. Тэд голдуу чонын авд явдаг, зарим нэг нь чоно алж чадаагүй үедээ туулай, шувуу гээд юухан хээхэн ч тааралдсан буудаад аваад ирсэн харагддаг. Тэр ганц шувуу, туулай нь хэнд ч хэрэггүй бөгөөд ердөө л зугаагаа гаргахад нь хэрэг болно.
    Хэдэн жилийн өмнө манай хэсэг зохиолын дуучид хөдөөгүүр тоглолтоор явжээ, тэрийгээ нэвтрүүлэг болгон үзүүлж билээ. Яаж зүгээр явахав чоно алсан гэнэ. Цус савируулан үхсэн чоноо телевизээр харуулан бөөн баяр хөөр болчихсон хүмүүс азтай хийморьтойгоо гайхан орилолдож байсан нь их л эвгүй харагдаж байсан. Өөрсдөд нь бол өгүүлшгүй их баяр хөөр ажээ. Маш их таашаал авсан нь царайнаас нь ч харагдсан юм.

    Чоно гэснээс манайхан “Чоно гэдэг амьтан ижил тэнгэртэйд нь харагддаг, илүү тэнгэртэйд нь алуулдаг” хэмээх нэгэн сайхан “домог” ярих. Энэ нь морь унаж яваа ташуураас өөр зэвсэггүй шахам “чонын анчин Рааш”-ийн үед таарах домог болохоос одоо цагт хамгийн худал домог болжээ. Гэвч хүмүүс үүндээ итгэсээр, таашаалаа авсаар байх аж. Ер нь бол өглөө эртлэн босоод хөдөө хээр яваа “ижил тэнгэртэй” ямар ч хүнд чоно харагдаж л таарна, хурдан машин, үнэтэй сайхан буу агссан “илүү тэнгэртэй” хэн ч чоныг агнаж л таарна. Ядаж байхад чоно элбэг болсныг хэлэх үү. Хүмүүс өөрсдөө л чонын хооллож амь зуудаг амьтдыг нь түрүүлээд “идчихсэн” болохоор идэх юмгүй болсон амьтад хот суурин руу орж ирж л таарна, элбэг ч тааралдах нь мэдээж. Тэгээд энийг алчихсан хүн маниасаа илүү тэнгэртэй болчих уу тэгээд? Машин дээрээ алсан чоноо тохоод цусанд нь бялдсан машинаар хот дотуур давхих тийм бахархал юм уу, тэгээд? “Малын дайсан” юм чинь зөвхөн малчид нь чоноо алаг л дээ.
    Чонын анчдаас арай эрэмбэ доогуур нь тарвага хэмээх “хулганы” (хэрэмний төрлийн амьтан юм гэнэлээ) ангуучид юм уу даа. Ядаж байхад энэхүү хулганы маханд бид хачин дуртайг хэлэх үү, ганц хэрчим махыг нь олоод үмхчих гээд бөөн дайн болно шүү дээ. Нэгэн цагт монголчууд биднийг арьсаараа өлсөж үхэхээс аварсан энэхүү амьтан одоо тоо толгой нь ховордоод нэн ховор болсон, агнах хориотой болсон амьтан. Гэвч ямар хууль хэрэгжих биш, түүний махыг зун цагт хаанаас ч олж болно, зарим нэг хүмүүс хөлдөөгөөд жил тойрон өвөл зунгүй зооглодог юм билээ. Хуулийг тоох биш бид, ямар сайндаа Хакухо аварга маань саяхан зурагтаар “Аав бид хоёр нэг удаа тарвага алаад товчоогоор оруулахгүй болохоор нь Элбэгдорж гуайн машинд нуугаад оруулж билээ” хэмээн хээв нэг ярихав дээ.
    Бараг амьтан биш нэг юмны ан байна, тэр нь загасчлах. Нэгэн улс төрч ярилцлагадаа “би амьтан алж ан хийдэггүй, харин загасчилдаг” гэж байсан, түүнийхээр загас амьтан биш бололтой. Зарим хүмүүс загас барихыг стресс их сайхан тайлдаг хэмээн ярьдаг. Усны урсгал ширтэж цэвэр агаарт зогсох нь стресс тайлах ч амьтны амь тасалж л зугаагаа гаргаж байгаа хэрэг билээ. Эсвэл бүүр загас хамгаалах нэрийн доор нэг харахад авраад ч байгаа юм, нөгөө харахад алаад ч байгаа юм шиг харагдаад байх юм. Лав л тул хамгаалах гээд тэмцдэг хүмүүсийн тулаа гар дээрээ сайхан тавьж байгаад зургаа баахан авахуулчихсан зурагт хуудас байдаг. Уг нь тул усны амьтан л даа. Бид нэг иймэрхүү л байгалиа хамгаалах юм даа, хэтрүүлэхэд бараг л анчин хүнийг Байгаль хамгаалах сайдаар тавиад л, түлээчин хүнээр ойгоо цагдуулаад л.
    Ан гөрөө гэдэг эртний мэргэжил. Одоо ч үүгээр амь зуугсад бий. Бид хичнээн энэрэнгүй байлаа гээд амьдрахын төлөө идэж л таарах байх, ангаа хийсээр л байх биз. Гэхдээ нийтээрээ ингэж амьтны амь тасалж таашаал авдаг энэ хэрцгий зан заншил уу, хэр хэрэгтэй зүйл юм бол доо. Нэгэн цагт эртний Ромд гладиатор тулалдуулан хүний амь, урссан цусаар нь зугаацан цэнгэдэг байлаа. Яг одоогийнхоор бол театрт жүжиг үзэж байгаа мэт. Тэр үедээ бол их л жирийн юм байж л дээ. Одоо бол байж болохгүй зүйл. Үүн шиг амь тасалж цус урсган хийморио сэргээдэг энэ хачин заншил нэгэн цагт төгсөх байлгүй л гэж найдахаас.
Одоо ч бидэнтэй амьтны ам тасалж цэнгэн зугаацдаг хүмүүс хамт амьдарч л байна. Харин нэгэн цагт тэдний маань толгойд гэнэт хүн алж зугаацах бодол төрж эхэлвэл бид яанаа! Нэг хэсэг амьдрахын төлөө аргагүй хядлага хийсэн байх, одоо нийтээрээ амьдрал дээшлээд уур бухимдал нь ч гайгүй болж байгаа юм чинь энэ таашаал авдаг муухай зүйлээ больчихвол яасан юм бэ? Өөр таашаал авчихмаар сайн сайхан зүйлс энэ орчлон хорвоогоор дүүрэн л байна шүү дээ. Уг нь чоно буга хоёр муу ч гэсэн бидний шүтээн юм шүү.